Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
АЛЬПИЙН НУРУУНЫ САЛХИНД ИЛБҮҮЛЖ, АДРИАТЫН ТЭНГИСИЙН УСАНД БУЛХСАН ХОРВАТ
2011 оны 11 сарын 4 [Уншсан тоо: 49798]
Хүн төрөлхтний эртний үндэст­нүүдийн нэгээр хорватчуудыг нэр­лэдэг. Эндхийн газар нутгаас олдсон олдвор, булш бунхан нь дэлхийн түүхийн нэлээд өмнө үед тооцогддог бололтой юм билээ. Энэ үндэстэн одоогийн газар нутагтаа 600 оны орчим нүүдэллэн очжээ. 925 онд Томислав ван омог овгийн хорватчуудыг нэгтгэснээр анх Хорват улс үүссэн хэмээн үлджээ. Гэвч түүхийн нугалаанд Унгартай нэгдэн, Османы Туркийн эзэнт гүрний мэдэлд орж, Сербийн вант улс, Словенийн холбооны улс, Югославын холбооны улс гэж том улсуудын элгэнд наалдсан дэлүү шиг явсаар иржээ. Харин социалист гүрнүүдийн задралтай зэрэгцэн Югославаас 1991 оны зургадугаар сарын 25-нд салж тусгаар тогтнолоо зарласан байна. Гэхдээ бүрэн утгаараа аравдугаар сараас л тэр боломж нь ирсэн гэдэг.

Тусгаар тогтнолоо зарласны дараа Хорват дахь үндэсний цөөнх болох сербчүүд босч, Югославын үндэсний арми Хорватын нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэртээх угсаандаа тусгаар улс байж ирсэн омогшлоороо өрх тусгаар­лах гэж үзээд дайны хөлд нэрвэгд­сэн он жилүүд энэ цаг үед байв. Хорватчууд тусгаар тогтнолоо зарласныхаа дараагаас олон улсын тавцанд өөрийгөө ойлгуулж, Европын холбоотой эдийн засгийн салбарт харилцаагаа дээшлүүлж улмаар НҮБ-тай ойртож чад­санаар энэ бүс нутагт шинэ улс мэндэлж чаджээ. 1995 оны төгс­гөлөөр дайн бүрэн дуусч, газар нутгийн бага сага маргаан­тай асуудлаа шийдсээр усан хил дээр ганц хоёр асуудал үлдсэнийг эс тооцвол бараг шувтарчээ.

Мэдээж, дайныг биеэрээ туул­сан гэдгээрээ тэдний хагацал зов­лон, айдас хүйдэс, гуниг цочрол одоо ч байдаг байх гэж Хорватын нийслэл Загребийн эртний гудам­жаар алхаж явахдаа бодож явлаа. Ерөнхийдөө гудамжинд нь хүн цөөн, машин тэрэгний түгжрэл бага юм. Үдэш орой хуруу дарам хүмүүс явж байхыг нь хараад дайны үеийн айдас одоо ч байдаг байх нь хэмээн хардан бодлоо.

Ердөө арван зургаан жилийн өмнөхөн дарийн утаа үнэртэж байсан нутагт бүхэл бүтэн үе солиг­дож байж л айдсын хургаа арилах байх даа. Дайны хөлд сүйдсэн түүх дурсгалын зүйлс, байшин барил­гаа одоо ч сэргээн янзалсаар байгаа тухай тэд ярьж байсан. Дайны уршиг нүднээс арилсан ч сэтгэлээс арилдаггүй гэдэг боло­хоор хорват түмнээс ч удаандаа алсрах нь аргагүй.

Гэхдээ энэ бүхэн саяхан болтол дайнтай байсан гэдгээрээ л бодог­дож байгаа болохоос ангиараа кино үзэ­хээр явж байгаа хүүхдүүд, трам­вайны буудал дээр найз охиноо хөтлөн зогсоо хөвгүүний харцнаас энэ бүхнийг хэрхэн мэдрэх билээ. Тэгээд ч тэд дайны дараа төрсөн хүүхдүүд хойно.

Югославын холбооны улсын их задрал 1999 онд НАТО-гийн хүчин ялалт байгуулж, Ерөнхийлөгч С.Милошевич дайны гэмт хэрэгтэн болсноор дууссан билээ. Гэхдээ хуучин нэг холбоонд нэгдэж байсан энэ улсуудын холбоо одоо болтол зарим нэг сэжмээр цуг. Ямартаа л хуучин Югославын орнуудаас тэднийх энэ салбараараа илүү, эднийх үүгээрээ сайн гэж байнга харьцуулагддаг байхав дээ. Мэдээж, Словени бол Европын холбоонд нэгдэн орчихсон байгаа гэдгээрээ, хуучин язгуур улс нь болоод ч тэр үү хошуучилдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хорват хурдацтай хөгжиж байгаа гэд­гээрээ ялгарч байгаа. Экс хол­бооны улсууд дундаа аман хүзүү­дэж байгаа ч тэргүүлээд эхлэхэд гайхах зүйлгүй гэлцэнэ. Дээрээс нь Хорватыг олон улсын тавцанд зөв тоглолт хийж, нэр нөлөөгөө бэх­жүүлж байгаа гэдэг дээр ихээхэн тодотгол өгөх болж. Мэдээж, Европын холбооны гишүүн болох шат дараалсан шалгууруудыг давчихсан улс учраас стандарт нь аль түвшинд байгаа гэдгийг хэлүүлэлт­гүй ойлгочихож болно. Одоо албан ёсоор нэгдэх 2013 оныг л хүлээж байгаа юм билээ.

Ямартай ч бүс нутагтаа аялал жуулчлалын гол газар нь Хорватыг гэх болжээ. Европын гурван хүн тутмын нэг нь энд жуулчлан ирдэг гэсэн үзүүлэлтийг харвал үнэхээр өөрийг юу нуршихав. Хорватад Европын бусад орнуудаас эд бараа, хоол ундны үнэ хөлс хямд гэж байгаа, дээрээс нь гайхалтай тэнгисийн эрэг тэнд л байна шүү дээ. Мөн их гүрний дээрэнгүй чанар цусанд нь шингэж амжаагүй хорват­чууд зочдод найрсаг эзэн болж чаддаг биз.

Альпийн нурууны төгсгөл уулс их ус руугаа орж ирсэн Хорватын байгалийг гайхалтай гэхээс өөр юу гэх билээ. Газар нутгийн онцло­гоороо эх газрын, Альпийн нуруу­ны, газар дундын тэнгисийн гэж гурав хуваагдана гэж үздэг.

Адриатын тэнгисийн сувд хэмээн хорватчууд нутгаа нэрийд­дэг. Манайхан нөгөө Улаанбаа­тараа Азийн цагаан дагина гэдэг байсан шиг гэмээр юм уу. Нөгөө байлдаж дайтаж байгаад тусгаар улсаа зарлаж авсан газар нутаг нь хойноосоо урагшаа сунасан уртаа гэгчийнх. Тэр нь Адриатын тэн­гисийг мөрлөн тогтсон учраас яалт ч үгүй энэ тэнгис тэдэнд хамгаас илүү хамаарч таараад байгаа юм. Газар дундын тэнгисийн нэг гар нь болсон гэгддэг Адриатын баруун эрэгт нь Итали, харин зүүн эрэгт нь Словен (47 км). Босни Герцоговен (26 км), Монтенегро (249 км), Албани (295 км), Хорват (5835 км) байдаг гэхээр яах аргагүй тэнги­сийн эрэг дагасан амьдрал тэнд харагдаж байгаа биз. Аялал жуулчлал ч хөгжихөөс аргагүй. Энэ тэнгисийн нэрийг эртний адриа хэмээх овгийн нэртэй холбоотой гэдэг юм билээ. Харин монголчууд бид өөрсдөө өгсөн гэх дуртай шүү дээ. Их Монгол улсын хүчирхэг цэргүүд баруун тийш дайлаар мордсоор их усанд очсон нь өнөө­гийн Адриатын тэнгис байсан гэдэг. Харин тийм их усан хараагүй монголчууд тэнгисийн атиран хүүх­рэх усыг хараад атриат ус хэмээн нэрийдсэн нь өнөөгийн нэр гэх нь ч бий. Хэн үгүйсгэх билээ.

Монголчуудын түүхэнд Хор­ватын Загребээр уулгалан айлгаж явсан түүх байдаг хойно. Мон­голчуудын их байлдан дагуулал­тын үед Хорват нь Унгарын хаан IV Бэлад захирагдаж байжээ. 1241 онд монголчуудад ялагдсан Бэла хаан өөрийн харьяаны улс Хорватын Загреб хотноо дутаан ирж, амь хоргодохыг оролджээ. Гэвч Загреб монгол­чуудын довтолгооныг торгоож чадсангүй. Бэла хаан Адриатын тэнгисийн зүүн хойд эргийн Далматиа руу зугатсан гэж байгаа юм. Хорватын язгууртнуудын дэмж­лэгтэй шүү дээ. Тэд ч хөөрхий, хааныгаа амь мулталж авч үзэхийг үүргээ гэж үзэж байсан байлгүй, монгол нэхүүл цэргүүд ч амаргүй шаналгаанууд байсан байж таарна. Ширээгээ хаян зугт­сан хааныг хайсан нэхүүл цэргүүд Өгэйдэй хаан таалал төгссөн мэдээ­гээр Төв Азийн зүг хөлгийн жолоо татсан талаар түүх бичигт үлджээ.

Нээрээ дээр өгүүлсэн Далматиа нутгаас Монголын их эзэнт гүрэнд он жилээр сууж байсан Марко Пологийн гэр бүл гаралтай гэж тэмдэглэгдсэн байдгийг давхар сонирхуулахад нуршсан болохгүй биз ээ.

Харин Өгэдэйн нэхүүл цэргүүд нэгжиж явсан тэр газраар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсоор анх удаа айлчилсан билээ. Эрт урьд цагт монголчууд дээр өгүүлсэн агуулгаар Загребт хөл тавьж байсан бол энэ удаагийнх өөр. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Чехтэй өрсөлдөн ялж 2009-2010 онд зөвлөлд ажиллаж, НҮБ-ын энхийг сахиулах 18 ажиллагааны 15-д нь оролцдог орон. Бас Хорват НҮБ-аас гадуур байгуулагдсан цэрэг дайны ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн юм билээ. Нөгөө талаас нэгэнт Европын холбоонд жил гаруйхны дараагаас орох учраас евро стандартыг нутагшуулах дээр хамтран ажиллахад болохгүй нь юу байхав.

Хорватын нийслэл Загреб бол Төв болон Зүүн Европыг холбосон гол замын уулзвар дээр оршдог эртний хот. Бүр эртний Ромын үеэс энэ нэрээрээ суурин газрын төлөө­лөл болж иржээ. Одоо ч гэсэн ром цэргүүдийн цайз, бааз байсны туурь энд тэндээс нь гарч ирдэг гэсэн. Хорват ганц хот, хорин мужтай бөгөөд манай Улаанбаа­тар шиг цор ганц хот нь нийслэл Загреб. Хүн амынх нь хувьд мөн л манайхтай адил сая гаруй хүнтэй. Улаан шүр мэт тоосгон дээврүүд, цагаан тоосгон байшингууд нь энэ хотын нэг өнгө нь юм уу даа.

Хорватчууд бол ам бүл тийм олон биш үндэстэн. Хүн ам нь 4.5 сая хараахан хүрээгүй. Гэхдээ нэг сонин нь энэ үндэстнээс гайхмаар спортын алдартнууд төрсөн байдаг билээ. Альпийн нурууны салхи, Адриатын тэнгисийн ус нь тэгж бие бялдрын гайхалтай чадалтай болгодог юм уу л гэмээр. Тэгэхээр спортын амжилт гаргахад хүний олон цөөн ер падгүй аж. Хорватын улаан цагаан хосолсон шоо бүхий далбааг спортын хорхойтнууд анд­даггүй. Дайн дажин дөнгөж дууссан Хорват 1998 онд болсон хөлбөм­бөгийн ДАШТ-д гуравдугаар байр эзэлж байсныг хүмүүс одоо хэр санадаг. Чухамдаа НҮБ-аар батал­гаажуулснаас илүү дэлхийд өөрс­дийгөө тунхагласан он цаг энэ байсан биз. Мөн эдний өндрийн харайлтын тамирчин Бланка Влашич гээд бүсгүй бий. Дэлхийн хоёр удаагийн аварга, мөн нэг удаа аман хүзүүдэж, түүнчлэн олимпоос мөнгөн медаль хүртсэн энэ бүсгүй Хөнгөн атлетикийн холбооноос шилдэг тамирчдадаа өгдөг гулууз алтыг авч л явсан нэгэн дээ. Бас Английн хөлбөмбөгийн "Тотенхэм"-д тоглодог Лука Модрич бас овоо өндөр үнэтэй тамирчны нэг.

Хорват хийгээд манайд адилт­гах зүйлс олон шиг санагдсан. Хүн ам ойролцоо, тогтолцооны хувьд адил, ардчилсан парламентын засаглалтай, Ерөнхийлөгчөө ард нийтээрээ сонгодог. Бас хүүхэд, залуус олонтой улс байна лээ. Дундаж нас нь 41.4 гэж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч Иво Ёси­пович хөгжимчин хүн. Хорин жилийн турш Хөгжмийн академид багшилсан багш. Бас хөгжмийн зохиолч. Дөлгөөхөн өндөр тэр эрийн хэлснээр манай хоёр улс ашигт малтмал, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, малын эм бэлдмэл, хүнсний бүтээг­дэхүүн, аялал жуулчлалын салбарт ажиллах бүрэн боломжтой ажээ. Ер нь Хорват бол мал аж ахуйн эм бэлд­мэлийг бэлтгэдэ­гээрээ бүс нутагтаа хамгийн шилдэгт тооцогд­дог бай­на. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж монгол­чууд олон сая мал хуйтай. Хэрэв эрүүл ахуйн талаас нь түүнийг анхаарч чадвал гадаад руу экс­портлох боломж их байдгийг дур­даж байсан. Харин нөгөө талаас бүхий л салбарт хамтран ажиллах боломж хийгээд хүсэл байгааг онцолж байсан билээ. Хорватад манай Элчин сайдын яам байхгүй, хэргийг Автри дахь ЭСЯ яам хавс­ран ажилладаг. Харин Хорват дахь Монголын өргөмжит консулаар Златко Матеша хэмээх эрхэм ажил­ладаг юм билээ. Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоо Хорватын Үндэсний Олимпийн даргын албыг хашдаг тэрбээр энэ айлчлалын үеэр багагүй дэм болсон нь мэдээж. Угаас хуучны нэр нөлөөтэй хүн харин яаж яваад манай өргөмжит консул болчихсон юм гэж санагдсан шүү. Адил цөөхөн хүн амтай атлаа спортод амжилт гаргадаг тэр туршлагаас нь Үндэсний Олимпийн хорооны даргынх нь хувьд лавлаж, хамтран ажиллахад болохгүй нь юу билээ гэж санагдаж байсан. Хорват гээд манайхан мэддэг ч юм шиг, огт мэддэггүй ч юм шиг орны тухай өгүүлэхэд ийм байна. Мэддэг бүхэн дахин үзсэнээр арвижиж, мэддэг­гүй бүр шинэ мэдлэгээр тэлдэг билээ. Түүхэн улбаагаараа хуучны танил, ирж буй аясаараа шинэ түнш Хорват. Альпийн нурууны салхинд илбүүлж, Адриатын тэн­гисийн усанд булхдаг үндэстний талаар өгүүлэхэд ийм байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив