Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ж.СҮХБААТАР: ШИНЭ ҮЕ ӨМНӨХ ҮЕИЙНХЭЭ МӨРӨН ДЭЭР ЗОГСЧ ГАРЧ ИРДЭГ
2011 оны 5 сарын 26 [Уншсан тоо: 52549]
УИХ-ын гишүүн, Тө­рийн байгуулалтын байн­­гын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилц­лаа.

-Үндсэн хуулинд өөрч­лөлт оруулах нь эм­зэг сэдэв. Ер нь тулгуур хуулиндаа өөрчлөлт оруулж засаад явж байх ёстой юу, эсвэл болж өг­вөл халдахгүй байвал дээр юм уу. Таныг УИХ дахь Үндсэн хуулинд өөрч­лөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, хуульч хүний тань хувьд ийм асуулт тавьж байна л даа?


-Үндсэн хуулиа бүхэлд нь шинээр боловсруулж гаргах, эсвэл нэмэлт засвар оруулахын аль аль нь ний­гэм улс төрийн том үйл явдалд тооцогдоно. Үндсэн хуулийн эрх зүй гэж эрх зүйн бие даасан салбар шинжлэх ухаан байдаг. Мэ­дээж шинжлэх ухаан учраас өөрийн гэсэн онол арга зүйтэй. Үндсэн хуульд нэ­мэлт засвар оруулах жур­мын босго шалгуур хэр өндөр байхаас нь хамаа­руулаад хатуу, зөөлөн Үнд­сэн хууль гэж хувааж бол­дог. Манайд Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруу­лах­даа УИХ-ын гишүүдийн дө­рөвний гурваас доошгүйнх нь саналаар оруулж болно гэдгээс харахад хатуу хууль мэт. Гэхдээ Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өмнө нь шийдвэр гаргагчид их шуур­хай хоорондоо тохироод л шийдчихсэн байдгаас нь харахад дархлаа султай ч юм шиг. Өнгөрсөн оны сүүл­чээр УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуу­лийг анх удаа батлан гар­галаа. Энэ хуулиа сайтар уншвал манай Үндсэн хуульд нэмэлт засвар оруу­лахад тавигдах шаардла­гууд хатуу ч биш, зөөлөн ч биш, харьцангуй уян хатан гэж дүгнэж болмоор л доо.

Үндсэн хууль гэдэг бол аливаа улс орны нийгмийн амьдралын цөм, тухайн ард түмний хүсэл зориг, эрмэл­зэл, хамтын амьдралын зохион байгуулалтыг тодор­хойлдог зарчмын, бодлогын, үзэл санааны зохицуу­лал­тын ийм баримт бичиг. Үүнийг хүний зүрхтэй зүйр­лэж болох юм. Үндсэн хуулиа засч сайжруулахаар гар хүрье гэж байгаа нь үнэндээ “ард түмний зүрх”-д мэс ажилбар хийх гэж байгаагаас өөрцгүй. Тий­мээс зүрхэнд мэс ажилбар хийхэд ямар нарийн про­цедур баримталдаг билээ, түүнтэй адил тэгж л хандах учиртай гэдгийг бид сайн ойлгож байгаа.

Тэгээд ч Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн ба­римт бичиг учраас эргээд бас олон нийтийн зөв­шилц­лөөр, ойлголцлоор хуулийн үндсэн дээр шийдэх ёстой болдог. Ингэж чадаж гэ­мээнэ хууль ёсных хэ­мээг­дэнэ. Манай ажлын хэсгийг байгуулсан нь өөрийн учир шалтгаан­тай. УИХ-ын дарга зүгээр бодож байгаад л Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах эсэхийг судалж санал боловсруул гээд шийд­чихээгүй нь лав­тай. Өнгөрсөн онд Д.Дамба-Очир гишүүн Хот тосгоны асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж, Д.Энхбат нарын 15 гишүүн Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн хоёр асуудлыг нь эргүүлж засаж сайжруулна гээд хуулийн төслөө боловсруулж бэлт­гэж байсан. Олон улстөрч, хувь хүмүүс Үндсэн хуульд нэмэлт зас­вар оруулах шаардлагатай талаар ярьдаг, бичдэг. Сүүл­дээ улс төрийн зарим намын гол чиг шугам, уриа дуудлага болох маягтай болсон шүү дээ. Манай УИХ-ын гишүүдийн зарим нь нутгийн удирд­лагын тогтол­цоонд, нөгөө хэсэг нь төрийн байгуу­лал­тын асуудалд өөрч­лөлт оруулж парла­ментаа то­дорхой болгоё гэж байхад, өөр бусад нь сон­гуулийн асуудалд, шүүгч нарын то­милгоонд өөрчлөлт оруулъя гэх мэтээр олон өнцөг, байр сууринаас хан­даж байсан. Нэ­гэнт хөдлөөд эхэлчихсэн галт тэргийг УИХ-ын удирд­лагаас анхаарч эдгээр са­нал санаачилгуудыг төрийн бодлогоор нэгтгэн зангидах, судалж үзэх шаардлагатай гээд энэ ажлын хэсгийг байгуулсан. Дашрамд хэ­лэхэд, ажлын хэсэг  Үндсэн хуулийн хяналт хамгаа­лалтыг бэхжүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгааг нэмэгдүүлэх, төрийн удирд­лагыг үр ашигтай болгоход анхааран ажиллаж байгаа.

Манай улс сүүлийн 20 жилийн түүхэнд нэг удаа л Үндсэн хуулиндаа долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

-Нөгөө дордуулсан долоон заалт уу?


-Яахав дээ. Хүмүүс янз янзаар шүүмжлэн хэл­дэг л дээ. Тэдгээр засва­рууд үндсэндээ Ерөнхий­лөгч, УИХ, Засгийн газартай холбогдох заалтууд. Одоо ажиллаж байгаа манай аж­лын хэсэг 40 хүнтэй томоо­хон ажлын хэсэг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өөрөө нийг­мийн сэтгэл зүйд тогт­воргүй байдал бий болго­чи­хож магадгүй эвгүй асуудал учраас бид юу, юугүй ийм юм, ингэж хийнэ гэж яриа­гүй байгаа. Гэхдээ бага биш ажил хийж, бодож болгоож л байна. Олон түмний ерөн­хий санаа бодлыг тандах зорилгоор аймаг, нийс­лэ­лийн дүүргүүдэд дөчөөд мянган хүний саналыг нэгт­гэж гаргасан. Ажлын хэсэг дотор өөр үзэл бодол, байр суурьтай хүмүүс ч орсон байна лээ. Зарим нь өөрч­лөх хэрэггүй, цаг хугацааны хувьд ч болоогүй гэж байхад зарим нь нэлээд өргөн хэм­жээний өөрчлөлтийг санал болгож байх жишээний. Удах­гүй ажлын хэсэг маань шийдэл гаргаж, олон түм­нээр шүүлгэх болно оо.

-Харин та өөрөө юу гэж бодож байгаа вэ?

-Хууль номоо харсан ч тэр, нөхцөл байдлуудаа бодолцсон ч сэтгэлийн хөөр­лөөр, улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөж асуу­далд шуурхайлаад байж болохгүй л дээ. Гэхдээ зайлшгүй хүлээгдсэн зарим чухал хэдэн асуудлуудаа Үндсэн хуульд нэмэлт, өөрч­­лөлт оруулах журмын хүрээндээ энэ УИХ зөв­шилцөж чадаад шийдээд явах бүрэн боломж байгаа гэж үзэж байна. Харин бусад  асуудлуудыг ирэх сонгуу­лиар ард нийтийн санал асуулгын үндсэн дээр шийд­­­вэрлэх арга зам би­дэнд бас нээлттэй үлдэнэ.

-Үндсэн хуулийн өөрч­­лөлт яригдахтай зэ­рэгцээд УИХ-ын гишүү­дийн тоог нэмэх тухай ярих болсон. Та гэхэд 99 гишүүнтэй байвал зо­химж­той гэж боддогоо нэг ярилцлагадаа дурд­сан байна лээ?


-УИХ-ын 76 гишүүн бол 76 дарга биш юм аа. Са­наатай санамсаргүйгээр  УИХ-ын гишүүдийг дарга гэж хараад даргын тоог багасгая гэж яриад байгаа хүмүүс энэ олны дотор цөөн биш байгаа нь үнэн. Уг нь энэ 76 бол ард түмний төлөөлөгчид. Аливаа улс орны парламентад түүний гишүүдийн тоо хэрхэн нө­лөөлдөг юм бэ, зохистой дундаж хэд вэ гээд гарга­чихсан шинжлэх ухаанч харьцаа бүхий тоо байгаа л байхгүй юу. 90-150 орчим гишүүнтэй байх нь ажлын зохион байгуулалт, хяналт хариуцлагын байдал, нийг­мийн төлөөлөл зэрэг та­лаа­саа тохиромжтой байдаг гээд. Жишээ нь, 200-гаас даваад явчихвал хувь ги­шүүний үүрэг роль гэж байх­гүй болоод фракцуудын нөлөөнд автчихдаг, хувь гишүүн хуралдаандаа чө­лөө­тэй санал бодлоо илэр­хийлэх боломж нь алга болдог.  Манай зарим нөх­дийн парламентын хоёр танхимтай болцгооё  гэдэг асуудал бол нөгөө талаас парламентын гишүүдээ шууд олон зуун хүнтэй болгож, олон түмний тө­лөөллийг өргөжүүлье гэсэн санаа шүү дээ. Манайх шиг УИХ, Засгийн газартай улс орны хамаг асуудлаа төв­лөрүүлсэн газар ойрын жи­лүүдэд энэ байдлаасаа тийм амархан салчихгүй, дээр нь агуу түүхтэй, төрт ёсны баялаг уламжлалтай улсад хориод хүн л монголчуудын амьдралын асуудлыг  шийд­дэг нь зөв биш. Юугаар энэ нь илэрч байна вэ гэхээр, байнгын хороо гэхэд дээд тал нь 21 гишүүнтэй. 6-11 хүний саналаар тэр том асуудлууд шийдэгдээд яв­даг, үүнээс гадна яамдаасаа цөөн, долоохон байнгын хороотой учир хяналт даг­насан, мэр­гэшлийн үндсэн дээр ажил­лах боломжгүй, 76 гэсэн тоонд багтаж сонгууль хийд­гээс жендерийн тө­лөөлөл алдагдах, улс тө­рийн гу­равдагч хүчний орон зай бий болохгүй байх гээд бод­логын зорилтууд хангаг­дах­гүй байгаа юм аа. Харин  цөөлөх тухай яриа бол хэт цөөн хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлэх асуудал уч­раас эргээд эрх мэдлийг урвуулж ашиглах бололцоог нээдэг, үүгээрээ итгэл тө­рүүлдэггүй, хянах болом­жийг нь султгадаг. Ийм яриа гаргаж байгаа нь улс төрийн бодлого ойлгодог хүний яриа биш л дээ. Ми­ний хувьд 99 ч юм уу, 110 гишүүнтэй болгох нь тохи­ромжтой са­нагд­даг. Эстони гэхэд хүн ам нь манайхаас цөөн атлаа парламент нь 101 ги­шүүнтэй байх жишээтэй. Арга, билгээ ч бодсон ги­шүүдийнхээ тоог өөрчлөх нь зөв.

-Сонгуулийн тухай хууль гол хүлээгдэж бай­гаа хуулийн нэг. Таны удирддаг Төрийн байгуу­лалтын байнгын хорооны хурал дээр танай бүлгийн зарим гишүүн тогтолцоон дээрээ ч эргэлзээд байх шиг байсан. Холимог  нь тодорхой биз дээ. Буцаад мажоритар энэ тэр байх­гүй биз. Сонгуулийн тухай хууль батлагдана биз дээ?

-Манай бүлгийн гишүүд бүгдээрээ тэгж хуучин ма­жоритар тогтолцоогоо ярьж, хүсээд байгаа зүйлийг би лав олж хараагүй. Байн­гын хорооны тухайн хурлын хувьд хэн нэгэн нь өөр байр суурьтай байсны төлөө би тайлбар хийх нь илүүц болно.

Шулуухан хэлэхэд, хувь хүн өөртөө тэр тогтолцоо ашигтай гэж харж байхыг үгүйсгэхгүй. Ямар ч хүнд хувийн ашиг сонирхол бай­на, түүнийг зөвшөөрөх хэ­рэгтэй л дээ. Дахиад сон­гогдохыг яагаад хүсч бо­лохгүй байхав, тэр тусмаа сонгогчид нь итгэж, дэмжиж байвал юу гэж тэднээсээ нүүр бууруулахав. Харин тэр сонирхлыг бусад хүмүү­сийн эрх ашигтай хэрхэн яаж уулзуулж, нийцүүлэх вэ гэдэг нь л хамгийн чухал асуулт бүхий асуудал юм.

Олон эрх ашгийг уулзуулж, нэг эрх ашиг болгож эрэм­бэд оруулж байгаа нь л ардчиллын удирдлагын өнөө­гийн соёлт хэлбэр шүү дээ. Аль ч улсад парла­ментын гишүүд нь өөрсдөө сонгуулийн дүрмээ баталж, өөрсдөө тэр дүрмийнхээ  дагуу өрсөлдөх болдог. Гэхдээ үүнийг хардах, хар­дуулах тэр үйл явцын дунд хийхээс аргагүй. Мэдээж сонгуулийн хуулийн талаарх мэдээлэл нь ойлгомжтой, ил тод байх ёстой. Сонгуулийн асуудлаар бүгдээрээ бараг гурван жил ярьж байна ш дээ. Хэн юу ярьж байна, ямар байр суурьтай байна гэдэг нь бараг ойлгогд­чихсон байгаа. Үүнд ямар нэгэн далд хуйвалдаан ч юмуу, хэн нэгнийг буруут­гаад байх юм байхгүй. Ерөн­хийдөө сонгуулийн тогтол­цоог өөрчлөх ёстой гэдэг дээр нийгэм ч, улс төрийн намууд ч санал нэгдчихсэн байдалтай нь ажиглагдаж бай­на. Гагцхүү намуу­дын удирд­лагын тууштай, тодор­хой, ухаа­лаг хамтын шийдэл хүлээгдэж байна.

Манай Байнгын хороо, ажлын хэсгийнхэн хуулиа энэ хаврын чуул­ган­даа баг­таая гэж байгаа. Үнэндээ манай байнгын хороо өнөөг хүртэл нэгдэж чадахгүй байхад нь сонгуулийн хосолмол тогтолцоон дээр зарчмын санал хураалт явуулж, сонгуулийн шинэчлэлд зоримог түлхэц үзүүлсэн. Юутай ч, пропорциональ элемент орж ирснээрээ улс төрийн намын үүрэг хариуцлагыг өмнөхөөсөө дээшлүүлж өгнө.

Одоо харахад манайд улс төрийн нам улс орныг жолоодоод, удирдаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч сонгуулийн арга хэлбэрээсээ болоод улс төрийн нам  инсти­ту­цийн­хээ хувьд хүчтэй, бодлоготой, сахил­гатай болж төлөвшиж чаддаггүй. Уул шугамандаа гэдэг шиг уг нь Засгийн эрхэнд гарсан улс төрийн нам төрийг жолоодож авч явдаг ийм дэглэм журамтай парламентын удирдлагыг бид сонгочихоод, улс төрийн намд нь зохих байр суурийг тодорхой эзлүү­лэхгүй байгаад байхаар нөгөө улс төрийн намын ч зохион байгуулалт, үйл ажиллагаа ч өөдөлдөггүй, өнгө ордог­гүй. Нэр муут нэгэн болоод, иргэд­тэй­гээ бодлогын төлөө бүрэн дүүрэн хариуц­лагаа үүрч хамтарч ажиллаж чадахгүй цаг хугацааг элээгээд л. Нэг тийм карусель шиг урагшаа давхиад байгаа мэт, хэрэг дээрээ байрандаа эргээд байдаг тоглоомон эргэдэг морь шиг  байгаад л байдаг. Цаашдаа хүлээсээр л байх уу... Хосолмол системд шилж­сэнээр бидний хэрэглэж заншсан мажоритар тогтолцооны олон сайн үр дагаврууд хадгалагдаж үлдэх  бөгөөд илүү шинэлэг дэвшилтэт түв­шин рүү алхам урагшилна.

-Тэгэхээр таныхаар хэд нь хувь тэнцүүлж, хэд нь мандатаар сон­гогд­вол зүйтэй вэ?

-Хувь хүнийхээ хувьд  38:38 гэсэн хувилбарыг намынхаа хүрээнд өнгөр­сөн жил санал болгож байсаан. Тойрог хуваарилахаар гишүүдийн хувьд зөрчилдөөн гардаг. Аль аймагт яаж хуваах юм, заримд нь хэдийг өгөх юм гэх мэт. Үнэндээ шийдэхэд амаргүй л дээ. Олон ч бэрхшээл, дагаад хардалт гарч ирнэ. Гэхдээ бас л олон ашиг сонирхлуудын нэгдмэл шийдэл бол­гож, бүх талуудын саналыг харгалзаж олсон дундаж хувилбарыг гаргаж таарна. Магадгүй 52, 24 ч байж болно.

-Тэгэхээр УИХ-д МАН олонхи юм чинь танай намын эрх ашгийг л илүү тусгасан хууль гарах байх л даа…

-Сонгуулийн хуулийн мэргэжилт­нүү­дийн нэг үг байдаг юм гэнэ лээ. Хэн хэзээ ч сонгуулийн тогтолцоог өөртөө ашигтайгаар тохируулчихлаа гэж хэлэх боломжгүй гэж. Сонгуулийн эрхийн стандарт гээч зүйл олон улсад тогтсон байдаг. Аль ч тохиолдолд энэ стандартаас гажихгүй байх ёстой юм. Иргэний сонгуулийн эрхийг хөсөр­дүүлж дордуулсан байх бол тэр нь Үндсэн хуулийн бус болох учраас. Тэгэхээр Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн нэг хүчинд илүү боломж олгосон юм шиг хийчихлээ гэж бодож болох  боловч явж, явж сонголтыг саналын хуудсан дээр саналаа бичиж байгаа сонгогч л хийдэг. Хэрэв сонгуу­лийн тогтолцоонд бохир мөнгөний, луйврын нөлөөллүүдийг хаачих юм бол АНУ-ын Ерөнхийлөгч агсан А.Лин­кольны хэлснээр “Саналын хуудас гэдэг бол сумнаас хүчтэй” байж чадна. Ямар ч сонгуулийн тогтолцоо иргэдийн саналыг өөрчилж чадахгүй. Өөрсдөдөө ашигтай гэж тооцоод сонгуулийн тогтолцоог өөрчлөөд ялагдал хүлээсэн явдал манайд ч гарч байсан, олон улсад ч цөөнгүй гарч байсан. Тэгэхээр ашигтай гэж тооцож байгаа хувилбар эсрэгээрээ байж болно. Хэн мэдлээ. Сонгогч, бурхан тэнгэр хоёр л мэдэх байх даа. /инээв/

-Таны ярианд луйврын сон­гууль, бохир мөнгөний сонгууль гэсэн үг гарч байна л даа. Үнэхээр ийм зүйл байдаг уу?

-Би сонгуульд ажиллаж байсан, өөрөө ч нэр дэвшиж өрсөлдөөд сонгог­дож үзсэн. Одоо байгаа 76 гишүүн бол иргэдийн олонхи  дэмжсэн учраас л сонгогдсон гэдэгт хувьдаа эргэлз­дэггүй. Сонгууль нь өөрөө олон түмний нүдэн дээр болж байдаг процесс. Сонгуульд бохир мөнгөний нөлөө байна уу гэвэл байна. Монголд сонгуу­лиас үл хамааран далд эдийн засаг хүчтэй оршсоор байгаа. Сонгуулийн үеэр албан ёсны дансаар гардаг мөнгө маш бага.  Энэ нь бохир мөнгө байд­гийг шууд харуулдаг. Бохир мөнгө сонгуульд эргэлдэж байгаа үед төр тунгалаг байх тухай яриад ч үр ашиггүй. Гэхдээ энэ бохир мөнгөний асуудал ганцхан сонгуульд гарч ирээд байгаа юм биш ээ. Бас ганц сонгууль л луйвартай гэж чичлүүлж байгаа юм биш. Монголын амьдрал бүхэл­дээ авлигажсан албан ёсны бус байдалтай байна. Харин сонгуулиар энэ байдал нь тодорч, манай системийн гажуудал өвчин ил гарч ирж байна ш дээ. Сонгууль бол энэ нийг­мийн толь нь. Одоо сонгуульд сон­гогдож ялахаасаа илүү хэрхэн сон­голтоо баталгаажуулж хүлээн зөв­шөөрүүлэх вэ гэдэг нь үндэсний аюулгүй байдал, төрт ёсны дархлааны талаасаа тулгамдсан асуудал боллоо гэж би боддог. Гишүүд нь ч, намууд нь ч сонгуулийн үр дүн нь ч хүлээн зөвшөө­рөгдөж чадахгүй учраас аль нэг хүчин  ялсан ч цаашид дангаараа засаглаж чадахгүйд хүрнэ. Ингээд үзэхээр иргэдийнхээ сонгуу­лийн үйл явцад итгэх итгэлийг нэ­мэгдүүлэх үүднээс сонгуулийн тогтол­цоо, хуульд шинэ зохицуулалт хий­хээс өөр арга байхгүй.

-Сүүлийн хоёр парламентын бүрэн эрхийн хугацаанд эвссэн, хамтарсан төр засагтай байлаа. Өмнөхөд нь эвсэхээс аргагүй байсан гэдэг бол 2008 онд танай нам олонхи байсан атлаа хамтрах шийдвэр гаргасан…

-Улс төрийн шийдлийг нам маань гаргасан. Хууль зөрчсөн юм байхгүй л дээ. Үндсэн хуульд Засгийн газрыг байгуулах талаар шууд тухайлан заагаагүй байдаг. Ерөнхий сайдыг сонгуульд олонхи болсон нам, эвсэл санал болгож томилуулах тухай то­дорхой заалттай. Ерөнхий сайд Зас­гийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ оруулж ирдэг. Энэ утгаар харвал Ерөнхий сайдын саналаар АН-ын дарга бас зарим гишүүн нь орж ажил­лаж байгаа гэж болно. Хууль зүйн үүднээс дангаар болон эвслийн Зас­гийн газар л гэж байдаг. “Хамтарсан Засгийн газар” гэсэн ойлголт манай улс төрийн практикт байгаа нь шинэ ч биш, хуучин ч биш де факто.

-Хамтарсан Засгийн газар бай­гуулагдсаныг та юу гэж үздэг вэ. Танай намын зарим нөхөд хариуц­лагаа хамтдаа хүлээх ёстой, замын дундаас гарч болохгүй гэдэг, бас зарим нь ч АН-ынхныг явах цаг болсон гээд хөөж ч байгаа?

-Хоёр намын дарга кабинетэд хамтдаа багтан ажиллаж байгаа боло­хоор улс төрийн талаасаа хариуцлагаа хамтдаа үүрэлцэж л таараа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамтран ажилласныхаа хувьд хүссэн хүсээгүй хариуцлагаа хамтдаа үүрч ирсэн. Хууль зүйн хувьд эвслийн биш ч үүрэг хариуцлагын хувьд эвсэх зарчмаар ажиллаж ирсэн. Хамтарсан Засгийн газар байгуулсан нь улс төрийн үүд­нээс алдаатай байсан уу, үгүй юу гэдгийг өнөөдөр хэлэх боломжгүй. Манай намын Бага хурлаар үүнийг шийдсэн. Шийдвэр хүчинтэй байгаа болохоор намын гишүүний хувьд энэ шийдвэрийг дагаж байгаа. УИХ-ын гишүүнийхээ хувьд хамтарсан Зас­гийн газрыг шүүмжлэхдээ шүүмжлээд, бас дэмжихдээ дэмжээд явж байна. Хамтарсан Засгийн газар байгуулсны том хохирол нь хяналт хариуцлага суларсан явдал. Хамтрахын хэрээр түгжрээд байсан том асуудлаа шийд­сэн үү үгүй юу гэсэн асуулт хариулт нэхсээр л байгаа. Хяналт хариуцлага суларсан энэ байдал цаашид намд, нийгэмд хэр сөрөг үр дагавар учруулах бол гэдэгт би үнэхээр санаа зовж суудаг. Нэг талаас хоёр намын мөрийн хөтөлбөрт орсон олон асуудал амжилттай шийдэгдэж яваа ч нийгэм дэх шударга бус, нийгмийн хорт хавдар болсон авлигын асуудлаа дорвитой шийдээгүй л байна.  Дүгнээд үзэхээр бидэнд шийдэж байгаа ч юм байна, алдаж байгаа ч юм байгаа. “Бүгд шүүмжилж чаддаг, гэхдээ улс төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлж чадах нь тун цөөн” гэсэн үг бас бий. Манай намын гаргасан стратегийн том шийдэл зөв, буруу эсэх нь 2012 оны сонгуулиар л харагдана. Магадгүй хамтрах нь нийгмийн учир шалтгааны үндэстэй байсныг би үгүйс­гэдэг­гүй. Учир нь мажоритар тогтолцоо нь сонгогчдын 50 хүрэхгүй санал авсан улс төрийн хүчин төр засгаа дангаар аваад явах боломжийг олгодог. Өнгөр­сөн сонгуулиар манай нам сон­гогч­дынхоо 50 хувийн саналыг авч ча­даагүй боловч 46 суудалтай болсон. Мажоритар тогтолцоогоор гарсан сонгуулийн энэ үр дүнг пропорциональ хэлбэр рүү шилжүүлэх хэлбэрээр хамтарсан Засгийн газрыг байгуулсан байж болохоор харагдаад байгаа. Яагаад гэвэл нийт улс орны хэмжээнд иргэд яг хамтарсан тухайд хүчтэй эсэргүүцэхгүй байгаа юм. Үүнийг судлаачид улам тодруулах биз ээ. Хөөж байгаа гэдгийн хувьд өөрсдөө урьчихаад  “одоо шууд яв даа” гэх нь улс төрийн моралийн хувьд зохисгүй гэж бодож байна.

-Тэгвэл уригдсан зочид чинь одоо бидний явах цаг боллоо гэвэл та нар яах вэ?

-Ер нь айлд зочин ирээд сайхан байж байгаад өөрийнхөө гэр рүү буцдаг даа. Тэгэхээр ирсэн гийчинд буцах цаг байж л таараа. Магадгүй буцчихаад эргэж харилцан уулзалдах гээд элд­вийн юм гарч  болдог хорвоо. Гэхдээ сонгуулийн өмнө АН шалтаг заан Засгаас гарвал улс төрийн явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдөж байгаа хэрэг болно доо. Болоод зогсохгүй итгэл эвдсэн худар­га­гүй авиртай, буурь суурьгүй этгээд шиг л харагдана даа. Сонгуульд энэ Засгийн газар­тайгаа орох нь хаа хаанаа шударга болно байх. Бидний аль алинд иргэд дүнгээ тавиг. 

-Аль ч салбарт үе, үеийнхий зөрүү, үл ойлголцол байдаг. Улс төрд энэ нь бүр ч хүчтэй байдаг бололтой. Саяхан танай намын залуу үеийнхэн Их тэнгэрт болсон өргөтгөсөн хурлаар удирдлагууд, ахмадуудтайгаа хатуухан тулсан тухай сонстсон…


-Арваад хоногийн өмнө Удирдах зөвлөл, бүлгийн гишүүдийн хамтарсан уулзалт болсон л доо. Цаг үеийн асуудлаар, сонгууль бас улс төрийн бусад бодлогын талаар бид илэн далангүй ярилцсан. Харин би энэ уулзалтыг энэ намд ойрд болж байгаа­гүй нээлттэй ажил хэрэгч уулзалт болсон гэж бодож байгаа шүү. Тун чөлөөтэй ярилцаж, хурц шүүмжлэл ч гаргаж, бодлогын сонирхолтой яриа ч өрнүүлсэн. Аливаа нийгэмд хөгшин, залуу, хүүхэд гээд сонирхол, байр суурь үнэмлэмжээрээ ялгаатай учир өрсөлдөөн зөрчилдөөн гарч л байдаг. Үүнийг энэ хүний нийгэм чинь үгүйс­гэ­дэггүй. Залуу гишүүдийнхээ ярьсныг манайхан наагуур цаагуураа сайхан хүлээж авсаан. Яахав, ганц нэг хүн бухимдалтай хүлээж авсныг эс тооцвол.

 Намын маань хувьд Удирдах зөвлөл, УИХ, Засгийн газрын түвшинд хаа хаанаа залуучуудаа их дэмжиж байгаад талархалтай явдгаа онцолж хэлье. Бид намын ирээдүйд санаа зовж, тухайн асуудал дээр залуучууд ийм байр суурьтай байна гэдгээ л илэрхийлж үгээ хэлсэн. Түүнээс албан тушаалын төлөө үгээ хэлээд, хөө­цөлдөөд, зууралдаад байвал улс төрөөс амархаан зайлуулагддагийг одооны  залуучууд бид эрхбиш мэднэ.

-Ц.Нямдорж гишүүн нэлээд уурласан тухай Ж.Энхбаяр гишүүн ярьсан байсан. Та өнгөрсөн жил Ц.Нямдорж гишүүнтэй нэлээд үзэл­цээд байсан байх аа?

-Ц.Нямдорж гишүүн бид хоёрын асуудал өнгөрсөн жил яригдсаан яригдсан. /инээв/ Мань хүнтэй зөрөлд­сөнөөс хойш хэлж байгаа үгийг нь хэзээ хэзээнээсээ илүү анхааралтай сонсдог болсон. Бас залуу хүмүүс ааг омогтой бол хашир улстөрчид илүү тооцоотой анаж байдаг. Ер нь Ц.Ням­дорж гэдэг улстөрч хурц, хурц үг хэлдгийг хувь хүн талаасаа илүүтэй би ажил хэргийн үүднээс ойлгож хандаж байгаа. Тодруулаад хэлбэл, би хуулийн салбарын хүн. Юм яривал үүнийгээ л илүүтэй ярьж, бас хий­чихийг бодно. Гэтэл хуулийн салбарын гол толгойд байгаа хүнд  болохгүй байгааг хэлэхээс өөр арга надад байхгүй, дээр нь зүгээр магтаад байж чадахгүй.

Тэр хүн өөрийн орон зайгаа олсон, өөрийн дэмжигчидтэй, карьераа ч хийчихсэн хүн. Улс төрийн тогоонд илүү удаан чанагдсан хүний хувьд залуучуудад хандан сануулж анхаа­руулж хэлэх үгээ хэлж байна гээд байгаа. Үнэндээ шинэ үе гэдэг жам ёсоороо өмнөх үеийн мөрөн дээр зогсож гарч ирдэг болохоор илүү алсыг хардаг гэсэн үг байдгийг бодолцох хэрэгтэй л байгаа юм. Энэ бол шилэн хүзүүн дээр гишгэх асуудал биш юмаа. Эрүүл саруулаар өрсөлдөж, бас ха­рил­цан хүндэтгэл дээр бий болно гэдгийг ухамсарлах ёстой гэж би амьхандаа өөртөө хандаж хэлээд л байгаа. Нэг зүйл дээр би хатуу зар­чимтай. Шинэ хуучиндаа биш. Өөрийн­хөө орон зайг өөрөө л олж авах ёстой. Ингэхдээ хэн нэгэнтэй хэл амаар уралдахаас гадна хийж байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж бод­дог. Тэгээд ч улс төрийн энэ хатуу хөтүүд аль болох нэгнийгээ сэтгэлээс гарамгүй үгээр муухай хэлчихгүй байхыг бодож байгаа, тэр тусмаа журмын нөхдөдөө.  Ердөө намайг өөртэйгээ адил сонгогчдынхоо итгэлийг хүлээж сонгогдсон нэгэн гэдгээр нь хүлээн зөвшөөрөхөд л болно. Гэхдээ тэр явдлаас хойш Ц.Нямдорж гишүүн намайг хуучин удирдлагад нь ажиллаж байсан гэж харахаасаа илүүтэй УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гэдгээр нь хардаг болсон байх гэж найдаж байгаа. Намайг байгаагаар маань хүлээн зөвшөөрчих, би хариу итгэл хүндэтгэлийг дааж сурсан залуу. Сайд ч сүүлийн үед хуучин шигээ түрэмгий, дарангуй ярихаа байсан байна лээ. Бас үгэн завсраа сургамжийн үг хавчуулаад л. Тэр нь надад таалагдаж байгаа шүү.

-Одоо Х.Тэмүүжин гишүүн Ц.Ням­дорж гишүүнтэй нэлээд тулж байгаа харагдах юм. Бас С.Наран­гэрэл гуайтай шүүхээр хүртэл явж байна. Танай хуульчид чинь нэ­гий­гээ хүлээн зөвшөөрөхдөө муу хү­мүүс байх шүү?


-Ер нь аман дээрээ ардчилсан үзэлтэй байх, ачир дээрээ ардчилагч байх хоёр бол их амаргүй зүйл юм. Ардчилагч байна гэдэг нь болж буй үйл явдалд хүлээцтэй хандах явдал. Бүр уурласан ч асуудалд эрүүлээр хандах чадвар. Манай УИХ-д  байгаа залуу гишүүдийн хоорондын ойлголцол нь илүү. Тэр ч утгаараа өөр намд байдаг ч бид нэгийнхээ бодлого үйл ажилла­гааг нь дэмждэг. Хуульчид бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй гэсэн нэг тийм шүүмжлэл байдаг л даа. Үүнийг би хэлж мэдэхгүй юм.

Хэдийгээр би Х.Тэмүүжинг дэмж­дэг ч С.Нарангэрэл багштай холбоотой тэр асуудал дээр өөр байр суурьтай байгаа. С.Нарангэрэл  багш бол надад хичээл заасан багш маань. Тэр хүний талаархи миний бодол дандаа сайн сайхнаар байх болно. С.Нарангэрэл багш бол хуульчийн хувьд дандаа өөрийгөө боловсруулж байдаг, миний хувьд үлгэл дуурайл болдог хүн. Хоцрогдоно гэдгийг ямар утгаар хэлсэн юм. Хэзээ нэгэн цагт хүн бүр, би ч хоцрогдож л таараа.

-2004 оны сонгуулиар та СЕХ-нд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байх аа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа “2004 оны сонгууль луйврын сонгууль болсон. СЕХ-нд асар их дарамт ирж байсан. Хэн гэдгийг нь одоохондоо хэлэхгүй” гэсэн л дээ. Тэр чигийг та л гаргах байх. Тийм дарамт байсан бол хаанаас ирж байсан юм бол?


-Н.Энхбаяр даргын хэлсэн дээр би тайлбар хийх нь утгагүй байх. Тэр үед СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь үнэн. Тэгэхэд сонгуулийн хэд хэдэн тойрог дээр маргаантай байдал үүсч, Үндэсний телевизийн байр руу, СЕХ-ны байр руу дайран орж байсныг хүмүүс санаж байгаа байх. Энэ мэтээр дарамт шахалт зөндөө л байсан. Гэхдээ тэр нь нууц биш, телевизээр хүртэл гарч байсан л даа. Асуудал шүүхэд хүртлээ явж, би СЕХ-ны итгэмжлэгд­сэн төлөө­лөгчийн хувьд жил хагас шүүхийн үүдийг сахиж байлаа. Тэр үеийн нөхцөл байдал амаргүй байсан гэдгийг нууц­лаад байх юм байхгүй. СЕХ-ны төлөөлөгчийн хувьд тэндээс гаргасан шийдвэрийг танилцуулж байсны хувьд намайг шүүмжлэх хүмүүс одоо ч бий.

-Нийгэмд ялангуяа танай намд Н.Энхбаяр гэдэг хүнээс зугтах хөдөлгөөн өрнөөд байгаа гэвэл та хүлээн зөвшөөрөх үү. Та ер нь хуучин даргынхаа тухай юу гэж бодож явдаг вэ?


-Би ямар ч үед хүн хүнээрээ байх ёстой гэж боддог. Хүний хийсэн сайныг нь ямар ч тохиолдолд хүлээн зөв­шөөрч чаддаг байх хэрэгтэй. Н.Энх­баяр дарга хуучнаар МАХН, одоогийн МАН-д оруулсан өөрийн гэсэн хийсэн юмтай хүн. Социнтерний гишүүн болгосон, ялагдсан намыг ялалтад хүргэсэн, түүгээр ч зогсохгүй намыг институцийнх нь хувьд хүчир­хэг болгосон. Алдаа дутагдал нь бол миний ярих асуудал биш. Одоо хү­мүүсийн яриад байгаа шиг намын байгууллагын дарга төдий байгаагүй. Намын лидер байсан. Дарга байх нэг хэрэг, лидер байх өөр том агуулга. Лидер байсныхаа хувьд өөрийн гэсэн хамтран зүтгэсэн багтай байсан. Одоо тэр багийнх нь гишүүд улс төрийн дээд албан тушаалд ажиллаж байгаа. Маш олон залуу­чуудыг энэ намд бодлогоор дэмжсэн. 1999 онд УИХ-ын цөөнхийн бүлгийн ахлагч байхад нь би цөөнхийн бүлгийн ажлын албанд хуулийн зөв­лө­хөөр ажиллаж байлаа. Үнэндээ энэ хүн намайг ажилд томилсон. Тухайн үед цөөнхийн бүлгийн ажлын албанд арваад л хүн ажиллаж байсан. Тэндээс миний  улс төрийн ажлын гараа эхэлсэн гэж би боддог. Тэгээд үзэхээр би энэ хүнтэй хамаатай болж таарна. Мэдээж, Н.Энхбаяр гэдэг лидерийн ойрын хүрээлэл, удирдлагын багийн түвшинд би байгаагүй. Жирийн нэг гүйцэтгэх ажилтан л байсан. Ямар ч хүнд алдаа, оноо байдаг. Гэхдээ алдлаа гээд хийсэн оноог нь үгүйсгэж боломгүй. Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа М.Энхболд даргатай ч, С.Баяр даргатай ч ажиллаж байсан. Би удирдлагад нь ажиллаж байсан хүний хувьд тэдний хэн ямар араншин, арга барилтай вэ гэдгийг мэдэх ч, тэдний талаар үнэлгээ дүгнэлт өгч чадахгүй, хүсэх ч үгүй байна.  Хүний ёс талаасаа ч, төрийн ёс талаас ч ингэж бодож байгаа юм. Улстөрч хүнд хүний, төрийн ёс хамаатай л байх ёстой. Ер нь ямар ч ажил хийж байгаа хүн алдаанаас ангид байх боломж байдаг­гүй юм. Бас улстөрч хүний алдаа ямагт том болж харагддаг.

Нэгэнт амьдралынх нь хэсэг үе хамтдаа өнгөрсөн хүмүүс уулзаж л таараа, уучилж л таараа, нэгийгээ. Тэрийг нь мэдэж байж би хажуугаас нь хараад хошуу нэмэрлээд байх нь хаашаа юм бэ дээ. Үнэндээ хамтдаа сайхан байсан хүмүүс эе эвдрээд явахыг харахад надад хэцүү байдаг. Улс төрд хүнийг муучлах амархан л даа. Монголын төр зүтгэж байсан хүндээ халгаатай гэдэг л битгий болоосой гэж боддог. Тэд ямар ч байсан түүхийн нэг хэсэг нь болчихсон хүмүүс. Зүгээр миний нэг хүсч явдаг зүйл гэвэл Н.Энхбаяр нь ч, С.Баяр нь ч хэн ч бай, залуус бидэндээ үлгэр дуурайлтай яваасай гэсэн бодол байна. Үнэндээ одоо өрнөөд байгаа байдал надад эвгүй санагддаг. Би тухайн үедээ ч Н.Энхбаяр дарга, Н.Багабанди дарга хоёрыг нэг зүг рүү хамтарч ажилладаг байгаасай л гэж дотроо их л хүсдэг байлаа.

-Намаасаа гарч өөр нам бай­гуулсныг нь юу гэж боддог вэ?


-Нэг намын гишүүд байхаа больсон нь харамсалтай санагддаг. Нэг намын гишүүн байхаа больсон нь бидэнд ч, тэдэнд ч сайн зүйл авчраад байгаа юм алга. Одоо 2012 оны сонгуульд халтай, балтай юм хэн хэндээ хийхгүй байгаа­сай билээ л гэж хүсч байна.

-Таныг хурц, хурц ярьчихдаг байсан. Сүүлийн үед больчихсон байна гэх нь бий. Энэ нь нэг талаас хүү тань хүнд өвчнөөр өвдсөнтэй холбоотой хурц шүүмжлэлээс зайлс­хийдэг боллоо ч гэж байгаа…


-Би улс төрд маш их амбиц, хүсэл эрмэлзлээр орж ирсэн. Тэгээд ч хүчтэй зоригтой шийдэмгий байхыг бодсон. Хүний амьдралд чинь янз бүрийн асуудал гардаг юм байна. Би хоёр хүүтэй хүн. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бага хүү маань хүндээр өвдсөнийг мэдээд хүнд шо­конд орсон. Тэглээ гээд уйлж унжаад ажлаа орхилтой биш, ажлаа хийсээр байсан. Бас дунд нь хүүгээ эмчил­гээнд авч яваад хэсэг ажлын эрч хүч суларсан тал ч бий.

Сэтгэл зүйн тийм үе нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.  Ер нь би амьд­ралд сөрж амьдрах ёстой гэж боддог, тэгж ч ирсэн. Нэг үеэ бодвол хүнд үеийг манай гэр бүл даваад байна. Хүүгээ байнга эмчид үзүүлж хяналтад байгаа. Ирэх намраас дахин хянуулах ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амьдралыг үзэх үзэлд маань өөрчлөлт орсон нь үнэн л дээ. Би өөртөө их итгэлтэй, омголондуу хүн. Одоо аль болох ихийг боддог боллоо. Хүүгээ сахиад хүний нутагт үүдний өрөөнд хэвтэж байхдаа юу хийхэв, бодож л суудаг байлаа. Хэцүү бэрхшээл тохиолдохоор хүн аливааг өөрөөр хардаг юм байна. Эмнэлгийн үүдний өрөөнд би Бурхан багшийн сургаал, Библи, Коран судрыг ч уншиж ойлгох гэж үзсэн. Улс төрд түрэмгий байхаас илүү өрсөлдөгчөө хайрлаж сурах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ер нь хүн юмыг наанатай, цаанатай хардаг байх нь чухал гэж боддог болсон. Ямар ч байсан одоо ажилдаа илүү эрч хүчтэй зүтгэе гэсэн эрмэлзлээр сүүлийн нэг жил шаргуу ажиллаж байна.

-Ер нь УИХ-ын гишүүдийн дий­лэнх нь бизнестэй л дээ. Хүүхэд чинь өвдөх үед Ж.Сүхбаатар ги­шүүнд ямар ч бизнес байдаггүй юм байна гэсэн яриа сэтгүүлчдийн дунд гарч байсан…


-Бизнес хийнэ гэвэл бодлого бо­ловс­руулж чадах л бизнес байна. Би насаар бага ч нэг тийм хуучинсаг хүн л дээ. Төрийн албанд 14 жил ажилла­сан байна. Төрийн хүн түмний ашиг сонирхлын төлөө илүү зүтгэх хэрэгтэй гэж боддог. Нөгөө талаас, улс төрд залуучуудын төлөөлөл болсон нэгний хувьд янз бүрийн юманд холбогдвол залуучууд ийм гээд нэр гарах вий гэж ч болгоомжилдог.  Миний улстөрчийн амьдрал дөнгөж эхлээд явж байна. Улс төрд байгаа цагтаа хүмүүст үйлчлэх үүргээ мартахгүй юмсан. Тэгэхийн тулд авлигад өртөхгүй юмсан, хувийн амьдралаараа үлгэр дуурайлал болох юмсан гэж боддог. Миний хэрэглээ тийм их биш учраас их хөрөнгө надад хэрэг болдоггүй. Угаасаа хүн хэрэг­лээ­гээ нэмэхгүй бол орлого нэмэх шаард­лага ч байдаггүй. Би хэрэглээгээ нэг хэмжээнд бариад л ирсэн. Хүнд их мөнгө хэрэг болдоггүй юм. Харин өвдөх үедээ хэрэг болох хэдэн төгрөгтэй байх хэрэгтэй юм билээ шүү. Би хийж байгаа зүйлээрээ хүлээн зөвшөө­рөг­дөхийг хүсдэг. Түүнээс заавал УИХ-д сонгогдоно гэж зүтгээд байх юм алга.

-Хэрэв дахин сонгогдохгүй бол яах вэ гэж боддог уу?

-Тэгвэл зөвлөхийн ажил хийж, багшлаад явах байх аа. Би хааяа төрийн албанд зүтгэхээ байсан цагтаа хувийн  бизнес эрхэлж гэр бүлийнхнээ хэрэглээгээ хянахгүй байлгах юмсан гэж боддог үе ч бий. Гэхдээ хар залуугаасаа төрийн албанд зүтгэж ирсэн хүн болохоор чадах ч үгүй биз. Би сургуулиа төгсөөд С.Төмөр  баг­шийнхаа гишүүний туслахаар ажилд орж байлаа. Үүнийхээ хажуугаар хэд хэдэн сургуульд багшилдаг байсан. Миний шавь гээд хөгшин залуу олон хүн байдаг юм. Би найман жил төрийн албаны чиглэлээр их сургуульд хи­чээл заасан, бас зүгээр ч үгүй захиргааны эрх зүйн чиглэлээр хэд хэдэн гарын авлага ном бичсэн. Одоо бодоход их оргилуун байж дээ. УИХ-ын гишүүний туслах болчихоод хэдхэн хоноод Дархан руу аав руугаа явмаар санагдаад очиж байж билээ. Нэг совин татаад байсан юм. Тэгээд аавдаа шинэ ажлын үнэмлэхээ үзүүлэхэд аав минь жигтэйхэн баярласан сан. Харин аав маань очсоны минь маргааш нь бурхан болсон.

-Таны аав ямар мэргэжлийн хүн байсан юм бэ?


-Аав маань барилддаг, аймгийн арслан хүн байлаа. Сүүлд сургуульд сурч санхүүгийн мэргэжилтэй болсон. Намайг багаас маань л номын хүн болоосой гэж хүсдэг байсан. Хүүгээ мундаг хүн болоосой гэж хүсдэг тийм л нэгэн аав байсан. Одоо өөрөө аав болчихоод явж байхдаа хэрэв аав маань намайг төрийн түшээ болчихоод явж байгааг харсан бол жигтэйхэн бахархах байсан байх даа гэж бодогддог юм. Аав маань надад маш их итгэдэг байсан болохоор би тэр итгэлийг нь л алдахгүй гэж хичээдэг байсан сан. Одоо ч тэр л сэтгэлээрээ ажиллаж яваа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив