Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ БААЗ БАГА ХУРЛЫН ТУХАЙ
2011 оны 11 сарын 29 [Уншсан тоо: 34573]
Шатсан байшингийн суурин дээр сүндэрлэсэн даруйдаа дахин бас шатаад амжсан Тусгаар тогт­нолын ордонд өчигдөр МАН-ын Бага хурал болов. Яг л хуучны адил намынхаа эсрэг зүйл ярьж болох­гүй, ардчиллын үнэр үнэр­түүлж болохгүй гэсэн зааварчил­гаатай болсон энэ хурлаас гишүүд нь ч олон зүйлийг хүлээгээгүй биз. Хурал эхлэхээс өмнө намын Удир­дах Зөвлөл хуралдаж, асуудлаа хайрцаглаад ороод ирдэг тэр л зарчмаараа болжээ.

Харин ч өнгөрсөн жилийн Бага хурал нь намын нэр солихын эсрэг үнэндээ намынхаа удирдлагуудын эсрэг байсан Н.Энхбаярыг багтааж байснаараа бас сонирхолтой, амьд болж байсан юм. Энэ удаа­гийн хувьд дотор нь байсан "дайс­нууд" нь гаднаа гарч, тэдний хэлд­гээр ус тос нь ялгарсан болохоор хуучны коммунист хэлбэрийн ху­рал болоход саад болсонгүй бо­лолтой. Тэгээд ч гишүүддээ удирд­лагуудаас аятай байхыг үүрэгдсэн болохоор хичээхээс ч өөр яахав.

Мэдээж, Бага хурал МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батбол­дын илтгэлээр эхэлсэн. Удаан хугацаанд орон байргүй байж байгаад будаг нь ханхалсан бас жаахан утаа угаар үнэртсэн ч гэсэн шинэ байшиндаа хурлаа хийж байгаа болохоор сайхан л байсан байж таарна. Тэрбээр хийсэн бү­тээ­сэн, намынхаа өргөжиж дэвжиж байгаатай холбоотой олон барим­тыг дурдсан илтгэл уншжээ. Нэгэнт бид намын гишүүд биш учраас бидэнд намтай холбоотой мэдээл­лээс илүү зарим нэг мэдээ анхаа­рал татаад байгаа юм. Тухайлбал, бүх аймаг, хот, сум, баг, хороо суурин газарт МАН-ын 1793 үүр ажиллаж байгаа ажээ. Тэгээд МАН-ын Удирдах зөвлөлөөс анхан болон дунд шатны байгууллагуу­дын тоног төхөөрөмжийн шинэч­лэлд зориулан 600 гаруй сая төгрө­гийн хөрөнгө оруулалтыг нэг жи­лийн дотор хийсэн юм байна. Энэ онд гэхэд 100 орчим сумын намын хороогоо өөрийн гэсэн байртай болгожээ.

Бас намынхаа гишүүдийн бо­ловс­ролд ихээхэн анхаарч, 310 хүнийг ОХУ, БНХАУ, АНУ, Англи гээд гадаад орнуудад сургуульд явуулсан гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, тус намын дарга С.Батболд Д.Сүхбаатар, Х.Чой­балсан нарын хөшөөг хү­рэлд­сэн, Тусгаар тогтнолын орд­ноо ашиг­лалтад оруулсан гээд есөн бүтээлч ажлыг намынхаа 90 жилийн ойд зориулсан бэлэг хэ­мээж буйгаа илтгэлдээ дурджээ. Тэрбээр бай­рыг нь ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэн хүмүүс бас Соц Интернийн гишүүн намууддаа хурлынхаа индэр дээрээс талар­хал илэрхийлж байна лээ. Манай нийслэлийн зүрхэн тольтод боссон уг байрыг босгоход гадаадын намуудаас дэмжлэг үзүүлсэн ажээ. Энэ бол анхаарлын гадна үлдээх зүйл биш шиг санагдсан. Мөн хоёр хөршийнхөө улс төрийн намуудтай нягт ажиллаж байгаагаа дурдаж байна лээ. Бодвол манай хоёр хөршийн намууд гэхээр коммунист угшилтай намууд биз ээ.

Ер нь энэ хуралд суусан МАН-ын Бага хурлын гишүүд ч гэсэн асар их коммунизм үнэртсэн на­мынхаа хуралд таатай хандахгүй байгаагаа нухацтайгаар нэг нэгдээ илэрхийлж байсан би­лээ. Зарим шинэ тутам гишүүд нь нийгмийн ардчиллын тухай ярьдаг энэ нам одоо ч баас хатавч өмхий­гөө тавь­даггүй гэдэг шиг коммунист арга барилаа халж чадахгүй бай­гаад гутарч байгаагаа өөр хоорон­доо хөөрөлдөөд авч.

Намын даргын нь илтгэлд дур­дагдсанаар намын гишүүний шинэ­чилсэн бүртгэлээр 163882 гишүүн­тэй гэсэн албан ёсны тоо гарчээ.

Монголд хамгийн эрэлттэй ал­бан тушаалыг тодруул гэвэл магад МАН-ын Бага хурлын гишүүн гэсэн нэр дээгүүр давхих биз. Энэ намын Бага хурлын гишүүний тоо 256 атал одоо горилогчдын тоо 350 гараад явчихсан байгаа гэсэн. Өчигдөр болсон Бага хурлын эхэнд хоёр гишүүн нас барсныг зарлаад, эмгэнэл илэрхийлжээ. Мэдээж, хамтран зүтгэгчид нь хорвоогоос халих эмгэнэлтэй байлгүй яахав, гэхдээ тэнд горилогсдоор ирсэн хүмүүс дүүрэн байсан болохоор энэ мэдээллийг огт өөр өнгө аясаар хүлээж авсан гэнэ лээ. Үүнийг МАН-ын Бага хурлын гишүүд өөрсдөө хэлж байсан. "Бага хурлын гишүүн болох тийм л чухал болчихсон бололтой. Тэнд байсан хүмүүс бараг л инээдээ нууж байсан шүү" гэж. Гишүүдийн тооноос нь давсан хүмүүс Бага хурлын гишүүн болох гэж байгаа гэхээр жинхэнэ уралдаж уралцдаг юм байлгүй.

Энэ өдөр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ын зүгээс Бага хурлын гишүүнд санал болгох хүмүүсээ оруулж ирсэн байна. Уг нь өнгөр­сөн жилийн Бага хурлын өмнө МАСЭХ-ны ерөнхийлөгчийг өөр­чилж, НАМЭХ болгочих байсан боловч Ардын намын хүүхнүүдийн амбиц дийлдээгүй учраас өөрч­лөлт хийж чадалгүй ноднин жи­лийн Бага хуралтай тулсан юм. Харин өнгөрсөн хавар их хурлаа хийж, НАМЭХ болж нэрээ өөрчлөн, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг ерөнхийлөгчөөрөө сонгосноор энэ удаад тэд Бага хуралд шинэ хү­мүүсээ нэр дэвшүүлэх эрхтэй бо­лов. Энэ удаад нэр дэвшүүлсэн хүмүүс нь "Д.Оюунхоролын гарын хүмүүс байна, мэдээж дараа нь өөрийнхөөрөө л дуугарах хүмүү­сийг оруулж ирэх нь ойлгомжтой" гэж хүүхнүүд нь тэр хавиараа баа­хан шивэр авир гэсэн сурагтай.

Уг холбооноос дөрвөн эмэгтэй Бага хуралд орсон байна.

Бага хурлын үеэр МАН-ын ги­шүүд ойлгох байх харин бид ойл­гож чадахгүй нэгэн яриа болсон нь намын гишүүд нэг үзэл бодолтой байх тухай хөндөгджээ. Намын дарга ч илтгэлдээ ганцаарчилсан тоглолт хийж болохгүй гэснийг нь зөв гэж хүлээн авах гишүүд ч бай­сан бол бас үүгээрээ олон ургальч үзлийг хорих нь гэж үзэгсэд ч байжээ.

МАН-ын хувьд ёс зүйн дүрэмтэй болж байгаа бөгөөд энэ тухайд нэлээд ярилцжээ. Ёс зүйн талаас хөндөж тавьсан нь сайн хэрэг боллоо. Улс төрийн ёс зүй гэж зүйл алга болсныг сайн хөндөх хэрэгтэй гэх хэсэг ч нэлээд байжээ. Зарим босч үг хэлсэн хүмүүс намынхаа эсрэг үг хэлсэн хүмүүст хатуу шийт­гэл оногдуулах ёстой гэж их ярьжээ. Энэ нам дотроо үзэл бод­лын зө­рүүг үгүй болгох тухай биш харин ёс зүйн зөрүүтэй байдлаа өөрчлөх тухай яривал ард түмэнд л сайн байх. Мөн хариуцлагын тухай ярьдаг болох тухай, үүнийг нэр дэвших эрхтэй холбох талаар их ярьсан нь гишүүдэд нь нэгийг бодуулсан биз. Ерөнхий сайдаа огцруулах талаар өөр намынхан­тай нийлээд яваад байгаа гэж зарим намын гишүүдээ шүүмжлэх хүмүүс байсан ч хурлыг аль болох дэвэр­гэхгүй байж байгаад нам­дуухан болох аргыг аль аль талдаа баримталжээ.

Энэ удаагийн Бага хурал 2012 оны УИХ-ын Сонгуулийн өмнө болж буй хурал гэдгээрээ онцлог. Тийм ч учраас намын удирдла­гуудын зүгээс сонгуулийн өмнө хүчээ нэмэгдүүлж бүтцийн өөрч­лөлт хийхээр шийдсэн нь нэлээд эртнээс мэдэгдэж байсан. Бас энэ удаад орон тооны хоёр, орон тооны бус хоёр нарийн бичгийн дарга оруулж ирж байгаа нь ч сонгуулийн өмнөх бэлтгэл биз ээ.  Эмэгтэйчүүдийн төлөөлөл болж намын нарийн бичгийн даргатай болж байгаа бөгөөд уг орон тоон дээр бат­лагдсан Д.Сарангэрэлийн хувьд энэ намтай холбогдсон түүх боги­нохон. Гэхдээ намд орж ирэн­гүүтээ Удирдах Зөвлөлийн гишүүн болсон зангарагийг нь бодохоор нарийн бичгийн дарга болсонд нь гайхах зүйлгүй. Бодвол түүний хэвлэл мэдээллийн салбар дахь туршла­гыг нь сонгуулиар ашиглах төлөв­лөгөөтэй байх. Өөр нэг на­рийн бичгийн дарга нь НАМЗХ-ны ерөн­хийлөгч Л.Оюун-Эрдэнэ. На­мын дэргэдэх залуучуудын бай­гуул­­лагыг удирдахаасаа өмнө МАН-ын Улс төрийн байгуулалтын хэлт­сийн даргаар ажиллаж байсан болохоор намын аппаратад орж ажиллах нь шинэ зүйл огт биш. Шинээр гарч ирж буй стратегич гэж нам дотор нь түүний талаар ярил­цах болсныг дуулбал, түүний энэ чадварт нь намын зүгээс най­даж байж болох юм. Бас л Удир­дах зөвлөлийн гишүүн. Энэ өдөр на­маа­саа итгэл хүлээж шинэ албан тушаал хүртсэн гурав дахь Удир­дах зөвлөлийн гишүүн нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүв­шин. Цагтаа намдаа ерөнхий на­рийн бичгийн даргаар ажиллаж явсан түүнд нарийн бичгийн ажлыг орон тооны бусаар хашихад түвэг болохгүй биз. Хотын фракцын гэсэн тодотголтой, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа мөн орон тооны бус нарийн бич­гийн даргаар сонгогдсон байна. Түүнийг НАМЭХ-ны ерөнхийлөг­чид өрсөлдөх хүчтэй нэр дэвшигч гэж үзэгсэд олон байсан ч намын бодлогоор нэрээ татаж байсан санагдаж байна. Ерөнхийдөө МАН нарийн бичгийн дарга нарынхаа чиг үүргийг нарийсгаж, шинээр хүмүүс сонгож, сонгохдоо нэлээд шигшиж, хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсээр эгнээгээ тэлсэн нь арга­гүй л сонгууль дөхсөнийг баталж байна. Дээрээс нь МАХН хэмээх амаргүй нэр, угшил нэгтэн байгаа учраас хичээх нь хэр биз. Хөдөө орон нутагт МАХН, МАН-ыг хүмүүс төдийлөн ялгаж салгаж ойлгохгүй байгаа нь энэ намынхны хамгийн ойрын үед шийдвэрлэх асуудал хэмээж, өрсөлдөгчөө АН бус МАХН гэж харж байгаа нь ч энэ хурлаас тод мэдрэгджээ. Ерөнхийдөө МАН-ын Бага хурал болдог зохиолын­хоо дагуу болсноороо онцлогдох зүйлгүй. Сонгуулийн өмнөх гэдгээ­рээ "дайн"-ы өмнөх бэлтгэл бааз нь энэ Бага хурал болж өглөө.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив