Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
СОЦИАЛИЗМ РУУ БУЦАХГҮЙН ТӨЛӨӨ АН-ААР АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЕ
2011 оны 4 сарын 26 [Уншсан тоо: 35154]
Египетийн Дээд шүүхээс Үндэс­ний Ардчилсан нам буюу Ерөнхий­лөгч асан Хосни Мубаракийн на­мыг татан буулгаж буйгаа зарлав. Ингэснээр уг намын бүх өмч хө­рөнгө Засгийн газрынхаа мэдэлд шилжих юм. Төвийн үзэлтэй гэгдэх энэ намыг Хосни Мубаракийн өмнө Ерөнхийлөгчийн сэнтийд сууж байсан Анвар Аль Садат 1978 оны аравдугаар сарын 2-нд үүсгэн байгуулжээ. Хэдийгээр олон намын тогтолцоотой ч өнгөрсөн он жилүү­дэд Нил мөрний хөвөөнөө Үндэс­ний ардчилсан нам гагцаар эрх мэдлийг эзэгнэж байсан гэдэг. Харин өнгөрсөн хавар болсон хувьсгалын дараа египетчүүд олон жилээр эрх барьж, бугшиж хөгцөр­сөн ийм нам бидэнд хэрэггүй хэ­мээн үзээд татан буулгах шийдвэ­рийг ийн гаргалаа.

Египетчүүд сүрхий улсууд юм. Хорин жилийн өмнө гаргасан мон­голчуудын алдааг давтахгүй байна шүү. Монголчууд Азид ардчилсан нийгмийг цогцлоосноороо анх­дагч­дын тоонд орно. Бас энэ бүс нутагт ардчиллын өлгий, түүчээ гэдгээрээ бид яах аргагүй ялгардаг. Гэхдээ бид шинэ нийгэмд шилжих­дээ, алдаж эндэж байсан зүйлийн нэг нь өнөөгийн египетчүүд шиг олон жилээр улирч ирсэн эрх ба­ригч намаа татан буулгаагүй явдал юм. Тухайн үедээ далан настай МАХН-ыг татан буулгаагүйн гор нь өнөө бүр тод мэдрэгдэж байна.

Хэрэв одоогоос хорин жилийн өмнө ард түмнээ үзэл бодлын буулганд боолчилж, олон мянган сэхээтэн, лам хуврагуудаа хэл­мэгдүү­лэн хороосон ах намыг татан буулгачихсан байсан бол сүүлийн үед үүсээд буй хэрэг явдлууд өрнөхгүй байх байсан билээ. Бас коммунист хийгээд социалист нэрнээс жийрхдэг олон мянган залуус ийм нэртэй холбог­дож байгаадаа эмзэглэхгүй байсан юм. Хорин жилийн өмнө л энэ алхмыг хийчихсэн байсан бол тэр үед арав орчим л настай байсан хүүхдүүд өнөөдөр Хувьсгалт гэсэн үгийг "овоглолоосоо" авах гэж зүтгэж, ингэснээрээ өөрсдөдөө гал дуудахгүй байх байлаа. Тэд ер насалсан хөгшин намаа дахиад хэдэн жил авч үлдэх гэж л ингэж байгаа хэрэг л дээ. Гэвч одоо нас бий болов уу. Хосни Мубаракийн нам бол 1921 онд байгуулагдсан манай ах намын дэргэд нялх хүүхэд л гэсэн үг. Гэвч улс төрийн нам буг болтлоо удах хэрэггүй гэж үзээд татан буулгаад хаячихлаа. Уг намыг татан буулгахтай холбоотой яриа ид өрнөх үед буюу Дээд шүүхийн шийдвэр гарахаас дөрвөн хоногийн өмнө намыг үндэслэгч Анвар Аль Садатын хамаатан Талаат Садат тус намын дарга болж байгаагаа мэдэгдэж байсан. Хэзээ ч уг намын гишүүн байгаагүй, харин ч сөрөг хүчний байр суурин дээрээс хандаж ирсэн энэ хүн авгынхаа байгуулсан намыг цэвэр­лэнэ гэв. Цаашид шинэ зарчмаар замнаж, "Үндэсний шинэ ардчил­сан нам" болгож нэрээ өөрчилнө хэмээв. Тийм хэдий ч Дээд шүүх татан буулгах шийдвэрээ гаргаж л орхисон. Уг нь Египетийн Үндэсний Ардчилсан шинэ нам манай ах намтай адил Соц-Интернийн ги­шүүн юм билээ. Бас үүх, түүхийг нь харвал адил төстэй зүйл их л үзэгдэх санж.

Урьд нь парламентын сон­гуульд 444 суудлын 39 хувийг нь л авч, дийлэнх олонх болж чадаагүй хэрнээ бие дааж гарч ирсэн 181 гишүүнийг талдаа татаж, олонхийг бүрдүүлж байсан нь 2004-2008 оны парламентад Симба Ц.Батааг намдаа урвуулж, олонхийг бүр­дүүлж байсан цаг үеийг сануулах мэт. Сүүлд гэхэд 2010 оны парла­ментын доод танхимын сонгуульд  508 суудлын 420-ийг авч, парла­мен­тын тавны нэгийг нь бүрдүүлж байсан сөрөг хүчний нам нэг ч суудалгүй хоцорч, таван суудалтай өөр нэг нам ердөө хоёрхонтой л үлдсэн сэлт нь танил технологийг өгүүлэх шиг. Бас уг сонгуулийг шударга бус болсон талаар олон улсын байгууллага, ажиглагч нар үгээ хэлж байсан нь нэгийг хэлнэ.

Хэрэв үнэхээр л ард түмний саналаар дийлэнх олонхи болж байсан бол хэдхэн сарын дараа хувьсгал өрнөхөд тулж, улмаар нам нь татан буугдахгүй байсан биз ээ.

Ямартай ч египетчүүд олон жил толгойд суусан намаа ийнхүү татан буулгачихлаа. Харин бид яах ёстой вэ. Татан буугдах ёстой байсан ах намыг татан буулгаагүйгээс яршиг түвэг нь улам бүр нэмэгдсээр бай­на. Насаа уртасгах гэж оролдож, нэрээ өөрчилсөн нь энэ нам дахь үзэл бодлын зөрүүтнүүдийг бүр ангилчихав. Одоо Н.Энхбаяр тэр­гүүтэй хүмүүс МАХН гэсэн нэрийг барьж, улс төрийн тоглолт хийж байна. Дээрээс нь олонх болсон нам сөрөг хүчин бай гэж ард түм­ний сонгосон Ардчилсан намыг өвөртөө хийж, стандарт бус Зас­гийн газар байгуулснаар байдал улам хэцүүдлээ.

Өөрсдийгөө сөрөг хүчний байр суурин дээрээс ажиллана хэмээн мэдэгдээд байгаа бүлэг хүмүүсийн гаргаж буй байдал, хийж буй мэдэг­дэл нь олон хүнийг  гайхшруулаад байна. Зарим хүн социалист үеэ санагалзан, бүгдийг хөдөлмөрч­дөд, бүгдийг нийгэмчлэх тухай яриад эхэлжээ. Гэтэл бид бүгд нэг өмч хөрөнгөтэй, нийгэмчлэгдсэн сэтгэлгээнээсээ дөнгөн данган салж ядаж буй бус уу. Ах намынхны социализмаасаа салах гэж орол­дож буйн тэмцэл  нөгөө талд эргэн тэр үедээ очих их хүслийг нь тө­рүүлж байх шиг. Уг нь монгол хүн хүссэн цагтаа тогоо тослох хувийн ганц хоёр толгой малтай болсон­доо баярлаж, хүссэн үедээ гадаа­дад зорчиж, хэрэгцээ гарвал орон суу­цаа барьцаалж мөнгөтэй бол­чих­дог болсондоо баярлаж явах бол­сон. Тэгвэл одоо монгол хүн хө­рөнгөтэй байгааг нь буруутгах хүчин гарч ирэх нь. Угаасаа байдал энэ мэт болтол явсныг хүмүүс ганц л зүйлтэй холбож байгаа нь МАН-д АН нэгдэн нэг засаг байгуулсных хэмээж байгаа юм. Ардчилсан нам бол барууны үзэлтэй, хүнийг эд хөрөнгөтэй байхыг өөгшүүлж, үзэл бодлын хувьд ташуурдаж өгдөг нам билээ. Гэтэл энэхүү нам нь хууч­наар МАХН-тай нэгдсэнээр өөх ч биш булчирхай ч биш болсон. Хувьдаа хөрөнгөтэй байхыг үздэг­гүй, хэсэг цагаан чулуу харсан ч нийгэмчлэх тухай боддог энэ на­мын хуучин үзэлтнүүд нөгөө хэдээ хөрөнгөтөн үзлийг дэвэргэдэг хү­мүүс­тэй нийлчихлээ гэж үзсэндээ соц цагийг санагалзаад ирэв бо­лолтой. Энэ бол тухайн цагт нь уг намыг татан буулгаагүйн гай.

Ингэж хуучнаа санагалзан, өнгөрсөн үе рүүгээ тэмүүлэх нь асар хор холбогдолтой билээ. Нэгэнт тухайн цагт МАХН-ыг татан буулгаж, өнөөгийн их хагарлын үүдээс сэргийлж чадаагүйгээс хойш одоо үүссэн нөхцөл байдалд ухаалаг шийдвэр гаргах нь чухал. Энэ нь Хамтарсан Засгийн газраас АН гарах явдал юм. Баярлалаа гэж хэлнэ үү, болно оо гэнэ үү ямартай ч баяртай гэх цаг нь иржээ.

Энэ нь алдаа оноотой ч ард­чил­сан замналаараа урагшлах боломжийг нээж өгч таарна.

Египетэд Үндэсний ардчилсан намаа татан буулгаж түүхэн хэргийг хийж байгаа бол Монголд Хам­тарсан Засгаас АН-ыг салгаж, сөрөг хүчнийх нь ажлыг хийлгэмээр байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив