Н.ЭНХБАЯР: УЛС ТӨРД НАД ШИГ ГҮНЗГИЙ ОРСОН ХҮН УЛС ТӨРӨӨС ГАРЧ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА, ГАРГАХ Ч ҮГҮЙ ЮМ БАЙНА
2011 оны 4 сарын 18 [Уншсан тоо: 47915]
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай  ярилцлаа.

-Таныг Ерөнхийлөг­чийн албыг хашиж байх үед уулзаж ярилц­лага хийж бай­лаа. Албаа өгө­хөөс хагас жилийн өмнө юм уу даа. Танаас албаа өгснөөсөө хойш юу, юу хийж ирэв дээ гэж ярилц­лагаа эхэлмээр бай­на. Яг юунд хамгийн их цаг зарцуулав?


-Өнгөрсөн хугацаанд миний хийсэн ажил, хийх ёстой гээд барьж авсан ажил гэх юм уу, надаар хийлгэх гэж хүмүүсийн хүсэж шахсанаар татаг­даж орж хийсэн, хийж байгаа ажил ч гэх юм уу бүгдийг нь ерөнхийлөөд үзэхэд дөрвөн хэсэгт ху­ваагдаж  байгаа юм.

Нэгдүгээрт, төрийн бус байгууллагууд бай­гуулж, нийслэл хот  болон хөдөө орон нутагт ажил­лаж амьдарч байгаа ир­гэ­дэд туслалцаа үзүүлэх ажил явуулж байна. “Ши­нэ гудамж”, “Хөдөөгийн хөгжил” гэсэн ТББ-ууд байгуулж, ажиллаж бай­гааг хүмүүс мэдэх байх.

Ер нь хүмүүсийн амь­жиргааг дээшлүүлэхэд ганцхан төр засгийн хийж байгааг харж хүлээж суух буюу идэвхгүй байхаас гадна иргэдийн өөрс­дийнх нь оролцоог нэмэг­дүүлж, тэдний төрийн хүнд суртал, авлига хээл хахуулийг давж ажиллах өөрсдийнх нь чадварыг сайжруулбал нөөц бо­лол­цоо их байдаг. Энэ нь өнөө алдарт Де Сотогийн онол л доо. Манайд уриг­дан ирж, лекц уншиж байсан.

Түүний онолоор бол ер нь хүнд, түүний дотор ядуу хүнд ямар нэг хэлбэрээр өмч байдаг ч тэр хүн өмчтэйгээ мэддэггүй, төр засаг нь ч мэдүүлдэггүй. Тэгвэл тэр хүнд өмчтэйг нь ойлгуулж, харахад ядуу ч бүртгээд өгвөл өмч хөрөнгөтэй хүмүүсийг нэг хамт олон болгож, “Дэм дэмэндээ,  дээс эрчиндээ” гэдэг зарчмаар нэг нэгэндээ туслан хамтран ажиллах аргыг хэлж зааж өгөх нь чухал. Ийм зорилготой төслийг хэрэгжүүлснээр хуучин гу­дамж шинэ гудамж болж, тэнд амьдарч буй хүмүүс ажилтай болох, амьдралаа өөд татах боломж­той болно. Хам­гийн наад захын жишээ гэхэд энэ төсөл хэрэгжвэл гэр хо­роол­лын айлууд харьцангуй хямд төсөр байшинтай болно гэсэн үг. Гадаа байгаа жорлон байшин дотор байгаа боловсон жор­лон­гоор солигдоно. Ер нь гадаа байгаа жорлонгуудыг байшин дотор оруу­лаагүй цагт хүмүүс тав тухтай, эрүүл саруул амьдарч чадах­гүй гэж хэлж болно. Хот суурин газрын амьдралын хэв маягт шилжиж чадах­гүй. Халдварт өвчнөөсөө салж ча­дах­гүй шүү дээ, наад зах нь.

Үнэлэгдэх өмчтэй болж, түүгээрээ зээл авч, ажил төрөлтэй болж, амьд­ралаа сайжруулах боломжтой болоход нь тусалъя гэж байгаа хэрэг л дээ. Түүнээс биш өнөөгийн төр, засгийг бүрдүүлж буй намууд шиг бэлэн мөнгө амлаж, сонгогчдын саналыг хууран мэхэлж авах нь туйлын зохисгүй хэрэг. Ийм хоосон амлалтын цаана бид улс орноо хөгжүүлэх, ард олноо ажил төрөлтэй болгох ажлыг яаж хийхээ мэдэхгүй улс мөн гэдгээ хүлээн зөвшөөрч буй айсан тэвдсэн хүмүүс нуугдаж байгаа юм.

Хоёрдугаарт, хуучин хашиж бай­сан алба, гүйцэтгэж байсан ажил үүргийнхээ хүрээнд гадны олон хүн, байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Тэдгээрээс олон улсын хуралд оролцох, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонирхож буй сэдвүүдээр үг хэлэх, лекц унших санал ирдэг. Тухайлбал, Мароккод болсон хурал дээр “Өнөөгийн дэлхий дахинд тул­гамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд “Зүүн хойд Ази, Төв Ази дахь тул­гамд­сан асуудлууд” сэдвээр илтгэл та­вилаа. Өмнөд Солонгос, Ливан зэрэг улс оронд айлчлав. Төр, засгийн төлөөлөгчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, хэвлэл мэдээллээр улс орноо таниулах, сурталчлах ажил хийлээ.

Энэ мэтээр олон улсын харил­цааны чиглэлээр хурал зөвлөгөөнд оролцох, зарим улс оронд айлчилж, хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж явна.

Гуравдугаарт, бизнесийн томоо­хон төслүүдийг дэмжих санаатай байна. Яавал зөв бизнес, зөв төслийг дэмжиж болохов гэдгийг судлан ажиллаж байгаа.

За, дөрөв дэх нь бол ойлгомжтой. Улс төр. Нэгэнт орсон бол хүн улс төрөөс гарч чаддаггүй юм байна. Ялангуяа улс төрд над шиг гүнзгий орсон хүн улс төрөөс гарч чадахгүй юм байна, хамгийн гол нь гаргах ч үгүй юм байна.

Улс төр миний амьдралын нэгэн салшгүй хэсэг болчихож, өөрөөр хэлбэл улс төр намайг тавихгүй юм байна. Би бусад шиг дуугүй дүмбийж сууснаар, эсвэл сургаал айлдсанаар санаа амарч чадахгүй. Тэгэхсэн гэж бодсон ч, хүссэн ч Монголын маань өнөөгийн нөхцөл, байдал намайг зүгээр, санаа амар  суулгахгүй юм байна. Ард иргэд маань хот суурин газар, шинэ гудамжинд амьдрах зайлш­гүй хэрэгцээтэй болсон байхад, хөдөө хүн шиг амьдрах шаардлага улам тулгамдсан асуудал болоод байхад, олон улсын харилцаа өөр түвшинд гарч идэвхжиж байхад, биз­несийн томоо­хон төслүүдийг Монго­лын ард түм­нийхээ эрх ашигт ний­цүүлэн хэрэг­жүүлэх шаардлага тавиг­даад байхад, өнөөгийн төр засаг эдгээр асуудлыг оновчтой шийдэж чадахгүй байхад, шийдэхийг хүсэхгүй байхад би хийд­гээ хийчихсэн гээд биеийн амрыг харж амаа үдээд, гараа хумхиад зүгээр суух боломжгүй байна.

Амиа бодох уу, ард түмнээ бодох уу гэсэн асуулт тавигдаж байна гэсэн үг. Амиа бодвол биеийн амрыг харж дуугүй сууна, ард түмнээ бодвол төр, засгийнхны дургүйг нь хүргэхээс айж, залхууралгүй болохгүй, бүтэхгүйг нь хэлж ярьж, шаардаж засуулахын төлөө зүтгэнэ. Миний сонголт тодорхой.

-Улс төрийн намуудын дарга нар уулзах үед МАН-ын генсек У.Хү­рэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насны босгыг дээш­лүүлэх тухай хөндөж ярьсан. Зарим харьцан­гуй залуу настай хүмүүс зүгээр суухгүй, зовоогоод байх юм аа гэж байна лээ. Та ер нь их зовоогоод байгаа юм аа даа. Таны­хаар бол ийм насны зааг тавьж өгөх ёстой юу?

-Олон хүн намайг дуугүй суулгах хүсэлтэй байна, гэхдээ тэрнээс ч олон хүн битгий дуугүй суу гээд байна. Энэ бүгдийг эргэцүүлж би дуугарч байгаа юм.

Миний хувьд одоо ямар нэг албан  тушаал, эрх мэдэлд хүрэх гэж дуугарч байгаа юм биш. Харин шуудхан хэлэхэд тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг олж харж байгаа, туршлага суусан, өнөөгийн төр, засгийнханд өргүй, харин ард түмэндээ өртэй иргэн Энхбаяр дуугарч байгаа юм шүү дээ.

Монголд маань тулгамдсан асууд­лууд байгаа учраас би дуугарч байна. Ядуурал, авлига, хээл хахууль, ажил­гүйдэл байхгүйсэн бол, ядахнаа буурах, багасах чиг хандлага байсан бол би юу гэж дуугарахав дээ. Намайг ч хэн сонсов гэж. Тэгэхлээр би дууга­раад, иргэд сонсоод, төр, засгийн эрх баригчид айж, дургүйцээд байна гэдэг чинь дуугарах, тэмцэх ёстойг, хэрэг­тэйг хэлээд байгаа юм биш үү?

Би ард түмнээрээ дэмжүүлэн ийм өндөр албан тушаалуудыг хашиж байсан хүн. Ард түмэн маань зовж ядарч байгаа энэ үед биеийн амрыг бодож дуугүй суувал дэндүү ёс сурта­хуунгүй, хариуцлагагүй, бас арчаагүй хэрэг болно биз дээ.

Насны тухай яриа бол эртнээс яригдаж байгаа зүйл л дээ. Ерөнхий­лөгчид нэр дэвших хүмүүсийг 55 наснаас дээш байлгая, тэгээд дахин сонгогдоод ажиллалаа гэхэд 63 нас хүрнэ. Тэгээд ажлаа өгөөд тайван сууж, хааяа “титэм үг” бичээд сууна биз ээ гэж.

Би бол асуудлыг өөрөөр, илүү гүнзгий харах нь зүйтэй гэж боддог хүн. Төрийн тэргүүний албан тушаал, ер нь ямар ч төрийн өндөр албан тушаалыг насаар зохицуулснаар бүх асуудал шийдэгдчихнэ гэж бодох нь хамгийн энгийнээр хэлбэл гэнэн зүйл, чангахан хэлбэл хариуцлагагүй зүйл, өнөөгийн эрх баригчдын бодол са­нааны гүехэнийг илтгэж байгаа хэрэг. Хүн залуу байхдаа зоригтой дуугарч, нас нь явахаар мохоод больчихдог, эсвэл хүмүүсийг тийм болгоно гэж бодож байгаа бол төрийн ажлын тухай, ер нь хүмүүсийн тухай тун маруухан ойлголттой байна гэсэн үг.

Дашрамд хэлэхэд өнөөдөр харин ч хамгийн идэвхтэй, зарчимч, дайчин, үйл хэргээрээ залуу улсууд нь ахма­дууд маань байна шүү дээ. Тэгж яривал Монголд нас зүс нь залуу боловч сэтгэлээрээ хөгширчихсөн хүмүүс олон байна. Зөвхөн дарга нарыг дагаж далбаганасан, өөрсдөө амьдрах, тэмцэх чадваргүй болчихсон, бусдын гарыг хараад л сууж явдаг “залуу хөгшчүүл” олон болсон байна даа.

-Тэгэхээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн ажлаа өгчихөөд нам гүм суух ёсгүй гэж та үздэг хэрэг үү?

-Тэгэлгүй яахав. Ард түмэнд тул­гамдсан асуудал байхад ард түм­нээсээ сонгогдож төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс тэдэнд өрөө төлж, ядахдаа тэднийгээ хамгаалж, өмөөрч, өмнөөс нь дуугардаг байх ёстой юм. Ард түмнийхээ Монгол Улсад ашиггүй гэж үзэж байгаа төслийн ТУЗ-д орж, монголчуудад ашиггүй төслийг “зөв” болгох гэж зүтгэж болох­гүй. Тийм бололцоо олдлоо ч, цалин пүнлүү нь өндөр байлаа ч татгалздаг ёс суртахуунтай байх ёстой. Албан тушаал, ашиг хонжоо гэхээр улс орныхоо эрх ашгийг “худалдах”-д, ард түмнийхээ хүсэл сонирхлоос “урвах”-д бэлэн байж болохгүй. Хамгийн энгийн ийм ёс суртахуунтай болж чадаагүй бол төр, засгийн өндөр албан тушаалд ажиллаж, эрх ямба эдлээд ч яах юм бэ.

Ер нь бидэн шиг төрд өндөр алба хашиж байсан улсууд яг хэлж байгаа­гаараа амьдарч сурах хэрэгтэй гэж боддог юм. Тэрнээс биш гоё үг хэлж, түүнийг бусдыг хуурах хэрэгсэл болгож ашиглаж болохгүй.

Би Жавхарлал Неругийн бяцхан жаалд чихэр битгий ид гэж хэлэхийн тулд өөрөө эхлээд чихэр идэхээ больсон тухай түүхийг сонгуулийн үеэр жишээ болгон яриад сайн ойл­гуулж чадаагүй. Тэр үед сонгууль болж байсан, харин одоо хүмүүс тэр жишээг бодитойгоор харж нэгийг ойлгож, хоёрыг бодно биз ээ. Би сургаал айлдах дургүй. Яагаад гэвэл тэр сургаал шигээ амьдарч чадахгүй бол яана гэж болгоомжилдог. Хэлэх амархан, яг хэлсэн шигээ амьдрах хэцүү шүү дээ.

Ам ажил хоёр зөрнө гэдэг амьдра­лын хамгийн том алдаа, ам ажил нийлж байвал амьдралын хамгийн том ам­жилт. Хэн өндөр хариуцлагатай албан тушаалтай байна тэр хамгийн ихээр амласнаа, хэлсэн ярьснаа биелүүлдэг байх ёстой. Яагаад гэвэл тэр өндөр албан тушаалтны үгэнд олон хүн итгэхийг хүснэ шүү дээ, гэтэл тэр үг нь хоосон бол хууртсан хүний тоо олон тусмаа хохирлын хэмжээ их байна.
Өнөөгийн төр, засаг нэг хүн, нэг хэсэг хүн биш, бүр нийт гурван сая ард түмнээ хуурчихаад байж байна. Ер нь албан тушаал дээшлэх тусмаа ха­риуц­лага өндөрсдөг байх ёстой юм. Гэтэл манайд эсрэгээр албан тушаал нь дээшлэх тусмаа эрх ямба нь нэмэг­дэнэ. Эргээд ард түмнийг үүрэг хүлээхийг шаардана. Гэтэл ард тү­мэнд, ялангуяа ядуу, ажилгүй байгаа ард түмэнд ямар үүрэг байхав дээ. Тэд хоосон амлалтад нь хууртаж бай­гаагаа мэдэлгүй ажил төрөлтэй, амьд­ралтай болгох нь гэж бодоод өнөөгийн эрх баригчдад саналаа өгчихсөн, нэг ёсны үүргээ биелүүлчихсэн гэсэн үг. Одоо эрх баригчид үүргээ биелүү­лэхийг л хүлээж, хуураад байгаа учир бухимдаж байна. Уг нь төрийн албан тушаалтнууд ард түмний зардас, зарц нь юм шүү дээ. Хамгийн наад зах нь 1.5 сая төгрөг өгнө гэсэн бол өгөх л ёстой.

-Та ам ажлын зөрүүгүй байхын чухлыг өөрөө яг хэдийнээс ойл­гов?


-Би яг тэдэн оны, тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цагт гэж хэлж чадахгүй нь мэдээж. Ойлгосон нь чухал. Ойлгоогүй хүн хэд байна. Ойлгохыг хүсэхгүй хүн хэд байна. Миний хувьд амьдралынхаа туршид ийм байхын чухлыг улам бүр гүн гүнзгий мэдэрсэн учраас, хэлснээрээ байхын чухлыг ойлгосон учраас ам, ажил хоёрыг зөрүүлэхгүй байхыг хичээж ирсэн дээ. Заримдаа энэ нь бүтэж, заримдаа бас болж бүтэхгүй үе ч байсан...

МИНИЙ ХАМГИЙН ТОМ ДАЙСАН БИ ӨӨРӨӨ

-Надад мөнхийн дайсан, мөн­хийн нөхөр гэж үгүй. Харин мөн­хийн эрх ашиг бий гэсэн үг байдаг. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?

-Энэ үгийг Черчиль хэлэхдээ: “Англи Улсад мөнхийн дайсан, мөн­хийн найз гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг байгаа” гэсэн байдаг. Тэгэхээр энэ үгийг нэг хүнд бус нийт улс орны эрх ашигт хамаатуулан хэлсэн үг гэж ойлгох хэрэгтэй. Энэ үг улс орны хувьд зөв, харин хүмүүсийн харьцаа­ны тухайд бол буруу.

Энэ үгийг эш татаж, өөрсдийнхөө увайгүй зан гаргаж байгаагаа, заваарч буйгаа, урваж байгаагаа тайлбарлах гэж оролдохыг буруу гэж боддог. Гэхдээ би “Хүн өөрөө өөрийнхөө хамгийн том найз нь, бас хамгийн том дайсан нь” гэж боддог. Өөрөө л алдаагаа засч чадахгүй бол өөрийнхөө хамгийн том дайсан болно. Өөрийгөө ойлгож, засч чадвал өөрөө өөртөө хамгийн сайн найз болно. Найзыг ч үгүйлэхгүй. Бас ямар ч дайсан том санагдахгүй.

-Тэгэхээр таны хамгийн том дайсан та өөрөө байх нь ээ?

-Тийм ээ. Би бол өөрийнхөө хам­гийн том дайсан нь, бас хамгийн үнэнч найз нь. Манайд өөрийнхөө хамгийн том дайсныг өөрөө гэдгийг ухаарахгүй бусдыг дайсан хэмээн үзэж үзэлцээд байдаг шүү дээ. Эсвэл найзтай болох гээд архи уух, мөрийтэй хөзөр тоглох гэх зэрэг аль буруу зуршлаар холбог­дож нөхөрлөх гээд байдаг. Эсвэл дайсан гэж үзсэн хүнээ элдвээр муулна, гүтгэж гүжирдэнэ, элдвээр дарж авах гэж оролдоно. Тэгж амьдрах нь өөрт ч, бусдад ч зовлонтой.

-Монголын нийгэмд одоо ха­рагдаж байгаа хамгийн том дайс­нууд бол Н.Энхбаяр, С.Баяр нар. Хэвлэлээр бичигдэж байгаагаас эхлээд л тэгж харагдаж байна шүү дээ. Хэзээнээс та нар ийм дайснууд болчихов, бас та хоёр нэг нэгнээ уучлахад бэлэн үү?

-Энхбаярын дайсан, эсвэл нөхөр гэж олон хүнийг бичиж байсан. Баяр­тай нэг болохоор нөхөр гээд л, одоо болохоор дайсан гээд л, Элбэгдоржтой нэг болохоор нөхөр, нэг болохоор дайсан гээд л. Энэ мэтээр олон хүний нэрийг хэлж болно.

Өөрөө өөртөө дайсан нь, бас найз нь байдаг учраас би Баяр миний дайсан гэж боддоггүй. Ер нь хэн ч миний дайсан биш. Бас энэ хүн л миний цорын ганц үнэнч найз гэж хэлэхэд хэцүү. Дахин хэлэхэд хам­гийн том дайсан маань би өөрөө өөртөө болно, бас үнэнч найз маань ч өөрөө гэж хэлье.

-Гэхдээ олон зүйл дээр та хоёрыг эсрэгцүүлэн харахаас арга­гүй байгаа шүү дээ. Хэвлэлээр нэгнийхээ талаар ярьж мэдэгдэж байгаагаас эхлээд?

-Хэрэв та нар анзаарсан бол би хүний нэр хэлж, хүн муулж ярьдаггүй шүү дээ. Би хүн ярьдаг биш, харин асуудал ярьдаг. Би Таван толгой, Оюу толгойн буруу гэрээ, эсвэл УИХ-ын сонгуулийн луйвар, долдугаар сарын 1-нд хүний амь үрэгдсэн тухай гээд асуудал ярьдаг. Ингэж ч ирсэн, цаашид ч тэгэх л байх. Гэхдээ аливаа асууд­лыг ярьж байхад зарим нэг хүний нэр дурдаг­дахаас өөр аргагүй байдаг, тэгснийг нийгэм сонирхон хүлээж авч, ингэс­нээр эсрэгцүүлж хараад байдаг бо­лолтой.

Нэг зүйлийг зориуд хэлье. Миний ярьж байгаа асуудлуудыг зөв зүйтэй болгож застал нь би ярина, тэмцэнэ. Анзаараад байхад долдугаар сарын 1-ний тухай ярихад зарим хүн, санаатай санам­сар­гүйн аль нь бүү мэд, зөвхөн бид хоёрын хоорондын асуудал болгож хувиргаад байх шиг байна. Надад хүн нь бус, асуудал нь илүү чухал байгаа юм.

Яахав, Баяр бол асуудал биш, харин хүн их ярьдаг. Ингэснээр дайсагналцаад байгаа юм шиг харагд­даг байж болох юм. Асуудлаас бултъя, асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхээс, үнэн зөв юмыг олж тогтоохоос зугтъя, зайлсхийе гэвэл хүн ярьдаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн хүн, харин хэн асуудал ярьж буйг ялгаж салгаж хардаг болох шаардлагатай.

-С.Баяр гишүүнийг ОХУ-д элчин байхад Н.Энхбаяр татаж авчран том улс төрд оруулсан гэдэг.

-Тэгсээн тэгсэн. Тухайн үед бо­лов­сон хүчний сонголтыг тэгж хийсэн. Намын даргын хувьд тэгж шийдсэн юм. Тухайн үед намын даргын үг хууль байсан. Үүний сайн тал нь даргынхаа үгийг сонсдог, муу тал нь даргаа өмнөө барьж ард нуугдаж хариуцлагаас мултардаг.

Баярын элчин сайдын үүрэгт ажлын хугацаа нь дуусч, өөрийнх нь хэлснээр бие хаа нь муудсан хүнд хэцүү үед нь би хамтран ажиллах санал тавьсан. Улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон ажлуудыг хамтдаа шийдье, баг болж ажиллая гэж бодсон тул, мөн олон хүний янз, янзын санал дунд зарим хүний тийм шийдвэр гаргахыг зөвлөсөн санал байсныг харгалзан үзсэн учир намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар тавьж байсан.

2005 онд юм даа. Тэгэхэд Баяр “Танаас өөр намайг дэмжих хүн бараг байхгүй. Намын дарга та л дэмжих юм бол би Ерөнхий нарийн бичгийн дарга болж, хамт, үнэнчээр, тууштай ажил­лая” гэж хэлж байсан. Би ч хамтран ажиллая гэж дотроо шийдсэн байсан учраас Баярыг Ерөнхий нарийн бич­гийн даргаар томилох асуудлыг Бага хуралд танилцуулж, ногоон гэрлээр гаргасан.

Үнэндээ тухайн үед намын ги­шүүдийн ихэнх нь эсэргүүцэж байсан юм шүү дээ. Баяр намайг “Нэг юм бодчихоороо заавал хийх гэж зүтгэдэг” гэж муулдаг юм. Нээрээн тэр л зан­гаараа зүтгэж, хамт олондоо тайл­бар­лаад зүтгэсээр байгаад аваад гарч билээ.

Товчхон ярья даа. Энэ мэтээр олон хүнийг дэмжсэн дээ. Хожим нь ном бичвэл сонин түүх гарах биз ээ. Тэглээ гээд би хэн нэгнээс өр нэх­дэггүй. Харин жудагтай байхыг шаард­даг. Цаашид ч өр нэхэхгүй, харин жудагтай байхыг цаад хүн дуртай ч, дургүй ч байсан шаардах л болно.

-Та тэгээд өөрийгөө алдаж гэж боддог уу?


-Алдсан гэж, эсвэл алдаагүй гэж аль нэгийг нь тодорхой хэлэхэд хэцүү шүү дээ. Боловсон хүчний бодлого тийм хэцүү юмны нэг байдаг.

Харин нэг ажиглалтаа хэлье. Аливаа баг бүрдэхэд харьцангуй ёс суртахууны хувьд ойролцоо хүмүүс байх нь чухал. Ер нь хүмүүсийг ёс суртахуун, эсвэл ёс суртахуунгүй байдал салгадаг, ажилд ч садаа болдог.

Улс орны өмнө тулгамдсан асуу­дал олон байгаа. Тэр тусмаа манайх шиг хөгжиж буй оронд тулгамдсан асуудал бүр олон байдаг. Тэр бүгдийг шийдэх гэж байгаа багийн хувьд мэдлэг боловсролын зөрүү гэхээс илүү ёс суртахуун буюу сэтгэлийн зөрүү байвал зөрчил заавал гардаг юм билээ. Шуудхан хэлэхэд бидний ажилдаа хандах хандлага, ард түмнээ бодох сэтгэл, ёс суртахууны хооронд зөрүү гарсан. Би өөрийгөө дөвийлгөж, хэн нэгнийг доош нь хийх гэж байгаа юм биш шүү, зөв ойлгоорой. Тайлбарлая. Тухайлбал, Таван толгойг одооных шиг ингэж шийдэж болохгүй гэж би Ерөн­хийлөгчөөр ажиллаж байх үедээ л Ерөнхий сайд С.Баярт хэлж байсан. Ерөнхий­лөг­чийнхөө өгсөн үүрэг даал­гав­рыг Ерөнхий сайд нь биелүүлж ажиллах ёстой байтал Монголын ард түмэнд ашиггүйгээр шийдсэн.

Би тэр үед Таван толгойг 100 хувь төрийн мэдэлд авах үүргийг өгсөн юм. Ард түмний мөнгөөр геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг яагаад цөөн тооны хүмүүс хувьдаа авах ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирсэн. Миний хувьд хариу нь төрдөө авч, ард түмэндээ ашигтайгаар шийд­вэрлэх гэж гарсан. Гэтэл харам­салтай нь энэ ордын “өрөм” нь болсон хэсгийг хувь хүмүүст өгсөн. Ингэснээр Монго­лын ард түмэнд ашигтай төсөл бол­го­ход асар их саад бэрхшээл учруулсан гэж би үздэг. Тэгэхэд би Ерөнхий сайд Баяраас “Яагаад ингэв?” гэж асуухад тэр хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтынх нь нөхөн олговорт Таван толгойн нэг хэсгийг өгөхөөс өөр арга­гүй байсан гэж хэлсэн. Хэдэн төгрөг зарцуулсныг нь судалж тогтоосон юм уу гэхэд янз янзын тоо яригддаг юм билээ гээд тодорхой хариулт өгөөгүй. Гэтэл одоо тэр компани Хонгонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, дөрвөн тэрбум ам.долларын үнэтэй компани болж байна шүү дээ. Яаж ч бодоод тэр хүмүүс ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг Таван толгойд хийгээгүй. Ер нь дөрвөн сая ам.доллар зарцуул­сан уу, үгүй юу. Зарцуулсан хөрөнгийг нь 1000 дахин нөхөж өгсөн байгаа биз? Ийм буруу шийдвэр гаргахад мэдлэг боловсрол биш, сэтгэл дутаж байна гэж би хэлж байгаа юм. Сэтгэл дутахад буруу шийдвэр гардаг, бас буруу шийдвэрийг засдаггүй, засахыг ч хүсдэггүй.

Энхбаяр гэдэг хүн өнөөдөр гэнэт цоороод л, сая мэдчихээд Таван толгойг 100 хувь ард түмэнд өгье гээд яриад байгаа юм биш шүү дээ. Ерөн­хийлөгч байхдаа ч ийм байр суурьтай байсныг саяын жишээ харуулж байгаа биз.

БИ НЯЛХ ХҮҮХДЭЭР БОЛ БҮГДИЙНХ НЬ БААСЫГ ЦЭВЭРЛЭЖ, ШЭЭСИЙГ НЬ АРЧСАН ХҮН ГЭЖ ХЭЛЖ БОЛНО


-Та хүч тавьж С.Баярыг намынхаа генсек болгож байж. М.Энхболдыг намын дарга болгоно гээд гараас нь хөтлөөд намынхаа хурал дээр гарч ирж байсныг тань олон хүн харж байсан, санаж байгаа байх...


-Тэгсээн тэгсэн. Энэ намын одоо­гийн удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүсээс надаар хөтлүүлээгүй орж ирсэн хүн ховор байдаг. Одоо зарим хүн миний гараас хөтөлж байгаагүй юм шиг, нэг их мундаг эсэргүүцдэг байсан юм шиг ярьдаг юм байна лээ.

Заримдаа хурал дээр ямар нэгэн шалтгаанаас болоод өөр байр суу­ринаас ярих явдал гардаг байсан. Тэгснээ сүүлд нь өрөөнд орж ирээд: “Тийм тийм хүн намайг хатгаад, дундуур худал юм ярьж хагалаад би буруу юм ярьчихлаа, муухай юм хийчихлээ. Та намайг алгадаад, шанаадаад өг” гэж гуйдаг л хүмүүс байсан шүү дээ. Нэг нэгнийгээ муу­лаад л. Хэрэв нэг хацрыг нь алгадвал нөгөөхөө тавьж өгнө гэдэг байсан хүмүүс одоо өөр юм яриад явахыг сонсоход сонин л байдаг юм. Жижиг л хүн байж дээ гэж боддог юм даа. Гэхдээ би ямар тэр жижиг хүмүүсийг дагаж жижигрээд миний өрөөнд тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр орж ирээд тэгж байсан гээд байлтай биш.  Бас өрөвдөлтэй шүү дээ. Тэр хүмүү­сийн зарим нь өнөөдөр том хүмүүс байгаа. Тэднийг тэгж шараа болгоод яах юм бэ дээ.

Үнэндээ бол одоогийн энэ том дарга нарыг чинь улс төрийн өнцгөөс харвал “өлгийтэй хүүхэд” байх үеэс нь мэднэ. Хэн яаж, хаана “бааж, шээж” байснаас нь эхлээд ярьж болно. Би тэдний улстөрчийнх нь хувьд баасан “баас”-ыг нь цэвэрлэж, “шээс”-ийг нь арчиж байсан хүний хувьд бүгдийг нь сайн мэднэ дээ. Яах юм бэ дээ гээд ярьдаггүй юм. Харин тэд миний тухай их юм зохиож зиндаархаж ярьдгийг нь дараа нь сонсч  л байлаа.

-Тэгвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг өөр намд орох гээд явж байхад нь та намдаа татаж оруулсан гэсэн яриа байдаг юм байна лээ. Тэр хэр үнэний хувьтай вэ?

-Үгүй үгүй. Тухайн үед Батболд нам бусчуудын холбоо гээд явдаг, тэндээс нэр дэвших гээд байгаа ч юм шиг байдаг байсан. Тэгэхэд би бизнес хийдэг хүмүүсийг дэмжих бодлогын хүрээнд дэмжиж, улс төрд оруулж байсан. Бас л нөгөө ногоон гэрлээр орж ирсэн дээ...

-Таныг хүн муу таньдаг хүн юм гэж хэлбэл та хүлээн зөвшөөрөх үү?


-Хүмүүс тэгж хэлдэг юм шүү. Нэг талаасаа хүн муу таньдаг, нөгөө талаас тэднийг бас хүн муутай хүмүүс байж болох юм шүү гэж хэлэхийг ч сонсч байсан. Хүн сайн, муу байсан нь хамаагүй, хамгийн гол нь улс орны хөгжилд дорвитой том ажил хийсэн томоохон багийг удирдаж байсан гэж хэлэхийг ч сонсч байсан.

Бүр өөр өнцгөөс харвал аль, аль нь биш ч байж болно. Би хүн муу таньсан нь худлаа, тэд хүн муутай нь ч бас худлаа. Харин өнөөгийн тул­гамдсан асуудлуудаар өөр өөр, эсрэг тэсрэг байр суурь барьж яваа хүмүүс юм. Тухайлбал, би Оюу толгойн гэрээ Монголын ард түмний эрх ашигт муу гэж үзэж байхад, тэд сайн гэж үзэж байх жишээтэй. Хэн нь зөв, хэн нь бурууг ард түмэн шүүн дүгнэнэ.

Ингээд бодоход ерээд оны эхнээс авахуулаад манайхны сэтгэлгээнд гарсан, бүр мөн чанарт нь гүнзгий суусан нэг том зохисгүй өөрчлөлт бол өмч хөрөнгөтэй болохын тулд аав, ээж, анд нөхдөө хүртэл худалдахаас буцахгүй болсон явдал гэж хүмүүс шүүмжилдэг нь үнэний ортой. Би ажилдаа хамаг анхаарлаа хандуулаад зарим үед албан тушаалын төлөө, хөрөнгө мөнгөний төлөө хүмүүс юу ч хийхээс буцахгүй болтлоо эвдэрснийг тэр болгон ажиглаагүй явж ирсэн юм билээ.

-Та өөрөө ийм өөрчлөлтөд бу­руутай юу. Яагаад гэвэл та ерээд оноос хойших он жилүүдийн дий­лэнхэд нь төрийн толгойд явсан хүн шүү дээ?

-Миний ч, энэ хугацаанд өндөр алба хашсан бусад хүмүүсийн ч буруу аль аль нь байгаа биз ээ. Гэхдээ нийгмийн өөрчлөлтийн үйл явц ийм байдлаар буруу өрнөсөн байна. Бүр 90-ээд оны эхнээс хариуцлага тооцол­гүй явж ирсний  буруу гэж юм мэддэг хүмүүс хэлдэг нь үнэний ортой дог оо. Ийм “хүмүүжил”, ийм ойлголт ард түмний гүнд нэвтэрсэн нь буруу байлгүй яахав. Нэг хүний алдаа гэхээс илүү нийт олны яахын аргагүй засах ёстой дутагдал.

ЯАГААД АСУУДЛЫГ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХАД ХҮРГҮҮЛЭХГҮЙГЭЭР ШИЙДЭЖ БОЛООГҮЙ ЮМ БОЛ ГЭЖ БОДДОГ


-Та С.Баяр Онц байдал зар­луулахад хүргэсэн. Шахаж шаард­сан гэж мэдэгддэг. Ерөнхий сайд асан С.Баяр болохоор Ерөн­хий­лөг­чийн гарыг барьж байгаад би зуруулсан болж байна уу гэдэг. Ямар учраас та түүнийг Онц байдал зар­луулсан хүн гэж буруутгадаг юм бэ?

-Би шахалт дарамтад ороод, гарыг маань барьж байгаад зуруулсан гэж ярьдаггүй шүү дээ. Асуудлаа ярихын оронд нэг этгээд ч гэх шиг, марзагнах ч гэх шиг, алийгаа алдсан ч гэх шиг хүн рүү дайрсан үгс хэрэглэж асууд­лаас зайлсхийх гээд байгаа нь ха­рагддаг. Харин би долдугаар сарын 1-нд байдлыг заавал Онц байдал зар­луулахгүйгээр энгийн аргаар зохи­цуу­лах боломжийг бүрэн дүүрэн ашиг­лахгүй байсаар байгаад, тэр нь са­наатай байсан уу, санамсаргүй байсан уу гэдгийг нь мэдэхгүй, байдлыг ноцтой болгосон, үүний төлөө хариуцлага хүлээх ёстой гэж хэлдэг юм.

Онц байдал зарлахаас өөр аргагүй байдалд хүргэж, улмаар тавын таван хүний амь нас эрсэдсэн, олон хүн шархадсан эмгэнэлт явдал, ноцтой хэрэг гарсан шүү дээ. Одоо тэр эмгэнэлт явдлаас хойш гурвын гурван жил өнгөрлөө. Цагдаа, прокурорын хоорондын зөрчлийн асуудал болгон хувиргаж, болж өнгөрсөн эмгэнэлт үйл явдлын гол буруутнуудыг олж тогтоох, хариуцлага тооцох ажлыг эзэнгүй, утгагүй болгох гээд байх хэрэг байхгүй. Энэ бол маш том хариуцлагын асуу­дал. Тэгэхээр энэ хэргийг хариуцлага тооцох эзнийг нь олохгүйгээр замх­руулах ёсгүй.

-Онц байдал зарлуулах­гүй­гээр шийдэх боломж байсан гэлээ. Ямар учраас та ингэж үздэг юм бэ?

-Тэр өдрийн 17.30 цагийн үед тухайн үеийн Ерөнхий сайд Баяр над руу утсаар ярьж “Та онц байдал зарлах тухай зарлигийн төсөл бэлдээч” гэсэн саналыг тавьсан юм. Яагаад сон­гуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг энгийн аргаар зохицуу­лахын оронд шууд л онц байдал зарлах тухай бодох, хүсэх болсон юм бэ гээд би шууд “Үгүй” гэж хэлсэн. Онц байдал зарлана гэдэг тоглоом биш шүү дээ.

Тэгээд би Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Амарболд генералыг дуудаж, Онц байдал зарлах шаардлагатай, эсэхийг асуухад “Шаардлагагүй, энгийн аргаар зохицуулна” гэсэн. Эндээс хамгийн энгийнээр бодоход яагаад Ерөнхий сайд өөрийнх нь мэдэлд, удирдлагад нь байдаг цагдаагийн байгууллагын даргатайгаа Онц байдлын тухай ярил­цаагүй, саналыг нь аваагүй байж, онц байдлыг тогтоолгох гэж зүтгэв гэсэн асуулт өөрийн эрхгүй бодогддог.

-Онц байдал зарлахын оронд намуудын уулзалт хийсэн гэж танд уурласан талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна лээ?

-Ер нь аливаа ажлыг, тэр тусмаа төрийн ажлыг уурлаж хийдэггүй. Ууртайгаа гайхуулж, уураараа да­лайлгах нь буруу.

Яг тэр намуудын хурлын тухай сонсоод Ерөнхий сайд надад уур­лаагүй. Андуурч байгаа бололтой. Оройн 19.30 цагийн үед тэр үеийн АН-ын дарга Элбэгдорж тэргүүтэй тус намын хүмүүс Ерөнхийлөгчтэй уулзах санал тавьж, уулзалтанд Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг оролцуу­лахыг хүссэн. Тэгэхэд нь би Ерөнхий сайд, МАХН-ын дарга Баярыг Төрийн ордонд хүрээд ирээч, Ардчилсан намынхан уулзах хүсэлт тавьж байна, нөхцөл байдал ямар байгааг хамтдаа ярилцъя гэхэд “Тэгье” гээд оройн 20 цаг өнгөрч байхад ирсэн. Ирэхдээ би АН-ынхнаас уулзах санал тавьсны дараа, ер нь УИХ-д байгаа намын төлөөллүүдтэй хамтдаа уулзах нь зөв гэж үзээд бусад намын төлөөл­лийг ч урьсан. Оюун, Энхсайхан, Эрдэнэбат, Жаргалсайхан, тэгээд Элбэгдорж, Баяр, дээрээс нь УИХ-ын дарга Лүндээжанцан  хөдөөнөөс ирээгүй байсан тул дэд дарга Идэвхтэн нар уулзалтанд ирсэн.

Харамсалтай нь АН-ын нөхөд бид уулзах хүсэлт тавьсан байхад өөр намуудын төлөөллийг дуудлаа гээд уулзалтыг орхиж гарсан. Би араас нь хүн явуулж, “Ямар намуудыг цуглуу­лах нь Төрийн тэргүүний хэрэг. Би Ерөнхийлөгчийн хувьд та нарт уул­залтад орох үүрэг өгч байна. Нөхцөл байдлын талаар хамтдаа сууж ярилцах хэрэгтэй. Яль шалихгүй шалтаг зааж уулзалт тасалдуулж болохгүй” гэхэд тэд “Тэгвэл уулзалтыг бид биш, та санаачилсан бол, тэгээд хамтдаа гаднаас дахин уулзалтын өрөөнд оръё” гэсэн хачин хариу хэлсэн.

Би ямар хачин шаардлага тавьдаг юм гэж гайхсан ч уулзалтыг хийх нь чухал байсан учраас зөвшөөрч, бүгд өрөөнөөс гарсан болж, буцаж орж ирээд уулзалт эхэлсэн. Тэгэхэд АН-ынхан МАХН-ын дарга Баяр руу хан­даж “Танай намынхан өөрсдөө байраа шатаасан” гэж буруутган, АН-ын дарга Элбэгдорж халаас руугаа зааж “Та нар цагдаа нараар иргэдээ буудуулж байна. Үүнийгээ боль. Миний хар­маанд сумных нь хонгио байна” гэсэн. Ингээд тэд хоорондоо ам зөрсөн. Би хэрүүлийг нь зогсоох гэж оролдсон. Тэр үед Баяр над руу биш, Элбэгдорж нарт уурлаж, энд намуудын уулзалт хийнэ гэж хэрэлдэж байснаас гадаа болж байгаа үймээний тухай ярья гээд. Онц байдал зарлахыг танаас дахин хүсч, шаардаж байна гэсэн.

Оройн 21 цагийн үед хүчний бай­гуул­лагын удирдлагуудыг цуглуулаад нөхцөл байдлын тухай хэлэлцэж байхад Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Амарболд генерал намын байран дээрээс цагдаагаа татах саналтай байгаагаа хэлэхэд би “Хам­гаалах үүргээ биелүүлж, намын бай­рыг хамгаал” гэсэн юм. Тэр үед Ерөнхий сайд Баяр миний урдуур орж “Би цагдаагийн байгууллагыг хариуц­даг албан тушаалтны хувьд намын байран дээрээс цагдаагийн бие бү­рэлдэхүүнийг тат гэсэн үүрэг өгч байна” гэсэн. Мөн Онц байдал зар­луулалгүйгээр, энгийн аргаар жагсаал цуглааныг зохицуулах арга хэмжээ авснаа илтгэлгүй, нөгөө л Онц байдлаа зарлах тухай саналаа дахин тавьсан. Би Амарболд генералаас саналыг нь асуухад “Энгийн аргаар зохицуулж чадахгүй болсон, Онц байдал зарлах нь зөв байх” гэж анх удаа Онц байдлын тухай хэлсэн.

Одоо Засгийн газар жагсаал цуг­лааныг энгийн аргаар зохицуулах арга хэмжээг бүрэн дүүрэн авсан, эсэхийг судалж тогтоох хэрэгтэй гэж надад бодогдож байна. Ер нь анхнаасаа Онц байдал зарлуулахыг хөөцөлдсөөр байгаад санасандаа хүрсэн ч юм уу.

Өнөөдөр Баяр Онц байдлыг орой­туулж зарласан гэж ярих гэж оролдож байгаа. Оройтуулж зарласныг яаж, юугаар тогтоож байгаа юм бэ. Энэ асуудлыг УИХ авч хэлэлцээд Онц байдлын тухай шийдвэрээ гарга­чих­сан.

Харин би яагаад Ерөнхий сайд нь өөрөө хариуцдаг цагдаагийн байгуул­лагын даргатайгаа Онц байдлын тухай ярилгүй, нөхцөл байдлыг энгийн аргаар зохицуулахын төлөө болохоос болох­гүйг нь хүртэл хөөцөлдөлгүй, Онц байдал тогтоох тухай аль эртнээс яриад, түүний хойноос “хөөцөлдөөд” байсан юм бэ гэдгийг тодруулах гээд байна шүү дээ. Мөн яагаад луйврын сонгууль хийж, хүмүүсийг бухим­дуулж, жагсаал цуглаан хийх хэм­жээнд хүргэсэн юм бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой гэж үзээд байна шүү дээ. Яагаад сонгуулийн луйврыг шалгаж тогтоохгүй, долдугаар сарын 1-ний явдлыг нухацтай судалж тогтоолгүй өдий болтол хэнд ч хариуцлага хү­лээлгэлгүй яваад байгаа юм бэ гэж асуугаад байна шүү дээ.

Ер нь Онц байдал зарлах асуудлыг хуулиар нарийн зохицуулж өгөх хэрэг­тэй юм билээ. Улс оронд онц байдал зарлахаас өөр аргагүй байдал үүссэн бол энэ байдлыг энгийн аргаар зохи­цуулах үүрэг хүлээсэн Ерөнхий сайд шууд огцордог байх зохицуулалт байх хэрэгтэй. Хэрэв тэр үед ийм хуулийн зохицуулалт байсан бол Ерөнхий сайд огцрохгүйн тулд хурц байдлыг намжаа­хын төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл явах байсан. Тийм хуулийн зохицуулалт байхгүй байсан тул харин Онц байдал тогтоолгохын төлөө тууш­тай явсан юм шүү дээ.

-Тэр шөнө С.Баяр дарга согтуу байсан гэж үнэн үү?


-Надад тэгж анзаарагдаагүй. Харин олимпийн аварга төрдөг шөнө бол бид бүгд согтуу байсан. Баяр ч, Элбэгдорж ч, би ч. Би маргааш нь ээждээ загнуул­сан.

-Долдугаар сарын 1-ний шөнө автоматаар буудаад байна гэж нэг хүн С.Баяр даргын дэргэдээс утасдсан гэж та хэвлэлд ярьсан. Тэр хэн байсан юм бэ?

-Тэр хүний нэрийг би прокурорт очиж гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэл­сэн. Мөрдөн байцаах ажил нь явагдаж байгаа үед хэвлэлээр ил гаргах хэрэггүй байх. Удахгүй тодорхой болох биз.

Ер нь долдугаар сарын 1-нд хүний амь үрэгдсэн энэ ноцтой хэргийг тодорхой болгож, хариуцлага хүлээл­гэх цаг нь болсон. Үлгэр домгийн юм шиг хар машин давхиад хүн буудаад байсан гэдэг. Тэр нь үнэн юм уу, худал юм уу тогтоох цаг болсон.

Эхэн үедээ хар машинтай хүмүүс яваад л буудаад байсан, танхай этгээ­дүүд хүний амь хөнөөсөн гэсэн ойлголтыг ҮАБЗ-д өгч байсан. Сүүл­дээ цагдаа буудсан байж магад гэсэн асуудал босч ирсэн юм. Тэгэхэд нь хоёр чиглэлээр буруутныг олж тогтоох даалгавар өгч байлаа. Үнэхээр тийм хар машинтай хүмүүс байсан юм уу, байсан бол цагдаа олох хэрэгтэй. Цагдаа нь буудсан бол хуулиараа прокурор энэ хэргийг тогтооно. Гэтэл гурван жил өнгөрчихөөд байхад юу ч илрээгүй, нөгөө л хар машин ярьсан хэвээр байна.

Гэхдээ гол нь луйврын сонгууль хийсэн, иргэдийн эсэргүүцлээ илэр­хийлж жагсаал цуглаан хийснийг хурц байдал болтол нь зохицуулаагүй улс төрийн албан тушаалтнуудын хариуц­лагыг орхигдуулж, мартагдуулж бо­лохгүй.

-Ардчилсан Монгол Улсад та­вын таван иргэнийг ямар ч шүү­хийн ялын тогтоолгүйгээр буудан хороосон гэдэг нь дэндүү эмгэнэл­тэй хэрэг. Энэ хэрэг яагаад өдийг болтол илрэхгүй байгаа гэж та боддог вэ?

-Ойлгомжтой шүү дээ. Хамтарсан Засгийн газар байгаа учраас. Бид ямар тэнэг хүмүүс биш. Энэ хэргийг саар­магжуулахын тулд, Оюу толгойн ашиггүй гэрээ байгуулахын төлөө, амласан 1.5 сая төгрөгийг өгөхгүйн тулд, Таван толгойг буруу шийдэхийн тулд олонхи болсон атлаа хамтарсан Засгийн газар байгуулсан шүү дээ.

Хүмүүс 2004 оны хамтарсан Зас­гийн газартай өнөөдрийнхийг адилтгах гээд байдаг юм. Тэр үед хэн ч олонхи болоогүй учраас хамтрахаас өөр арга байгаагүй. Харин өнөөгийн хамтарсан Засгийн газар Үндсэн хуулийг зөрчиж байгуулагдсан, анхнаасаа зорилго нь өөр байсан гэдэг нь одоо ойлгомжтой боллоо шүү дээ.

Амлалтын мөнгө өгөхгүйн тулд олон арга саам хэрэглэж байгаагийн нэг илрэл нь саяхан намуудын дарга нар уулзаад сонгуулиар мөнгө амлах­гүй хэмээн тохирлоо гэсэн явдал. Оросын зүйр цэцэн үгэнд “Уул дүлж, дүлж байгаад хулгана төрүүлэв” гэдэг шиг хээл хахууль, ядуурал, ажил­гүйд­лийг яах вэ, ашигт малтмалыг ард түмэндээ яаж ашигтай зохицуулах вэ гэдгээ яриагүй байж, сонгуулиар мөнгө амлахгүй гэж тохирлоо гээд байдаг. Уг нь эхлээд амласнаа өгчихөөд дараа нь иймэрхүү бичиг цаас үйлдсэн бол. Тэр уулзалтын дүнг харж байхад одоогийн төр, засгийн эрхэнд байгаа нөхөд улс орны тулгамдсан асуудлыг ерөөсөө олж харахгүй байгаа юм байна, эсвэл харахыг хүсэхгүй байгаа юм байна гэсэн бодол төрж байлаа.

-Намын байранд хүн гавлуулж нас барсан тухай та хэзээ мэдсэн бэ. Түүнийг зодож байгаад орхис­ноос шатсан гэдэг. Та энэ тухай ямар мэдээлэлтэй вэ?

-Би тэр талаар сонсч байсан. Гэхдээ энэ бүхнийг Энхбаяр, эсвэл хэн нэгэн хүн дүгнээд тэгсэн, ингэсэн гээд хэлж чадахгүй. Үүнийг цагдаа шалгах ёстой, прокурор тогтоох ёстой. Улстөр­чид бид харин энэ ажилд нь садаа болж болохгүй, санаатайгаар буруу чиг­лүүлж хүн хэлмэгдүүлж болохгүй.

-Та прокурорт мэдүүлэг өгөх­дөө зөвлөхөө явуулна гэсэн юм уу. Таныг өөрөө очиж мэдүүлэг өгөх­гүй нь гээд буруутгаж байгаа хү­мүүс байна лээ?

-Прокурор бол хуулийн бай­гуул­лага. Тиймээс хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгөх гэсэн хэн ч өмгөөлөгчтэй байж, хариуцлагатай мэдэгдэл хийж, хариуцлагатай ярих ёстой. Тиймээс эхлээд би хуулийн зөвлөх, өмгөөлөгчөө явуулж, гэрчийн мэдүүлэг авах юм уу, хэвлэл мэдээ­лэлд өгсөн ярилцлагаар далимдуулж, мушгин гуйвуулах гэж байна уу, эсвэл үнэхээр хэргийг тодорхой болгохын тулд асуух юм уу гэдгийг тодруу­луулсан юм. Түүнээс би өөрөө очилгүй яахав. Түүнийхээ дагуу очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Түүнээс биш тэр байгууллага руу албан бичиг явуулж, надаас мэдүүлэг авна уу гэсэнгүй. Зарим хүн тэгснээ ярьсан байна лээ. Угаасаа Галдаа прокурор сонин хэв­лэ­лээр ийм, ийм хүмүүсээс тодруулга авна гээд хэлчихсэн байхад надаас мэдүүлэг аваач гэж албан бичиг явуулаад байгаа нь ямар учиртай жүжиг вэ? гэж юмны учрыг ойлгодог хүнд бодогдох ёстой асуулт шүү.

-Хүний амь үрэгдсэн мэдээг бид долдугаар сарын 2-ны өглөөний мэдээгээр эмч нарын ярианаас ойлгосон. Та энэ мэдээллийг яг хэзээ авсан бэ. Танд эрт мэдэгдсэн байх?

-Та бүхэнтэй л бараг адил. Монгол жижиг орон учраас энэ мэдээлэл тэр дороо тархсан. Дахин хэлэхэд тэр өдөр хүний амь хороосон хүмүүсийг, тушаал өгсөнтэй нь, шууд бус аргаар нөлөөлсөнтэй нь хамт олж заавал тогтоох хэрэгтэй. Бас 2008 оны сон­гууль ямар, ямар луйвартай болсныг тодорхой болгох хэрэгтэй. Дээр хэлж байсанчлан яагаад Засгийн газар Онц байдал зарлах хүртэл муу ажиллав гэдгийг ч. Тэр өдөр Засгийн газар энэ асуудлаар шуурхай хуралдсан эсэ­хийг, бүрэн бүрэлдэхүүнээрээ биш гэхэд бодлогын яамдын сайдуудын бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан уу гэдгийг ч ярих хэрэгтэй.

Тэгээд ер нь хэн, хэн энэ бүгдийг илрүүлэхийг хүсэхгүй дараад байгаа юм, хэн мартаад байгаа юм, хэн саармагжуулаад байгаа юм, хэн хүмүүсийн анхаарлыг өөр юм руу хандуулаад байгаа юм гэдгийг ч тодорхой болгох хэрэгтэй байна.

Харамсалтай нь ийм чухал асуудлыг Энхбаяр, Баяр хоёрын хэрүүл мэт болгочихоод байна. Тийм нөхцөл байдал буй болсонд Сонгуулийн ерөнхий хороо ч буруутай.

Одоо өнгөрсөн, ойлгомжгүй юмнуу­дыг тодорхой болгож, тавиур дээрх номыг төрөл төрлөөр нь ангилдаг шиг ангилж өрөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингэж мунгинасаар байтал дахиад л сонгууль болно, бас л луйвар гарна. Жагсаал цуглаан давтагдахыг үгүйс­гэхгүй. Ийм маягаар Монголын ард түмнээр тоглоод байж болохгүй. Сон­гуу­лийн будлианыг тодорхой болгоогүй цагт Монголд шударга ёс тогтохгүй.

ЭРГЭЛЗЭЭТЭЙ БҮХ СОНГУУЛИУДЫГ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ


-Манай сонин 2008 оны сон­гуулийн дараагаас ард түмний өгсөн санал хааччихав, хэн луй­вардав гэж байнга бичиж ирсэн. Та бас 2008 оны сонгуулийг луйврын сонгууль болсон гэж үздэг юм байна. Тийм үү?

-Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. “Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ” гэж. Жагсаалд ирсэн хүмүүс бол тэр босгосон овоон дээр гарч ирсэн хүмүүс байхгүй юу. Өчигдөр хүртэл над дээр хүн ирж сонгуулиуд ямар нарийн технологитой луйвар болсныг хэлж байна.

Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа би улс төрийн намуудын удирдлагуудтай хэд хэдэн удаа уулз­сан. Эхэндээ болж өнгөрсөн сон­гуулийн луйвар булхайг олж тогтоох тухай ярьж байснаа сүүлдээ энэ талаар тун сулхан ярьж эхэлсэн гээч. Үүнийг Монголын ард түмэн мэдэж байх ёстой учир би анх удаа хэлж байна. Төрийн тэргүүний  хувьд би үнэндээ гайхсан. Өөрөөр хэлбэл эхлээд 2008 оны сонгуулийн булхай луйврыг бүхэлд нь засч өөрчилнө гэж байсан хүмүүс сүүлдээ нэг хоёрхон тойрог ярьдаг болж байгаад эцэст нь бүр дуугүй болсон. Нам болгонд, ялангуяа хамгийн олон санал авсан хоёр намд булхай луйврын асуудал байсан учраас дуугарахаа байж эхэл­сэн, илрүүлэх сонирхолгүй болсон.

Тэгээд удалгүй хамтарсан Засгийн газрын асуудал босч ирсэн биз дээ. Би энэ бүхнийг ярьж байгаагаараа зөвхөн хэн нэгнийг буруутгах гээд зүтгээд байгаа юм биш, харин дахин тийм эмгэнэлт хэрэг явдал бүү гараа­сай, дахин хүний амь бүү эрсдээсэй, албан тушаалтнууд тэгж ард түм­нээрээ тоглох эрхгүй, дахин луйврын сонгууль битгий болоосой гэсэндээ хэлж байгаа юм. Ер нь 2008, 2009 оны сонгууль аль, аль нь хуудуутай болсон шүү дээ.

-Ер нь танай нам олонхи болж сонгуульд ялалт байгуулах тэр үед сонгуульд луйвар ордог байсан уу. Хэзээнээс луйвар ордог болчихов. Ялагдал хүлээсэн сонгуулиа хуу­дуутай болсон гэж та хэлээд байгаа юм биш үү ?

-Тэгж үзэж байгаа бол тэр бүх сонгуулиудыг шалгах хэрэгтэй. Ер нь эргэлзээтэй гэж үзэж байгаа бол бүх сонгуулиудыг шалгаж болно шүү дээ.

2004 оны сонгууль ч хуудуутай болсон. Тухайн үедээ би МАХН-ын даргын хувьд СЕХ-нд хандаж маргаан гарч буй бүх тойргийг шалгаж өгөх хүсэлт тавьж байсан. Гэвч тэр үед СЕХ-нд тал талаас нь асар их дарамт шахалт ирж байсан тул хойш суусаар байгаад өөрөө ч шалгаагүй, өрөөлөөр ч шалгуулаагүй.

Сонгогдсон гэгддэг гишүүд нь хүртэл яаж мөнгө тарааж, саналын хуудас сольж хольсон талаараа ярьж байсан шүү дээ. Бүх л болж өнгөрсөн 2000, 2001, 2004, 2008, 2009 оны сонгуулийг шалгах хэрэгтэй, эргэл­зээгээ тайлах, шударга ёс тогтооход хэрэгтэй шүү дээ. Үнэнийг олж тог­тооход цаг хугацаа хамаагүй.

-СЕХ-нд дарамт хаанаас ирж байсан гэж?

-Үүнийг ингэж хэлээд л орхиё. Дараа нь дахин ярилцлага өгөхдөө дутуу орхисноо гүйцээж тодорхой болгоё.

-Та 2009 оны сонгуулийн үр дүнд намынхандаа гомдолтой бай­даг. Харин тэд бас эрвийх дэр­вийхээрээ ажиллаж байхад баяр­лалаа ч байхгүй гэдэг. Яг хэн нь гомдох ёстой юм бэ?

-Би энэ бүхнийг ярьснаараа одоо ажлаа хийж байгаа Элбэгдоржид гомдоод байгаа юм байхгүй. АН-д ч гомдол байхгүй. Тэд сонгуульд ялахын төлөө л явсан. Харин би тухайн үеийн манай намын удирдлага, намын дарга 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг луйврын сонгууль болгосон гэж үздэг юм. Сонгуулийг будлиулахад намын дарга байсан Баяр гол үүрэг гүйцэт­гэсэн. Үүнийг би ний нуугүй хэлдэг. Өөрт нь ч хэлсэн, хэвлэл мэдээллээр ч хэлсэн. Ард түмэн ч надтай уулзах­даа тэгж хэлдэг, баримт ч танил­цуул­даг. Намын дарга байсан Баяр гү­жирдлээ гүтгүүллээ л гэдэг юм. Худлаа гэж байгаа бол хуулийн бай­гуул­лагаар 2009 оны сонгуулийг шалгуулж болно шүү дээ. Тэгэхгүй байгаа юм. Намын Хяналтын байгуул­лагад шалгуулах гэсэн нэртэй нэг өргөдөл өгсөн болсон. Энэ нь сонгуу­лийн луйврыг шалгуулах хүсэл өөрт нь огт байхгүй байгаагийн илэрхийлэл. Намын хяналтын байгуул­лага хуулийн байгууллага биш учир сонгуулийн луйврыг хүссэн ч олж тогтоож чадах­гүй шүү дээ. Түүний эрх мэдлийн ч асуудал биш. Дээр нь намын хяналтын байгууллага үнэнийг олж тогтоохыг хүсэхгүй байсан учир “дургүйд хүч­гүйн үлгэр” болсон.

Гэхдээ би зарим хүмүүсийн өөрс­дийнх нь булхайг илчлэхэд хүмүүсийн анхаарлыг өөр асуудал руу хандуу­лахын тулд гүжирддэгчлэн албан тушаалд ханаж цаддаггүйдээ энэ бүхнийг хэлж яриад байгаа юм биш. Би дахин ийм луйвар битгий гараасай, үнэн зөвийг олж тогтоодог механизм бий болоосой, Монголын ардчилал зүгээр нэг баг биш, харин манай ард түмэнд үр өгөөжөө өгдөг, буруутнууд­тай хариуцлага тооцдог амьд, шударга тогтолцоо байгаасай гэж хүссэндээ зүтгээд байгаа юм.

2008 оны сонгуулийн зарим тойрог дээр, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль дээр тухайн үеийн МАХН-ын удирдлага түүхэндээ анх удаа нэр дэвшигчдийнхээ эсрэг ажилласан юм шүү дээ. Тэр үед намын дарга байсан Баяр өөрөө гараараа биш гэхэд ийм буруу юм хийгдэхийг далдуур өөг­шүүлж, зөвшөөрч, бүр удирдаж хийл­гэсэн.

-Сонгуульд чин сэтгэлээсээ ажиллаж байсан хүмүүс таныг гомдолтой гэхээр их сэтгэл дун­дуур байдаг юм билээ?

-Би тэдний өдөр, шөнөгүй ажил­ла­санд баярлаж талархсанаа нэг бус удаа илэрхийлсэн. Энэ удаа ч боломжийг ашиглан чин сэтгэлээсээ дахин баяр­ла­лаа гэж хэлье. Гэхдээ тэд надад биш, тэдний хоёргүй сэтгэлээр ажил­ласан зүтгэлийг утгагүй, үр дүнгүй ажил болгосон тэр үеийн намын даргадаа гомдох ёстой.

ХУУЧИН НАМ МААНЬ ШУНАЛАА ДАРЖ ЧАДДАГГҮЙ НЭГ ХЭСЭГ ХҮНИЙ ӨӨРСДИЙГӨӨ ТОЙРУУЛЖ БОСГОСОН ХАНА ХЭРЭМ  БОЛСНЫГ ОЙЛГООД ХАРАМССАН

-МАХН-ыг толгойлж, унасан үед нь сэргээж олонхи болох эх суу­рийг нь тавих ажлыг удирдаж бай­сан хүнийг ингээд намынхаа эсрэг болоод явна гэж хүмүүс бодож байгаагүй байх. Юу таныг ингэж босоход хүргэсэн юм бол?

-Миний амьдрал, намтар эргээд харахад нэг хүний амьдрал биш, хэд хэдэн амьдрал, намтар багтаахаар болжээ. Нэг харахад МАХН-ын дарга, дахин харахад намын эсрэг яваад байгаа хүн ч юм шиг. Нэг болохоор Ерөнхийлөгч, нөгөө бол жирийн иргэн. Нэг бол их гавьяа байгуулсан, нөгөө болохоор их алдаа гаргасан ч юм шиг. Хажуунаас нь харж байгаа хүнд сонирхолтой, янз янзаар “мөлжих” бололцоотой, яг туулж байгаа хүндээ амаргүй тийм амьдрал юм уу даа. Гэхдээ ямар ч байсан сонирхолтой.

Гүехэн харвал газрын хөрснөөс арчигдах гэж байхад намыг өөд нь татаж босгох ажлыг гардан хийжээ. Одоо болохоор түүнийхээ эсрэг ажил­лаад байгаа юм шиг. Гэхдээ үйл явдал илүү гүнзгий.

Үнэндээ бол 1996 онд одоо шат­чихсан намын тэр цагаан байшинд гишүүд нь орж ирэхээсээ айдаг бай­сан. Сүүлдээ хүн бүр туслалцаа үзүүлэх, хандив өгөх тухай ярьдаг болсон. Дашрамд хэлэхэд намын санхүүжилтийн асуудлыг ил тод, шударга болгож, үүнийг тусгай хууль баталж зохицуулахгүй бол хээл ха­хуультай бодитой тэмцэх асуудлыг шийднэ гэж яриад ч хэрэггүй. Сүүлийн хорин жил ийм явж ирлээ. Ийм байдал хадгалагдсан хэвээр байх юм бол намын дарга болгон муу нэртэй болно.

Ер нь нам дотроо байхад сайн тал нь харагдахаас алдаа эндүү нь тэр болгон мэдэгддэггүй. Харин гаднаас нь харвал сайн нь бүдгэрнэ, алдаа нь тодорно. Би бол намаа дотроос нь сайныг нь ч харж, гаднаас нь мууг нь ч ойлгосон хүн. Хорин жилийн турш явсаар байгаад намуудын өрсөлдөөн нь үзэн ядалт, хамтын ажиллагаа нь хуйвалдаан болж хувирсан нь харам­салтай санагддаг.

Одоо бүр сонгуулийн луйвар, Оюу толгойн алдаа, Таван толгойн буруу шийдвэрийг хараад байх тусам намууд зөвхөн албан тушаал, ашиг хонжоо харсан хүмүүсийн хиймэл нэгдэл болон хувирч байгаа нь улам тод болж байна.

-Тэгэхээр бас л тантай ямар нэг байдлаар холбогдох бус уу?


-Би хариулахаас зугтаж байгаа юм биш, гэхдээ дандаа ганцхан асуулт тавьж болохгүй шүү дээ гэж хэлмээр байна. Намуудын төлөвшил хорин жилийн хугацаанд болсон. Энэ тө­лөвшлийн бурууг нь засъя гэж оролд­сон шүү. Тухайлбал намуудын сан­хүүжилтийн асуудлыг ил тод болгоё, зөв механизм нэвтрүүлье гэж на­муудаас их шаардсан, хүссэн. Намууд энэ асуудлыг шударга, ил тод болгох сонирхолгүй байсаар байгаад өдий хүрсэн.

Нөгөө нэг асуудал бол төрийн боловсон хүчний бодлого алдагдах, намууд мэргэжлийн чадвар муутай хүмүүсийг хэдэн зуу, мянгаар нь төрийн албанд оруулах, ингэснээр төрийн албаны ажлын чанар мэдэг­дэхүйц муудаж, намд хандив өгч “хохирсон”, түүнийхээ хариуд албан тушаалд шургалж “хожсон” хүмүүс “хохирол”-оо нөхөхийн тулд төрийн албыг хувьдаа баяжих хэрэгсэл бол­гон хувиргасныг засахын тулд Төрийн албаны тухай хууль санаачилж, төрийн албыг намаас хамааралгүй болгож, төрийн албан хаагчдыг намын гишүүний харьяаллаас чөлөөлж, ажил дээр нь баталгаажуулсан.

Одоо төрийн албан хаагчид зарим эрхтэн дархтан, нам, улс төрийн хүчинд зүтгэх шаардлагагүй болсон. Зарим хүн надад, та өөрөө ийм хууль гаргасан учраас сонгуульд амжилтгүй оролцох сууриа тавьсан гэдэг юм. Үүнийг зарим нь ч хууль дөнгөж яригдаж эхлэх үед ч хэлж л байсан. Хэдий тийм байж болох боловч би илүү томыг, чухлыг нь харж байсан учир нам, төр хоёрыг салгах нь зүйтэй гэж үзсэн учир зүтгэсэн юм.

Ер нь Энхбаяр гэдэг хүн албан тушаал дээрээ байх, байхгүй нь чухал бус, харин нам нь нам шиг, төр нь төр шиг байх нь илүү чухал. Би зарим нэг хүн шиг зөвхөн сонгууль бодоод зүгээр гараа ганзагалаад суухыг хүсдэггүй. Найм, арван хоёр жилээр ингээд суучихсан хүмүүс бас байгаа шүү дээ.

Одоо яриад байгаа энэ асууд­луудаа би тухайн үед ч хэлж, анхаа­руулж байсан. Нам маань биш болоод байна шүү, засаач, залруулаач гэж байнга хэлж байсан. Ер нь аливаа зүйл муудахаа хүрвэл маш богино хуга­цаанд мууддаг юм байна. Тэр дундаа нам. Би намын даргын ажлаа 2005 онд өгсөн. Одоо миний зүтгэж, босгож явсан нам танигдахгүй болтлоо өөрч­лөгджээ. Яагаад намын дарга нь удирдаж байгаад сонгуулиа буд­лиул­даг болчихов, яагаад Оюу толгойн ашиггүй гэрээ байгуулав. Ойлгохын аргагүй. Харсаар, хэлсээр, анхаа­руулсаар байхад алдаагаа засахгүй харин улам хүчтэй буруу тийшээ зүтгэх юм.

“Тэрэлжийн тунхаг” гэж гаргаж намын үзэл баримтлал, нэр солино гэх шив. Намын нэр, үзэл баримтлал хэнд саад болоод байгаа юм бэ. Энэ бол зөвхөн сонгуулийн амлалтаасаа бултахын тулд, гол яригдах асууд­луудыг өөрсдөөсөө зайлуулахын тулд явцуу сонирхолдоо хөтлөгдөн хийсэн ажил.

-Оюу толгойн гэрээг удтал гацаж байж шийдэгдсэн гэдэг. Зарим хүмүүс санаатай гацааж байсан ч гээд байдаг. Та яг ямар байр суурьтай байсан юм?


-Би өмнө нь Фридландтай, бас Английн хөрөнгө оруулалтын төлөө хөөцөлддөг хунтайж Эндрютэй уул­захдаа хэлж байсан. Монголын төрийн мэдэлд 51-ээс дээш хувь байх ёстой шүү гэж. Тодорхой хугацааны дараа тийм болж нэмэгдэнэ гэж. Эхлээд тэд дурамжхан байсан ч сүүлд нь зарчмын хувьд ойлгож зөвшөөрч байсан. Цаа­сан дээр баталгаажуулаагүй ч амаа­раа зөвшөөрсөн байсан. Гэтэл гэрээ өөрөөр хийгдсэн. Тэгэхэд би тухайн үед Ерөнхий сайд байсан Баярт мон­голчуудад ашигтайгаар шийдэхийн оронд яагаад 34-хөн хувийг аваад л болоо гэж зүтгээд байгаа юм бэ гэж асууж байлаа. Зүтгэсээр, зөрсөөр байгаад 34-хөн хувь л авсан.

Манай Цэц ч гэсэн Цэц. Монголын төр ашигт малтмалын томоохон ордыг ашиглахдаа хэзээ ч 50 хувиас дээш эзэмшиж болохгүй гэсэн заалттай утгагүй хууль гарч байхад тэрийг нь Үндсэн хуулийн “Газрын хэвлийд байгаа ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмчид байна” гэсэн заалтыг зөрчөөгүй гээд хамгаалаад үлдээж байдаг. Яагаад Монголын төр хэзээ нэг цагт 51 хувиас дээш хувьтай байж болохгүй гэж. Хаа хаанаа мэдэн будилж ийм шийдвэр гаргаж, хамгаалж болохгүй шүү дээ. Би их өрийн асууд­лыг оросуудтай муудалцаад ч ха­маагүй ард түмэндээ л ашигтай шийднэ гэж бодож зүтгэж байлаа. Гэтэл одоо манайхан гадныхнаас айгаад байдаг юм уу, эсвэл өөр ашиг сонирхол байдаг юм уу, ингэж буруу шийдээд байгаа нь үнэхээр ха­чирх­маар.

ЭНЭ НАМЫГ БИ БИШ ОДООГИЙН УДИРДЛАГУУД НЬ Л СӨНӨӨЖ БАЙНА

-Олон жил бат бэх байр суурьтай байж ирсэн ах нам ганхаж байна. Түүнийг нь намын дарга байсан Н.Энхбаяр эхлүүллээ гэсэн яриаг та хэрхэн хүлээж авдаг вэ. Танд тэдэнтэйгээ хамт байсан нь амар байгаагүй юу?


-Мэдээж тэд нартай нэг байр суурь баримталбал хувь хүний хувьд надад амар байхыг үгүйсгэхгүй. Аягүй бол хэдэн тендэр авчихна. Хэд гурван хүн албан тушаалд томилуулчихна. Хааяа ийш тийшээ урилгаар явж, зардлаа даалгана, томоохон компанийн ТУЗ-д орж, өндөр цалин авна. Бизнесийн ашиг сонирхлоо бүтээчихнэ. Гэхдээ над шиг ийм албан тушаал хашиж ирсэн хүнд ард түмнээсээ хөндийрч, тэд­нийхээ ашиг сонирхлыг мартаж, цөөн хүний ашиг сонирхлыг гүйцэлдүүлж амьдрах нь хамгийн хэрэггүй ху­вилбар.

Харин өнөөгийн эрх баригчдад Энхбаяраар, Шинэбаяраар, Энхсай­ханаар, олон түмнээр шүүмж­лүү­лэхгүй байя гэвэл амархан шүү дээ. Хамтарсан бус хариуцлагатай Засгийн газраа байгуулчихсан, олон түмэнд хэрэгтэй олон ажил хийж бүтээчихсэн бол мянган Энхбаяр шүүмжлээд ч олон түмэн дэмжихгүй. Гэтэл одоо ганц Энхбаяр шүүмжлэхэд айгаад сүйд болж байна.  Тэд надаас гэхээс илүү үнэнээс айж сандраад байгаа юм.

Тэр утгаар нь авч үзвэл энэ намыг би биш, удирдлагууд нь л сөнөөж байна. Ер нь аливаа юмыг гаднаас нь бус, дотроос нь сөнөөдөг шүү дээ. “Тос дотроосоо өтдөг” гэдэг биз дээ.

Намайг янз янзаар оролдож, над руу дайрч давшлан, миний ойр дотны хүмүүсийг дарамтлан, тал талын шахалт ирэхийг мэдэж байгаа ч би үнэний замаар л явна. Хэцүү байх нь ойлгомжтой. Надад хэцүү байх ч сэтгэлд маань амар сайхан байна. Ард түмнийхээ дэмжлэгийг авч, албан тушаалд сонгогдон, томилогдон ажил­лаж байсан би ард түмнийхээ талд нь байхаас өөр ямар ч аргагүй. Би ард түмэндээ өртэй болохоос намд, на­мын удирдлагад өргүй.

-Тэгвэл тэд танд өртэй юу?

-Магадгүй шүү. Гэхдээ би тэднээс өр нэхдэггүй. Нэхэх ч үгүй. Харин жудагтай байхыг нэхнэ.

-Таныг бүхий л суудалд сууж ирсэн. Дандаа нэгдүгээрт байсан нь хатгаад суулгахгүй байх шиг гэж хэлэх хүмүүс байх юм?

-Тэгж тайлбарлах хүсэл сонир­холтой хүмүүс байгаа. Гэхдээ би хүний нэг насандаа сууж амжихааргүй олон албан тушаалыг хашжээ. Одоо бол надад албан тушаал сонин биш. Миний яриад байгаа философи маш энгийн. Ард түмнийхээ талд байж сур, тэдэнд өрөө төлөхийн тулд зүтгэ. Ам, ажлаа нийлүүл. Амиа битгий бод, ард олноо бодож сур. Амрыг бүү хай, хэцүүг давж чад.

-Таныг хоёр толгой өөрт нь хамааралгүй болох болсонд ингэж бухимдаад байна гэх хүмүүс байх юм. Та тэгээд байгаа юм биш үү?

-Би хэлээд байна шүү дээ. Оюу толгойн 51-ээс дээш хувь Монголын талд ногдох ёстой шүү гэхэд гадныхан эхлээд дургүй байснаа сүүлдээ зөв­шөөрсөн. Тухайн үед намайг бас Фридландтай холбож харддаг байсан. Уг нь хардаад байх юм байгаагүй шүү дээ. Саналыг нь сонсч, Монголд ашигтай гэж бодсон саналаа тавьдаг байсан.

Таван толгойг бас л 100 хувь төрд авна шүү гэдгийг би хэлдэг л байсан.
Энэ дашрамд хүн, түүний үзэл бодол өөрчлөгдөх, эсэх тухай хэдэн үг хэлье. Хүн ерөнхийдөө өөрчлөг­дөхийг би зөв гэж үздэг, өөрчлөлт ч зайлшгүй байдаг. Гэхдээ алдаж бай­сан хүн алдаагаа засч өөрчлөгдөж байна уу, сайн гэгдэж байсан хүн алдаа гаргадаг болж өөрчлөгдөж байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгож, ухаарч байх нь чухал. Бүгдэд нь алдаагаа засч өөрчлөгдөхийг уриалъя.

-Та намынхаа 24 дүгээр их хур­лаар ч билүү намын нэрээ Ардын нам болгох гээд бүх зүйлээ ян тан болгочихсон байж байгаад Н.Бага­банди гуайн эсэргүүцэлтэй тулга­раад больсон гэсэн яриа байдаг юм билээ. Тийм бол яагаад та одоо Ардын нам болсонд дургүйцээд байгаа юм бэ?

-1996 он юм. Ялагдсан МАХН-ыг удирдан ажиллаж эхлэх үедээ шинэч­лэлийг хэрхэн хийх талаар намын нөхдүүдтэйгээ хамт цогц санал гар­гасан. Энэ үед намын нэр шинэчлэгдэх асуудал зайлшгүй яригдсан. Тэр үед намын анхан шатны нэгжүүдээс су­далгаа авахад олонхи нь сольё гэсэн саналтай байлаа. Гэхдээ 1997 оны сонгууль болох гэж байсан учраас, бас өмч хөрөнгийн маргаан дэгдэх магад­лал байна гээд, уг асуудалд нухацтай хандсан нь дээр хэмээн хойшлуулж байв.

Тэр сонгуулиас хойших удаа дараагийн бүх шатны сонгуульд МАХН гэсэн нэрээрээ ороод ялалт байгуул­сан тул намын нэр солих нь эхний шатны тулгамдсан асуудал биш юм байна гэдэг нь тодорхой болсон. Сонгуульд ялагдаагүй бол намын нэр, үзэл баримтлал, гишүүнчлэлийн асууд­лыг ярих нь илүүц хэрэг. Хэрэв авлига хээл хахууль, ажилгүйдэл, долдугаар сарын 1-ний хэрэг, сон­гуулийн луйвар, Оюу толгойн ашиггүй гэрээ, сонгуулийн амлалт, Таван толгойн төслүүдээ зөв зүйтэй шийд­чихээд, өөр хийх чухал асуудал үлдээгүй бол одоо нэрээ өөрчилнө гэх юм бол өөр хэрэг.

-Ардчиллын суурь зарчим  цөөн­хөө сонсоод олонхио дагаад явдаг. Та нам дотроо болохгүйг нь хэлээд тийм зарчмаар явж болоогүй юм уу?

-Би хангалттай хэлсэн. Хэлсэн, анхааруулсан нь хэтэрсэн үү гэхээс  лав дутаагүй. Сонсохгүй болохоор нь захиа хүртэл бичсэн. Гэтэл тэд Энхбаяртай ямар ч яриа байхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр би яах билээ.

Хэрэв МАХН нэрийг солиогүй бол би ийм огцом алхам хийхгүй байсан байх. Гэтэл намын нэрийг түүхтэй нь хаясан. Хамгийн гол нь анхан шатны байгууллага дээр гарсан шийдвэрийн эсрэгээр шийдсэн шүү дээ. Бас шүүмжилсний төлөө Сүхбаатарын талбай дээр миний нэрийг самбар дээр бичиж, улаан хамгаалагчид шиг ухамсар муутай залуусаар мөнгө өгч жагсаагаад эвдэж дэвссэн. Ингүүлсэн хүн яах ёстой вэ. Би харин ч их хүлээцтэй, тэвчээртэй хандаж байгаа шүү дээ.

ЛУЙВРЫН СОНГУУЛЬД БЭЛДЭХ ХЭРЭГ БАЙНА УУ?


-МАХН нэрийг авах асуудал юу болох бол?

-Хэрэв шударга ёс гэж байдаг бол, байх ёстой бол авна гэж бодож байгаа. Тэд энэ нэрийг хэрэггүй гэж хаячихаад, хаясан нэрийг өөд татаад авах гэхээр эсэргүүцээд “шогтоод” байна л даа. Бид энэ намын булхайг нь бус, харин шударга зарчмыг нь, үнэн түүхийг нь, ард түмнийхээ төлөө том, том үйл хэрэг бүтээж чаддагийг нь авч үлдэх гэж, Монголынхоо XX зууны түүхийг бүтнээр нь авч үлдэх гэж ингэж зүтгэж байгаа юм.

Улс төрийн намуудын тухай хуу­лийн 6.3-т намын нэр солигдвол хуучин нэрийг 24 жилийн турш хэрэглэж болохгүй гэж байсныг Цэц авч үзээд цаг хугацааны хувьд ч, эвлэлдэн нэгдэх эрх талаасаа ч Үндсэн хуулийг зөрчсөн байна хэмээн үзээд хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл намын нэрийг өөрчилсөн бол хуучин нэрийг маргаашнаас нь эхлээд сэргээн хэрэглэж болно гэсэн үг.

Гэтэл уг хуулийн намын нэр гэхээс илүү намын өмчийн асуудлыг зохи­цуулсан 15.6 гэсэн заалтыг шалтаглан өдий болтол намын бүртгэлийг хойш­луулан хийхгүй байна. Яагаад шал­таглан гэж үзэж байгаа вэ гэхээр аливаа хууль нэг цогц эрх зүйн баримт бичиг байдаг тул эсрэг тэсрэг утга санаа бүхий хоёр заалт нэг хуулинд байж таарахгүй. Нэгэнт Цэц уг хуулийн 6.3-ыг хүний язгуур эрх болох эвлэл­дэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон бол намын нэрийг өөрчилбөл хуучин нэрийг үргэлжлүүлэн буюу ямарваа нэгэн хугацааны хязгааргүйгээр үүрд мөнх хэрэглэж болохгүй гэсэн заалт тэр тусмаа хүчингүй болох ёстой нь ойлгомжтой шүү дээ.

МАХН-ыг бүртгэхгүй өнгөрөөж буй хоног тутам өнөөдөр төр, засгийн эрхэнд байгаа улс төрийн томоохон намууд, өндөр албан тушаалтнууд шүүх, Цэцэд буруу нөлөө үзүүлдэг, ажилд нь хөндлөнгөөс хутгалдан оролцдогийг баталж байна. Одоо байдал хэрхэн өрнөж байгааг харахад Цэцээс хуулинд цаг хугацааны зохи­цуулалт хийж болох мэт “мэргэн шийдвэр” гарч, түүнийг нь УИХ гэнэт сэрсэн юм шиг шүүрэн авч, улс төрийн намуудын тухай хуулинд намын нэрийг цаг хугацаагаар хяз­гаарласан заалт нэмж оруулж саад тавих гэж оролдох байх.

Гэтэл энэ бол бас л боломжгүй болсон зүйл гэдгийг эртхэн анхаа­руулж хэлэх хэрэгтэй. Нэгд, тухайн үед УИХ Цэцийн дунд суудлын дүг­нэлтийг авч хэлэлцэхдээ ийм зохи­цуулалт хийсэн бол болох байсан биз. Гэтэл Цэцийн дүгнэлтийг хүлээн аваагүй тул Цэц их суудлаараа хурал­даж 6.3-ыг бүхэлд нь хүчингүй бол­госон тул одоо хуулинд аливаа цаг хугацааны хязгаарлалт хийх боломж­гүй болсон.

Хоёрт, тухайн үед Цэцийн дүг­нэлтийг УИХ-аар авч хэлэлцэж байх үед УИХ-ын зарим гишүүний асуултад хариулахдаа Цэцийг төлөөлж асуудал танилцуулж байсан Цэцийн гишүүн Болдбаатар намын нэрийг соливол хуучин нэрийг олонхийн саналтай нийлээгүй хүмүүс авч ашиглаж болно гэсэн утгатай хариу өгсөн байдаг нь УИХ-ын хуралдааны тэмдэглэлд байгаа. Цэц нэг асуудлаар олон байр суурьтай байж болохгүй учир одоо ийм л байр сууриа баримтлах ёстой.

Гуравт, ардчилсан нийгэмд хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой баримталдаг нэг алтан зарчим бий. Ямар нэгэн асуудал шүүх дээр оччих­сон, удахгүй шүүхийн шийдвэр гарах гэж хүлээгдэж байгаа бол тухайн асуудлаар араас нь хөөж хууль гаргаж болдоггүй, тэр тусмаа хүндрүүлсэн маягаар хууль гаргадаггүй гэсэн зарчим. Ийм зарчим үйлчлэхгүй бол эрх баригчид дурын асуудлаар өөртөө ашигтай шийдвэр гаргаад араас нь хөөж хууль баталж чангалаад даран­гуйллаа тогтоох гээд байдаг тул ийм алтан зарчим байдаг. Манайх ард­чилсан орон мөн л юм бол энэ алтан зарчмыг хатуу баримтлах ёстой. Ингээд аль ч талаас нь авч үзэхэд МАХН-ыг бүртгэхээс өөр аргагүй байгаа юм.

Энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь өөрөө шүүх, Цэц засгийн эрх барьж буй улс төрийн намууд, эрх баригчдын хараа хяналтанд байна уу, үгүй юу гэдгийн нэг нотолгоо болно.

-МАН-аас танайхыг эсэргүүцэх тусам сурталчилгаа болоод байх шиг...

-Тэгж ч ойлгож болно. Тэд биднийг сурталчлаад, бид тэднийг сур­талч­лаад.

-Танайх нэрээ авсан ч эс авсан ч ямар нэг нэртэй болж таарна. Та 2012 оны сонгуульд нэр дэвших үү?

-Үнэндээ бодож байгаа юм алга. Одоогийн байгаа янзаараа байх юм бол шударга сонгууль болохгүй нь. Тийм учраас бодож чадахгүй байгаа юм. Луйврын сонгууль болох нь тодорхой байхад бодох, бэлдэх хэрэг байна уу. Луйврын сонгуульд хэн бэлддэг юм. Луйварчид л бэлдэнэ биз дээ.

-Тэгвэл 2013 оны сонгуульд?


-Намуудын дарга нар сая уулзаж, гарын үсэг зурахдаа парламентыг бэхжүүлнэ гэсэн утгатай, үнэн хэрэг дээрээ утгагүй заалттай бичигт гарын үсэг зурсан. Парламентыг бэхжүүлэх нэрийн дор Ерөнхийлөгчийг парла­ментаас томилдог болох гэж байгаа бололтой. Би сайн ч, муу ч Ерөн­хийлөгчийг ард түмэн сонгох ёстой гэж үздэг хүн. Түүнээс аль нэг нам, эсвэл намуудын хуйвалдаанаар гарсан хүн Ерөнхийлөгч байх нь өөрөө утгагүй асуудал. Ард түмнээ боддог хүн тэгж Ерөнхийлөгч болсноос болоогүй нь дээр.

-Таныг Үндсэн хуулийн бус зарчмаар төрийн эрхийг авахыг санаархаж байна гэж буруутгах хүмүүс байгаа. Үндэсний Аюулгүй байдлыг даргалж байсан хүний хувьд ингэх нь хэр зөв бэ?

-Өөрийн чинь асуултуудаас, хэв­лэлээр зарим хүний хэлж, ярьж, бичиж байгаагаас харахад Энхбаяр гэдэг нэг “аймаар” хүн байна аа даа. Ямар их “аймаар” юм төлөвлөдөг, ямар их юм мэддэг, хийдэг хүн бэ тэр Энхбаяр. Яаж амжуулдаг юм бол доо? Унт­даггүй, унд хоол иддэггүй, хэд хэдэн газар зэрэг явж, хэд хэдэн хүнтэй зэрэг уулзаж байдаг хүн шиг л санаг­даж байна шүү. Би тэр Энхбаярыг өөрийн эрхгүй их сонирхож байна. Харахсан, уулзахсан. Харамсалтай нь тэр Энхбаярыг олох гээд чадахгүй байна.

Ер нь яагаад хиймлээр “аймаар” хүн төрүүлдгийг мэдэх үү. Үүнийг тайлбарлахад их амархан. Өөрс­дийнхөө луйвар булхайг нуухын тулд нэг “аймаар” хүн зохиомлоор бий болгож гаргаад, өөрсдөө ард нь нуугдах гэж л тэр. Түүнээс төрийн эрх мэдлийг хууль бусаар авах ямар ч санаа бодол надад байхгүй.

Харин 2008 онд луйврын сон­гуулиар гарч ирсэн “МАН-АН” төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авсан шүү дээ.

-Та ард түмнийхээ талд байна гээд ийм нэг ажил эхлүүлээд яваад байдаг. Үүнийг дагаад танай гэр бүлийнхэнд таагүй байдал, дарамт ирж байна уу?


-Ирнэ ээ ирнэ. Цолмон маань, хүүхдүүд, хоёр талын аав ээж нар маань Энхбаяр гэдэг хүнээс болж их шаналж байгаа. Би өөрөө үйл явдлын дунд байгаа учраас элдвийн дайралт хөнгөн тусдаг, харин эд нарт маань илүү хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Тэд Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой болсноороо нэг ёсны золиос болж байна даа.

-Сүүлийн үед Энхбаяр гэдэг хүн албан тушаал ч үгүй боллоо. Адаг сүүлд нь эхнэрээсээ салж гэнэ гэсэн яриа гараад байгааг өөрөөс тань асуумаар байна л даа. Хэт хувийн асуудалд тань халдаж бай­гаа бол уучлаарай...

-Энхбаяр гэж ямар “аймаар” хүн байна вэ гэж би дээр хэлсэн дээ. Энхбаярын тухай ээлжит хиймэл яриа Цолмон бид хоёрыг “салгаад” байгаа юм. Урьд өмнө нь хадам ээжийн маань бие муудаж, урагшаа явахад Цолмонгийн нэр дээр “Swiss credit” гээд огт байдаггүй банкинд нэг мил­лиард ам.долларын хадгаламжтай нь ил болж, түүнийг зарлуулахгүйн тулд гуйхаар явлаа гэсэн гүтгэлэг гарч байсан даа. Түүнээс хойш бүтэн хоёр жил өнгөрлөө. Тэр хадгалуулсан мөнгө нь, түүнийг зарласан нь хаана байгаа юм бэ. Түүнтэй адил бас л нэг зохио­мол үлгэр.

Би урьд өмнө ийм зохиомол гүтгэ­лэг сонсоод, уншаад хүмүүс үнэхээр тэгж буруугаар бодох вий, ойлгох вий хэмээн санаа зовж тайлбарлах гэж оролддог байсан. Харин одоо юу ойлгосон бэ  гэхээр ийм зохиомол юмнуудыг тайлбарлах гэж цагаа гарц­дах хэрэггүй гэдгийг.

Харин гэр бүлийн харилцааны талаар ямар бодолтой явдаг вэ гэвэл нийгмийн хамгийн чухал харилцаа бол гэр бүлийн харилцаа. Манайд гэр бүлийн харилцаа ямар байх талаар багаас нь зааж сургадаг зүйл алга байгаа тул хүмүүс их алддаг. Гэр бүл дотроо эрүүл харилцаж чадахгүй бол, нийгэмдээ эрүүл харилцаж чадахгүй.

Нийгэмд эрчүүд нь эмэгтэйчүүдээ гомдоох нь илүү байдаг. Ажил төрлөөс эхлээд, нийгмийн харилцааны хэв маяг гээд яривал эмэгтэйчүүд гом­долтой үлдэх нь их. Тэгэхлээр би энэ амьдралдаа нэгээс илүү хүн гомдоодог тийм “мундаг” хүн биш. 

Цолмонгоо мэдээд, бас мэдэхгүй бишгүйдээ л нэг гомдоолоо шүү дээ. Түүнээс бус нэгийг гомдоож салаад, нөгөөтэй сууж дахин гомдоох тийм “эр зориг” надад байхгүй. Надад Цолмон маань хангалттай.

Зарим тийм хүмүүс байдаг л байх. Би тийм биш. Тэгж хүнд ачаа үүрч явж чадахгүй. Цолмон бол миний амьд­ралд тохиолдсон хамгийн том аз. Эхнэр, нөхөр хоёр нэг нэгийгээ олж, хамт амьдарна, хүүхэд төрүүлж, тэднийгээ хүн болгоно гэдэг чинь өөрөө хамгийн том гайхамшиг. Гэхдээ хүмүүс ихэнхдээ тэр гайхамшгаа ойлгодоггүй, бас үнэлдэггүй. Ер нь гайхамшиг бол бидний амьдралд өдөр бүр тохиож байдаг. Түүнийгээ олж харж чаддаг байх нь чухал.
Цолмон бол миний амьдралд учирсан гайхамшиг.

-Нэг хэсэг таны гэр бүлийн хүн шиг бүхий л хэрэгт оролцдог тэр­гүүн хатагтай байхгүй гэгддэг бай­сан. Энэ тухайд...


-Уг нь Цолмон маань хэнээс ч дутахгүй чадвартай, дайчин эмэгтэй. Энхбаяр гэдэг хүнтэй амьдралаа холбосноос болж миний ажилд дараг­дан, янз янзаар хэлүүлээд тэрнээсээ болгоомжлон гэртээ суух болсон. Үнэндээ надаас хэд дахин илүү дайчин хүн шүү дээ. Гэхдээ зарим хүний бичдэгээр намайг залж, удирдаад байгаа юм байхгүй. Намайг ойлгож дэмждэг гэвэл зөв болно. Бас “эхнэр­тээ удирдуулдаггүй” ч гэх шиг зарим хүн худлаа жүжиглэдэг. Ер нь нөхөр нь эхнэрийнхээ үгийг сонсдоггүй, эхнэр нь нөхрийнхөө үгийг үл тоом­сорлодог байдаггүй шүү дээ. Нэг гэр бүлийн хүмүүсийн хувьд санал бодлоо солилцож, ярилцаж л таараа. Гэр бүлийн хоёр нэг нэгэндээ нөлөөлж л таарна шүү дээ.

Зарим хүн би гэртээ ажил ярьдаггүй гэж зална. Гэтэл гэр бүлийн хүн нь ажлаасаа болж санаа зовнисон байвал асууж л таарна, санаа бодлоо хуваалцаж л таарна биз дээ. Тэгэхэд  урдаас нь би чамтай ажил ярихгүй гэх үү. Тэгвэл тэр эхнэр, эсхүл нөхөр гэдэг хүн чинь зүгээр тавилга юм уу. Тэгж “мундаг” амьдралаа зохицуулж, амьтай эхнэр, нөхрөө амьгүй тавилга болгодог хүмүүс байна уу. Тэгвэл тэд өөрсдөө тавилга болчихжээ гэж ойлгох хэрэгтэй.

Ингэж л хариулъя даа. Дараагийн арга хэмжээний цаг болчихоод байна. Их ч удаан ярилаа. Ярилцлагаа дуусгах уу даа...

-Надад асуумаар асуултууд бай­гаа юм сан.

-Энэрэлээ, чи яг над шиг нэг ажил эхэлсэн бол бүгдийг дуус­гах гээд байдаг зантай юмаа даа. Гэхдээ дараа хариулахаар бас хэдэн асуулт үл­дээвэл ямар вэ?

-За тэгье дээ.  Нээрээ, та ойрд ууланд авирсан уу?


-Ууланд авиралгүй яахав. Ууланд авирах нь өөрөө өөрийгөө ялснаас эхэлдэг юм. Хүмүүс эргэн тойрноосоо энерги авлаа гэдэг. Хамгийн сайн энерги бол бусдыг “ялснаасаа” биш, харин өөрийгөө ялан дийлсний энерги байдаг. Өнгөрсөн жил Ховд, Баян-Өлгийн зааг дээр байдаг Сайр хайрхан ууланд авирсан. Орой дээрээс нь уулын цанаар буусан даа.

-Ярилцлага өгсөн танд баяр­лалаа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив