С.БАЯР ЮУ ӨГҮҮЛЭВ
2011 оны 3 сарын 10 [Уншсан тоо: 12299]
С.Баяр: Улсын ерөнхийлөгч хүний шахалтаар гарын үсгээ зурдаг байсан болж байна уу?

“Долдугаар сарын-1”-ний асуудлыг тэр үеийн ерөнхий сайд, МАХН-ын дарга асан С.Баяртай холбон тайлбарласан утгатай мэдэгдлийг онц байдал тогтоох үед Монгол улсын ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр удаа дараа гаргалаа. Харин дээрх хэрэг, явдлын талаар С.Баяр юу ярьж байсныг уншигч танд дахин сануулах зорилгоор дараахь ярилцлагыг толилуулж байна. Хэсэглэн толилуулж буй энэ ярилцлагыг манай шилдэг нийтлэлчдийн клубийн гишүүн, “Өдрийн сонин”-ны албаны дарга Э.Энэрэл өнгөрсөн онд хийсэн юм.
Baabar.mn


Саяхан долдугаар са­рын 1-ний өдөр болж өнгөрлөө. Та юуны ту­хай асуух гэж байгааг гадарлаж байгаа байх. Олон хүн хоёр жилийн өмнөх тэр өдрийг дурсч, иргэд таван хү­ний халуун амийг нэ­хэж байна. Буруутай гэгдэж байгаа хүмүү­сийн дунд таны нэр бас явж байгаа. Гэтэл та энэ сэдвээр ярихаас зайлс­хийгээд байдаг юм шиг. Хэдхэн хоногийн өмнө танаас энэ талаар юм асууя гэсэн сэтгүүлч­дэд "Үгүй дээ, үгүй" гэж хэлчихээд яваад өгч байх жишээ­тэй. Та яа­гаад энэ сэд­вээс зайлс­хийгээд, байр сууриа илэрхийлэхгүй яваад байдаг юм бэ?


-"Долдугаар сарын  нэгэн" бол өнөөгийн мон­голчууд бидний хувьд хамгийн эмгэнэлтэй, хам­гийн эмзэг сэдэв болсон. Энэ бол босон суун ярь­даг, Төрийн ордны хонги­лоор холхингоо хөнддөг сэдэв лав биш. Тийм уч­раас эртээд би чуулганы танхимаас гарахад на­майг бүчээд авсан, энэ сэдвээр асуулт тавиад эхэлсэн сэтгүүлчдэд үүнийгээ учирлан хэл­сэн. Тэд ч ойлгосон байх. Би энэ сэдвээс зайлсхий­гээд, таг дуугүй яваад байгаа юм биш. Одоо­гоос яг хоёр жилийн өмнө, үйл явдлын өрнө­лийн дараахан би Мон­гол Ул­сын Ерөнхий сайд, МАХН-ын даргын хувьд ард түмэндээ хан­даж байр сууриа албан ёсоор илэрхийлсэн, ууч­лал гуй­сан. Тухайн үед хэлэх шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ хэлсэн бай­даг.
Өнгөрсөн намар УИХ-ын хэсэг гишүүдийн са­наачлагаар энэ сэд­вээр нээлттэй ярилцах үед ч би сэтгүүлчдийн асуул­тад хариулж бай­сан. "Буудах тушаал өг­сөн үү" гэсэн тодорхой асуултад ба­римт нотол­гоотой тодор­хой хариул­таа өгсөн. Тэрнээс бус­даар дол­дугаар сарын нэгний асуудлаар бус­дын адил чанга чанга дуугараад, олон долоон юм яриад байх нь илүүц гэж боддог.

-Яагаад?


-Яагаад гэдэг нь дэн­дүү ойлгомжтой юм биш үү? Долдугаар сарын нэгний талаар өнөөдөр ам томтой болгон нь ярьж байна. Дээр нь би гээч этгээд тухайн үед Ерөн­хий сайд байсныхаа хувьд, сонгуульд ялсан намын даргын хувьд байр сууриа хамгаалаад, өөрийгөө өмгөөлөөд, бус­дыг буруутгаад суулаа гэж бодъё. Өнөөдрийн Монголын тулгамдсан гол асуудлаа шийдэхэд энэ нь тус болох уу, ус болох уу? Аньж ядаж байгаа гүн шархыг энэ нь сэдрээх үү, эдгээх үү? Үүнийг бодоод л илүү үг хэлчих вий гэж өөрийгөө хоёр жил татаж, дуугаа хурааж явлаа. Тэрнээс биш хэлэх юмгүйдээ, эсвэл хэн нэгнээс эмээ­сэн­дээ дуугүй яваад бай­гаа хэрэг огт биш. Тэгээд ч хэн нэгний чанга дуу­гарснаар, эсвэл түрүүлж дуугарсныхаар нь асууд­лыг эцэслэн дүгнэхгүй нь ойлгомжтой. Дахин хэлэ­хэд бид өнөөдөр гол асуу­дал дээрээ хүчээ нэгт­гэх ёстой гэж боддог. Эс тэгвээс цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид хөгжих үү, хөглөрөх үү гэсэн зааг дээр дэндүү удаж байна.

-Тэгээд гол асуудал дээрээ хүчээ нэгтгэж бай­гаа  нь энэ гээд энэ асуудлыг орхих ёстой гэж үү. Тантай адил бүгд энэ сэдвээс зайлс­­­хийгээд, дуугаа хураагаад байвал юу болох вэ?

-Дуугаа хураах ёстой гэж би хэлээгүй.  Харин дуугарвал үнэн үг дуу­гарах ёстой л гэж  хэл­мээр байна. Долдугаар сарын нэгний эмгэнэлт явдлын үнэн учрыг олох ёстой. Хэн юу хийв гэд­гийг бодитоор тогтоох ёстой. Буруутанд хариуц­лага хүлээлгэх ёстой. Сур­гамж авах ёстой. Дахин давтагдахгүй байх бүх талын баталгааг бүр­дүүлэх ёстой. Энэ бол ойлгомжтой. Гэтэл үнэн учрыг олохын оронд за­рим нь эмгэнэлт явдлаар улс төрийн шоу хийгээд эхэлж байгаа юм биш үү. Бүгд харж л байна шүү дээ.

-Юуг харж байна гэж?
 
-2008 оны долдугаар сарын нэгэнд юу болсныг Монголын ард түмэн харсан. Хэн өдөөсөн, хэн өртсөн. Хэн дайрсан, хэн дайруулсан. Хэн шатаа­сан, хэн шатсан гээд бүх юм тодорхой харагддаг. Гэтэл дайрсан этгээд нь өнөөдөр хохирогч шахуу болчихоод чанга чанга дуугараад, том ам гаргаж хөмсөг зангидан сагаж явна. Өөрсдийнх нь өдөө­­сөн үймээний хар­гайгаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхний гашуудал зов­лонгоор ээлжит шоу­гаа найруулж  "Хариуц­лага хаа байна" гээд орилж явна. Энэ нь зөв үү. Үүнийг шударга ёс гэж үзэх үү гэж асуумаар санагдаад өнөөдөр би тэсэлгүй хэдэн үг дуугарч байгаа нь энэ.

-Долдугаар сарын нэгний үйл явдлыг сон­гуулийн булхай луйв­рын эсрэг боссон ард түмний шударга тэмцэл гэж үздэг хүн олон байдаг. Үүнийг та арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ?
     
-Миний үгүйсгэх, эс үгүйсгэх нь чухал биш. Бодит баримт чухал. УИХ-ын чуулган дээр яригдсан нэгэн баримтыг сануулъя. Долоон сарын нэгний жагсаал нь үй­мээн болсон. Тэр үй­мээнд оролцсон мянга орчим хүнийг баривчилж  цагдан хорьсон байдаг. Тэдгээрээс хоёр зуу ор­чим хүн л хуруун дээрээ сонгуульд оролцсон тэм­дэгтэй байсан гэдэг. Та­ван хүний нэг нь гэсэн үг. Оролцоогүй сонгуулийн­хаа дүнг эсэргүүцнэ, тэм­цэнэ гэж байх уу. Тэр өдрийн жагсаалд оролц­сон иргэдийн тодорхой  хэсэг нь сонгууль луйвар болсон гэж үзэж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ долдугаар сарын нэгний жагсаал цуглаан, үймээн самуун, адал балмад явдлыг бүгдийг нь ний­лүүлээд  "Шударга бус сонгуулийн эсрэг боссон ард түмний шударга тэм­цэл" гэх нь үнэнд нийцэх үү. Сонгууль луйвартай боллоо гэхэд тэр луйврыг дан ганц МАХН хийсэн гэхэд хэн үнэмших юм бэ. Энэ мэтээр асуугаад бай­вал урт жагсаалт болно биз. Үүгээр хязгаарлая. Тэгээд ч ярилцлага маань мэтгэлцэл маягийн юм болох гээд байна. Мэтгэл­цэх, эсвэл өөрийгөө өм­гөө­лөөд өрөөлийг бу­руутгах бодол надад алга байна.

-Тэр өдөр ямар ч үймээн шуугиан болсон байлаа гэхэд хүний амь л үрэгдэх ёсгүй байсан гэж олон хүн үздэг. Үүнийг сэргийлж ча­даагүй учраас төр, төрийн цагдаа, түүнийг удирддаг Засгийн газар буруутай гэж үздэг хүн ч цөөнгүй. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн нь та байсан. Шулуухан асуухад та өөрийгөө буруутай гэж үздэг үү. Ерөөс тийм хэмжээний  үймээн самуун гарахад Монголын төр  бүхэл­дээ бэлэн биш байсан гэдэгтэй та санал ний­лэх үү?

-Зөвхөн төр биш, хэн ч бэлэн байгаагүй юм шүү дээ. Тийм ч учраас бүгд цочирдсон. Бусдын тухай яриад яахав. Би хувьдаа ийм юманд бэ­лэн бай­гаа­гүй. Гэтэл юунд ч бэ­лэн байх нь миний албан үүрэг. Бэлэн байгаагүй учраас тухайн үед би буруу, зөв хөдөл­сөн үү, алдсан бол юун дээр алдсан бэ гэдгээ одоо хүртэл эргэцүүлж боддог. Хүний амь хохир­чих вий гэсэн бодол тэр аймшигт өдрийн гол бодол бай­сан. Тийм ч учраас доо­роосоо ша­таж, дөрвөн талаасаа чулуу тоосгоор бөмбөг­дүүлж байсан на­мын байр­наасаа тэнд байсан олон зуун хүнийг, түү­ний дотор сэтгүүлч­дийг эсэн мэнд гаргах гэж нө­хөдтэйгээ хамт байд­гаараа үзсэн. Дараа нь шатсан байрнаасаа хам­гийн сүүлд тавуулаа га­раад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр "Галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй" гэж Ерөнхий сайдын хувьд хүчний байгууллагын удирдлагад тушаал буул­гаж байсан. Гэлээ ч хүний амь үрэгдсэн...
Олон юмыг нөхөж, сэргээж болдог. Хүний амийг л нөхөх аргагүй. Хүүгээ, дүүгээ, ахаа алд­сан ар гэрийнхний зов­лонг юугаар ч нимгэлэх боломжгүй. Ямар ч учир­лал, мөнгө төгрөгөөр уй гашууг нь тайлах арга байхгүй. Тийм ч учраас уй гашуундаа гандаж яваа тэднийг эгцлэн хараад "Би огт буруугүй" гэж хэ­лэх эрх надад л лав байх­гүй. Ийм эмгэнэл болсон байхад Засгийн тэргүүн буруугүй байна гэж үгүй дээ гэж боддог. Тиймээс буруутай бол түүнийгээ өөрөөсөө зайлуулах, огт буруугүй хүн болж хараг­дах бодол надад алга. Гэхдээ би л буруутай шүү гээд бүхнийг өөр дээрээ тохоод авах бодол ч бас алга байна. Тийм хуу­рамч өгөөмөр зан үнэн мөнийг тогтооход хэрэг болохгүй.

-Алдсан бол юун дээр алдсан бол хэ­мээн эргэцүүлэн бод­дог гэж та сая хэллээ. Сонгуу­лийн дүн албан ёсоор гараагүй бай­хад танай нам ялалтаа зарласанд хүмүүс их бухимдсан гэж үздэг. Энэ нь эхнээ­сээ буруу шийдэл  байж, шаазгай суух овоо­хой нь болсон ч  гэдэг?


-2008 оны УИХ-ын сонгууль бол ардчилсан Үндсэн хууль батлагд­санаас хойш хийгдсэн тав дахь сонгууль. Түү­нээс гадна Ерөнхий­лөг­чийн, орон нутгийн сон­гууль гээд нэмбэл сонгуу­лийн тоо арав гараад явчихна.
Энэ бүх сонгуу­лийн урьдчилсан дүн га­рахад намууд хэвлэлийн хурал хийлгэж түүнийгээ танилцуулдаг тогтсон жи­шиг байдаг. Тэр жишгээ­рээ л явсан тул үүнийг буруу гэх, тэгэх тусмаа шаазгай суух, шаагих шалтаг болгох гээд байх нь хаашаа л бол.

-Тэр өдөр таныг жаг­саад ирсэн олны өмнө гарч ирээд байдлыг нам­жаачихаж болоогүй юм уу гэж бас ярьдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?

-Би гарч ирснээр жагс­­сан гэхээсээ улан­гассан хүмүүс тайвшраад та­раад явчих байсан гэж огт бодохгүй байна. Нэгд, тэр өдрийн жагсаал цуг­лаан урьд урьдынхаас огт өөр зорилго, агуулга­тай бай­сан. "Уулзаж ярилцъя" гэсэн бодолтой биш "МАХН-ын байранд га­лын наадам хийе" гэсэн зорилготой тодорхой хү­мүүс тэр жагсаалыг зо­хион байгуулж, шидэх чулуу, шатаах түлшээ фургон фургоноор урьд­чилан базаасан байдаг. Үгүй гэж үү. Тийм хүмүүс­тэй энгийн номхон яриа өрнөх байсан гэж үү. Хоёрт, сонгуулийн урьд­чил­сан дүнг үгүйсгэж бай­гаа тийм хүмүүсийн өмнө би гарч ирээд "Уучлаа­рай, манай нам сон­гуульд ялсан биш, ялагд­сан юм байна шүү" гэж хэлэхгүй нь лавтай. Нэ­гэнт тэр үгийг хэлэхгүйгээс хойш би гарч ирснээр тэд тайвшраад явна, байдал намжаад сайхан болчих байсан гэдэгт итгэх эрүүл ухаантай хүн олдох юм уу?

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хол­боо­той сэдвээр  танаас асуулт асуух гэсэн юм...

-Уучлаарай, Н.Энх­баяр­тай холбоотой сэд­вээр ярих сонирхол на­дад алга. Учир нь, өнгөр­сөн хавар энэ сэдвээр би хангалттай ярьсан. Олон ч асуултад хариулсан, байр сууриа ч тодорхой илэрхийлсэн байгаа. Энэ сэдвээр байн байн яриад байх сонирхол надад үнэндээ алга байна. Би ямар Энхбаяр судлаач биш. Надад судалмаар санагддаг илүү сонир­холтой сэдэв олон бий. Өөр сэдвээр ярья.

-Үгүй ээ. Н.Энхбаяр­тай холбоотой биш, дол­­дугаар сарын нэ­гэн­тэй холбоотой сэ­дэв. Саявтар телеви­зийн хэд хэдэн сувгаар гарсан "Захиалгат нэвт­рүүлэг"-ээр долдугаар сарын нэгний гол бу­руутнаар таныг нэр зааж тодруулсан бай­сан. Харин уг нэвтрүүл­гийг Н.Энхбаяр захиалж хийлгэсэн гэх хүмүүс цөөнгүй байна. Өнгөр­сөн бямба гаригт гэхэд л МҮОНТ-ээр Ерөнхий­лөгч асан Н.Энхбаяр ярилцлага өгч дээрх нэвтрүүлэгтэй санаа нэг зүйлс ярьж байна лээ. Та тэр нэвтрүүлэг, ярилц­лагыг нь үзсэн үү?

-Заримыг нь үзсэн, заримыг нь үзээгүй. Юу гэж?

-2008 оны дол­ду­гаар сарын нэгэнд Онц байдал тогтоох тухай  зарлигт Ерөнхий сайд С.Баяр шахаж байгаад Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулсан гэж тэр нэвтрүүлгээр гарч бай­сан. Нээрээ та Ерөнхий­лөгчийг шахаж шаар­даж байгаад тэр зар­лигт гарын үсгийг нь зуруулсан юм уу гэд­гийг танаас тодруул­маар байна?

-Энэ асуултын агуул­гыг эргээд сайн бод доо. "Ерөнхийлөгчөөр гарын үсгийг нь зуруулна" гэдэг чинь юу гэсэн үг вэ. Арай ч дээ. Дарж байгаад, га­раас нь барьж байгаад зуруулчихсан хэрэг үү. Ямар балчир хүүхэд, эс­вэл амьгүй албат байгаа биш дээ. Төрийн тэргүүн, Улсын маань Ерөнхий­лөгч шүү дээ. Хэн нэгэн этгээд шахаж шаардлаа гээд гарын үсэг зурчихдаг байсан болж байна уу, тэгээд. Тэгээд ч онц бай­дал тогтоох асуудлыг Үн­дэсний аюулгүй байдлын Зөвлөл албан ёсоор хэ­лэл­цэж байгаад Зөв­лөлийн гишүүдийн санал нэгдсэн учир зарлиг шийдвэр гардаг. Санал нэгдээгүй бол тэр зарлиг гарахгүй шүү дээ. Үн­дэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэрийн онцлог нь ийм юм. Мөн онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарли­гийг УИХ-ын онц­гой чуул­ганаар хэлэлцэн, эрх зүйн талаар батал­гаа­жуулсан тусгай тог­тоол гаргасан байдаг. Тэр зарлиг, дараа нь гарсан УИХ-ын тогтоол хоёр бол Монголын төр тэр хэцүү цаг мөчид бүрэн эрхийн­хээ дагуу гаргасан шийд­вэрүүд мөнөөс мөн. Өөр юу хэлэх вэ дээ. Мэ­дээжийн, хэнд ч тодорхой  байгаа юм шүү дээ энэ бүхэн чинь.

-Мэдээжийн юм бол яагаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ийм юман дээр мэдэн буди­лаад, бусдыг буруут­гаад сууж байна гэж?

-Би үүнийг яаж мэдэх вэ дээ. Төрийн шийд­вэрийг гаргалцсан төрийн тэргүүн асан маань өнөө­дөр телевизээр алийгаа алдчихсан, өмнөхөө ор тас үгүйсгээд сууж байгаа нь дэндүү харамсалтай...
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив