Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ШҮТЭН БИШРЭГЧ
2011 оны 4 сарын 4 [Уншсан тоо: 41272]
Өнгөрсөн цагаан сарын барилдаанд түрүүлэх бөхчүүдийн тоонд нэр багтаж явсан Ч.Санжаадамба санаандаа хүртэл барилдаж чадаагүй. Түүнийг ааг омгоо жаахан сэгийлгэхэд л бөхийн хорхойтнууд шүгэлдэж, усны сав шидэж эхэлсэн билээ. Төдөлгүй үзэгчдийн эл байдлыг давж чадалгүй, шатаж ассаар мөнөөх цэргийн хурц арслан уначихаж байгаа харагдсан. Тэгэхэд монгол бөхийн шүтэн бишрэгчид хэзээ тийм байлаа, монгол бөх хэзээ ийм хатгүй байлаа гэсэн бодол энэ ертөнцийнхний нарийн ширийнийг мэдэхгүй ч сэтгэлд бууж асан билээ. Чингээд л монгол бөхөө дээдэлдэг, бөхөө хүндэтгэдэг жинхэнэ үнэнч шүтэн бишрэгч Б.Авирмэд эмээгээ, айлын хөршийн тэр нэг сайхан азайгаа дурсах уярал, Агваансамдангийн Сүхбатаар дэг жаягт монгол бөх хомсдоо юу гэсэн харуусал зэрэгцсэнсэн. Б.Авирмэд гуайг Бөхийн өргөөнд очиж бөх үздэг хүмүүс, бөхчүүд үргэлж санан дурсдагт эргэлзэхгүй байна. Буурал толгойтой, бөхийн үнэн хорхойтон тэр хөгшнийг Сүхбатын эмээ, бөхийн эмээ хэмээн хүмүүс нэрийддэг байсан гэдэг. Харин би тэр хөгшнийг бүр багаасаа л мэддэг байлаа. Зуслангийн хөрш айлынхаа тэр эмээг бөхөд тийм дуртай гэдгийг харин хожуу мэдсэн дээ.

Тэр Бөхийн өргөөнд зөвхөн нэг газар л сууж бөхөө үзнэ. Тэр нь А.Сүхбат аваргын суудгийн чанх харалдаа. Сүүлдээ барилдааны дараа аварга эмээ дээр очиж үнсүүлж, давааны хишгээсээ заавал хүртээдэг болж. Тиймээс хүмүүс тийн Сүхбатын эмээ гэдэг байсан биз. Эмээ үнэнээсээ түүний шүтэн бишрэгч. Хазайхад нь дагаж хазайж, давахад нь түрүүлж дэвдэг тийм л нэгэн байжээ. Тэр А.Сүхбат гэлтгүй бүхий л бөхчүүдийг эвийлэн, сэтгэлээсээ дэмждэг эгэлгүй сэтгэлтэй нэгэн байлаа.

Б.Авирмэд гуай хар залуугаасаа бөхөд хорхойтой байсан гэдэг. Хөдөөд телевизор гээч нь байгаагүй үед транзистор залган, түүндээ орчихоо шахан сонсдог байжээ. Нөхөр нь бөх гэж сүйд болохгүй байхад эхнэр нь бөх гээд амиа тавихаа шахна. Тэр нэг жил зуданд нэрвэгдсэн малчдад туслахаар бөхчүүд хандивын барилдаан хийж, баахан нэмнээ бээлий цуглуулсан байна. Үүнийг сонссон Б.Авирмэд гуай өглөөний нарнаас үдшийн бүрий болтол хэдэн өдөр бээлий оёж бөхчүүдийн илгээсэн хандивт өөрийнхийгөө ч багтааж байжээ. Үүний дараахан Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой хөгшин таарсан ч юм уу, тасалбар олдохгүй орж гуйсан ч юм уу ямартай ч нэг уулзалдсан санж. Тэгэхэд тэргүүн Р.Нямдорж олон жил бөх үзэж байгаагийнх нь хувьд, бас бээлий хандивлаж байсан хөгшин гээд Бөхийн өргөөнд орох эрхийн бичгийг шийдэж өгсөн гэдэг. Ингээд л эмээ зөвхөн нэг суудлаас бөхчүүдээ дэмжин суудаг болжээ.

Бөхийн хорхойтнууд түүнийг үнэхээр анддаггүй юм билээ. Харин саяхнаас "Эмээ харагдахаа байж, бурхан болчихоогүй байгаа даа" өөр хоорондоо үгүйлэн ярьцгаах болжээ.

Түүний охин А.Уранчимэг ярихдаа "Ээж бөхийн барилдаан болох өдөр эртээ гэгч босч дээл хувцсаа бэлдэж байгаад л такси бариад бөхөө үзэхээр явчихдаг байсан. Бөх үзэхээр явахдаа үс толгойгоо угааж, дээл хувцсаа бэлдээд маш хүндэтгэлтэй ханддаг байсан. Олон бөхчүүдийг хайрлан хүндэтгэдэг байснаас А.Сүхбат аваргыг онцгой хайрладаг байлаа" хэмээж байсан.

Аварга ч өөрийнх нь "захыг мушгин" суугаа хөгшинд байнга талархалтай ханддаг байжээ. Зарим барилдааны дараа эмээтэй хамт зургаа авахуулна, давааны хишгээсээ заавал хүртээнэ. Нэг удаа 40 мянган төгрөг ч билүү хүртээсэн гэдэг. Түүнийг ер хэрэглэхгүй, аваргын хишиг хэмээн хадгалсаар байж. Мөн Далай аваргын цолны найрандаа урьсан урилгыг хөгшин хоймроо залж, гадаа нарлан суудаг хөгшдөдтэй тэр сайхан үйл явдлын талаар удтал сонирхуулан ярьж байжээ.

Нэг удаа бөхийн фэн гэдгээрээ "Ийгл" телевизийн зочны ярилцлагад оржээ. Тэгээд л ирээдүйтэй бөхчүүдийн нэрийг дурдаж ярьж өгөлгүй яахав. Харин гэртээ ирчихээд "Өө, М.Жамьянпүрэвийгээ нэрлэхээ мартаж" гээд их л харамсан хэдэн өдөржингөө үүндээ шаналж байсан гэдэг.

Хөгшид настнуудын хувьд цагаан сарын бэлтгэл гэж хэдэн сарын өмнөөс сэтгэлийн нэхээс байж, дөхөөд ирсэн өдрүүдэд гэрээсээ ч гарахгүй хөл болдог. Харин Б.Авирмэд гуай битүүний өдөр маргааш ямар өдөр гэдгийг ч мартсан мэт бөхдөө гараад явчихдаг байжээ. Ямартай Б.Авирмэд гуайн эгч хөгшин "Өвөө бөхдөө явчихсан уу" хэмээн дүүгээ хошигнон сурагладаг байж.

Д.Авирмэд гуай А.Сүхбат аваргыг жижиг гэдгээрээ цоллогдон аатай, хурдтай гарч ирэх тэр үеэс нь "Энэ хүү юм дуулгана шүү" гэсээр суудаг байжээ. А.Сүхбат аварга гэнэтийн шийдвэр гаргаж, ид галтай үедээ зодог тайлах болсон тухай мэдэгдсэн 2006 оны наадмыг хүмүүс мартахгүй биз ээ. Зуслан дээр наадмын барилдааныг телевизээр харж суусан манай гэрийнхэн цочир мэдэгдэлд гайхаж байтал Б.Авирмэд гуай "Энэ юу болоод байна аа" гэсээр нулимс дуслуулан орж ирж байсан билээ. Үүнээс хойш хэдэн өдөр хөршийн эмээ маань үлэмж гундуухан явсан сан. Харин нэг өдөр "Би аваргатай ярилаа. Авирмэд гуай ингэх шаардлага байсан юм аа гэж байна. Аварга нэгийг мэдэж байгаа биз" гээд овоо тайвширчихсан, бүүр "сэхчихсэн" харагдаж байсан, хөөрхий. Зуслангаас орохын өмнөхөн настан "А.Сүхбат байхгүй болохоор бөх ч үзэх сонирхолгүй болчихлоо" гэсээр сууж байсан сан.

Тэр намраас хойш хөгшний бие тавгүйрхэж, Бөхийн өргөөндөө очиж олон барилдаан үзэж чадаагүй гэнэ лээ. Хэвтэрт байхад нь А.Сүхбат аварга нэг арга хэмжээнд урихад эрүүл хүн шиг босч очиж байсан гэж байгаа. Бөхөд хүндэтгэсэн ямар их хайр хүндэтгэл, үнэнч сэтгэл вэ гэмээр. Бөхийн хорхойтон Б.Авирмэд гуайн охины хэлснээр хөгшин, бурхан шүтэж сүйд болдоггүй байжээ. Харин аваргын зургийг бурхан мэт шүтэж орны дэргэдээ хадсан байдаг байж. Бөхийн өргөөнд А.Сүхбат аваргын харалдаа ард нь байнга суудаг байсан ногоон дээлтэй бөхөд хайртай тэр эмээ 2007 оны хавар бурхан болсон. Магад хайртай бөхгүй наадмаа үзэх хэцүүхэн өдрүүдээс урьтан одсон байж гэмээр.

Бөхөд хайртай, бөхчүүдээ хайрладаг тийм л сайхан ард түмний нэг нь Батдэлгэрийн Авирмэд гуай байсан юм.

Б.Авирмэд гуайн талаар охиноос нь дэлгэрүүлж асууж байхад нэгэн сонин түүхийг ярьсан билээ.

Хөгшнийг өнгөрсний дараа хүүхдүүд нь байраа солихоор болжээ. Олон ч хүн ирж байрыг нь үзэж, хуучны байр байна гэсээр ирж, буцаад байж. Гэтэл хоёр жаахан хүүхэдтэй залуу гэр бүл ирж байрыг нь үзжээ. Тэгэхдээ хөгшний наасан аваргын зургийг үзээд яриа өдсөн аж. Тэгээд Сүхбат аваргын ард суудаг эмээгийнх гэж мэдээд уг байрыг худалдан авахаар болжээ. Гэрийн эзэн мөн бөхөд хорхойтой, аав ээжийгээ дагаж "байр үзэлцэж" наагуур цаагуур гүйж байсан хүүгийн нэр мөн Сүхбат байсан нь бэлгэшээлийн дээд болоо юм болов уу даа гэж бодогдох. Монголчуудын бөхөө хайрлах сэтгэл, дэг жаяг өндөр. Энэ өгүүлсэн нэгээхэн том жишээ, үлгэр нь. Харин тэр сайхан чанар ногоон дээлтэй, цагаан толгойтой Б.Авирмэд гуайгаар минь дуусчихмааргүй л байгаа юмдаа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn