Ардчиллын тэнцвэр, айлсахуйн чанар
2011 оны 2 сарын 8 [Уншсан тоо: 33768]
-Швейцарийн тэмдэглэл-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Швейцарийн холбооны улсад ажлын айлчлал хийхээр сар шинийн өмнөх долоо хоногт буюу өнгөрсөн 23-ны өдөр эх нутгаасаа мордсон билээ. Тэрбээр айлчлалаа Швейцарийн холбооны улсын Ааргау кантоны Аарау хот дахь Шууд ардчиллын төвөөс эхэлсэн юм. Эндээс айлчлалаа эхлэхээр шийдсэн нь ч учиртай. Ардчилсан тогтолцоо өөрийн алдаа сул талтай ч эдүгээ хамгийн шалгарсан нь хэмээгддэг. Бүс нутагтаа ардчиллын өлгий гэгдэж буй Монгол улс ерээд онд цухуйсан ардчиллын урьхан нахиагаа цэцэглүүлэн дэлгэрүүлж авч явах их үүргийг хүлээсэн орон. Бас энэ үүрэг хариуцлага тухайн цагт ардчиллыг өлгийдөж авсан, өнөө цагийн ардчилсан Ерөнхийлөгч гэх Ц.Элбэгдоржид ч буй. Тийм ч учраас ардчиллыг өөрийн өнгө төрх, аясаар хөгжүүлж яваа Швейцарийн онцлогийг тодотгон судлахаар шийджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Төсөв мөнгө, татварын бодлогын зөвлөх Л.Дашдорж, Хүний эрх иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, Хот хөдөөгийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, “Иргэд төсвөө хянана” ТББ-ын сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав, мөн Ерөнхийлөгчийн зочин Хөдөлмөрийн баатар, Байт харвааны паралимпийн аварга Д.Баатаржав болон бусад албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхнийг тус кантоны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Санхүү эрдэс баялгийн сайд гээд албаны хүмүүс угтан авсан юм. Швейцарийн холбооны улсын хувьд 26 кантон буюу мужтай. Тус бүртээ өөрийн парламент, Үндсэн хууль, Ерөнхийлөгч хийгээд засаглалтай. Харин Ааргау кантонд айлчилсан гадаадын анхны төрийн тэргүүн болж очсоны онцлог нь Шууд ардчиллын төв уг мужид байрладагтай холбоотой юм. Ардчилсан тогтолцоотой улс орнуудын дийлэнх нь төлөөллийн засаглалтай. Бид 76 хүнээр өөрсдийгөө төлөөлүүлэн засагладаг. Миний сонгосон тэр хүн надад таалагдах шийдвэр гаргаж чадаж байна уу, үгүй юу, энэ асуудал дээр ингэж шийдэх ёстой байтал тэгээд кнопоо дарчих юм гээд сонгогчид үгээ хэлэх боломж манайд хомс. Нэгэнт сонгосон бол бандан тас. Муу төлөөлсөн гэж үзвэл дахиад сонгогдох үед нь нүүр буруулах нэг арга бий. Гэхдээ өөр тойрог гээд явчихвал хариуцлага тооцох ямар ч арга байхгүй. Харин шууд ардчиллын тогтолцоотой Швейцарьт бол шийдвэр гаргах бүх шатанд иргэдийн оролцоо нээлттэй. Засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гээд Үндсэн хуулиндаа заачихсан учраас эрх мэдлийг ард иргэддээ зохих ёсоор өгчээ. Хэн нэгэн дарга, гишүүний гаргасан шийдвэр бус харин минийх эцсийнх байна гэдэгт ард иргэд итгэлтэй тул улстөржих, төр засагтаа бурууг өгөх асуудал гардаггүй ажээ. Шууд ардчиллын төвийн захирал доктор профессор Андреа Ауэр “Ардчилал судлах тусам амаргүй юм” гэж ярианыхаа эхэнд онцолсон билээ. Гэхдээ хувь хүнийг улс орныхоо нэгж эс болгож чадваас ардчиллыг тогтоох хөрсөнд лав суулгаж байгаа хэрэг гэж өвгөн профессор хэлж байв. Швейцарьт доктор профессор цол гуншинг ихээхэн анхаарч хэрэглэдэг юм шиг санагдсан. Магад тухайн хүний чансаа, сурч мэдсэнийг нь ширгээн байж өгдөг цол учраас тэр биз.

Швейцарьт ардчиллын мөн чанарыг нийгмийнхээ эс эд болж буй иргэндээ эрх мэдлийг өгөх явдал хэмээн үздэг бөгөөд үүнийг Ерөнхийлөгч, хийгээд парламентаа сонгох эрх, санал асуулгад оролцох эрх, гарын үсгээ зурах эрх хэмээн үздэг юм байна. Төлөөллийн ардчилал, шууд ардчиллыг эсрэгцдэг гэж үздэг ч энэ тийм биш харин нэгийгээ дэмжих тогтолцоо гэдгийг шууд ардчиллын өлгий нутгийн доктор профессорууд хэлж байсан. Төлөөллийн ардчиллын дараагийн алхам нь шууд ардчилал гэнэ.

           Шууд ардчиллын эхний хэлбэр бүр МЭӨ V зуунд Афинд байсан гэж түүхийн бичигт тэмдэглэгдсэн байдаг. Харин Швейцарьт 1291 оноос эхтэй гэх бөгөөд 1848 онд Холбооны улсын Үндсэн хуулиа  батлах үедээ шууд ардчиллын зарчмыг суулгаж өгчээ. Ингэснээр ямарваа асуудал гарвал бүх нийтийн санал асуулгыг л явуулчихна. Эцсийн шийдвэрийг аль нэг нам хүчин эсвэл хэн нэгэн дарга бус ард түмэн л гаргана. Сум орон нутгийн хэмжээнд ч мөн тэр. Хуульд өөрчлөлт оруулах, олон улсын болон кантон хоорондын гэрээ, мөн таван сая швейцарь франкаас дээш өртөгтэй төсөв, жилийн зардал нь 500 мянган швейцарь франкаас дээш зардал бүхий асуудлуудаар кантон дотроо санал асуулга явуулж шийддэг гэнэ.

Жилд дундажаар дөрвөн удаа бүх нийтийн санал асуулга явагддаг байна. Одоо хамгийн ойр нь энэ сарын 13-ны өдөр болох гэж байгаа ажээ. Швейцарийн Холбооны улсын хэмжээнд энэ өдөр гэртээ буу зэвсэг хадгалж ирсэн уламжлалыг хэвээр үлдээх үү, эсвэл халах уу гэдэг асуудлаар иргэд нь саналаа өгөх аж. Тус улсад насанд хүрсэн эрчүүд дөрвөн сарын хугацаанд цэргийн алба хаадаг бөгөөд зэвсгээ гэртээ хадгалж, тодорхой хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаж үе үе цэргийн сургалтад хамрагддаг юм билээ. Зэр зэвсэг гэртээ хадгалах манайд бол аймшигтай юм шиг санагдах ч дийлэнх швейцарьчууд тэгж үзэхгүй байгаа талаар тэндхийн хүмүүс ярьж байсан. Монголын өргөмжит консул У.Шварценбах гээд улсдаа хөлгүй баянд тооцогдох эр бий. Тэнд байгаа монголчуудад сэтгэл гарган, гар сунгадаг энэ эрхэм үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хүнд жингийн тоглогч гэнэ лээ. Гэхдээ зочид буудал, морин поло, уралдааны морь, нисэх онгоц гээд хувийн хобби ихтэй нэгэн. Тэрбээр Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барьсан бөгөөд уг арга хэмжээн нисэх багийнхан нь ирсэн байсан. Тэдний нэг сургагч багш Анита Фарни Минеар удахгүй болох санал асуулгын талаар “Нэгэнт бид тогтсон жаягийнхаа дагуу маргаантай байгаа асуудлаар саналаа өгнө. Гэхдээ дийлэнх нь хуучнаараа зэвсгээ гэртээ хадгална гэсэн хариу өгнө дөө. Би мэдэж л байна. Манай улсад зэвсэг хадгалахдаа хүүхдээсээ хол, аюулгүй газарт хадгалж байвал өөр асуудал байхгүй шүү дээ. Тэгээд ч эр хүний бахархал болсон зэр зэвсэг гэрт маань байж байвал сүртэй дээ. Би лав үлдээнэ гэж саналаа өгнө” гэж байсан. Ямартай ч швейцарьчууд ойрын үед энэ мэт асуудлыг нэг мөр болгох нь. Харин бидний очсон Ааргау мужийнхан бол татвар төлөгчдийн мөнгөөр нэг их сургуулийн байр худалдаж авах эсэхээ шийднэ гэж байсан. Энэ бол тухайн орон нутгийнхны асуудал болохоор тэр нутгийнхан л шийдчихнэ гэсэн үг. Нэгэнт өөрсдөө саналаа өгсөн бол сүүлд гомдож хэн нэгэн эрх мэдэлтнийг муулаад байх шаардлага байхгүй. Хөрөнгө мөнгө идсэн гэж жагсаал цуглаан хийх хэрэг бүүр ч алга.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хэрэв парламентаас гаргасан шийдвэрийг ард түмэн үгүй гэвэл яахав” хэмээн сонирхоод “Тэгвэл эцсийн шийдвэр үгүй л байж таарна” гэсэн хариуг сонсоод ихэд сэтгэл хангалуунаар “Мөөн мөн” гэж байх юм. Тэгээд төрийн тэргүүн “Ард түмний шийдвэр бурхны шийдвэр юм байна” гэж араас нь тодотгов. Үнэхээр энэ оронд ард түмний хүсэл эрмэлзэл бурхны лүндэн лугаа байдаг аж.

Энд Альпийн нурууг нүхлээд төмөр зам барих эсэх дээр бүх нийтийн санал асуулга явуулжээ. Нөгөө бурхан-ард түмэн нь барь гэсэн шийдвэр гаргаж гэнэ. Засгийн газраас нь асар их мөнгөний асуудал яригдана шүү дээ, үүнийг яах вэ гээд дахиад санал асуулга явуулжээ. Тэгсэн чинь ол гэж зарлигдсан байгаа юм. Ингээд шаварт унасан шарын эзэн болсон эрх баригчид нь зүтгэсэн, мөнгө босгосон, уулаа нүхэлсэн. Иргэд ч тав тухтай зорчих болж. Тэнд төр түшдэг хүн манай Ерөнхийлөгчийн хэлээд байдгаар жинхэнэ иргэддээ үйлчилдэг хүн байдаг нь олон зүйлээр илэрч байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нээлтэд дээр хэлсэн үгэндээ төр иргэддээ үйлчилдэг байх ёстой, орон нутагт эрх мэдлийг нь өгөх ёстой. Сумын сургуулийн дээврийг засах асуудлыг чуулганы танхимд яриад баймааргүй байна гэж хэлээд байдаг нь чухам шууд ардчиллыг хэлээд байж. Ерөнхийлөгч ч энэ талаар “Орон нутагт эрх мэдлийг нь өгөх ёстой гэхээр аймгийн Засаг дарга нарт хөрөнгө зарцуулах эрх мэдлийг нь өгөх нь гэж манайхан айдаг. Харин энэ нь тийм биш юм. Швейцарь шиг орон нутгийнхаа нарийн ширийнийг сайн мэддэг суугуул иргэдээр нь л асуудлаа шийдүүлдэг баймаар байгаа юм” гэж байсан. Тэнд яригдсан бүгдийг Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд ихэд анхааран сонсч сонирхон асууж байлаа. Үдэш орой болтол зөвлөхүүд нь энэ л сэдвээр яриа өрнүүлж байсан нь тэдний жинхэнэ загатнасан газар нь маажсаных биз ээ.

Гэхдээ шууд ардчиллын хэмнэл нь урт удаан, чамгүй хугацаа шаардсан байдаг гэдгийг онцлох хэрэгтэй байх. Тийм хэдий ч өөрийн юм өргүй гэгчээр өөрсдийнх нь хүсэл эрмэлзлээр гарсан шийдвэр болохоор хэн ч гомдоллодоггүй аж. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Бүгд найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Оргил хэлэхдээ “Женев нуур дээр гүүр барих эсэхээр энд хэд хэдэн удаа санал асуулга боллоо. Эцсийн бүлэгт дийлэнх олонхийн саналаар гүүр барихгүй гэсэн шийдвэр гардаг учраас хүмүүс нуураа тойрч илүү зай туулж цаг хугацаа алддаг хэвээр л байна. Гэхдээ тэгнэ гэвэл тэгдэг, үгүй бол үгүй байдаг эндхийн санал асуулга эцсийнх учраас ингээд байж л байдаг юм” хэмээн сонирхуулж байсан билээ. Тэртээ хориод онд Монгол Улс хэрхэн хөгжих тухай боловсрол мэдлэгтэй хүмүүс нь тал бүртээ сураг тавьж, анирдаж байхад Ж.Цэвээн “Монгол Швейцарь лугаа хөгжих ёстой” хэмээж байсан гэдэг. Үнэхээр манайхтай адилхан далайд гарцгүй, Европын нэр нөлөө томоохон орнуудын дунд өндөгний шар мэт байдаг энэ орны замнаж ирсэн түүх хоёр том гүрний дундах Монголтой адил байгааг тэд олж харж л байжээ. Аль нэг том хөршийнхөө эрх ашигт харшилж, аль нэгийг нь дагалдсан мэт байдлыг гаргахгүйн тулд Швейцарь өөрийнхөө онцлогоор хөгжиж ирсэн. Тэд сонгодог шийдвэрийг ард түмэн хэмээх бурхад гаргасан гэж хэлдэг жишигтэй. Харин энэ туршлага нь Азийн Монголд адилтгавал ойр байгааг тэнд очсон хүмүүс бүгд хэлж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн парламентын Ерөнхийлөгч Ж.Жерманиетэй уулзахдаа “Шууд ардчиллын тогтолцоог хэрэгжүүлснээр танай улс бусад ардчилсан орнуудаас нэг алхам урагшилжээ. Бид Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх зорилгоор шууд ардчиллын тогтолцоог хэрэгжүүлэх боломж, суурийг судлах хүсэлтэй байна” гэсэн билээ.

Ямартай ч Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн тусламжтай манай хэд хэдэн аймагт шууд ардчиллын зарчмыг нэвтрүүлж, туршиж үзэхээр хэлцэж буй юм билээ. Монголчуудад хамгийн их нийцэх хувилбар энэ байх магадлалтай.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал сонгодог ардчиллын тэнцвэр, шалгарсан засаглалын үрийг Монгол хөрснөө идээшүүлэн айлсуулах чанарт ихээхэн дэм болох айлчлал байлаа. Энэ дэм дэвшил нь өргөжин хөгжвөл Ж.Цэвээн авгайн үг биелэл болох буюу. Хэлсний нь дараахь зуунд.
Үргэлжлэл бий.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив