Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ДОРНЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ ИТАЛИЧУУДЫН НУТГААР
2011 оны 11 сарын 1 [Уншсан тоо: 40705]

Ромын нисэх онгоцны буудал дээр буумагцаа харсан хонгорхон шар үстэй жаалхүү одоо болтол сэтгэлээс гардаггүй. Тав зургаан настай болов уу даа. Хүү эмээтэйгээ хамт хэн нэгнийг тосохоор иржээ. Баганын цаана нуугдаж, савдаг хаалгаар гарч ирж байгаа хүн бүрийг догдлон ширтэнэ. Дагаад эмээ нь хүртэл бөгтийн нуугдаж ач хүүгийнхээ  догдлол цөхрөлийг хамтдаа мэдэрч байх шиг. Харь нутаг ч ялгалгүй хүн бүр адилхан юм даа гэж тэр агшинд бодогдож байсан. Ядахад яасан ч гарч ирдэггүй зочид юм, хүү баганы цаанаас гэнэт гарч ирээд яаж цочоохоо бодон инээж байгаа бололтой нуг нуг хийж, заримдаа өнөөх хүсэн хүлээсэн хүн нь үүрд гарч ирэхгүй нь гэсэн шиг цөхөрсөн байдал харцанд нь илэрнэ. Элбэг хагас цаг хүү тэгж догдолж зогссон байх. Ирсэн зорчигчид шувтарч бараг гүйцэхэд залуухан бүсгүй, хархүү гарч ирсэн нь өнөөх хонгор үстийн ээж, аав нь байж. Хүү ээж рүүгээ гүйхээрээ үсрэн энгэрт нь асаад авах нь тэр. Эхэндээ гэнэт гарч ирээд цочоох гэсэн төлөвлөгөө ч байхгүй болсон л доо. Хараад л гүйхээрээ харайсан. Тэр л хөөрхөн хүүгийн ээж баймаар үзэсгэлэнт бүсгүй ч нүдэндээ нулимс гялтагнуулан тас тэврээд авсан. Аав нь бас үнсмээр байгаа бололтой өмнө хойно нь гарч, эмээ нь харин тэднийгээ хараад бахархан зогсч байсан. Яг л аав ээж, эмээ өвөө, үр ач гээд нэг нэгийгээ даган элгэмсч нялхарч байдаг монгол гэр бүл шиг санагдсан билээ.
Үнэндээ гэр бүлсэг байдлаараа италичууд европчуудаасаа өөр гэгддэг ажээ.
Аав, ээжийнхээ гэрт том болтлоо амьдарна. Бас тэндээ эхнэрээ дагуулаад ирэхнээ ч сийхгүй. Туринд улс төр судлалаар суралцдаг Төгсөөгийн хэлснээр италичууд их гэр бүлсэг хүмүүс ажээ. Итали залуу насанд хүртлээ ээжийгээ хормойдож амьдарна. Бас гэрлээд аав, ээжийнхээ гэрээс бараг тэдэн диаметрийн тойрог дотор шинэ байраа авах ёстой байдаг гэх. Ямартай ч нэг тийм дорнын хүний гал халуун зан энэ үндэстнээс үнэртэх ажээ. Манай хоёр улс Ромын эзэнт гүрний үеэс харилцаатай явж ирж, албан ёсоор 1970 онд дипломат харилцаа тогтоосон гэдэг. Гэвч 1990 оныг хүртэл Соёлын хэлэлцээрээс өөр эрх зүйн баримт байгуулагдаагүй иржээ. Харин ерээд оноос хойш бага сагаар урагшлан ирсэн ч өнөөг хүртэл Итали улсад манай элчин сайдын яам байгуулагдаагүй байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд найрамдах Итали улсад хийсэн айлчлалын үеэр манай тал Ром хотноо элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн юм. Ер нь Ромд байрны түрээсний үнэ өндөр байдаг талаар тэнд байдаг монголчууд ярьж байсан. Харин манайхан аятай газарт тохьтой байрыг тун боломжийн нөхцөлөөр олж авчээ. Элчин сайдын яамыг албан ёсоор нээх ажиллагаанд Ерөнхийлөгчийг дагаж ирсэн Д.Чойжамц хамба хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн нь мэдээж. Дэлхийн их найман гүрнээс ганц Италид өнөөг хүртэл элчин сайдын яамгүй байсан бид ийнхүү албан ёсоор Ромд өрхөө татаж, тулгаа туллаа. Бодвол хэнээр галаа мануулахаа Г.Занданшатар сайд тооцоолж байгаа биз ээ.
Манай Ерөнхийлөгчийг Киринали ордондоо угтан авсан тус улсын Ерөнхийлөгч Ж.Наполитанотой зоог барих үедээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд Элчин сайдын яамаа нээлээ. Харин та нар хариуд нь юу бодож байна даа” гэж тоглоом шоглоомын хооронд асуужээ. Тэгэхэд Ерөнхийлөгч нь Гадаад харилцааны сайд руугаа харж, өнөөх нь “Эдийн засгийн хямрал яригдаж байгаа энэ үед шууд элчин сайдын яамаа байгуулна гэхгүй. Гэхдээ бид бас хариу найр тавина” гэж. Тэгээд Ерөнхийлөгч Ж.Наполитано нэг өдрийн дотор асуудалд аятайгаар хандахыг үүрэгдсэн байна. Харин дараа өдөр нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай тус улсын Гадаад харилцааны сайд Ф.Фратини хэлэлцээр хийх үедээ сюрпризээ задалжээ. Тэд эхний ээлжинд дипломат паспорттой хүмүүсийг тус улсад визгүй зорчиж байх шийдвэрийг гаргажээ. Эхний шатанд дипломат пасспорттой хүмүүс гэж байгаа ч цаашид албаны тэгээд энгийн гээд шат шат ахихын эхлэл энэ болж байхыг үгүйсгэхгүй.
Европоор хөлхдөг монголчууд Италид харьцангуй цөөхөн юм гэсэн. Ерөнхийдөө энэ улсад хууль хяналт чанга бас бусад улсууд шиг халамж тэтгэмж нь халгиж цалгидаггүй учраас манайхан цөөхөн амьдардаг юм байна лээ. Тэндэхийн прокурорын байгууллагад гэрээгээр ажилладаг залуухан бүсгүй Э.Энхмаа элчин сайдын яамны нээлтийн үеэр ирсэн байхад нь хэдэн үг сольсон. Тэр “Европын орнуудад буруу замаар ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс зарим нь надад дургүй л байдаг байх. Гэхдээ тэд амьдарч байгаа улсынхаа хуулийг хүндэлж амьдрах ёсой гэж би боддог. Энд гэмт хэрэгт холбогдсон монгол хүмүүс гарвал мэдүүлэг авахдаа намайг албан ёсны орчуулагчаар дууддаг юм. Эхлээд тэд хятадууд гэж өөрсдийгөө хэлдэг ч Хятадын элчин дээр аваачихаар хэлээ мэдэхгүй байдаг учир эцсийн бүлэгт монголчууд болох нь тодорхой болдог” хэмээж байсан. Одоо Италийн шоронд ял эдэлж байгаа цөөн тооны монголчууд байдаг ажээ. Өнгөрсөн зун гэхэд найман монгол хүн баригдсан байна. Тэд Францаас энд иржээ. Гэхдээ машиндаа зорчигчийн тоо хэтрүүлж явж байгаад цагдаагийн анхааралд өртөж баригдсан юм байна. Тэгээд шалгатал машин нь хулгайнх, бас ардаа ачсан их хэмжээний үнэртэй ус нь нягтлаад үзсэн чинь бүгд хулгайлагдсан гэж бүртгэгдсэн дугаартай эд байж. Ингээд л харийн нутагт хүүхнүүд голдуу тэд ял эдлэх болжээ. Бас хоёр нь ч байна уу, нярайлж Монголын балчир иргэн харийн нутгийн шоронд нааран дээр өсч байгаа гэж дууллаа.
Харамсалтай юм. Гэхдээ хүний нутгийн хатуу тэнгэр дор хуулийг нь мөрдөж амьдрах нь зүйн хэрэг болов уу. Анх баригдсан шалтгаан нь ч манайхны гаргах хийдэл дээ. Сэтгүүлч биднийг зөөвөрлөж явсан микро автобуснууд хүртэл яг таг суудлын тоогоор л хүнээ суулгана. Тэгэхгүй бол жолооч нь “Би хоолноосоо сална” гээд хөдлөхгүй юм билээ. Суудлын тоогоороо байтугай нугасанд хүртэл чихүүлдэг манайхан бол ойр газар гайгүй гэж санадаг бол Италид дэндүү өөр ажээ.
Ерөнхийлөгчийг Италид айлчлах үеэр нэгэн арга хэмжээ болсон нь “Hands of Cain” олон улсын байгууллагаас оны шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан явдал байсан юм.
Дипломат албаныхан уригдаж, бас бас шагнал гардуулахаар Италийн Сенатын дэд ерөнхийлөгч хатагтай Эмма Бонино, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн орлогч дарга Винцензо Скотти, “Hands of Cain” байгууллагын ерөнхийлөгч Марко Панелла нарын албаны хүмүүс оролцсон. Хараад байхад италичууд хийж байгаа арга хэмжээгээ их бага гэлтгүй жигтэйхэн сэтгэл гарган бэлддэг ажээ. Хүн нэг бүр урт удаан гэгчийн үг хэлж, Ерөнхийлөгчид хандан ямар учраас энэ оны шагналаа өгөхөөр тодруулсанаа учирлаж байв.  Бас дэлхийн хэмжээнд цаазаар авах ялын байдал ямар байгаа талаар гаргасан тайлангаа ном болгож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалд хэмээн тодотгоод хэвлэсэн байх юм. Түүнчлэн яагаад Монголын Ерөнхийлөгчид энэ шагналыг өгөх болсноо өгүүлсэн тайлбартаа Ерөнхийлөгчийн өнгөрсөн жилийн чуулган дээр хэлсэн үгнээс нь иш татан хичээнгүйлэн бичжээ. Хүний амьд явах эрхийг баталгаажуулан, цаазаар авах ялын эсрэг шийдэмгий алхам хийсэн лидерүүдэд энэхүү шагналаа гардуулдаг юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг танхимд байсан хүмүүсийг сэрээж, алга ташихад хүргэсэн. Тэрбээр “Гучаад онд Монголын улс төр, шашин нийгмийн элит олон хүн төрийн цаазаар амь насаа алдсан. Хэрэв одоогийнх шиг байсан бол тэр олон хүн амиа алдахгүй байсан гэж боддог” гээд “Өнөөдөр М.Каддафи нүхнээс нүхэнд харх шиг зугатан амьдарч байна. Тэр ард иргэдийнхээ хүсэл зоригийн эсрэг байсандаа өнөөдөр ингэж амьдарч байна” гэж байсан билээ. Ийн ярьснаас нь хоёрхон хоногийн дараа М.Каддафиг сөрөг хүчний нөхдүүд нүхнээс гаргаж ирээд буудчихсан даа.
Нээрээ, биднийг Ромд газардахаас хэдхэн цагийн өмнө тэнд жагсаал цуглаан болсон гэж байсан билээ. Италийн хэд хэдэн хот бас Европын хэдэн оронд эдийн засгийн хямралтай холбоотой тайван жагсаал болсноос Ромд жаахан хурцадсан бололтой. Гудмаар өнхрүүлээд хаясан мотоцикль энэ тэр харагдсан нь тэр өдрийн жагсаалынх. Ер нь Италид Засгийн газар нь бонд гаргаж, тэрийг банкууд нь худалдан авдаг байдал газар авсан бөгөөд энэ тогтолцоо нэг нурвал аюул дагуулна гэж үздэг юм билээ. Залуус нь ажлын байр алга, хойч үеийнхнээ харж үзэж байгаа зүйлгүй гэж тайван жагсаал эхлүүлсэн нь хэсэг хурцадсан ч биднийг яван явтал тэнд үргэлжилсээр л байсан. Төрийн ордныхоо гадаа туг намируулсан хэдэн нөхөд ядахад цагаан хоолой ч үгүй зогсох юм билээ. Манай нэг байгууллагын нээлттэй хаалганы өдөр шиг л харагдана. Зарим нь намирсан тугныхаа өмнө зургаа ч авахуулж байх шиг.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар маш олон зүйл хөндөгдөж, бас цөөнгүй зүйлийн эхлэл тавигдсаныг хэлэх хэрэгтэй. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон тус яамныхан айлчлалын багт багтан очсон нь учиртай байж. Арьсан эдлэлийн боловсруулалт, технологиороо Итали дэлхийд түүчээлэгч. Харин Монгол арьсан эдлэлийн түүхий эдээрээ ямар гэдгийг бид хэлүүлэх юун. Ёстой л энэ хоёрыг нийлүүлбэл ёстой лус баярлаж юу яана даа гэдэг шиг л болмоор. Эхэндээ Италийн тал манайхтай төдийлөн нээлттэй байж чадахгүй байсан нь учиртай байжээ. Дэлхийг арьсан эдлэлээрээ хангагч Итали манайхыг өрсөлдөгчөө гэж хараад байсан учраас технологийн дэвшил юугаа хуваалцаж хамтран ажиллах дээр цааргалангүй байж. Харин энэ айлалчлалын хүрээнд хамтран ярилцсанаар томоохон санамж бичгүүдэд гарын үсэг үзэглэсэн. Мөн ЗТБХХЯ-ныхан гэхэд Генуя боомтоор дамжин өнгөрөх гэрээнд үзэглэсэн бөгөөд Хятадын Тяньжинаар дамжин Европ руу ачаа бараа тээвэрлэх хамгийн ойрын  гарц энэ болох юм.
Мөн Миланд болсон Бизнес форум анхаарал татаж байсныг хэлэх хэрэгтэй. Аливаа улс орны харилцаа дээд түвшиндээ ахиж байвч хоёр орны иргэд, бизнесийн түншийн харилцаа байхгүй бол учир дутагдалтай байдаг. Тэр ч утгаараа энэ удаагийн айлчлалын хүрээнд болсон Бизнес форум чухал үйл явдал байсан. Уг форумын үеэр манайд БНСУ-аас машин оруулж ирдэг “Хьюндай Моторс Монголиа” компани Италийн “Ивеко Астра” компанитай хүнд даацын ачааны машин оруулж ирэхээр 5 сая ам.долларын гэрээг үзэглэсэн билээ.
Ромын их эзэнт гүрний нийслэл асан өнөөгийн Италийн нийслэл Ром хот тэр чигээрээ үзмэр ажээ. Үүгээр яваад тийш очиход өч төчнөөн дурсгалын зүйл, эндээс гараад тэнд очиход бас л саатан гарахаас аргагүй газрууд. Бас дээрээс нь жуулчид битүү учраас хаана ямар тивд яваад байгаагаа ч тодорхойлоход хэцүү.
Ром хотын хүн ам манайхтай адил 2.7 сая тэгээд дээрээс нь жил бүр жуулчлах олон мянган хүний тоог нэмбэл хөл тавихад ч хэцүү болоод явчих нь ойлгомжтой. Тийм ч учраас дэлхийн хамгийн олон хүн амтай хотын нэгээр Ром зүй ёсоор хэлэгддэг.
Ром ороод Колизейгоор дайралгүй өнгөрвөл жинхэнэ алдас болох биз ээ. Манай эриний 70-80 онд баригдсан энэ амфитеатрт гладиаторууд 60 мянган үзэгчийн өмнө хүч чадлаа шавхан, амьд үлдэх сүүлчийн боломжийн төлөө тулалддаг байсан гэж бодохоор том том чулуунуудаас нь эр зоригтны гаслах дуун сонстох шиг санагдаж байлаа.
Ромын уран илтгэгч Маршал Марк Валерий (42-101) хэлэхдээ “Мемфис пирамидуудынхаа онгон сайхнаар бидний өмнө гайхуулахгүй. Бас Вавилоны гайхамшигууд ч гайхагдахгүй, харин Цезарийн амфитеатрын хэмжээлшгүй их барилгын өмнө хүн бүхэн бөхийх ёстой. Энэ дурсгалыг магтан дуулахын тулд бүх л дуу хоолойг нийлүүлэх ёстой” гэж хэдэн зууны өмнө хэлсэн байдаг. Үнэхээр Ромын урлал инженерийн гайхамшгийн баталгаа болсон энэ бүтээн байгуулалт бидэнд эцэг өвгөдийнхөө юу чаддаг байсныг багцаалан үлдэх гагц бүтээл болжээ. Орон сууц, үйлдвэрлэл,сүм хийд гээд өнгөрсөн он цагуудад төрөл бүрийн зориулалттай ашиглагдаж, газар хөдлөлтөд сүйрч явсаар сүүлийн хэдэн зууны турш одоогийн зориулалтаараа ашиглагдаж байна. Урьд цагт арслан бар хийгээд хүний тэмцэл энэ чулуун ордыг уйлуулж байсан бол одоо тэр балгасыг үзэх гэсэн хүн сүргийн хөлхөлдөөн залхаадаг байх даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан билээ. Колизейн гадна талд эртний Ромын дайчдын хувцас өмссөн эрчүүд зургийн фон болон зогсоно. Тэдний барьж байгаа махир тахир янз бүрийн сэлмийг нь барьж зураг авахуулахдаа эрчүүд ялангуяа дуртай бололтой юм. Улаан өмсгөлийг нь тайлчихвал өчүүхэн ч баатарлаг харагдахгүй шар толгойтой эрчүүдэд баатарлаг үеийнх нь баталгаа болсон хувцас тун ч сүр хүч нэмэх ажээ. Тэдэнд жуулчид тааллаараа гар цайлгаж мөнгө өгөх бөгөөд хэнэггүй нөхөд таарвал “Тип өгөөч” гээд эвтэйхэн сануулчих харагдана. Өгөхгүй бол сүйд болж нэхэх нь үгүй бололтой.
Ромд очсон хүний заавал очиж үздэг олон газар байна аа. Ромыг алдаршуулагч хэмээгч зүйдэлгүй 18 үлэмж баганаар боссон Пантеон, очсон хүн уснаас нь ууж, зоос шиддэг Тревийн усан оргилуур гээд үргэлжилж өгнө. Тревийн усанд оргилуурт зоос хаясан хүн заавал дахин Ромд ирдэг гэдэг. Бидэнд хөтчөөр явж байсан Ромд пуужингийн инженэрээр суралцаж байгаа монгол оюутан бүсгүйн баталснаар түүний дагуулж очсон хүмүүс бүгд ямар нэг байдлаар дахин Ромд очиж байсан гэнэ. Буруу харж сууж байгаад эв хавгүйхэн шидсэн зоос маань эртний түүхт энэ хотод дахин дуудах соронз болох юм байлгүй дээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Итали улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс Ром хотод Элчин сайдын яамаа нээж буйгаа албан ёсоор зарлаж, нээлтээ хийсэн билээ. Харин үүнээс өмнө Италид Ц.Гантуяа хэмээх итали нөхөртэй монгол эмэгтэй өргөмжит консулын албыг хашиж, ойр зуурын бүх зүйлд гар хөл, гүүр шат болж ирсэн байдаг. Мэдээж энэ айлчлалын үеэр тун завгүй ажилласан тэрбээр Миланд Ерөнхийлөгч болон албаны хүмүүсийг Ла Скала дуурийн театрт урьсан юм. Энэ театр бол сүүлийн 200 жилийн турш дэлхийн сонгодогуудын шилдгүүд чуулдаг газар болж байгаагаараа онцлогтой. Манайд гэхэд алдартан Г.Алтанхуягийгаа Ла Скалад бүжсэн гэж ирээд үлгэр домгийн тууль хайлж байгаа мэт ярьдаг шүү дээ. Тэрхүү урлагийн шүншиг оршсон газарт симфони хөгжмийн аялгуу сонсох гайхалтай байлаа.
Санта Мария делла Скала сүмийн суурин дээр баригдсан учраас уг театрт нэрээс нь оршоон өгсөн юм билээ. Ла Скала дахь шинэ язгууртан гүнгийн театр гэсэн нэртэйгээр 1778 онд анх байгуулагдсан байдаг. Үүнээс хоёр жилийн өмнө буюу 1776 онд шатсан нэгэн театрт өөрийн гэсэн лоожтой байсан 90 худалдаачин эр санаа нэгдэж, урлагийн сүм байгуулахаар зүтгэсний хүчээр өдгөөгийн Ла Скала босчээ.
Нэгээс зургаан давхар хүртэл хоёр тийш зэрэглэсэн лоожнуудыг дугуй хээтэй улаан торгоор доторлож, улаан хамбаар хослуулан гоёсон нь тэр чигтээ энэ өргөөг нэг тийм хүндлэл бишрэлийн орчинд оруулчихсан юм шиг санагдуулна. Тасалбарын үнэ бол тун харьцангуй байдаг гэж сонстсон. Биднийг очихоос урьтаад Миланд буусан бизнесийн төлөөлөгчдөөс зарим нэг нь 60 еврогоор тасалбар авч тоглолт үзсэн хэмээж байсан билээ. Харин энд ирээд интернэтээс ирэх хоёрдугаар сард болох “Аида” дуурийн тасалбарын үнийг сонжвол 200-450 евроны үнэ бичигджээ. Бодвол тоглолт тоглолтоосоо шалтгаалаад өөр байдаг биз.
“Аида”-гийн үнийг сонирхсон нь учиртай. Манай Дуурийн театрт тавигдсан “Аида” өнөө жилийн өвөл цагийн үзвэрийн салхийг хагалж, тэр үеэр “Аида”-г Ла Скалад анхлан тавьж байсан талаар баахан яригдсан билээ. Ер нь манай Дуурийн театрын үзэгчид тогтмолжсон гэхэд болно. Сайхан сайхан даашинзтай, үзвэртээ зориулж гоёж гоодсон хүмүүс ирдэг болсон байна лээ. Хорь гаруй насны бүсгүйчүүд голдуу. Урлагийн тайзыг хүндэлж ирж байгаа энэ шийдэлд нь баярлахаас аргагүй. Нөгөө талаас фото мэдээллийн сэтгүүлийн фото зурагчид үүдэнд нь багширч байдаг учраас хичээх ч ёстой байдаг байлгүй. Харин алдарт Ла Скалад ирж байгаа үзэгчид бол жар, дал гарсан хөгшид голдуу байх юм. Буурал болсон үснүүдээ ганган гэгчийн шууж, ноос ноолууран хүрмээр гоёсон ахмадууд Ла Скалагийн нэг төрх ажээ.
Италичууд бол эртний түүхэн уламжлалаараа бидний л адил бахархаж байдаг үндэстэн. Тэрийг ч манай Ерөнхийлөгч анзааралгүй яахав. “Юлий Цезарь, Чингэс хааны байгуулсан их гүрнийг дэлхийн түүх мэднэ. Манай хоёр үндэстэн эцэг өвгөдийнхөө байгуулсан тэр уламжлал түүхээр бахархаж явдаг” хэмээн яриад эхлэхэд жигтэйхэн бахархалтай инээж байх италичуудыг олныг харлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хөлбөмбөгийн шүтэн бишрэгч гэдгийг манайхан нэлээд сайн мэддэг болсон байх. Тэрбээр айлчлалынхаа үеэр өөрийн дуртай баг “Интер Милан” багийн байранд очиж, үйл ажиллагаатай нь танилцсан билээ. Хотын төвд томоохон худалдааны төв байдаг болов уу гэмээр газарт нэг жижигхэн хаалгаар ороход “Интер Милан”-ы том оффис байдаг ажээ. Ерөнхийлөгчийг тус багийн эзэн Массимо Моратти гэр бүлийн хамт хүлээж авч, багийнхаа талаар танилцуулж байсан. Тэрбээр “Миний аавыг энэ багийг толгойлж байхад манай багийн алтан үе байлаа” гэж бахархан ярьж байсан билээ. Ерөнхийдөө нүүр нүдээрээ инээмсэглэсэн 67 настай энэ эр охин, хүү хоёроо бас эхнэрээ уг арга хэмжээнд авчирсан байв.Тэрээр эцэг Анжело Мораттиг таалал төгссөний дараа эцгийнхээ газрын тосны компаниас өвлөн авсан хувь хувьцаагаа өргөжүүлж амжилт олсон нэгэн гэгддэг. Бас хаягдал тосноос цахилгаан эрчим хүч гаргаж авдаг компани нь ихээхэн томорч байгаа ажээ. Түүний ахынх нь эхнэр Летиса 2006-2011 онд Милан хотын дарга байсан бөгөөд өнгөрсөн зун болсон сонгуулиар мань Массимо Моратти бэргэнээ бус харин түүний өрсөлдөгч одоогийн мэрийг дэмжсэн нь нэлээд шуугиан болж байсан санагдана. Гэхдээ хүмүүсийн ярих нь багийнхаа мөнхийн өрсөлдөгч “AC Милан”-ы эзэн Ерөнхий сайд Силвио Берлусконитой холбоотойгоор хийсэн алхам гэх юм билээ. Хөлбөмбөг гэдэг ийм л хүчтэй байдаг аж.
Ази эмэгтэйчүүд шиг шавилхан биетэй сайхан инээмсэглэдэг эмэгтэй даруухан гэгчийн тэнд зогсч, Ерөнхийлөгчтэй зураг авахуулах болсон чинь хүндэтгэлтэй гэгч нь ирж зогсоод байсан нь Массимогийн эхнэр Эмилиа байжээ. Сүүлд сонсохнээ тэр эмэгтэй байгаль орчны зүтгэлтэн байсан аж. Тийм ч учраас сүүлийн үед олон улсын тавцанд байгаль орчин, дэлхийн цаг агаарын дулаарлын эсрэг хүчтэй ярих болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг зочлон ирэхэд ач холбогдол өгсөн байж болох юм. Тэнд бас нэг эмэгтэй анхаарал татсан нь өнөөх эзний охин Карлотта байв. “Интер Кампус” хөтөлбөрийн ерөнхийлөгч түүнийг ирээдүйд энэ багийн эзэн болно гэдэг юм билээ. Тэрбээр хөтөлбөрийнхөө талаар танилцуулж, дэлхийн 24 оронд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь багтаа тоглогч бэлдэхийн тулд бус харин хүүхэд тоглох эрхээ эдэлж, хөлбөмбөгийг зөв зохистой тоглож сурахад нь тусалдаг хөтөлбөр гэж байсан билээ. Мөн Монголд энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх нөхцөл байдлын талаар судалж болох юм гэсэн. Харин Ерөнхийлөгч бушуухан гэгч нь “Тэгвэл 25 дахь орон Монгол болно гэсэн үг үү. Та амалж байна уу” гэсээр төгсгөлдөө “Ок” болсон билээ. Удахгүй Италийн “Интер Милан”-аас мэргэжилтнүүд ирж ажилдаа орох байх. Мань мэт нь мэдэх биш, хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид андахгүй хэдэн нөхөд тэнд бас байлаа. Хуучин Италийн шигшээ багт хаалгач байсан Франческо Толдо гээд өндөр нөхөр, Уругвайн Диего Форлан гээд учиргүй буржгар үстэй залуу бас ирээдүйд юм дуулгана гээд байгаа Филиппе Күтино гээд бразил жаал тэнд байсан. Эзэн Максимо залуу тоглогч Күтиногоо өхөөрдөж байгаа бололтой толгойтой хэдэн үсийг сэгсийтэл нь илэх шудрах хоёрын хооронд болно. Харин өнөөх нь аавдаа эрхэлж байгаа мэт баясалтай зогсох юм билээ.
Хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид бол хамгийн үнэнч бас гал халуун галзуу нөхөд байдаг. Ерөнхийлөгчөөс “Интер Милан”-ы сувгийнхан фэнийх нь хувьд яриа авч байгаа харагдана. Бас Максимо Моратти гуай Элбэгдорж гэсэн бичээстэй 10 дугаартай тоглогчийн хувцас бэлэглэж байна лээ.
Хүн мэдэхгүй юмныхаа үнэ цэнийг мэдэрдэггүй гэгчээр “Интер кампус” хөтөлбөр хэрэгжсэнээр хэрхэх тухай би нарийн ширийнийг ойлгохгүй явсаар нутагтаа иржээ. Гэртээ ирээд энэ хөтөлбөрийн талаар арван настай хүүдээ ярихдаа хэдэн өдрөөр нойрыг нь хулжаасан мэдээ байхын чинээ санасангүй. Орсон ч гарсан ч “Та нөгөө хөтөлбөрийнхөө талаар яриач. Сургууль бүр дээр ирэх юм болов уу. Манай сургууль дээр хэзээ ирэх вэ” гээд шалгаагаад болсонгүй. Ангийнхандаа хэлж, хөвгүүд нь бас хэдэн өдөр энэ сэдвээр ярьсан юм байх. Тэгээд сүүлдээ нэг нь “Энэ худлаа байх. Хэзээ ч ийм байх боломжгүй” гэж дүгнэснээр арав настай хөвгүүдийн мөрөөдлийг гэрэлтүүлсэн сэдэв хуучирчээ. Гэхдээ энэ бол бүтэхгүй мөрөөдөл биш билээ. Шилдэг хөлбөмбөгчийг бэлтгэх бус зүгээр л хөлбөмбөг тоглох хүсэлтэй хүүхдийг жинхэнэ тоглогчид шиг хувцаслаж, ориг ширэн бөмбөг өшиглөж, дасгалжуулагч нар нь найз нөхөд шиг нь байлгахад энэ төслийн зорилго оршдог гэсэн. Тэгж мэдэрсэн, дагаж хөгжсөн арван  настнууд өөрсдөө сайн тоглогчид болохыг хэн үгүй гэхэв.  Үгүй ядаж жинхэнэ хөлбөмбөгийн фанат аав нар болж, харин тэдний хөвгүүд ДАШТ-ий тэмцээний алтан цомыг Монголдоо авчрах ч юм билүү, хэн мэдлээ. Моратти гуай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлэхдээ “Таны 2040 онд ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах тухай мөрөөдлийг дуулаад сайхан санагдсан” гэж онцолж байсан. Мөрөөдөлгүй бол юунд хүрэх гэж тэмүүлэх билээ. Сайхан мөрөөдөл л хүнийг сайхан амжилтад хүргэдэг болохоор Ромд эргэж очьё хэмээн шившин шидсэн зоос, урлагийн сүм Ла Скалад саатаж баяссан сэтгэл, “Интер Милан”-д нүд гялбуулсан шиг олон цомтой болохыг хүссэн сэтгэл маань бидэнд олон сайн сайхныг авчрах биз ээ. Өрнийн дорно болж, аавыгаа ачилж, ээжийгээ энэрч, гэр бүлээрээ айлсдаг сайхан сэтгэлт италичуудын нутгаар зорчсон тэмдэглэлээ өндөрлөж байна.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив