ПУТИНЫ ТӨГСГӨЛ ҮҮ
2011 оны 12 сарын 9 [Уншсан тоо: 41895]
Орост манай долдугаар сарын 1 шиг юм болж байна. Хэдийгээр хүний амь үрэгдээгүй, элдэв зүйл болж байгаа мэдээлэл байхгүй байна ш дээ гэж гайхшрах хүмүүс байгаа ч Орос шиг ардчилал нь ард хоцорсон улсад өрнөөд байгаа үйл явдал бол долдугаар сарын 1 байтугай, ардчилсан хувьсгалын энтэй асуудал гэхэд даваадсан хэрэг болохгүй билээ. 

Ард түмэн бол номхон тэмээ мэт ч номхчилж дээрэлхээд бай­вал ноолуулаад байдаг улс биш. Үгээ хэлнэ, эсэргүүцнэ. Босно, тэмцэнэ. Гэхдээ тэгж эсэргүүцээд эхэлтлээ уддаг. Жинхэнэ л тэв­чээ­рийн тэлээ нь тасрахын алдад үгээ хэлдэг. Оросын ард түмэн удтал дуугүй явж ирсэн нь үнэн. Өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа эхэлж, өөрчиллөө шинэчлэгдлээ гэсэн сэтгэлгээгээр хорь гаруй жилийг үдсэн ч үндсэндээ Сталины засаг­лалаар замнасан орос  үндэстэн Путины буулганаас залхаж бай­гаа нь сүүлийн үед илүү тодорхой харагдаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн ням гаригт болсон ОХУ-ын Төрийн Думын сонгуулиар В.Путины "Нэгдсэн Орос" нам 238 суудал авч,  сөрөг хүчин Коммунист нам 92, бусад намууд 64, 56 сууд­лыг тус тус авсан дүн гарав. Са­налын хуудас 99,99 хувь тоо­логдсон гэж байгаа. Хэдийгээр "Нэгдсэн Орос" нам өмнөх парла­ментад байсан 300 суудлаасаа цөөрч 238-ыг авсан ч энэ сон­гуу­лийг шударга бус болсон хэмээн ард иргэдийн төлөөлөл эсэр­гүүц­лээ илэрхийлэн жагсч байна. В.Пу­тин болон түүний эргэн тойрны хүмүүст үг хэлж болохгүй бичиг­дээгүй хууль энэ улсад уламж­лаг­даад удаж байна. Гэхдээ одоо Оросын ард түмний тэвчээр ба­рагджээ. Тэд Ходорковскийг ялтан болгож, Березовскийг эх орноос нь хөөж, бас үг санал нэгдээгүй хүмүү­сийг үхдэл болгож байсан гашуун түүхийг мэддэг ч энэ удаад айж суухыг хүсэхгүй байх шиг.  Ялан­гуяа залуу үе нь шударга бусын эсрэг ихээхэн дургүйцэж байна.

Тэд энэ сонгуулийг луйвар бол­сон хэмээн үзэж байгаа бөгөөд эсэргүүцлээ тайван замаар илэр­хийлж жагсаал хийж, эхнээсээ баригдаад байна. Цагаан, цэнхэр бөмбөр цохин эсэргүүцлээ илэр­хийлж, хуучин, шинэ цагаан хоо­лой­гоор үгээ хэлж байгаа залуу­чуудын бичлэгийг "CNN"-ээр хара­хад бахархам санагдаж байлаа.  Ийм мэдээллийг барууны сурвалж­лагч нар л хүргэж байгаа болохоос Орост энэ төрлийн мэдээлэл хаагд­мал байна. Өчигдөр гэхэд бид Москвад ажиллаж, амьдарч байгаа хүнтэй холбогдон мэдээлэл авахыг хүсэхэд "Энд юу болж байгаа юм бэ. Телевизээр янз бүрийн мэдээ­лэл явж байгаа юм алга. Цагдаа нар өндөржүүлсэн байдалд байгаа нь л анзаарагдаж байна" гэж ха­риулсан билээ.  Гэхдээ байдал өөр байгаа юм.

Сонгуулийг шударга бус болсон хэмээн эсэргүүцсэн, үгээ хэлсэн сонгогч, ажиглагч, сэтгүүлч нарыг баривчилж байгаа ч Орост их давалгаа үүсэх нөхцөл байдал нэгэнт бүрэлдлээ хэмээж олон улсын ажиглагчид мэдэгдэж байна. Зөвлөлт гүрний сүүлчийн удирдагч М.Горбачев өнгөрсөн 4-ний өдрийн сонгуулийг шударга бус болсон гэж мэдэгдээд дахин явуулахыг шаард­жээ. Дэлхийн улс төрийн тогтол­цоог өөрчлөхөд түүхэн алхам хийсэн гэгддэг, Нобелийн энх тайвны шагналт түүний энэ үг  коммунист намын гишүүн гэдгээрээ бус харин шударга үнэний төлөө дуугарах хүн гэдгээрээ олон орны хүмүүст ойлгогдож байгааг онцлох ёстой болов уу.  Үүнийг ч барууны­хан заавал анхаарах өнцөг гэж харж байгаа билээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар манай сонгогчид "Бидний өгсөн санал хаачсан бэ" хэмээн бухим­даж, үзэл бодлоо илэрхийлсэн. Харин энэ нь сүүлдээ үймээн са­муун болон хувирч, таван амь эрсдэж одсон харамсалт түүхийг дагуулсан. Орост хэдийгээр сонгог­чид хүчтэй тэмцэл өрнүүлж чадах­гүй байгаа ч Орос шиг хатуу дик­та­туртай газар харин ч чадаж байна хэмээн үнэлэхээс аргагүй юм.  Оросууд шударга бус сонгуулийг  буруутган ирэх бямба гаригт жаг­сахаар шийдээд байгаа ажээ. Жагсаалыг зохион байгуулагчид 2000 орчим хүн ирэх болов уу гэсэн тооцоо гаргаж байгаа бол одоогийн байдлаар 16 мянган хүн "Face book"-ээр дамжуулан оролцохоо мэдэгдсэн байна. 

Үнэхээр В.Путины засаглалын төгсгөл ирж байгаа юм болов уу. В.Путин бас л эзэн суух цагтаа суугаад, явах цагтаа яваад өгчихөж чаддаггүй л хүн юм. В.Путин Оро­сын ард түмний дунд нэр хүндтэй үе байсан уу гэвэл байсан. Хувь улстөрчийн рейтинг нь наян хэдэн хувьтай л байдаг байлаа. Орос улс эдийн засгийн хувьд дахин хүчир­хэгжих цагт тэр төр удирдаж байв. Нефтийн үнэ өсөх бүр Орост шинэ боломжийг өгч байдаг болохоор шилжилтийн үеийн шуурганд уруу­даж байсан Орос босч чадсан. Үүнд В.Путины гавьяа бий.

2000-2004, 2004-2008 оны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тэр Оросын эзэн байв. Хэрэв үнэхээр энэ улс ардчилсан замналаар явж байгаа бол В.Путин В.Медведевийг хөтлөн гарч ирж, бас өөрөө Ерөнхий сайд болохгүй л байх байлаа. Гэвч тэр эрх мэд­лийн төлөө үхэн хатан зүтгэж байв. Бас дахин сонгогдох боломжийг энэ удаад Д.Медведевт өгөхийг хүссэнгүй. Уг нь Димагийн үед Орост ардчиллын гэгээ үүлний цоорхойгоор өнгөлзөж байна гэж харж болохоор байсан ч жинхэнэ л үүлэн цоорхойн нар шиг хуурамч байж.

 Нэг хэсэг тэр хоёрын тэмцэл илтэд анзаарагдаж эхэлсэн билээ. Д.Медведев "Олигархижсан бүлэг­лэ­лийн эсрэг тэмцэнэ" хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард Давосын индрээс мэдэгдээд л, нэг нь баруун хязгаараараа явахад нөгөөх нь зүүн талаараа яваад л. Тухайн үед Д.Медведев эр хүн шиг зоримог байсан ч өнгөрсөн намар намын­хаа хурлаар В.Путиныг Ерөн­хий­лөгчид нэр дэвшихийг зөвшөөрс­нөөрөө хулчгар нэр зүүж орхисон.  Гэхдээ В.Путины улайрал улс төрд сайн зүйл авчрахгүй гэдгийг мэд­сэн­дээ, түүний төгсгөл ирж байгааг мэдэрсэндээ хүлцэнгүй байсан байхыг үгүйсгэх ч аргагүй юм, одоо ингээд харж байхад.

Орос шиг их гүрэнд хатуу гар байх ёстойг үгүйсгэх аргагүй. Гэх­дээ нэг хүнийг тахин шүтэхийн хар түүхээсээ салж ядаж байгаа энэ үндэстэнд зориулаад "Нэгдсэн Орос" нам, В.Путины хүрээл­лийн­хэн нүүр царайгаа сольж болох л байлаа. Арга заль, менежмент хэрэглэж болох  байв. Гэвч В.Путин үүнийг хүлээн зөвшөөрөх тэнхээ байгаагүйдээ түүний төгсгөл ойр­тож байна.

Тэр гурав дахь удаагаа Ерөн­хийлөгч болохоор нам дотроо эрх авсан тэр өдрөөс хойш дургүйцлээ оросууд шууд илэрхийлж эхэлсэн юм. Үүний тод жишээг олон улсын тоймчид цухас дурджээ. Хойд хөршийнхөө телевизийг тогтмол шахам үзэж мэдээлэл авдаг мон­гол­чууд үүнийг тэднээс ч өмнө анзаарсан гэхэд болно. Одоогоос сар орчмын өмнө Москва хотын "Олимпийский" цэнгэлдэх хүрээ­лэнд дүрэмгүй зодооны дэлхийн аварга Федор Емельяненко Аме­рикийн Жэфф Монсонтой зодол­дож, тэрийг нь Орос орон тэр аяараа хөхин баясч үзсэн юм. Сүүлийн жилүүдэд 5000 хүнээс илүү дүүрч үзээгүй гэх тэр цэнгэл­дэхэд 20 мянган хүн хуран цугларч, Япон, АНУ-д л зодолдохоос нутаг­таа ховор үзэгддэг "Баавгай"-даа хүндэтгэл үзүүлж байв даа. Мань нөхөр ч ялж, рингэн дээр ид ялал­тыг нь зарлаж байх үед В.Путин ч сэтгэл нь хөөрч гараад очсон. Харин тэгэхэд нь тэнд цугларсан хүмүүс тэр чигээрээ дургүйцэж байгаагаа илэрхийлсэн нь эрхэм Ерөнхий сайдыг тун эвгүй байдалд оруулсан юм. Манай улстөрчид Асашёорюүг ид байхад дагаж гүйгээд байдаг шиг л юм болсон хэрэг шүү дээ. Гэхдээ В.Путин хүмүүсээс тийм эсэргүүцэл ирнэ хэмээн ер санаагүй байсан нь илт болсон билээ. Уг нь сонгуулийн өмнө пиар хийх санаатай байсан ч алга ташиж эсэргүүцлээ илэрхийл­дэг оросууд сүүлдээ бүр шүгэлдэж эхэлсэн. Түг таг гээд үгээ давтсаар рингээс буухаас аргагүй болсон Ерөнхий сайд ямар их мэгдсэн нь маргаашийн үйлдлүүдээс нь ил болсон юм. Хэвлэлийн албанаас нь хүмүүсийн тэгтэл эсэргүүцсэн нь В.Путинд биш америк тамирчинд зориулсан гэсэн мэдэгдэл гаргаж, тэмцээний бичлэгийг  телевизээр давтахдаа шүгэлдсэн дуу чимээг таг дарсан байлаа.  Гэвч оросууд үнэнийг худал болгох гэж байгаад дургүйцэж, "Путин, чи зайлаач, чиний хэрэг байхгүй" гэж орилж байсан үзэгчдийн бичлэгийг утсаа­раа баримтжуулснаа интернэтэд энд тэндгүй байрлуулж эхэлсэн.  Бас америк боксчинд хандан твит­терээр "Оросын ард түмнийг хайр­лан алх хадуурыг хүртэл биедээ шивүүлсэн чамд бид дургүйцээгүй ээ" гэсэн захидлыг үй түмээр нь илгээсэн.  Энэ бол энгийн нуршуу түүх мэт боловч В.Путин гэдэг дарангуйлагчаас хүмүүс залхсаны баталгаа юм. Тэр ч өөрөө дэндүү сандарсан. Ямар сайндаа л энэ явдлаас хоёр хоногийн дараа Санкт Петербург хотод хар там­хины эсрэг цуглаанд үг хэлэх байсан Ерөнхий сайд ажилтай гээд ирээгүй байхав дээ. Тэр үнэнээс айсан биз. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд хязгааргүй эрх мэдлийг төвлөрүүлж чадсаныхаа хүчинд "Нэгдсэн Орос" нам сонгуульд дахин олонхи болов. Сонгуулийн дүн туйлын үнэн байдаггүй, хүсвэл СЕХ  эрх баригчдад зориулан өөрчилж чаддаг гэдгийг бид мэдэх хойно. Энэ сонгуулийн дүн хуудуу­тай болсон гэж жагсч байгаа улсууд мэдэгдэж байгаа нь оргүй биш биз ээ.

Үнэндээ ч энэ сонгуулиар В.Путины намд 99 хувийн санал өгсөн газар нь Чечень байсан гэхээр хэн итгэх билээ. Бүр Чечень шүү. Энэ удаад жагсагчид бариг­даж, магадгүй цус асгарч, шо­ронгийн ялтан болохыг үгүйсгэх аргагүй. Ирэх гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд тэр ялах л байх. Гэхдээ ард түмэн бол номхон тэмээ шиг ноолуулаад байхгүй. Тэр тусмаа аугаа орос үндэстэн үү.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив