ХОЁРДУГААР САРЫН ЖАГСААЛ
2011 оны 3 сарын 2 [Уншсан тоо: 35609]
Жилийн хамгийн цөөн өдрүүд­тэй хоёрдугаар сар тэр чигтээ жагсаалаар дүүрэн өнгөрлөө. Энэ жагсаал 23 жил төрийн эрхэнд байсан Ерөнхийлөгчөө хөөж гар­гасан Тунисээс эхлэлтэй л дээ. Ажилгүйдэл, хүнсний хомсдол, инфляц, төрийн толгойд байгаа эрх мэдэлтнүүдийн хязгааргүй тансаглал, нөгөө талд ядарч до­ройтсоор байгаа ард түмний өлөн зэлмүүн байдал Тунисийн наснаа­саа овор багатай харагдах Ерөн­хийлөгчийг хүний нутагт гарахад хүргэсэн. Дараа нь египетчүүд хагас жарны турш эзэн суусан Хосни Мубаракийг буулгаж чадлаа. Гадна дотны олон нөхцөл байд­лын улмаас түүнийг унагаж чадах­гүй гэж үзэгсэд олон байсан ч өнхрөөд л өгөв. Хүмүүс амиараа золин байж ийм эрх чөлөөг авчирч байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард эхэлсэн Араб, Хойд Афри­кийн орнуудын жасмин буюу мэл­рэг цэцгийн хувьсгал улам бүр хүрээгээ тэлж, хаана эрх мэдэл хэт төвлөрч, хаана хүмүүс нь ядуу чадуу амьдарч байна тийшээ халд­варлаж байна.

Тунис, Египет, Ливид хувьсга­л болж Алжир, Бахрейн, Иран, Ирак, Йордан, Оман, Йеменд дийлэнх олонхи нь жагсч, Кувейт, Мавритан, Марокко, Саудын Арави, Сомали, Судан, Сирид хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна. Бас хуучин ЗХУ-ын стан орнуудын ардчилсан хуультай ч ардчилалгүй орнуудын эрх баригчид айж, өмнөд хөрш Хятадад ч энгэртээ мэлрэг цэцэг зүүн гоёж үзэл бодлоо илэрхийлэх иргэд цагдаад баригдаж байна. Мөнх ногоон навчтай жасмин цэцэг­ний нэр нь араб хэлнээс утгачилбал бурхны бэлэг гэсэн утгатай үг юм гэнэ лээ. Хүн гэдэг амьтанд бурхны хамгийн том бэлэг нь эрх чөлөө, сайхан амьдралыг нэхэх эрх байх биз. Тэр ч утгаараа бурхнаас авч болох хамгийн том эрхийнхээ төлөө гуталтай, гуталгүй арабчууд гудамжиндаа гарч тэмц­сээр байна. Хоёрдугаар сард бү­хэл­дээ жагсаал тэмцлийн өдрүү­дээр дүүрэн байлаа. Нэгдүгээр сарын 14-нд бурхнаас авах бэл­гийнхээ төлөө анхны алхмаа хийж чадсан тунисчуудын жишгээр Нил мөрнийг хөвөөлөн амьдрах египе­түүд жагсч эхэлсэн билээ. Нэгдүгээр сарын 25-наас эхлэн 18 өдрийн турш үхэх сэхэхийг үл огоорон тэмцэж чадсанаар египетчүүд Мубаракийн 30 жилийн хаанчла­лыг 2011 оны хоёрдугаар сарын 11-нд дуусгаж чадсан. Үүний да­раагаас Йемений 35 жил төр барьж байгаа Али Абдулла Салех 2013 онд хугацаа нь дуусахад дахин улирах тухай бодохгүй гэж, Суданы Ерөнхийлөгч Омар ал Башир 2015 онд дахин сонгуульд оролцохгүй гэж, мөн Иракийн Ерөнхий сайд Нури ал Малики ч 2014 оны сон­гуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл ямар ч хүчтэй эрх мэдэл, хөрөнгө мөнгө, бас олон жилийн дарангуйлал байсан ч гэсэн ард түмэн хүсч чадвал унагаж чаддаг ажээ. Тунист 220 гаруй хүн, Египетэд 400 орчим хүн энэ тэмцлийнхээ төлөө амиа алдсан. Тэгвэл Ливид түүнээс олон хүн амь насаа золиод байна. Ли­вийн дарангуйлагч М.Каддафи бол эртний аюултай амьтан билээ.

Хоёрдугаар сарын 16-наас Ливид эхэлсэн жагсаалыг нугачин дарахын тулд нисэх хүчин, танк ашигласан бөгөөд амь үрэгдэгсэд хэдийнэ 2000 болсон. 3000 хүрсэн ч гэх эх сурвалжууд байгаа юм. Африкийн хөлсний цэргүүдийг эрх баригчид нь оруулж ирснийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс эрс буруу­шааж байгаа билээ. Мэлрэг цэц­гийн үнэрээр боссон хувьсгалчид дотроос онцгойлон ливичүүдийг НҮБ, АНУ ил хийгээд тодорхой дэмжиж байгаа юм. АНУ Ливийн Шилжилтийн үеийн Сөрөг хүчний зөвлөлд ямар ч тусламжийг үзүүлэ­хэд бэлэн гэсэн бол Европын хол­боо энхийн байдлыг хангах төлөв­лөгөөг зохиогоод эхэлсэн гэж байгаа. Мөн нэг улс нөгөөдөө хал­да­хад хуралддаг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливид болж буй дотоодын энэ асуудлаар нь хурлаа хийж, Барак Обама "М.Каддафи явах цаг болсон" гэж мэдэгдсэн билээ. Энэ бол М.Каддафи дэлхийн хэмжээнд анхаарлын тэмдэгтэй удирдагч байсантай нь холбоотой хэмээн ажиглагчид онцолж байгаа. 1969 онд цэргийн хүчээр төрийн эрх мэдлийг авсан цагаасаа хойш М.Каддафи чухам өөрийн дураар дургиж ирсэн билээ. Хэд хэдэн террорист үйл ажиллагааг түүний зүгээс санхүүжүүлсэн гэж үздэг бөгөөд Америкийн онгоцыг дэл­бэлж, Шотландад унагасан хэрэгт түүнийг шууд буруутгадаг юм. Тий­мээс ч ерээд оны дундаас АНУ Ливид хориг арга хэмжээ авч, М.Кад­дафи арав гаруй жилийн турш үүнийг нь эсэргүүцсэний эцэст 10 гаруй сая ам.долларын нөхөн төлбөрийг хохирогчдод өгснөөр хориг нь цуцлагдаж байсан.

Өөрийнхөөрөө, тун дураараа М.Каддафи Европод нефтийн гол нийлүүлэгч, бас Африкийн цагаач­дыг Европ руу оруулахгүй байх хаалганы эзэн гэдгээрээ Европод тал тохой татдаг байсан бол одоо дэлхийн улс орнууд түүнээс илэр­хий нүүр буруулж байна. Тэр охи­ноо НҮБ дахь сайн санааны элчээр суулгасан ч хөвгүүдээ яг өөр шигээ дарангуйлагч болгон бэлдсэн би­лээ. НҮБ түүний охиныг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хэдийгээр хөвгүүд нь Ливийг бид хяналтдаа байлгана гэсээр бай­сан ч тэдний гэр бүл ихэнх газар нутагт мэдлээ алдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутагт гарсан мэлрэг цэц­гийн ханх хийх үнэр 42 жил эрх мэдлийг гартаа атгасан М.Кадда­фиг унагахад ч ойртжээ. Одоо энэ буухиа хаана хэнд эрх мэдэл удаан байсан тэр бүгдийг унагахаар зүтгэж байна.

Ер нь хоёрдугаар сарын жаг­саал дэлхийн энд тэндгүй их л сонин өнгө төрхийг харуулж бай­гааг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Арабын орнуудад язгуур эрх чө­лөө, ардчиллын төлөө хүмүүс тэмцэж амь насаа алдаж байхад Европод арай өөрөөр жагсч байна. Италид гэхэд Ерөнхийлөгчийгөө шар сэмжлэн, насан бага бүсгүй­тэй учир ургууллаа гэж, Бельгид Засгийн газраа эмхлүүлж чадахгүй байна хэмээн бухимдан жагсч байна. Ингэхдээ итали бүсгүйчүүд толгойдоо дотоож углан, бельги хүүхнүүд эрчүүдтэй бэлгийн харил­цаанд орохгүй байхыг нэгэндээ уриалан, шарсан төмс идсэн шиг жагсч байх юм. Бас хаана ч билээ эсэргүүцлийг эрчүүд сахлаа хусах­гүй байж илэрхийлэхийг уриалсан байсан. Иргэншлийн хийгээд амьд­ралын ялгаа хоёрдугаар сарын энэ жагсаалуудаар мөн ч их анзаараг­даж байна аа.

Ялгаа байгаа ч хамгийн гол нь хүмүүсийн төрөлх мөн чанар али­ваа зүйл удаан оршин тогтноход дургүй байдаг юм байна. С.Бер­лус­кониг олон жилийн турш эмс хүүхнүүдтэй холбогдож ирсэнд нь, Бельгийн эрх баригчид Засгийн газраа хоёр зуун тавь гаруй өд­рийн турш байгуулж чадахгүй удаж байгаад, Х.Мубарак гучин жил төрийн толгойд байсанд, М.Кад­дафи бүр ч илүү дөчин жил илүүрх­сэнд нь дургүй байна.

Манайд ингэж удсан зүйл юу билээ. Монголд ирсэн ардчиллаар аз болж төрийн толгойд хүн ингэж удахаа байсан. Харин өчигдөр уржигдархан 90 насны ойгоо тэм­дэглэсэн ах нам хүнээр бол тун удаж дээ. Аливаа зүйл удах бүрийд хүмүүсийн уур унтуу хүрдэг. Ийм уналт ирэхээс сэргийлж МАХН нэрнээсээ салах гэж яаран хичээс­нийг нь бид харсан. Гэхдээ энэ алхам тэдэнд 90 насны босгон дээр нь мөн ч их эрсдлийг авчирлаа даа. Тэгээд ч нэрнээсээ Х үсгийг авч хаяснаар өөрчлөгдөх үү. Үгүй л болов уу. Аливаа нам, удирдагч­дын удтал тогтсон дэглэмээс ард түмэн уйддагчлан ерэн настай энэ намаас ч монголчууд уйдаж байна. Уг нь ардчилсан хувьсгалын дараа МАХН-ыг бүрмөсөн татан буулгаад дараагийн шинэ намыг байгуулсан бол зөв байсан гэдэг билээ. Гэвч тэд тэгээгүй. Одоо их идсэнд дур­гүй, их удсанд дургүй ард түмэн дүнгээ тавих цаг дөхжээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив