Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
C.БАТБОЛДЫН Ч ЗӨВ, У.ХҮРЭЛСҮХИЙН Ч ЗӨВ
2011 оны 7 сарын 28 [Уншсан тоо: 33145]
Сүүлийн 20 жилийн түүхэнд ах намын нэр хүнд ингэтэл туйлдаа хүр­тэл дорд орж, намын ги­шүүд нь хуваагдан ингэт­лээ итгэл алдарч байсан үе бий болов уу. Хөдөө хотгүй хийгдэж буй судал­гаануудаас МАН, МАХН гэдгийн ялгааг мэдэж бай­гаа хүн цөөн гэдэг нь то­дорхой болж, алдарт 90 жилийн түүхтэй намын рейтинг навс унасан нь харагдаж байна.

Хамгийн гол нь намын гишүүдийн итгэл алдрах байдал, УИХ-ын гишүү­дийн сонгууль болоход ганцхан жил дутуу байхад удирдлагуудын байж бай­гаа царай нь энэ гэсэн шивнээ байдлыг бүр дор­дуулна. Гэхдээ тэрнээс аюумшигтай нэг зүйл нь тус намын дарга, ерөн­хий нарийн бичгийн дарга хоёр голын наана, цаана гарчихаад байгаа явдал хэмээн тус намын гишүүн түшээд харамсан­гуй ярьж байх юм. Уг нь сонгуулийн өмнөх жил, дээрээс нь нэрээ сольж, хуучин нэрийг нь экс дарга нь авчихсан гээд эрсдэлт он цаг мөн үү гэвэл мөн.

Гэтэл Ерөнхий сайд, тус намын дарга С.Бат­болд, намын ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хү­рэлсүх нар таарамж муу­тай байгаа гэсэн мэдээ­лэл хуурай өвсөнд ассан гал мэт шуугиад ирлээ. Энэ үнэн бол хэнийх нь буруу вэ. Бас хэний зөв бэ.

С.Батболд:

Тоглоомын дундаас орж ирээд бүх хариуц­лага түүнд хамааралтай болоод явж байгаа учраас нэг талаас азгүй гэж бо­лох, нөгөө талаас Ерөн­хий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхдөө түүнийг сонгосон учраас азтай ч гэж болох. Гэхдээ түүний аз, эзийн талаар одоо ярихад эрт.

Тэр нэгэнт энэ том намын дарга болсон уч­раас бүх л ялалт, гавьяа түүнтэй холбогдоно. Тий­мээс хичээж ажиллах үүрэг хариуцлага ирсэн нь мэдээж. Тэгэхдээ на­мын аппаратын бүр доод шатнаас нь явсаар ерөн­хий нарийн бичгийн дарга болсон У.Хүрэл­сүх­тэй хамтран ажиллах үүрэг түүнд оногдсон. На­мын хөл гэж юу болох, анхан шатандаа байдал хэрхдэгийг томхон татаа­саар явсаар өнөөг хүрсэн С.Батболд мэдэхгүй нь хэр билээ. Тиймээс тэрийг мэддэгээрээ түрий барьж, ажилд оролцох давран­гуй, дэврэнгүй генсектэй байх амаргүй байж таар­на. Хэзээнээс энэ намд дарга том байж ирсэн. Даргын үг эцсийнх байх ёстой. Бас дарга ч ха­риуц­лагаа хүлээж таар­на. Гэтэл хааяадаа өм­нүүр нь орж ярьчих гээд байдаг, намын аппарат дотроо түүнээс илүү мэ­дэлтэй байчих гээд бай­гаа учраас У.Хүрэлсүхэд уур хүрэх нь аргагүй.

Уг нь түүхийн энэ мө­чид ялагдсан намын дарга гэсэн нэр зүүмээр­гүй байдаг. Бас С.Бат­болдтой ороод сонгуульд ялагдлаа гэсэн хар яриа­ны сэдэв болмооргүй бай­даг. Дээрээс нь замын дундаас бүр ч огцорчих­мооргүй байдаг. Гэтэл өөрийнхөөрөө намын ажил­даа ороод зүтгэе гэхээр хүчтэй генсек гай болоод байдаг. Ямар ч дарга ийм хүнээс са­лахыг хүсч эхлэх байх. Соёлтой боловсролтой бас дипломатч мэргэ­жил­тэй С.Батболд цэргийнх бас залуучуудын бай­гуул­­­лагын гэх тодот­гол­той У.Хүрэлсүхтэй дан­даа аргадангуй өнгө ая­саас хандаад байж бо­лохгүй биз дээ. Дарга хүн зангараг үзүүлэх ёстой. Гэтэл энэ нь түүний мөн чанараас ангид. Ядаж байхад АН зэрэгцээд тог­лолт хийгээд байдаг.

Нэгэнт дарга нь мөн хойно өөрөөс нь илүү гарч ажиллачих гээд бай­гаа генсекээсээ сална гэж үзэж л таарах байх. Үүний тулд мань хүний холбогд­дог "Хадгаламж" банкны асуудлыг ч дахин хөн­дүүлж эхлэх арга нь зөв ч байж болох юм. Ерөнхий сайдын албаасаа гадна намын даргын албан ту­шаалыг авна гэсэн нь "даахгүй нохойд булуу дараа" болсон ч юм бил үү хэн мэдлээ. Ер нь У.Хү­рэл­сүх хөгзгөр С.Баярыг даргын албаа хашсан хэвээр байсан бол тэгж өрвөлзөө ч үү хэн мэдлээ дээ. Мэдээж, хүнээс но­гоон гэрлээр том албан тушаал авчихсан тэгээд үүрэгт хугацаа нь дуу­сахад жил үлдээд байхад янз бүрийн эрсдэл хүлээ­хийг хэн хүсэх юм.

Тиймээс С.Бат­бол­дын зөв.

У.Хүрэлсүх:

Тэр бол бизнесээ өр­гө­­жүүлэхийн тулд нам дагах ёстой гэдэг ч юм уу, эсвэл намд өгсөн хан­диваараа дэд сайд болж улмаар намд хүчин зүтгэ­сэн хүн биш. Харин хорь гаруй наснаасаа намын анхан шатны нэгжээс нь өгссөөр генсек болсон. Ерөнхийдөө хүчтэй зори­мог, танхай бүдүүлэгдүү гэсэн имижээр өөрийгөө улс төрд тодорхойлсон. Тэр ч зангаараа на­мын­хаа даргын өмнүүр орж юм хэлчихээд байдаг муу зантай. Даргынх нь удаан, байж байж шийд­дэг зан шуурхай түс тас түүний зантай нийцэхгүй байгаагаас байнга бухим­дах болсон. Өөрөөр хэл­бэл энэ хоёр хүний хурд нь нийцэхгүй байгаа нь хагарлын нэг асуудал болоод байгаа юм. Энэ цаг үед даргатайгаа шууд ярилцаад асуудлыг ший­дэхгүй, хоёр талд гомдож гуниад яваад байгаа нь аль аль нь энэ албан тушаалд тэнцэх хүмүүс мөн байсан уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ тө­рүүлж байгаа тал бий.

Гэхдээ У.Хүрэлсүхийн хувьд дарга нь шууд тас няс үгээ хэлэхгүй дундын хатгаасаар яваад бай­гаад гомдож байгаа. Бас дээрээс нь нам болохгүй байна гэж дэргэдээс нь түнших хүмүүс олон бай­на. Бас сүүлийн үед илэр­хий Ерөнхий сайдын гэж хардагддаг хэвлэлүүдээр "Хадгаламж" банкны 14 тэрбумыг сөхөх болсонд хямарч яваа.

Уг нь тэр бол даргын цэрэг байх ёстой. Гэвч өнөөх л омголон зангаа­раа хүлцэнгүй байж ча­дахгүй байгаа. Ядаж бай­хад "МАН нэрийг авснаар сонгуульд ялагдвал хэн хариуцлага хүлээх вэ" гэж намын 26 дугаар их хур­лын дундуур сэтгүүлч­дийн асуултад хариу­лах­даа "Би хариуцлагыг хү­лээнэ" гээд хэлчихсэн байдаг. Тэгэхээр ингэж хэлснээрээ асуудал үүс­вэл тэр яах аргагүй туг тахиулж таарна. Гэтэл нэг­дү­гээр хүн байж, эцсээ болтол нь үзээд ялагдвал гомдолгүй гэхсэн. Харин хоёрдугаар эрх мэдэлтэн атлаа хариуцлага хү­лээнэ гэвэл гомдолтой санагдаад байгаа.

Ийм нэгэн эрх ашгийн дээсэн дөрөөн дээр тэр тэнцэж явна. Хажуу ха­виргынх нь хүмүүс "Намд өөрийнхөөрөө тоглолт хийж чадахгүй байж ха­риуцлага хүлээнэ гэвэл шатсан хэрэг болно. Тий­мээс нэгмөсөн үзсэн шиг үзвэл дээр" гээд хатгаад байдаг. Гэтэл ёс зүйгээ бодохоор болохгүй бай­даг. Бас нөгөө талаас харахад нэгэнт нам бо­лохгүй байхад болохгүй байгааг нь хэлэхээс яах юм гэж өөрийгөө зөвтгөх. Бас үнэнхүү зангарагтай даргын дор бол ажил­лахад гомдохгүй санаг­дах. Ийм тал талын бодол түүний дотор буцалж яваа байх. Бас даргынхаа адил С.Батболд, У.Хү­рэлсүхийн үед энэ нам ялагдсан гэх гутамшгийг үүрэхгүй байх хязгааргүй амбиц байж таарна. Ядаж байхад бүх судал­гаагаар намынх нь нэр хүнд унаад байдаг. Тэгэ­хээр түүнийг буцалж огш­лоо гэж буруутгахад хэ­цүү. Ингээд бодохоор У.Хү­рэлсүхийн зөв.  

Ер нь тэр хоёрын хоёу­лангийнх нь зөв. Өөр өөрийнхөөрөө гомдлоо тээгээд өөрсдийгөө зөвт­гөөд байх юм бол буруу­гүй хүн байхгүй. Ямартай ч эрх барих том намын хоёр толгой нь өөр, өөр тийшээ хараад байгаа нь л үнэн юм даг. Өөрсдөө асуудлаа хэрхэн шийдэх юм, намын олон нөхөд нь яах нь зөв гэж харж бай­гаа юм хэн мэдлээ дээ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив