Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
М.КАДДАФИ ГУАЙ УМ САЙН АМГАЛАН НОЙРСОГ ДЭЭ
2011 оны 10 сарын 28 [Уншсан тоо: 50659]
Муаммар Мухамед гуай муухай муухай гэхэд дэндүү муухай үхлээр хорвоогоос явлаа. Хүн хэдий дээ­шээ өг­сөх тусам уналт нь дэндүү ха­туу, дэндүү харгис ирдэг ажээ.

Бас хүн гэдэг амьтан өөрөөс нь илүү байж ирсэн хүнийг унах үед өөрөө түүн шиг байж чадаагүйнхээ өшөөг дэндүү хорсолтой авдаг юм байна. Ливийн ард түмэн сайн муу ч 42 жилийн турш толгойд нь явж ирсэн удирдагчаа ер­дөө галзуур­сан нохой хороож байгаа мэт л алж орхилоо. Мэдээж, түүнд алдаа дэндүү олон байсан. Гэхдээ хэн хүний хийсэн алдааг эцсийн байд­лаар тогтоодог шүүхээр бус харин цөс нь хөөрч, өвчин нь хөдөлсөн хэдэн хүмүүсээр хороолгосон нь дэндүү харам­салтай. Эгээ л Аме­рикт хэдэн хүн цуглараад хэн дуртайгаа модноос дүүжлээд орхи­чихдог байсан Линчийн шүүх шиг юм болохыг дэлхий нийт харлаа.

Каддафийн буулганд шанал­сан зовсон ард түмэнд уур хилэн байлгүй л яахав. Гэхдээ ямар ч хүн “Битгий буудаач” гээд гараа өр­гөөд гуйж байгаа хүнийг буудахдаа тээнэгэлздэг л баймаар юм. Гэтэл зодож нүдэн бах таваа хангаж, чирч гулдарч шалны алчуур болгож байгаад л хо­роочихож байгаа нь лав мон­голчуудын ой тойнд нэг л бууж өгсөнгүй. Монгол хүн лав ийм зүйл хийхгүй. Магад ч ялагд­саныг нь өрөвддөг монгол зан ч юм уу. Гэхдээ ямар ч ша­шинтай, ямар ч үндэстэй, гарал үүсэлтэй байсан хүн гэдэг мөн чанараараа ийм хүмүүн бус юмыг зөвшөө­рөмгүй санагдана.

Яагаад ч юм нэгэн цагийн ялгуу­сан баатрууд ялагда­хаар нүхнээс гарч ирдэг бололтой. Хөөрхий, Саддам Хусейн бас л нэг нүхэн оромжоос гарч ирж байсан. Харин Муаммар Кад­дафи бүр учраа ч ололгүй аваачаад орхисон ус зай­луул­даг хоолойноос юун хү­мүүс дайраад ирснийг ч мэ­дэхгүй гарч ирж байгаа нь бичлэгээс харагдана лээ.

Насаараа дүрэмт хувцас, үнэт торгон үндэсний хувц­саар гоёж, туг шиг дэрвэж явсан тэр эр учраа ч мэдэхгүй уухирч яваа хүмүүсийн хөлд нэг гишгэгдэж, салтаанд нь нэг хавчуулагдаж байгаа дүр зургийг харахад юу ч гэмээр юм бэ дээ. Хүн бүр нүцгэн ирж, нүцгэн буцдаг хорвоо юм гэж санагдаж байсан билээ. Сад­дам Хусейн, Осама бин Ладе­нийг таалал төгсөхөд лалын шашинтан хүнийг 24 цагийн дотор оршуулах ёстой гээд шалавхан гэгчийн далайд шидэхийг нь ши­дэж, нутаглуу­лахыг нь нутаглуулж байсан даа. Үнэхээр л лалууд хатуу дэг, ёс заншилтай учраас тэгдэг юм байх гэсэн нь үгүй бай­жээ. Хүсвэл тэгдэггүй юм байна. Өнөө муу Муаммар Мухамед Кад­дафийг хөргүүрт хөсөр хаяж, үзмэр шиг юм боллоо. Уг нь Каддафи бас л лалын шашинтай биз дээ. Тэгэ­хээр лалын хатуу ёс зан­шил гэж худлаа байдаг ажээ. Лалууд хүс­сэ­нээ шариатын хууль гэдэгтээ баг­тааж, эс хүсвэл түүнийгээ ч уландаа гишгэдэг бололтой.

Түүний эхнэр нөхрийнхөө цог­цсыг нэхэж байгаад ава­хаар бол­лоо. Олон жил ханил­сан нөхрөө, цэл залуу хөвгүүд балчир ачаа алдсан тэр одоо эм барс шиг л зоригтой байгаа. 

Муаммар Мухамед Кад­дафи бол 1969 оноос хойш засгийн эрхийг хаант бус засаглалаар хамгийн удаан зассан удирдагч хэмээгддэг байв. Эрх мэдлийг атгасан хүний хийрхлээр тэр олон ч жил өвдсөн. Үндсэн хуулиа үгүй хийж, өөрийн улс төрийн үзлээрээ улс орноо авч явах болсон юм. Тэр өөрийгөө сод ухаантай бас философич гэдэг байлаа. Тиймдээ ч Мао­гийн улаан ном шиг Кадда­фийн “Ногоон ном”-ыг зохио­сон. Тэр номыг нь дунд сургуу­лийн хүүхдүүдэд долоо хоногт хоёр удаа хичээлээр зааж, радио хичээл өдөр бүр улс орон даяар явдаг байсан нь ердөө саяхных. Олон улсын терроризмыг санхүүжүүлж, барууныхны эсрэг багагүй тэм­цээд эдийн засгийн хориг арга хэмжээнд шахагдсандаа дүг­нэлт хийж, дэлхийн тав­цанд өөрөөр тоглолт хийж эхлээд байсан. Гэвч Арабын ертөнцөд гарсан хувьсгал түүнийг хувь заяаны шоглоом бол­гоход хүргэв. Египет, Ту­нист гарсан хувьсгалтай зэрэг­цээд Каддафи “Манай улс өөр шүү” гэж мэдэгдэж байлаа. Үнэндээ тэр өөрийнхөө харж байгаа өнцгөөр хүмүүсийг тэгж эсэргүүцэхгүй байх гэж най­даж байсан юм. Одоогоос нэгхэн жарны өмнө энэ улсад хүн амын 90 хувь нь бичиг үсэггүй, дээд боловсрол эзэмш­сэн хүн хорь ч хүрдэггүй байсан гэдэг. Каддафи Зас­гийн эрхийг авах үед Ливи улс дэлхийн хамгийн ядуу улсын жагсаалтад айргийн тавд ордог байв. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 490 ам.дол­лар байлаа. Харин одоо нэг ир­гэнд 14200 ам.доллар ногдож, бүс нутаг­­таа хамгийн баян улсын нэгд тооцогдож байгаа билээ. Энэ бү­рий­гээ бодохоор М.Каддафи бас огшино биз дээ. Хүн гэдэг амьтан хийсэн тусаа л түрүүлж санадаг хой­но. Бас ердөө баррель нь 40 цент байсан нефтийг харийн­ханд мөлжүүлэхгүй гэж зүтгэ­сэндээ 20 ам.долларт хүргэж байсан өөрийн­хөө гавьяаг бодохоор бүхий л араб үндэс­тэн түүнд талархана гэж омог­ших л байлгүй. Гэвч араб хүн тэр тусмаа ливи хүн талархал мэддэггүй ажээ. Үнэндээ ч тэрийг нь бодохоос илүү Ама­зонын охид гэгддэг гоо сайхан хамгаалагчид­тай, Галина гэ­дэг украин сувилагч­тай, хөв­гүүд нь өндөр албанд тохоог­дож, гадаадад очиж танхайр­чихаад улсын мөнгөнөөс барь­цаа төлдөг, өдөрт хэд хэдэн удаа хувц­саа сольдог дөч тавин жилээр эзэн суусан түүнийг үзэн ядахаа урьтал болгож таарна. Энэ бас л хүний зан. Дээрээс нь үндэс­тэн ястнаа ялгаварлан үздэг тэнэг занг нь зүхнэ. Каддафи берберчүүдийг үзэн ядаж, “Бербер хэлийг өвлүү­лэн үл­дээж байгаа ээж бол хүүхдээ хорт сүүгээр өсгөж байгаа эхтэй адил” хэмээн зарлаж, энэ хэлийг заахыг хориглож байсан гэдэг. Тэр энэ үндэст­нийг шавар тагзнаас нь салгаж орчин үеийн байшинд суурь­шуулсан. Харин берберчүүд эх хэлийг нь устгасан шиг уламж­лалыг нь үгүй хийсэн хэмээн үздэг юм. Өөр өөрийн­хөөрөө харах хү­ний л мөн чанар.

Ялагдашгүй, дийлэгдэш­гүй Муам­мар Каддафийг но­хойн үх­лээр үхэхийг харсан Египетийн Ерөнхийлөгч асан Мубарак асгар­тал уйлсан гэ­дэг. Гэхдээ тэр өөрт нь ирэх үхлийг бодсондоо тэгж уйлаа­гүй биз ээ. Харин идэр залуу­гаасаа өтөл болтлоо өөрс­дийнх нь төлөө зүтгэсэн ард түмнийхээ гарт үхэж байгаа хувь заяа нэгтнээ ха­раад ард түмэн гэдэг ямар мунхаг юм бэ гэж санаад цурхиртал уйл­сан болов уу. Кад­дафи 200 тэрбум гаруй ам.долла­рын хөрөнгө­тэй байсан тухай хэвлэлээр бичиж байна. Нэг хүн байту­гай нэг үндэс­тэнд ахдам хө­рөнгө. Гэвч хүн их мөнгөтэй байгаад урт насалдаггүй юм байна, их мөнгө байлаа гээд амиа хэлтэлж чаддаггүй ажээ.

Сирте нутгийн ойролцоо төр­сөн малчин удамт Кадда­фи Сирте­дээ амиа тавилаа. Хэмжээлшгүй эрх мэдэл, тоо­логдошгүй их хөрөн­гөтэй бай­сан ч тэр нь аварч чад­сангүй. Аймшгийн мангасыг дар­санд нь олон улс гүрнээс талархал илэрхийлж, амжилт хүсч байх шиг байна, ливичүүдэд. Бас дэндүү азгүй хувь тавилантай болгож экс удирдагчийг тэнэ­сэн суманд оног­дож үхсэн гэх мэдээлэл ч тарааг­даж байна. Мөн ардчилалгүй эзнээ үгүй хийсэн ард түмнийг ардчил­сан замаар замнах их ажилд нь ам­жилт хүсч байх шиг. Гэтэл ийм ардчилалгүй аргаар алуур хийсэн ард түмэн ард­чил­сан улсаа бай­гуулж чадах болов уу. Нэг л итгэл үл төрнө. Каддафи ард түмнийхээ хүсэл зоригийн эсрэг он жилээр буг болсныхоо хариуг ингэж хүрт­лээ. Тэр цээрлэл хүлээх бай­сан ч ингэж хүлээсэн нь дэн­дүү гунигтай. Ли­вийн ард түмэн гэж ямар ч харгис юм, ямар ч мунхаг юм. Цусанд будагдсан түүний цогцсыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яасан ч эрээ цээргүй, урт удаан гаргадаг юм. Ямар ч нүгэлтэй хүний алдааг үхэл л цайруулдаг болохоор Каддафи гуай ум сайн амгалан нойрсог дээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив