ВАТИКАНЫ ЦАГ ТООЛОЛД
2011 оны 10 сарын 25 [Уншсан тоо: 44961]
Дэлхийн хамгийн жи­жиг улс атал ертөнцийн хүн амын долооны нэг нь чин сэтгэлээсээ тэр зүгт сүслэн залбирч байдаг нэгэн газраар саатаад ирлээ. Монгол Улсын Ерөн­­хийлөгч Ц.Элбэг­дор­­жийн 16-20-ны өд­рүү­дэд айлчлах орнуу­дын жаг­саалтад Бүгд най­рам­дах Итали, Вати­ка­ны хот улс, Бүгд най­рамдах Хорват улс хэ­мээн ёсорхогоор тэмдэг­лэгдсэн ч Ватика­ныг улс гэхэд, бас биш гэхэд үндэслэл үл олдом сонин нутаг. Италийн нийс­лэл Ромоос ханаар тусгаар­лагдсаныг эс тооц­вол ердөө манай Гандан мэт, гэхдээ сүсэгтэн олны хувьд оюун санааны төв-тусгаар улс мөн нь эр­гэлзээгүй энэ орны тухай ихийг өгүүлж таарах биз ээ. Гэхдээ элдвийг үл нур­шин айлчлалын хү­рээнд хэнтэй уулзаж юуг ярьсан, монгол хүний нү­дээр тэнд­хийн үйл зураг санаанд хэрхэн буусан талаар хүүрнэе.

НАСТНУУДЫН НАРТ ЕРТӨНЦ

Италийн Ром хотноо үдэш орой хөл тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж түүнийг дагалдан яваа УИХ-ын гишүүд, сай­дууд, албаны хүмүүс мөн хэвлэл мэдээллийн ба­гийнхны оролцоотой эх­ний уулзалт маргааш өглөө нь Ватиканд очсоноор эхэлнэ хэмээн албан хөтөлбөрт бичсэн байлаа.

Монголчуудын шашин төрийг хослуул­даг төрт ёсны уламжлал, бас монгол хүний бэл­гэдэл бэлгэ­шээлийг бод­догийн өнгөнөөс дэл­хийн шаш­ны нэгэн том төв Ва­тиканд хөл тавьж, Ерөн­хийлөгч Ромын паптай ганцаар­чилсан уулзалт хийснээр эхэлж байгаа нь сайхан санагдав.

Ерөнхийлөгчийн цуваанаас нэлээд өмнөхөн бидний сэтгүүлч­дийг Гэгээн Петрийн сүмийн өмнөх талбайд ирэхэд тэнд хүрээлэн буй хүмүүсийн олныг тоолж баршгүй. Сүсэгтэн олноос гадна жуулчид талбайг дүүргэжээ. XVII зууны үед л  бүрэн гүйцэд баригдаж дууссан гэдэг энэ сүмийн өмнөх талбайг одоогийн папыг сонгогдох үед телевизээр харж байснаа санав. Шинэ папаар хэн сонгогдохыг хүлээх хүмүүс зуухнаас нарийн цагаан утаа суунагласнаар шийд­вэр гарсныг мэддэг эртний зууны дүрэм журам сүлэлдсэн мөнөөх үйл явцыг хараад ихээхэн сонин мэдрэмж төрж асан тэр цаг зургаан жилийн өмнийнх. Гутлын өсгий халираах чулуун шалтай тэр тал­бай дээр харин одоо алхаж яваа маань дотно атал үнэмшимгүй байсныг нуух юун. Ватиканы хэвлэл мэдээллийг хариуцсан албаны хүмүүс бололтой хүмүүс нэг нэгээ­рээ нэмэгдэнэ. Нэмэгдэх бүрт нас нь нэмэгдэнэ. Эхлээд аавын үеийн хүмүүс тосч байсан бол дараа дараагийнх нь өвөө шиг маань болно. Энэ бол Ватикан хот улсын язгуур онцлог байсан юм билээ.

Угаасаа хааш хааш бараг нэг км ч хүрэхгүй газар нутагтай энэ улсын хүн ам 800. Тэнд 3000 орчим хүн ажилладаг байна. Гэхдээ тэд Ватиканы иргэн бус. Тэнд ажилла­хаар очдог, Ватиканыхаа гадуур буюу чулуун хэрмийн нь гадаа аж төрдөг хүмүүс. Хүн амынх нь дун­даж наслалт гэвэл эрэгтэй нь 74, эмэгтэй нь 81 ажээ. Харин иргэд нь дандаа шашны зүтгэлтэн, карди­нал, хувраг санваартан, гэлэнмаа болно. Уулзсан хүмүүсээсээ та "Ватиканы иргэн үү" гэж асуух бүрт "Үгүй" хэмээн хариулж байсан. Үнэндээ ч тэндхийн захиргаа, хэвлэлийг нь хариуцаж ажилладаг хүмүүсээс тэгж асууж байсан маань гэнэн хэрэг байж. Харин томоохон шашны цол хэргэмтэй эрхмүүд эсвэл папаас асуувал тийм гэсэн хариулт сонсох байсан биз ээ. Арга ч үгүй байх даа. Ердөө найман зуухан хүн энэ улсын иргэншилтэй гэдгийг бодохоор.

Хэвлэлийнхнээс зурагчин хийгээд зураглаач гурван хүн, бичдэг сэтгүүлч мөн тийм тооныхыг оруулна. Тэд энэ хонгилоор орж, тэнд зогсч, ийм зарчмаар явна гээд тун хатуу жаяг буулгаж байна. Буруу нь алга. Олон жилийн хатуу дэг, уламжлалтай газар хойно.

Буддын лам нар улаан, шарыг тунаруулдаг шиг католик санваарт­нууд ягаан харыг хоршуулах нь сүртэй харагдах. Ватиканд хөл тавьснаас хойш нас залуу хүн нэгээхэн бээр харагдсангүй. Ихэвч­лэн жар, далтай болов уу гэмээр кардинал, санваартан эрхмүүд том, том хар цүнх барин цахилгаан шатаар дээш, доош явна. Бас нөгөө өнгө будаг хослуул­сан "гала" хув­цас­тай швейцарь хамгаалагч нар жад юугаан сүүтэгнүүлэн зогсох нь аль зуунд ирчихэв гэж гайхмаар.

Эртний ном зохиолуудад швейцарь цэргүүдийн үнэнчийг өгүүлэх нь түгээмэл. Бас хөлсний швейцарь цэргүүд дундад зуунаас хойш Европын хаана дайн байл­даан болно тэнд зэвсэг агссаар ирсэн гэдэг. Харин Гэгээн ширээт улстай швейцарь цэргүүд холбогд­сон нь 1506 оноос аж. Юлиус II пап албан ёсны хамгаалагч нараараа швейцарь эрсийг тавьсан цагаас хойш уг уламжлал алдагдсангүй. Одоо ч Швейцарийн зэвсэгт хүчинд алба хаасан 19-30 насны гэрлээгүй эрс Ватиканд хамгаалагчаар ирдэг байна. Тэдний хувьд цэргийн боловс­рол олсон, гэр бүлгүй бас католик шашинтан байх гэсэн шаардлага тавьдаг ажээ. Бас 175 см-ээс өндөр, мөн өвөг дээдсийн­хээ хэрэглэдэг байсан халберд хэмээх том заазуур шиг хүйтэн зэвсгийг хэрэглэж сурсан байх ёстой аж. Швейцарь хамгаалагч нарыг эс тооцвол настнуудын нарт ертөнц тэнд л байх шиг санагдлаа.

48-Т БАС 84-Т


Угтан авалтыг бэлтгэн ажиллах Ватиканы хэвлэлийн төлөөлөгч тэнд байгаа хамгийн залуу нь бололтой. Дөч орчим насных болов уу. Тэр угтан авалттай хол­боо­той бүхий л зүйл дээр дэлгэ­рэнгүй мэдээлэл өгч байснаа хэрэгт дуртай хэвлэлийн бид тэнд ажил­лаад хэр удаж байгаа, дандаа настнууд ажилладаг юм уу гээд лавлавал илэрхий ундууцаад явчи­хав. Биднээс гадна Испанийн сэтгүүлч эмэгтэй тэнд сурвалжлага хийхээр иржээ.

Түүнийг дагуулан яваа Вати­каны ажилтанд манай Ерөнхийлөгч юу юунаас илүү чухал байх шиг. Тэрбээр Ерөнхийлөгчийн хэдэн настайг асуугаад төрсөн оныг нь хэлтэл учиргүй тоолж ирснээ гай­хаж байна. "Маш залуу юм байна. 48 настай юм байна. Пап ламтан 84 настай. 4 ба 8-ын тоог зөрүүлэ­хээр яг таарч байна. Хачин шүү" гэлээ. Бас "Танай Ерөнхийлөгч Германаар дайрч ирэхдээ Меркель­тэй уулзсан уу" хэмээн хэрэгт дурлаж байна. "Энэ удаад үгүй. Гэхдээ түүнээс долоо хоногийн өмнө А.Меркель Монголд айлчилж очиход уулзсан" гэхэд жигтэйхэн гайхав. Ордны алба хаагчид эртний ёслолын хувцас­тайгаа, харин биднийг дагуулж яваа ажилтнууд энгийн гонжоомтой байх юм билээ.

Харин Ромын пап гэгээн хутагт XVI Бенедикт цагаан торон унжла­гатай гал улаан хиаз бүхий өмс­гөлтэй байсан. Тэрбээр өмнөх ширээт лам Йоан Павелын ойрын шадар байсан гэдэг бөгөөд 2005 оны дөрөвдүгээр сард папаар тодорсон. Тэгэхдээ сүүлийн 100 жилд өргөмжлөгдсөн хамгийн өндөр настай пап хийгээд XVIII зуу­наас хойших анхны герман үндэс­тэн пап болсон билээ. Бас шашны боловсролыг албан ёсоор олсон, дипломтой анхны ширээт лам гэдгийг нь хэлэх ёстой болов уу.

Ерөнхийлөгчийг гар дэлгэн угтан авсан пап XVI Бенедикт намуу­хан алхаатай, зөөлөн дуутай нэгэн байна лээ. Шашны сүр хүч  тийм байлгадаг биз, насны их нь ч тийм болгоо биз ээ. Төр, шашны хоёр тэргүүн нүүр тулж уулзсаны дараа ганцаарчилсан уулзалт эхэлсэн юм. Уулзалтаараа шашин хоорондын хэлэлцээ нь хүн төрөлхт­ний нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллах хэрэгсэл гэдэгт санал нэгдэж, цаг агаарын дулаарал, байгаль орчноо хамгаа­лах, сөргөлдөөнийг энхийн аргаар шийдэх, хүнсний хомсдлын талаар үзэл бодлоо хуваалцсан.

Мөн 84 настай XVI Бенедикт 48 настай Ц.Элбэгдоржийн гаргасан хүний эрхийн төлөө санаачилгуу­дад нь баяр хүргэж, цаазаар авах ялын эсрэг зогсч буйд  талархсан. Ром Италийн нэгдсэн вант улсад нийлсэн цагаас Ватиканы асуудал ихээхэн хэцүү болж ирсэн гэдэг. Тэгээд 1929 онд Италийн удирдагч Б.Мусолонитой пап XI Пиус Латераны гэрээ гэгчийг хийснээр өвөрмөц тогтолцоотой хот улс бий болжээ. Тухайн гэрээгээр Италийн хуулийг Ватикан тэр чигээр нь авч хэрэгжүүлэх ёстой байсан бөгөөд хуулиа дагаж ирсэн ялын дээд хэмжээг огт хэрэглэхгүй байсаар 1969 онд албан ёсоор халсан түүхтэй юм билээ. Хэдийгээр хуулинд нь ялын дээд хэмжээ байгаа ч хэрэглэхгүй явсаар дөчин жилийн дараа халжээ. Харин манайд өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ялын дээд хэмжээг өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэхгүй гэж зарласан ца­гаас хойш төрийн цаазын буул­гаар хүний амь үрэгдээгүй билээ.

Ватиканы номын сан болон нууц архивт хадгалагдаж байгаа бичиг баримт, түүхэн эх сурвалж хийгээд Ромын эзэнт гүрний түүх соёлын бичээсийг хамтран судлах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлж, хариуд нь пап хүсэлтийг хүлээн авснаа илэрхийлээд эхлээд латин хэлтэй эрдэмтэд бэлтгэх тал дээр  хамтран ажиллахаар болсон. Угаасаа Вати­каны албан ёсны бүх ажиллагаа латин хэл дээр явагддаг учраас судалгаа хийх эрдэмтдээ бэлтгэх нь яах аргагүй чухал хэрэг болно.

Ерөнхийлөгч Ватиканы хот улсад айлчлах үеэрээ тус улсын их хамба, төрийн нарийн бичгийн дарга Э.Бертонетэй уулзсан юм. Ерөнхийлөгч манайд болсон зуд, байгалийн гамшгийн үед Ватиканы зүгээс байнга тусалж ирсэнд нь талархаад судлаачдын багийг хэрхэн хамтруулах тухайд нэлээд нарийн яриа хийсэн. Ватикан 1993 онд хүмүүнлэгийн тусламж болгон 1000 кг эмийн зүйл,196 онд ойн түймрийн дараа 31 мянган ам.дол­лар, 2000 оны зудны дараа пап Йоан Павел II хувиасаа 50 мянган ам.доллар, тусламжийн байгуул­лага нь 30 мянган ам.долларыг сэтгэлийн өглөг болгож өгч байсан юм билээ. Өмнөх папыг манайхан сайн мэддэг. Мэдэхээс ч аргагүй. Нийт 26 жилийн турш Гэгээн ширээт улсын эцэг байсан түүний гэрэл зураг, зурагт хуудас Ромын гудмаар энд тэндгүй. Одоогийн папаасаа илүү нэр хүндтэй хэвээр байгаа гэж тэндхийнхэн ярих юм билээ. Харин түүний хамгийн ойрын хүн одоогийн пап XVI Бенедект байсан гэдэг. Латинаар папа буюу эцэг гэсэн утгатай энэ нэрийн эзэн нэгэнт тодорсон бол жанч халтлаа уг албандаа залрах ёстой байдаг. Бид нутгаасаа  мор­дох өглөө манай Чой хамба "Итали орж, поптой уулзана" гэж хөгжил­тэйгээр хэлж байсан нь ч ортой. Сонсоход хэн нэгэн поп одтой уулзана гээд байгаа мэт ч папыг Pope хэмээн бичдэг. Одоогийн пап лам шашны мөр хөөх болсноо фашист дэглэмийн нөлөөгөөр хэмээдэг нь үнэний хувьтай. Тэр­бээр саяхан манайд айлчилсан Германы канцлерын эцэгтэй нас ойролцоо. Меркелийн аав цэргийн албанд байсныхаа төлөөсөнд дайны гэмт хэрэгтэн хэмээгдэж шоронд хэсэг сууж байсан бол пап Бенедикт мөн ийм замыг туулжээ. Харин шоронгоос гараад шашны зам мөрөөс гажаагүй өнөөг хүрсэн байна.

Ватиканы ордонд хөл тавьсан Ерөнхийлөгч болон дагалдан яваа зочид төлөөлөгчдийг хүндэтгэн авсан XVI Бенедикт хүн тус бүртэй гар барьж, зургаа татуулсан. Ерөн­хийлөгч зочдоо нэг бүрчлэн танил­цуулж, пап зөөлнөөр толгой дохин мэндэлнэ. Тэрбээр Ерөнхий­лөг­чийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй хэсэг саатан үг сольсон нь нутгийнх нь хэлээр мэндчилсэнтэй холбоотой болол­той. Сэтгүүлчидтэй зэрэгцэн зогс­сон ватиканчууд "Энэ хүн герма­наар яриад байна. Энэ хэн бэ" гэж эрхэм зөвлөхийг сонирхов. XVI Бенедикт бол Германы Бавари нутгийн хүн. Латин, итали, франц, англи гээд  олон хэл мэддэг юм билээ. Гэвч ямар ч хүнд төрсөн нутгийн нь хэлээр ярих шиг сайхан нь үгүй байх л даа. Албан ёсны төлөөлөгчид гарсны дараа сурвал­жилсан хэвлэлийн хүмүүсийг паптай гар барихыг зөвшөөрдөг аж. Гэхдээ асуулт асуухгүй, юм ярих­гүйг анхааруулж байсан. Ватиканы журам нь тийм ч пап өөрөө тэр хатуу дэгээ хааяадаа гэмгүйхэн зөрччихдөг бололтой юм. Арьс нь унжин суларсан ч илч нь хариагүй бүлээн гараараа хүн бүрийн гарыг барьж, зураг авахуулж байсан. Бас хүс­вэл үг сольж яриа өдөж байна лээ.

Хана хэрэм нь хүртэл түүхийн гэрч болох тэр газраас гарч ирэхэд католик шашинтнууд хийгээд ази голдуу жуулчдын хөл өмнөхөөсөө ч нэмэгдсэн байлаа. Тэнд амьдар­даг хэн нэгний хэлснээр холоос болов царайг нь харахаар ирдэг Ромын паптай гар барьж, үг соль­сон маань азтай явдал гэж онцлоход буруудамгүй бодогдов.

Гэгээн Петрийн сүмийг өдрөөр байтугай сараар үзээд ч дуусдаггүй гэж Францын уран зохиолын номд өгүүлсэн нь бий. Үнэхээр Гэгээн Петрийн сүмийн ур хийц, тэнгэрлэг байдлыг нь үгээр дүрслэхийн аргагүй. Биднийг сүмийг үзээд явж байхад хамт яваа Д.Чойжамц хамбыг харсан гадны­хан нэг нэгнээсээ Далай лам уу гэж асуух нь сонстоно. Хам­гаалалт гараад л хэсэг бүлэг хүмүүс тэр дунд нөгөө Далай ламын өмсгөлтэй хүн алхаад байхаар католикчууд тэгж бодох нь хэр биз.

ЭРТНИЙ ХААДЫН УЛБААГААР


Айлчлалын нэг гол үйл явдал бол Ватиканы нууц архивт зочил­сон явдал байв. Уг нь тэнд хэр баргийн хүмүүсийг оруулдаггүй гэдэг. Тэгээд Ерөнхийлөгч хийгээд цөөн тооны зочдыг оруулна гэж байсан ч Монголын төлөөлөгчдийг ямар нэгэн саадгүйгээр оруулсан нь олзуурхууштай. Энэ нууц архивт хүн төрөлхтний түүх тэр чигтээ хадгалагдаж байгаа гэхэд болно. 1098 оноос эхлээд бүхий л чухал үйл явцын түүх энд бичигдэн үлдэх болжээ. Ватикантай холбоотой бичиг баримт, түүхийн гэрч болсон захидал бичээс, ном, сонин гээд бүгд үлджээ. XVII зууны үед пап Павел V-ийн зарлигаар Ватиканы номын сангаас нууц архивыг тусгаарласан бөгөөд нууц газраа нууц юмаа л хадгалж иржээ.

Үнэхээр олон жилийн түүхийг хадгалж ирсэн учраас юу, юу бай­гааг тэр бүр мэдэхэд хэцүү. Ямартаа л Ватикан анх 1920 онд 800-гаад жилийн өмнө Ромын пап хийгээд Их Монгол Улсын хаадууд харилцаж байсан бичиг баримтыг олсон юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үзүүлэхээр Вати­каны нууц архивынхан 1246 онд бичигдсэн Гүюг хааны захиа тэр­гүүтэй Монголын хаадын хэд хэдэн захидлыг дэлгэжээ. 16.5 см-ийн өндөртэй 97 см үргэлжилсэн цаасан дээр бэхээр Гүюг хаан VI Иннокент папад хариу болгон бичсэн нь энэ аж. Папаас анхны захиаг Плано Карпини хүргэхээр бүтэн жил зорчин байж хүргэсэн бол хариу захиаг өвөртлөөд мөн жил гаруй явж ирсэн байдаг. Ватиканы нууц архивт байгаа түүхийн үнэт өв болсон захид­луудад Их Монгол Улсын тамга хийгээд лалуудын эсрэг хамтран тулалдах санал санаачилга, хамт­ран худалдаа хийх хүсэлт түүх болон үлджээ. Хамгийн сонирхол­той нь тэр захидлууд эх хувиараа байгаа гэхэд огт элэгдэж муудаагүй байх юм. Өнгөрсөн жилийн сонины цаас гэхэд түүнээс илүү муудаж шарласан байгаа даа гэж бод­моор. Харин үүнийг Ватиканы нууц архивын эрхлэгч цэвэр байгалийн гаралтай эд эдлэл дээр бичсэн учраас тэр гэж тайлбарлана лээ. Ямартай ч Ватикан түүхийн тэр гайхалтай дурсгалыг авч үлдсэ­нээрээ нүүдэллэсээр юу ч үлдээж чадаагүй бидэнд ихийг сэхээрэх боломжийг өгч байгаа юм. Өвөр­мөцөөр хаагдаж нээгддэг номын тавиур бүхий тэр архивт алхан хээтэй номууд байсан. Ерөн­хий­лөгч түүнийг ихэд сонирхон "Манайд үндэсний ийм хээ байдаг юм. Энэ номууд дээр байгаа энэ хээ ямар учиртай юм" гэж сонирхоод "Алхан хээг XVIII зуунаас гоёл чимэглэлд хэрэглэж ирсэн" гэсэн хариу авав. Нийтдээ 84 км-ийн урт хонгил бүхий тавиуртай уг архивын багтаамжид санаа зовсон Ерөн­хий­лөгчийн асуултад нууц сангийн эрхлэгч "Дахиад 20 жилийн нөөц бий" гэлээ. Мөн уг архивт эртний ном болох 1070 оны ном байсныг сонирхуулсан. Тугал эсвэл хурганы арьсаар хийсэн гэж уг номыг үзэж байгаа юм билээ.

Энэ архивт бүр наймдугаар зууны үеийн бичиг баримт байдаг аж. Гэхдээ XIII зуунаас өмнөх нь хомс бөгөөд түүнээс хойших нь хаадуудын гэрлэлтийн бичгээс эхлээд Микель Анжелогийн захид­лууд хүртэл бий. Одоо үечлэл­тэйгээр энэ архивын бичиг барим­туудыг нээлттэй болгож байгаа бөгөөд ойрын үед Дэлхийн II дайны үеийнх нь дэлгэгдэнэ гэсэн. Гэхдээ үүнийг хэн дуртай хүн нь үзэх боломжгүй бөгөөд судлаачдад ч дижитал хэлбэрээр нь үзүүлдэг аж. Харин монголчуудад нууц архив энэ өдөр нэн нээлттэй байлаа. Улс гүрний Ерөнхийлөгч удирдагч нараас ч ингэж ирж байсан нь ховор гэдгийг тэд ярьж байсан бөгөөд "Миний л мэдэж байгаагаар сүүлийн гурван жил энэ архивт тань шиг хөл тавьсан Ерөнхийлөгч байхгүй" хэмээж байв. Ватикан улсын ховор сонин, гэгээн орон зайд ийнхүү цаг хугацаанд саатав. Энэ нутгийн дээвэр дор Европын цаг тооллын завилгаа ноёлж байх шиг санаг­дав. Тиймээс ч би энэхэн тэмдэглэлээ гэгээн Ватиканы цаг тоололд гэвэл зохимжтой юм гэж бодлоо.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив