Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Д.САЙНБАЯР: НАМУУД УЛС ТӨРИЙН ЭР ЗОРИГ ГАРГАЖ, ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДЫН СОНГОХ ЭРХИЙГ ЭДЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
2011 оны 5 сарын 13 [Уншсан тоо: 43785]
Сонгуулийн тухай хууль ид яригдаж байх үед гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл санал өгөх эрхийнхээ талаар хүчтэй дуугарч эхэллээ. Монгол улсын иргэний хувьд Үндсэн хуулинд заагдсан эрхээ эдлэх ёстой хэмээн гадаадад амьдардаг монголчууд хэлж ярьдаг ч санал өгөх боломж нь нээгдэхгүйгээр өдий хүрсэн. Энэ талаар “Цахим өртөө xолбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяртай ярилцлаа.

-Саяхан танай байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлаж, гадаадад байгаа монголчуудын санал өгөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийсэн. Танайхны мэдэгдсэнээр сонгогчдын 10 хувийнх нь эрх зөрчигдөж байгаа гэсэн нь үнэхээр ноцтой тоо сонстож байсан л даа?

- Хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу гэсэн их нүүдэл Монгол Улсад түгээмэл болоод даруй 20 жил боллоо. Энэ хүчтэй миграци буурахгүй байна. Өнөөдөр 200 мянга орчим монголчууд гадны улс орнуудад ажиллаж амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг. Сүүлд хийсэн тооллогод хамрагдсан хүмүүсийн тоо нь 110 мянга гаруй байгаа. Тэгвэл 2008 оны УИХ-ын сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 1.5 сая гэж үзвэл дээрх үзүүлэлтийн дундажаар сонгогчдын 10 хувь нь болж таарна. Тэгэхээр сонгогчдын арван хүний нэгийн эрх зөрчигдөж байгаа гэж үзэхээс аргагүй байгаа юм.  Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтууд хэрэгжихгүй байгаа юм.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу 2007 оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг авч хаясан алдарт хуйвалдааны үеэр гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохицуулна гэсэн заалтыг аваад хаячихсан байх аа. Тэр үеэс хойш энэ талаар ямар ч алхам хийсэнгүй өнөөг хүргэчих шиг боллоо доо?


-2005 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Сонгуулийн тухай хууль”-ийн зургадугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.3-т гадаадад оршин сууж байгаа монгол иргэдийнхээ сонгох эрхийг баталгаажуулсан “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй”, “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг СЕХ батална” заалтыг 2007 оны арванхоёрдугаар сарын 26-нд батлан гаргасан “Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиараа авч хаясныг манай “Цахим өртөө холбоо”-ныхон эсэргүүцэж байр сууриа олон удаа илэрхийлж байсан. Тэгээд өнгөрсөн хугацаанд үүнийгээ засч залруулах талаар  ямар ч алхам хийхгүй ирсэн нь харамсалтай. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийхгүй байна. Манай “Цахим өртөө” сүлжээнийхэн олон жилийн өмнөөс гадаадад байгаа монголчуудынхаа сонгох, сонгогдох эрхийн талаар ярьж ирсэн. Одоо үүнийгээ улам бүр идэвхжүүлж, энэ өөрчлөлтийг хатуу шаардах болно.

-Танай холбооноос энэ талаар сайтаараа багагүй бичдэг байсан санагдана. Гэхдээ дээр байгаа төр засгийн удирдлагуудад төдийлөн хүрч чадахгүй байсан юм болов уу?

-Манай холбоо гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрх, давхар иргэншлийг зөвшөөрөх гэсэн чиглэлээр чамгүй ажиллаж ирсэн. 2002 онд манай сүлжээний гишүүн сүүлд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Ганзориг тухайн үеийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгийн хорооны дарга Д.Лүндээжанцанд, тэрнээс хойш Ерөнхий сайд С.Баяр болоод бусад намын дарга нарт бид албан хүсэлт тавьж ирсэн. Манай гишүүд байнга энэ талаар нийтлэл бичиж,  АНУ-аас уг сэдвээр сансрын холболтын технологийг ашиглан “UBS” телевизийн шууд нэвтрүүлгээр хүртэл СЕХ-ныхонтой үзэл бодлоо солилцож байлаа. Байгаа бүх л боломжоо ашигласан. Мөн 2006 оны аравдугаар сард СЕХ-ны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нартай албан ёсоор уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар байр сууриа хэлж, өөрсдийн нь амьдран суугаа улс орнуудад эл байдлыг хэрхэн шийддэг талаар баримт жишээг орчуулж мэдээлэл болгон өгч ирсэн. Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийн талаар байнга сануулж, хэвлэлийн бага хурал хийлгэж бас УИХ-ын 76 гишүүдэд хуулиндаа тусгах талаар сануулсан захидал тогтмол илгээж ирлээ. Гэвч одоо Сонгуулийн тухай хууль ид яригдаж энэ үед бас л орхих вий гэсэн айдас байна.

-Өмнө нь тэр заалтыг авч хаях үед ямар тайлбар хэлж байсан юм бол?

-Тэр үед СЕХ-ноос Сонгуулийн тухай хуульд энэ тухай зүйл заалт байхгүй байгаа эхний шалтгаан байна хэмээж байсан. Бас мөнгө санхүүгийн асуудал шийдэгдээгүй, дөрвөөс таван сая ам.доллар шаардлагатай гэсэн тайлбар хэлдэг байсан. Дээрээс нь санал авах арга зам нь тодорхойгүй гэсэн гурван нөхцөлт тайлбар хэлдэг байв. Тэгвэл одоо Сонгуулийн тухай хуулийг ид ярьж байна. Энэ тухай заалт оруулах бүрэн боломжтой. Одоо хуучин шиг хөрөнгө мөнгөгүй гэж хэлэх үндэс төрд  байхгүй. Дээрээс нь авах арга замын хувьд тодорхой. Дэлхийн улс орнуудад гадаадад байгаа иргэдийнхээ саналыг шуудангаар, интернэтээр бас элчин сайдын яам болоод консулын газраар авдаг. Хэрэв шуудан бас интернэтээр авах боломж нь бүрэн хангагдаагүй гэж үзэх юм бол эхний ээлжинд элчин сайдын яам консулын газруудаар саналыг нь авах бүрэн боломжтой шүү дээ. 

-Элчин сайдынхаа яаман дээр ирж саналаа өгнө гэхээр тэр бүр оршин суугаа газарт нь дипломат төлөөлөгчийн газар байж таарах болов уу?


-Монголчуудын 70-80 хувь нь Вашингтон, Лондон, Токио, Берлин, Сөүл гээд л Монголын 30-аад Элчин сайдын яам, консул байдаг газарт оршин суудаг гэсэн тооцоо бий. Зарим хүн тухайн улс оронд хараар амьдран сууж байгаа тохиолдолд хэрхэх бол гэсэн болгоомжлол гарахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэр хүн ямар статустай тэнд оршин суугаа нь төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох үйл явцад нь нөлөөлөх учиргүй. Харин Монгол Улсын иргэний хувьд саналаа өгөх эрхээ эдлэх нь манай нийгмийн үнэт зүйл.

-Гадаадад байгаа монголчууд энд байгаа хүмүүсийн адил санал өгөх эрхтэй гэдгийг ухамсарладаг ч улс төрийн намууд өөрт ашигтай хувилбараа хараад тэр заалтыг оруулах сонирхолгүй байдаг юм биш үү. Тухайн үеийн МАХН гадаадад байгаа монголчуудаас саналыг нь авбал ашиггүй гэж үзээд л тэр заалтыг авсан гэж их яригдаж байсан даа?


-Харамсалтай нь энэ асуудалд яг ийм байдлаар хандаад улс төр ороод байх юм. Ер нь бид өмнөх сонгуулийн өмнө ийм байр сууринаас хандаад уг заалтыг авч хаясан гэж үздэг. Гадаадад байгаа монголчуудын хувьд ардчилсан үзэл баримтлал, чөлөөт эдийн засгийг илүүтэй дэмждэг нь ойлгомжтой. Хувь хүмүүс, гишүүд нь гадаадад байгаа монголчууд саналаа өгөх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч нам дээр ирэхээрээ өөрөөр харж эхэлдэг. Энэ асуудлыг шийдэхэд улс төрийн эр зориг гаргах хэрэгтэй л дээ. Намуудыг улс төрийн эр зориг гаргаач ээ гэж хүсэхийн зэрэгцээ СЕХ-г ажлаа хариуцлагатай хийхийг албан ёсоор шаардаж байна. Жилийн жилд сонгуулийн тогтолцоог судална гээд өч төчнөөн зардал гаргаад гадагшаа явдаг ирээд хийсэн ажил алга.

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг авахгүй байх өөр ямар үндсэн шалтаг байгаа гэж та боддог вэ?

-Ер нь Гадаад руу чиглэсэн нүүдэл багасахгүй ямар нэг байдлаар үргэлжлээд л байгаа. Гадаадад дунд сургууль төгсөөд ирсэн нэгэн дараа нь магистр эсвэл дараагийн шатны сургалтад гэх зэргээр энэ урсгал ямар нэг байдлаар үргэлжилсээр байна. Гадаадад байгаа манай иргэдийн хувьд тодорхой хэмжээний боловсрол мэдлэгтэй, нийгмийн дундажаас дээш түвшний хүмүүс байх нь элбэг. Тэд бол мөнгөний сонгуульд хууртахгүй, мөнгөөр саналаа өгөхийн оронд нэр дэвшигчдээс бодлого нэхэх хүмүүс. Гэтэл одоогийн УИХ-ын гишүүдэд өндөр боловсролтой иргэдэд бодлогоо хэлэлцэж өрсөлдөхийн оронд 10 000 төгрөгөө тараах нь гоё байх шиг байна. Гэхдээ одоо манай сүлжээнийхэн энэ мэтээр олон мянган хүний сонгох эрхийг зөрчих явдлыг үргэлжлүүлэхгүй.

-Хуулинд суулгаж өгөхгүй байгаа тохиолдолд чухам яана гэж?

-Бид эхний шатанд байгаа газар бүртээ иргэний танхим байгуулна. Нэгдсэн зохион байгуулалтад орно. Гадаадад байгаа хот, тэндхийн нийгэмлэгүүдийн удирдагч нарын ихэнх нь манай сүлжээний гишүүд байдаг. Сонгох эрхийнхээ төлөө байр сууриа илэрхийлэх хүмүүсийн хүчийг нэгтгэнэ. Интернэт гэж асар том зэвсэг байна шүү дээ. Одоо хувьсгалыг интернэтээр л хийдэг болсон цаг. Бид нэгдэж, санал өгөх эрхийнхээ төлөө хүчтэй дуугарч эхэлнэ. Гадаадад байгаа монголчуудаас 100 мянган хүн нь сонгуулийн насных гэж үзэхэд 7-8 УИХ-ын гишүүнийг шууд сонгох эсвэл нийт гишүүдийн тал хувийн нь сонгогдох эсэхэд нөлөөлөх хэмжээний хүчин гадаадад байна.  Тэд эрүүл сонголт хийх хүмүүс. Бараг дангаараа хэдэн  тойрог байгуулаад гишүүн гаргах хэмжээний сонгогчид байна. Хэдийгээр харийн оронд ажиллаж сурч байгаа ч эргээд нутагтаа ирэх үед нь төлөвшсөн төртэй байлгах тийм төрийн хар хүмүүсийг сонгох эрх нь тэдэнд өнөөдөр бий.

-Гадаадад байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн талаар ярьдаг ч энэ удаагийнх шиг хүчтэй ярьж байгаагүй санагдана?

-Хүссэн хэмжээнд нь ажиллаж, итгэл найдварыг нь дааж ажиллаж чадахгүй байгаад байхаар өөрийн эрхгүй хүмүүс саналаа өгч, дуу хоолойгоо өргөхийг хүсдэг юм байна. Төрийн гаргаж байгаа шийдвэр алдаатай байгаад байхаар, эдийн засгийн хувьд түүхэн зөв шийдвэр гаргах ёстой энэ үед тэдний оролцоо дутагдаж байна. Гадаадад суугаа монголчууд өнөөдөр жилд 200 гаруй сая төгрөг ар гэртээ илгээж, соёл боловсрол гээд бусад мөнгөөр хэмжигдэхгүй хөрөнгө оруулалтыг хийж байна. Хотод баригдаж буй орон сууцнуудыг тэд л худалдаж авдаг.

Бид хэдхэн хоногийн өмнө гадаадад байгаа монголчууд Үндсэн хуулинд заагдсан эрхээ эдэлж чадахгүй байна гэж Хүний эрхийн комисст албан ёсоор хандсан байгаа.

Ер нь гадаадaд суугаа монголчууд тусдаа тойрог болоход ч буруудахгүй. Одоо гадаадад байгаа монгол хүүхдүүд осолдохгүй бие нь монгол болохоос монгол ахуйгаа мэдэхгүй, монгол хэлээ мэдэхгүй байна. АНУ-д гэхэд 500-1000 орчим монгол хүүхэд төрсөн гэсэн тоо байдаг. Хэрэв энэ маягаар үргэлжилж, гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрх нь нээгдэхгүй хэвээр байвал улам л Монголоосоо холдож тасрах болно. Сонгууль өгөх эрх нь байна гэдэг бол эх нутагтай нь тэднийг холбох хар хайрцагны бодлого байх ёстой. Дахиад тав, арван жилийн дараа Улаанбаатарын гудамжаар монголоор ярьж чадахгүй, бас эрлийз хүүхдүүд олон болно. Одоо жилд 95 хүн Чехэд иргэншил хүсч байна гэж байгаа. Тэгэхээр АНУ-д хэд байгаа бол, Канадад хэд байгаа бол. Ер нь энэ талаар бид бодох цаг болсон. Цөөхөн хэдэн монголчууд улам л тасраад, цөөрөөд баймааргүй байгаа юм. Тэгээд бүр гайгүй гэсэн хэсэг нь гарч яваад байна шүү дээ.

-Улс төрийн намуудтай хамтран санамж бичигт гарын үсэг зураад байгаа харагдах юм?

-Ер нь бид улс төрийн намуудын төлөөлөлтэй хэд хэд уулзаж, телевизийн халз ярилцлагад ч орж байсан. 2008 сонгуулийн өмнө АН бол буурин дээрээ хэд хэд эргэсэн. Эхэндээ пропорциниаль тогтолцоогоор явна гэж байгаад сүүлдээ мажоритороор явахаар болсон. Сүүлд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигчийг дэмжих, АН болон шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг баталгажуулах тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Саяхан Ерөнхийлөгч намуудын дарга нартай Сонгуулийн хуулийн талаар уулзахдаа үүнийг хөндсөн гэж сонссон. Бас АН тухайн үед өгч байсан амлалтаа мартаагүй байх аа гэж бодож байна. Хэд хоногийн өмнө ИЗНН-ынхантай хамтран ажиллах гэрээнд мөн үзэглэсэн. Тус намын дарга Д.Энхбат гадаадад байгаа иргэдийн санал авах боломжийг нээж өгөхийн чухлыг бас тэр боломж нээгдвэл тодорхой хэмжээнд нөлөөлөх тооны сонгогчид байгаа гэдгийг олж харж байна л даа. Хуучин ИЗН-ын дарга С.Оюун бол анхнаасаа гадаадад байгаа монголчууд санал өгөх ёстой гэсэн байр суурь баримталдаг байсныг би санаж байна. Бас Н.Багабанди гуай их дэмждэг. 2007 онд АНУ-д очихдоо энэ талаараа ярьж байсан. Манай “Цахим өртөө” сүлжээ бол ямар нэг улс төрийн намыг дэмждэг байгууллага биш. Гэхдээ аль нам нь гадаадад байгаа монголчуудын эрх ашгийг, иргэдийнхээ эрхийг хүндэтгэж үзэж байна  гэдгээр соёлтой лобби зарчим барьж байна.

-Танай холбоо одоо өөр юу хийж байна?

-Манай холбоо бол 1999 онд гадаадад томоохон институтэд ажиллаж, их дээд сургуульд сурч байсан монголчуудын байгуулсан Монгол туургатны Цахим өртөө сүлжээ. Хамгийн анхны портал сайт шүү дээ. Тэр үед оллоо.мн, ньюс.мн -ний орон зайг нөхдөг байлаа. Уншигчид Дэлхийн Монгол айл баримтат киноны төслийг мэдэх байх. Бид хамтраад Афганистанаас гурван хазара оюутан авчраад МУИС-д сургаж байна. Одоо БНСУ-ыэ Сөүл, Бусан хотуудад монгол мэргэшсэн ажилчдад зориулсан Ажлын байрны яармаг зохион байгуулах гэж байна. Урд нь өндөр мэргэжилтэнд зориулсан ажлын яармагийг АНУ-д амжилттай хийж байсан. Гэтэл өнөөдөр танай сонинд л гэхэд ажлын зарнаас их юм алга. Гэтэл хүмүүс ажилгүй байна гээд байдаг. Бидэнд хэрэгтэй мэргэшсэн ажилчид Солонгост байна. Бид тэднийг дуудаж, эх орондоо Сөүлд авдаг цалингаа аваад ажиллахыг урихаар явж байна. “МСS”, “Шунхлай”, “Мобиком”, “Моннис” гээд Монголын том компаниудын хүний нөөцийн менежерүүд бидэнтэй хамт явна. Хэрэв бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд байвал www.tsahimurtuu.mn –ээр холбогдоорой.

-Та өөрөө “Глобал CEO - Дэлхийн цалинг Монголдоо” уриатай шоунд оролцож байсан хүн. Ажлын зах зээл ямар байна. Бид дэлхийн цалинг эх нутагтаа авч чадах уу?


-Чадна. Дэлхийн цалинг Монголд авдаг хүмүүс өдөр бүр олширч байна. Өнөөдөр чадвартай сайн менежер, сайн мэргэжилтэнд сарын олон мянган долларын цалин авах бололцоо бүрэн байна. Гадаадад байгаа монголчууддаа хандаж хэлэхэд эх орон тань та нараар дутаж байна, хангалттай сурч, ажилласан бол одоо нутагтаа буцаж ирж, энэ түүхэн үед Монголдоо ажиллаж, амьдарч, их бүтээн байгуулалтын нэг тоосгыг ч гэсэн гараараа өрөх хэрэгтэй гэж уриалмаар байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив