Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН БААДУУ ЗОГСОВ
2011 оны 11 сарын 15 [Уншсан тоо: 38003]
Хамтарсан Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Бат­тулга өнгөрсөн долоо хоногт хэвлэлд тодорхой ярилцлага өгчээ. Ярилцлага одоогийн улс төрийн нөхцөл байдалд чиг заагч алтан гадас болохоор байна. Сөргөсөн, сөхсөн, анхааруулсан, буруутгасан олон өнгөтэй нь уншаад өнгөрөх бус үйл явдлын өрнөх гарц гаргалгааг бэлхнээ ургуулж харагдуулж байгаад гол утга учир байна.

Хамтарсан Засгийн газрыг нэгтгэж, торгоож байгаа эрхэм нь  Х.Баттулгыг гэж бичих болоод удаж байгаа. Үүнийг аль, аль намынхан өөр хоорондоо ярьж, хэлцдэг. МАН-ынхан битүү­хэн­дээ Женкогийн байр суурь ямар байгаа бол гэж сэм танддаг. Ийм хүндтэй, хэрэгтэйгээс хэрэгтэй сайд Х.Баттулга кабинетээ хам­гийн ойлгомжтой бөгөөд нухац­тай­гаар шүүмжилж орхилоо.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 30-40 хувьтай нь ард иргэдэд хан­галтгүй байна гэдгийг тус Хам­тарсан Засгийн газрын нэг ги­шүүн нь юуны өмнө ил тодоор мэдэгдэв. Гэхдээ түүний ийн хэлснийг тогоон дотроосоо урваж шарвасан гэхээс илүү ажлыг урагшлуулах гэж үзэхдээ эрх ашиг, сонирхлын зөрчилд баглаг­даад, аргаа барж, үсээ үгтээсэн улстөрчийн үг гэж үзэхэд бо­лохоор байгаа юм. Тэр "Хувийн компанийн ажлаас төрийнх хоц­роод яваад байдаг. Энэ нь ойл­гомжтой, зохион байгуулалттай шүү дээ" гэж харамсчээ. Х.Бат­тулга сайд нэг ноцтой зүйл мэдэгдсэн нь "Эрдэнэс МГЛ"  нүүрсний зах зээлийн ханш 110 ам.доллар байхад 70 ам.долла­раар гэрээ хэлэлцээ хийчихсэн, үлдэж буй 40 ам.доллар нь ард түмний хөрөнгөнөөс хумсалж хулгайлж байгаа хэрэг гэжээ. Өнгөрсөн 11-ний өдрийн Хятадын уул уурхайн сайт дээр хүрэн нүүрс нэг тонн нь 96.8-117.4 ам.доллар, коксжсон 193.5-225.8 ам.доллар ханштай гэсэн мэ­дээл­лийг харвал сайдын хэлсэнд эргэлзэх шаардлага алга.

Гэхдээ мань хүн дээрх бүг­дийг Засгийн газрын хуралдаан дээр хэлээд ч дэмжлэг аваагүй гэдгээ нэмж хэлсэн байв. Мөн татвар төлөхөөс зайлсхийж, Ухаа худгаас гаргаж авч буй нүүрсийг 70 ам.доллар гэсэн дарсан үнэ хэлж байгаа ч хилийн цаана өөр үнээр зардаг гэж барин тавин мэдэгдлээ. Хариуцлагатай ажил хийдэг хүн хариуцлагатай мэ­дэгдэл хийж байгаа байлгүй. Уг нь Засгийн газрын гишүүд УИХ дээр мэдэгдэл, мэдээлэл хийх­дээ яаж ийгээд л Засгаа өмөөр­дөг сөн. Тэгвэл Х.Баттулга гишүүн Засгийн газрын ажиллаж буй байдал, хурд, үр дүнд сэтгэл дундуур байдгаа зарлалаа. Ин­гэс­нээр танхимын дарга С.Бат­болд бас тэргүүн дэд дарга, Таван толгойн ажлын хэсгийн ахлагч, АН-ын дарга Н.Алтанхуягийг ажлаа муу хийж байна гэсэн дүн тавилаа. УИХ-аас Оюу толгой, Таван толгойтой холбоотой асууд­лууд дээр тодорхой тогтоол гаргаж, үүнийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Парла­мен­таас бүх шийдвэр чиглэлийг нь хуульчлаад мөнгө төгрөг нь хүртэл байгаад байхад ажил явахгүй байна гэж үглэжээ. Ажил явахгүй байна гэж хэлэхээр Н.Алтанхуяг явж байгаа гэж хэлдэг, ам мурийгаад удаж бай­гаагаа нуусангүй. Засгийн газар үйлдэж буй үйл бас эс үйлд­лээрээ дагахгүй яваад ирснийг УИХ-ын гишүүд шүүмжилдэг нь оргүй биш бололтой. Үүнийг Засгийн газрын танхимын ги­шүүн нь хэлсэн болохоор хэрхэн итгэхгүй байх билээ. Угаасаа энэ кабинет нэг баг болж ажилла­даггүй, нэг намынхандаа бол нээлттэй нөгөө гаднаас орж ирсэн АН-ынханд хаалттай бай­даг бололтой юм гэсэн ойлголт уг ярилцлагаас нэвт харагдаж байгаа юм.

Тэрбээр "Энд тэнд болоод байгаа шиг дайн дажин, үймээн самуун алга. Дотоод талд хэрүүл тэмцэл гэж алга, гадаа жагсдаг иргэд, хөдөлгөөн алга. Одоо бүх шийдвэрийг УИХ батлаад гарга­чихсан, бас дээр нь мөнгө байна. Дээд зэргийн таатай уур амьсгал дунд л байна даа, уг нь. Одоо юу болохгүй байгаа юм, бүү мэд. Би бодоод олохгүй байна" гээд бүр "Дотроо байгаа мөртлөө шүү" гэж тодотгосон байгаа юм.

Ер нь энэ ярилцлага энэ төрд байгаа олон бүтэхгүй зүйлийг ил гаргаж өгснөөрөө ач холбогдол­той. Нэг гараараа архи зарж, нөгөө гараараа хууль баталдаг хүмүү­сийг шүүмжилж, Монголын бая­лаг хэдхэн гэр бүлийн гарт орж байгааг шүүмжилсэн нь танил тал, арга залиар бизнесээ өргө­жүүлдэггүй дундаж монголчуудад хамгийн ойрхон бууж байгаа мэдээлэл билээ. Бас эрхэм сайдын ярилцлагадаа өгүүлсэн нэгэн жишээг нэхэж дурдахаас аргагүй. Макдональдсын сүлжээ Монголд орж ирдэггүй нь иргэ­дийн орлого хүрэхгүй гэсэн судалгаатай нь холбоотой байдаг ажээ. Тав, зургаан мянгаар хачиртай талх аваад идчихээсээ зүсэм талх, шөлөөр өл залгачих­даг хүмүүс Монголд олон байна. Тиймээс нийгмийн дийлэнх нь ядуу Монголын нийтийн хоолны салбарт орж ирвэл дампуурна гэж дэлхийд тархсан энэ сүлжээ­нийхэн үздэг ажээ. Гэтэл мон­голчуудын баян болсны баталгаа болж байгаа гэгддэг Zegna, LV орж ирснийг авлигатай улс оронд орж ирдэг, нийгмийн тодорхой бүлэг хүмүүст л зориулагдсан гэдэг юм байна. LV-гийн салбарыг манайд анх нээгээд ганцхан сарын дотор борлогдсон барааны мөнгөн дүнгээ үзээд Бээжингээс манай­хыг хамаардаг салбарынхан цочролд орсон гэж дуулддаг. Тэд Монголд ингэж ихээр борлогдоно гэж зүүдлээ ч үгүй байж л дээ. Тэгэхээр үүнийг эргүүлээд унши­хаар "Монголд авлига хөгжсөн ч гэсэн ингэж ихээр хөгжсөн гэж санаагүй байсан" гэж ойлгог­дохоор.

Сайд Х.Баттулга баттай үнэ­нийг хэлсэн шиг хэлэв бололтой. Түүнээс жижиг сажиг найраа, хуйвалдаанд оролцоод байхгүй чанар илэрдэг. Тоймтой тулхтай, нийтлэг эрх ашгаа гэсэн сэтгэл харагдаад байдаг. Тиймдээ ч энэ удаад намынхаа даргыг танхи­мынхаа даргатай нийлүүлээд шулуухан буруушаав. Аль өнгөр­сөн сонгуулийн үеэр АН-ын дарга байхдаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргаж тавьсан "Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт байх болно" гээд Монголд эдийн зас­гийн хувьсгал хэрэгтэй сонгуульд орж байсныг одоо  "Эдийн Зас­гийн хувьсгал хийнэ" гээд зар­лаад байгааг ерөөсөө ойлгохгүй байгаагаа тэр хэлжээ. Бас каби­нетээ муу ажиллаж байгаа гэж дүгнэсэн нь Ерөнхий сайд С.Бат­болдод хаягласан нь мэдээж. Нөгөө талаас намынхаа даргыг шилдэг арван улстөрчийн жаг­саалтад багтаж чаддаггүй, өөрийнхөө өнгөн дээр намын рейтинг өндөр гэж үздэг нь буруу. МАН, МАХН гэж хоёр салснаар АН илүү рейтингтэй харагдаж байгаа хэрэг хэмээжээ. Даргад тал засахыг мэддэггүй энэ нөхөр танхимынхаа хоёр даргаа хоёу­ланг нь ийнхүү хусч орхиж. Хэн нэгэн улстөрч ингэж мэдэгдсэн бол өөр хэрэг. Харин Женко Х.Баттулга ингэж мэдэгдсэн нь дараагийн гаргалгаануудад хүр­гэж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын цаг зогсох нь тодорхой болжээ. Үүний баадуу нь болж байсан Х.Баттулга дээрх мэдэгдлийг хийснээрээ үүнийг нотолж байна. Бас АН-ын даргын суудалд тэр өрсөлдөх хүсэл хийгээд төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байгаа нь харагдаж байна. Н.Алтанхуяг даргад хаяг­лан үгээ дайж, ҮЗХ дүгнэнэ биз гэснээрээ шатахуун шингээсэн алчуур ҮЗХ-ныхоо голд шидчих­лээ гэсэн үг юм. Намын асуудал бол жижиг асуудал. Жинхэнэ ҮЗХ нь хуралдаж, намынхаа даргыг шүүмжилсэн гишүүнтэйгээ асууд­лаа ярина биз. Харин Зас­гийн газарт асуудал өөрөөр тусч таарна. Өөрөөр хэлбэл Засгийн газар бол нам шиг фракцуудын нэгдэл болж ажиллаж таардаг. Засгаа шүүмжилсэн кабинетийн гишүүнд огцрох шийтгэл ирэх ёстой байгаа юм, уг нь.

Ерөнхий сайд бардам хий­гээд зоригтой бол Засгийнхаа ажлыг шүүмжилсэн сайдыг огц­руулчих бүрэн эрхтэй. Гэвч Сү.Батболд Женког яадаг юм бол доо. Хамтарсан Засгийн газрыг  нь тогтоож буй сүүлийн тороос болохоор чадахгүй л байх даа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn