Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гэгээн алсын шатанд
2011 оны 2 сарын 9 [Уншсан тоо: 33404]
Түрүүч нь Ардчиллын тэнцвэр, айлсахуйн чанар

-Швейцарийн тэмдэглэл-

Герман, Франц, Итали, Австри, Лихтенштейний ланжгар улсуудаар хүрээлэгдсэн хуурай газрын Швейцарийн Женев, Цюрих  хотууд нийслэл Бернээсээ алдартай. Берн хот баавгай нэрэндээ таарсан мэт намуухан аядуухан. Гэхдээ амьдралын үнэлэмж үнэлгээ сайтай дэлхийн арван хотын нэгээр байнга шалгардаг, Юнескогийн дэлхийн өвд 1983 онд эртний түүхэн хот гэсэн шалгуураар бичигдсэн билээ. Аль улсын хилд ойр байгаагаасаа шалтгаалаад кантон буюу муж мужаараа герман, франц, итали  бас ромоор ч ярилцах Швейцарьт бернчүүд Бернийн германиар ярилцдаг. Берн дэх Швейцарийн Холбооны Улсын парламентын ордны өмнөх төв талбай манай Сүхбаатарын талбайг тав, зургаа хуваасны нэгтэй тэнцэх. Тэр жаахан чөлөөндөө мөсөн гулгуурын талбай засчихсан, хүүхэд залуучууд хацраа улаа бутартал наадаж байх юм. Манайх шиг төмөр хашаа, сүржин засал ер үгүй. Монголын хийгээд төрийнхөө далбааг зөрүүлэн хатгасан нь тэр өдрийн гол гоёл. Бас дээрээс нь төв талбайдаа ямар нэгэн хөшөө сүндэрлүүлнэ сүндэрлүүлэхгүй,  алтадсан, эсвэл хүрэлдсэн байх тухай ч яриа алга. Ерөөсөө тун энгийн, ойлгомжтой. Яахав, газар нутгийн хувьд манайхаас 40 дахин бага  ч ногдсон 41.285 км2-аа жигд ашиглаж, алхам бүрт хот тосгон, битүү хэрсэн дэд бүтэцтэй. Тиймдээ ч газар нутгаараа хамаагүй том гэх ч дөрвөн уулынхаа дунд шахцалдан суух зовлонг тэд мэдэхгүй улс. Ерөөсөө гадна байдлаасаа томорхож сүйд болоогүй атлаа Парламентын ордны таазны зураг хүртэл төр улсын язгуур бодлого  том гэдгийг батлаад байх шиг. Парламентын ордны таазанд Европын уламжлалт цайз шилтгээнүүдийн адил зураг урлалтай.  Гэхдээ тэнд аль нэгэн гүн ноён, язгууртны  бус энгийн ард олны дүр төрхийг бүтээсэн байх юм. Төр засаг энэ парламентын ордонд байрлана гэж үзвэл тэдний дээр ард иргэд  байгааг бэлгэдэн бүтээсэн гэнэ билээ. Одоогоос 150 гаруй жилийн өмнө  энэ улсад ард түмнээ дээдлэн үзэх сэтгэлгээ хэдийнэ суусан байж дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны улс дахь айлчлалынхаа хөтөлбөрт олон улсын хоёр том байгууллагаар орохоор төлөвлөсөн байв. Энэ нь Лозанн дахь Олон Улсын Олимпийн хороо, нөгөө нь Цюрихт байх Олон улсын хөлбөмбөгийн холбоо юм. Сүүлийн үед Ерөнхийлөгч гадаадад хийж буй албан ёсны айлчлалууддаа олимпийн аваргуудаасаа урьж зочин-төлөөлөгчөөр авч явах болсон билээ.  Дани, Финландын бүрэлдэхүүндээ Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, Дэлхийн залуучуудын аварга, буудлагын тамирчин Ц.Хонгорзул, Японд  олимпийн аварга жүдоч Н.Түвшинбаярыг дагуулан явж байсан. Харин энэ удаа хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга, байт сурын тамирчин Д.Баатаржавыг дагуулан явсан билээ. Ерөнхийлөгч олимпийн аваргыг дагуулан яваадаа спортын байгууллагаар орохоор болсон бус, анхнаасаа өөр бодол зорилго тээж тэнд очсон нь бидэнд удалгүй тодорхой болсон юм. Женев нуурын эрэг дэх ОУОХ-ны хар шилэн байрыг чиглэн ажил хэрэгч улсууд их л яарангуй алхах нь нөгөөх бүх дэлхийг донслоож орхидог олимпизмийн үйл хэргийн цаад эзэд үү гэж бодоход гайхаш төрмөөр. Шилэн оймс зуны шахам гутал эсвэл австрали хоньчдын  эсгий гутал гээд харьцуулахад хоёр туйлын мэт нимгэн, зузаан хувцасласан хүмүүс тийшээ орж явах нь газар газрын амьдралын хэв маяг өөр хүмүүсийг тэнд цуглуулж чадсаных биз. Жак Рогге хэмээх бельги эр 2001 оноос хойш ОУОХ-г удирдаж буй. Уг нь согог заслын мэс засалч мэргэжилтэй ч спортын зүтгэлтэн болоод олимпизмийг хөгжүүлэх их үйлст мэс засал хийж явах болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авахаар төв хаалганыхаа урд талд костюм өмссөн болохоос манай хөдөөний биеэрхүү цөлх эрчүүд шиг харагдах Жак Рогге гуай хэдийнэ ирж зогсжээ. Тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар нартай ярилцан, ЭМ-ийн сайд С.Ламбаатай танилцаж зогсоно. Жак Рогге спорт хариуцдаг салбарын сайдтай ярихдаа ирэх наймдугаар сард Монголд айлчлахаа хэлж байв. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүний хувьд Германд хуралд оролцож байгаа С.Ламбаа сайд Монгол төрийн тэргүүнийг дэлхийн спортын төв байгууллагын тэргүүнтэй уулзах үед Лозанныг зорин иржээ. Сүүлд Давост болсон Монголын талын хүлээн авалт дээр хүрэлцэн ирсэн ДЭМБ-ын ерөнхийлөгч хатагтай Маргарет Чан “Танай сайд С.Ламбаа намайг энэ хүлээн авалт дээр заавал очоорой гэж хүссэн учраас би зориуд ирлээ” гэж байсан билээ.

Монгол төрийн тэргүүн ОУОХ дээр ирээд Хуан Антонио Самаранчаас энэ албыг хүлээн аваад арван жилийн нүүрийг үзэж буй Жактай дотно сайхан яриа өрнүүлсэн. Тэгээд ватум цаасан дээр гараар бичсэн 2017 Зүүн Азийн тоглолт, 2022 он-Азийн тоглолт, 2032 он-олимпийн тоглолтын нэр дэвшигч, 2036 он-олимпийн тоглолтын нэр дэвшигч, 2040 он-олимп зохион байгуулагч гэсэн мөрөөдлийн дурсамж бичигт хамтран гарын үсэг зурах саналыг тавьсан юм. Магад, ОУОХ-ны Ерөнхийлөгчид газар газрын удирдагч, Ерөнхийлөгч нар ирэх олимпийг манайд зохион байгуулахад нөлөөлөөч гэж тоглоом шоглоомоор хэлдэг биз ээ. Харин Монголын Ерөнхийлөгч дараагийнхийг, түүний дараагийнхыг гэж туйлширсангүй. Бид шат шатаар ахиж, тодорхой зорилго тавьж энэ мөрөөдлийг гартаа оруулж авмаар байна гэсэн нь түүнд их таалагдах шиг болсон. Чин сэтгэлээсээ инээгээд Ерөнхийлөгчийн өгсөн үзгээр гарын үсгээ зурна лээ. Бас “Энэ хүртэл та бид хоёр Ерөнхийлөгчөөрөө байх хэрэгтэй байна” гээд хөнгөхөн хошигноод авсан. Үнэндээ Жак Рогге гуайн хувьд 2013 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусна. Түүнд дахин сонгогдох цаг хугацааны боломж үгүй. Гэхдээ монголчуудыг их том мөрөөдөлд уриалан дуудах баримт бичигт мутраа үлдээснээрээ тэр манайхны хувьд мөнхийн ОУОХ-ны Ерөнхийлөгч болж байгаагаа  мэдээгүй биз. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид энэ  дурсамж бичгийг үр хүүхдэдээ, ач гучдаа зориулан хийж байгаа юм. Тэдэнд том хүсэл мөрөөдлийг бид бий болгож өгч байна. Хүн том мөрөөдөлтэй байж гэмээнэ ихэд хүрч чадна. Мөрөөдөл нь том бол хүрсэн нь талдаа байлаа ч ихэд хүрч чаддаг. Хэрэв ийм нэгэн төлөвлөгөө монголчуудад бий болбол бүгд болгохын төлөө, чадахын төлөө зүтгэж таарна” гэж байсан билээ. Жак Рогге ч “Эрхэм Ерөнхийлөгч таны эх орондоо Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэл эрмэлзлийн төлөө баяр хүргэе. Монголчуудад том зорилт байгааг харж, бахархаж байна. Олимп зохион байгуулах эрх авахад урт удаан хугацаа, сайн бэлтгэл, өндөр зохион байгуулалт хэрэгтэй, түүндээ хүрэхийн төлөө улс орнууд тодорхой амжилтад хүрдэг билээ. Та бүхнийг амжилтад хүрнэ гэдэгт би итгэж байна” гэж хэлсэн нь том амбиц тавьж, алсыг өөдрөгөөр харж байгаад талархалтай хандсаных биз ээ.

Яг ийм нэгэн гэгээн алсад гэрэл дуудсан явдал Цюрих хотын Олон улсын хөлбөмбөгийн холбооны төв байранд болсон юм. Тив тивийн галзуу хөгжөөн дэмжигчдийн их нүргээн дунд мөнхөд байж байх мэт санагдах тэрхүү спортын төв офисс нь бүүр нам гүмийн туйл буйдханд байрлах юм. Битүү цасан хучлагатай амар амгалан ноёрхсон газарт FIFA гэсэн товойлгон шигтгэсэн шилэн хаягтай барилга байна. Зепп Блаттер гэх гайхалтай менежер эр энэ байгууллагыг 1998 оноос хойш толгойлж байна. Бас Роггетэй адилхан найм дахь удаагийн ерөнхийлөгч гэдэг. Зепп Блаттер 1936 оны хүн юм билээ. Одоо 75 настай юм уу даа. Гэхдээ манай төрийн тэргүүнтэй найзархах гээд л үзэж байна лээ.  Гайхалтай цог золбоотой нэгэн аж. Зепп Блаттер “Та гуравдугаар сарын 8-нд төрсөн юм билээ. Би бас гуравдугаар сарын 10-нд төрсөн. Ер нь загасны ордонд төрсөн хүмүүс онцгой, хүчирхэг хүмүүс байдаг” гээд л үргэлжлүүлж өгсөн. Мөн адилхан сэтгүүлч мэргэжилтэй хэмээж байна лээ. Тэдэнд хөлбөмбөгт дуртайгаас нь эхлээд адилтгах зүйлүүд  бий нь ч бий байх аа.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ганболдыг найзаа хэмээн тодотгож бас Азийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлд монгол хүн сонгогдсоныг жирийн хэрэг биш хэмээж байсан Зепп Блаттер манай Ерөнхийлөгчийн амбицтай төлөвлөгөөг сайшаан хүлээж авсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цөөхөн хүн амтай Катарт ДАШТ болно гэж одоогоос хорин жилийн өмнө хэлэхэд хэн ч үнэмшихгүй байсан байх. Тэгвэл 2022 оны ДАШТ Катарт болох боллоо. Тэгэхээр манайд ч ийм боломж  бас бий” хэмээсэн юм. Зепп Блатер өргөн уудам нутагтай хоёр сая гаруй хүн амтай Монголд 2007 онд ирж байснаа дурсаад удахгүй хаалгаа нээх фут заалны нээлтэд ирнэ гэдгээ хэлсэн юм. Бас хүүхэд залуучуудад төлөвшүүлэх их мөрөөдөлдөө, хөлбөмбөгчдийг багаас нь бэлтгэх явдал заавал амжилт авч ирнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн. Бас алс ирээдүйгээ харсан төлөвлөгөө заавал амжилт дагуулдагийг ч онцлон тодотгов.

Улс үндэстнээ сэтгэл санааны хувьд зорилго мөрөөдөлтэй болгож, босгож авах  Ерөнхийлөгчийн төлөвлөгөөнд 2027, 2031, 2035 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аль нэгийг эх орондоо зохион байгуулаад, 2042, 2046 оны ДАШТ-ий эзэн орноор өрсөлдөөд 2050 онд эх нутагтаа зохион байгуулах хэтийн том мөрөөдөл байгаа юм. Өнөөгийн өнгөнөөс үзвэл, утаандаа идэгдсэн Улаанбаатарт ганц олигтой стадион байхгүй атал юун том юм ярих юм гэж ойлгогдож магадгүй. Гэхдээ ирээдүйгээ өөдрөгөөр сайхнаар харна гэвэл тийм ч холын мөрөөдөл биш ээ. Нүдээ анихаар харагдаад, нээхээр алга болчихдог зүүд ч биш. Өнөөдөр төрж байгаа хүүхэд, удахгүй Монгол орны шинэ иргэн болж мэндлэх хөвгүүд мөрөөдөлтэй Монголд төрж байгаагаараа ялгарч байгаа юм. Утаандаа баригдсан Бээжин 2008 оны олимпийг зохион байгуулах болсноороо цэвэр агаарыг нийслэлдээ авчирч чадсан. Тэгвэл 2040 оны олимпийн эзэн улс болно, 2050 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх нутагтаа зохион байгуулж шинэ үеийн Пеле, Л.Месси, К.Роналду нарыг төв Азийн Монголд харна гэсэн мөрөөдлөөр, тэдэнтэй өрсөлдөнө гэсэн зорилготойгоор дараа дараа үеийнхэн маань амьдрахад хээнцэрдэхгүй.

Зепп Блаттер Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хэзээ нэгэн цагт эх орондоо хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно гэдэгт итгэлтэй байгааг  сайшаагаад “ Та өөрийнхөө үеийн төлөө биш, өөрийнхөө дараагийн үеийн төлөө ч биш, өөрийнхөө дараагийн дараагийн үеийн төлөө ийм алсыг харсан том хүсэл эрмэлзэлтэй байгаа нь гайхалтай сайхан санагдаж байна. Хэзээ нэгэн цагт танай оронд ч бас дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно гэдэгт би ч мөн итгэлтэй байна”  хэмээн ярьсан юм.

Уулзалтын дараа хоёр Ерөнхийлөгч 2027, 2031, 2035 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн,  2042, 2046, 2050 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авахын төлөө Монгол Улс өрсөлдөж, эрх авахын төлөө байгааг  энэ уулзалтын үеэр ярьсныг нотлох дурсамж бичигт гарын үсэг зурцгаалаа.  Гэгээн алсын шатанд дөрөөлсөн үйл явдал энэ байлаа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив