Хооллох цаг хийгээд хөөрхий ходоодны зовлон
2011 оны 1 сарын 21 [Уншсан тоо: 87129]
Далай тэнгисийг судлан, сансар огторгуйд дүүлсэн хүмүүс бид өөрсдийнхөө биеийг судалж эхэлсэн үе нь саяхан. Судлаад ирэхээр олон зүйлийг бид өөрчилж, олон зүйл дээр бие махбодынхоо эсрэг явж хүчирхийлж ирсэн нь батлагдаж байгаа юм. “Хүрээ гэдэг яасан ч хол юм, хүний амь гэдэг яасан ч бөх юм” гэдэг шиг хөөрхий бидний бие үнэхээр бөх өө. Чадлыг нь туйлдуулж, тэсвэрийг нь барсны эцэст ёо ёо хэмээн нэг өвдөж, ёх гэхийн алдад нь нөгөө ертөнцөд оччихож байгаа юм.
Ходоод, гэдэсний хүчин чадал боловсруулах онцлог ямар хоол тэжээлд хэрхэн хандах тухай ойлголт ухаан судлагдаж ирээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ талаар дэлхийд томоохон судлаачид, манай ч хүнсний мэргэжилтэн, эрүүл зөв хооллолтын экспертүүд зөндөө бий болсон. Амьдралын боломжтой хүмүүс хэдийнэ энэ төрлийн лекц сургалтад сууцгаан хооллолтын хэв маягаа өөрчилж эхэллээ. Гэхдээ нийтлэг ард иргэд хөмөрсөн тогоондоо байсаар байгаа тул дуулж сонссоноо, уншиж харснаа нэг өдөр боловч саатуулахгүйн тулд хүргэж байгаа билээ. Мэрийж судалсан хүмүүст мэдээжийн мэт санагдаж болзошгүй. Бас энэ сэдэв хамгийн их маргаан дагуулдаг учраас өөр, өөрийнхөөрөө ойлгон хүлээж авахыг хүсье.


Хэзээ хоол хүнс хүлээж авах боломжтой вэ?

Бидний бие махбодид хоол хүнс хүлээж авах, бас хүлээж авам­гүй цаг хугацаа гэж байдаг ажээ. Ам ангайж байна аа гэдэг нь мөнхийн 24 цагийн нээлттэй дэлгүүр шиг ходоод хүнсийг хүлээж авна гэсэн үг биш юм. Хүн байгалийн амьтан учраас нар мандаж гэрэл гэгээ орох үед босоо тэнхлэгт, харин харуй бүрий болж шөнө болох үед хэвтэж амарсан байх нь байгалийн хуу­лиараа яваа хэрэг. Ер нь байгалийн хуулийг зөрчсөн хэнд ч хатуу бай­даг шиг шөнийн ажил амьдралтай, өдөр шөнө нь со­лигдсон хүмүүсийн хувьд бие эрх­тэн нь тэр хэмжээгээр доройтсоор байдаг ажээ. Хүний биеийн хувьд гаднаас хоол хүнс шим тэжээл авах хамгийн таатай цаг үе нь үдийн 12 цагаас оройн 20 цагийн хооронд. Энэ цаг хуга­цаанд хүний идэж уусан зүйлийг боловсруулах их машин зүй тогт­лоороо ажиллаж байдаг учраас асуудал үгүй. Харин жин хасах хүсэлтэй хүмүүсийн хувьд бол 18 цагаас хойш атга будаа ч ам руугаа зүглүүлэхгүй байх нь зүгээр.

Харин 20 цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл бие организм маань гаднаас орж ирсэн тэрхүү их хүн­сийг боловсруулж болгож, хэрэгтэй бие эрхтэнд нь хуваарилах хог шавхрууг нь ялгах хэсэг рүү зүг­лүүлж байдаг байх юм. Үргэлжлээд өглөөний 04 цагаас үдийн 12 цаг болтол цэвэрлэгээний ажил хийгд­сээр байдаг. Хүний бие эрхтэн бол маш ухаалаг хийгдсэн үйлдвэр. Тэнд боловсруулалт явагдсаны дараа цэвэрлэгээ эхэлнэ. Гэхдээ супер ажиллагаатай үйлдвэр биш учраас гаднаас хүнс тэжээлийн зүйл орж ирэх үед цэвэрлэгээгээ хаяад боловсруулах ажилдаа орчихдог байна. Гэтэл бид тэр цэвэрлэгээний цагаар нь өглөөний хоолоо идэж байдаг шүү дээ.

Манайхан урьд өдрийнхөө хоол­ны үлдэгдлийг халаагаад идчихдэг нийтлэг сайхан зуршил­тай улс. Жаахан жонхуурчихсан тэрхүү хоносон лавшааны амттайг ээ. Урьд оройноосоо илүү амттай болчихдог сон. Гэхдээ үүнийг нь боловсруулалт хийгдсэнээс удах тусам үржиж бий болсон нян бак­теруудын амт гэх юм билээ.

Хоносон хоол муу гээд хоолоо хонуулж иддэггүй айлууд их болсон. Тэдний хувьд өглөө өндөг, хиам шараад эсвэл талхан дээр цөцгийн тос тавиад бас болоогүй жимсний чанамалаар хачирлаад иддэг. Угаасаа дэлхий нийтийн өглөөний хоолны жишиг тийм л байдаг биз дээ. Зарим хүмүүс өглөө сайхан хоол хийж идэж аваад гардаг. Би ч бас гэртээ оройд хоол хийхгүй байх хөдөлгөөн өрнүүлж, нэгэнт өдөр нь гэртээ ирэх биш, оройд хоол хийдэггүй хүн өглөө гэр бүлийнхэндээ гарынхаа хоолыг идүүлж аваад явуулах дэглэмд орчихсон л байсан хүн. “Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсан­даа” гэсэн үг оргүй л биш байж таарна гэж бодож байлаа, тэр үед. Гэхдээ өөртөө зориулж өглөөд хоол хийж идээд гарсан өдөр бие хүндрээд л, дараагийн хоолыг бодоод эхэлдэг байсан маань учиртай л байж гэж одоо боддог юм. Ер нь бол өглөөний хоол хөнгөн байх ёстой. Алим, лууван­гийн тавь, тавин хувийн харьцаатай шүүсийг шахаж уучихаад ажилдаа явдаг болсон хүмүүс одоо олшир­сон. Хоёр, гурван ширхэг лууван, бас тийм тооны алимнаас чинь том аяга дүүрэн шүүс гарна гээч. Түү­нийг уучихаад гарсан байхад үд болтол өлсөнө гэж үгүй. Зөв хоо­л­лолтын талаар өөрийн онолоо дэвшүүлэгч Поль Брэг гэхэд өглөөд ганц хоёр ширхэг хар чавга, эсвэл чангаанзыг амандаа хийчихээд өөрөөр хооллодоггүй байсан гэдэг.
Хүний бие гаднаас хоол хүнсээ авах хэмнэл ийм байдаг ажээ.

Таваг цуйван цайгүй идчихэж байгаа юм даа

Би багаасаа хоол идэж байх үедээ шингэн юм төдийлөн уудаггүй хүүхэд байлаа. Эмээ маань горойхгүй байна уу гэж дэргэдээс цай барина. Ядаж аяга ус араас нь уучих тэгэхгүй бол хоол чинь яаж шингэхэв гэдэг байлаа. Гэтэл хоолны үеэр шингэн юм уух нь тийм ч зохилтой зүйл биш байжээ. Харин ч хоол шингэхэд муугаар нөлөөлдөг байж. Тиймээс бие организм маань хоолны үеэр шингэн зүйл нэхдэггүй байжээ. Гэвч одоо ямар ч гуанз ресторанд хоол захиалсан хүн уух цай, ус ундаа захихгүй бол үйлчлэгч нар нь буланд зогсоод шивнэлдэж эхлэх биз. Бас нэгийгээ “Таваг цуйван ус ч уухгүй идчихэж байгаа юм даа” гээд Гиннесийн номд оруулах нь халаг ярина. Энэ бол бидний түгээмэл буруу ойл­голтын үр дүнд бий болсон тогтоц. Зүй нь хоолны үеэр бүтэн аяга ус уучих­даг гэдгийг нь гайхшран ярьж байхаар бие махбод бидэнд заяа­сан байдаг аж. Шингэн зүй­лийг хооллохоосоо 10-15 минутын өмнө уух хэрэгтэй гэдэг. Идсэн хоолыг шингээж боловс­руулах фермент бүхий шүүс хо­доодонд хүнс орж эхэлсний да­раагаас ялгарч эхэлнэ. Хэрэв шингэн зүйл ходоодонд байвал фермент шин­гэ­лэгдэж, хоолыг хангалттай бо­ловсруулж чадахгүй. Дутуу болов­сорсон хоол ходоо­донд ялзрал үүсгэнэ. Ингээд эхний байдлаар боловсорч амжаагүй хоол хүнс­нээс үүдсэн ялзралыг цэвэрлэхээр биеэс дахин эрчим хүч шаардан байж өнөөх фер­ментүүд ялгардаг байна. Үүний тулд хэвийн үед ялгардаг 700-800 мл ходоодны шүүс бус харин үүнээс 1.5-2 дахин илүү шүүс ялгарч байж үйлдвэрлэл хэвийн явагддаг гэнэ шүү.

Гэвч бид энэ доголдлыг өдөр бүр, өдөрт хэд хэдэн удаа тэгээд насан туршдаа гаргасаар ирэхээр монголчуудын дийлэнх нь хо­доод­ны үрэвсэл, шархтай байхаас өөр яах ч билээ. Мэдээж, хоол шин­гэхгүй цанхайж өвдөх нь наад захын хэрэг.

Хоол боловсруулах үйл явцыг дэмжихэд хоол идсэнээсээ хойш нэгээс хоёр цаг орчим бас юм уухгүй байх шаардлагатай. Бүр хатуу ёсоор нь бол талх будаа зэрэг нүүрс ус ихтэй хүнс хэрэг­лэсэн бол гурван цаг, мах загас гэх мэт уураг ихтэй хүнс хэрэглэсэн бол 4-5 цагийн дараа юм уух хэ­рэгтэй гэдэг юм билээ. Гэвч тийм хэрэглээтэй байж ирсэн бидний хувьд төсөөлшгүй санагдах биз.

Ер нь миний энд бичсэнийг харахад санаанд буухгүй юм шиг санагдаж байгаа вий. Үнэндээ ч эхэндээ ам цангаад, горойгоод хоол орохгүй санагдах үе бий. Тэр үедээ амандаа ус цай багахан балгаж, амаа чийглээд орхих арга байдаг. Нэгэнт шингэн зүйл нь хоол боловсруулах явцыг саатуулж хамаг ходоодны шүүс урсгаад шингэлээд хаячихдаг гэдгийг тол­гойдоо ойлгочихсон л бол нэхэг­дээд байдаггүй юм билээ. Тэгээд ч бие организм өөрт таатай зүйлдээ дасахдаа амар, бас аль нь тохирч тохирохгүйг хэлээд өгчихнө дөө.

Амттанг хоолны дараа бус өмнө ид


Соёлт хүн төрөлхтөн хоолны дараа амттан буюу десерт иддэг болсон тэр уламжлал хэзээнээс юм бүү мэд. Гэхдээ жимс, амттанг хоолны дараа бус өмнө идэхээр бие эрхтэн маань зохицолд­логоо­той байдаг гэх юм. Учир нь жимс жимсгэнэ ходоодонд бус нарийн гэдсэнд очиж боловсордог ажээ. Тиймээс жимсийг ходоод хоосон байх үед буюу өглөө, бага үдэд идвэл зохилтой юм байна. Тэгэхгүй бол баахан махан хоол идэж бай­гаад хоолоо шингээдэг баатар гээд иддэг өнөөх л уламжлалаараа идвээс ходоодонд гацалт үүснэ. Уг нь жимс жимсгэнэ ходоодоор дам­жиж гараад нарийн гэдсэн­дээ очиж боловсормоор байдаг ч ходоодонд байгаа махыг дагаад тэнд үлдэнэ. Ялзрал үүснэ, бие тавгүйрхэнэ. Унгас алдана. Махан хоол хүний биеэс хорь гаруй цагийн дараа боловсорч гарна гэхээр удаан гацаж байгаа биз. Түүнээс алим, луувангийн шүүс гэхэд хүний биед 20 минут болоод боловсорчихдог юм гэсэн.

Бид ерөөсөө замнаж ирсэн энэхүү байдлаа хараад байхад сүүлийн үеийн ийм төрлийн хэл ярианаас тэс өмнөө явж ирсэн байх юм. Бүр албаар бидний хэв мая­гаас зөрүүлээд байна уу гэж бод­моор. Гэхдээ үнэн худлыг нь бие махбод хэлж өгөөд байх юм аа. Хоол идсэний дараа амттан иддэг зуршил хаа нэг санагдаж байгааг ийм хэв маягт шилжсэн хүмүүс хэлдэг юм. Хуучнаараа хоолны дараа жимс идэхэд гэдэс дүүрч цанхайгаад бас гашуунаар хэхэр­дэг гэдэг. Хөөрхий, ходоод биш байна аа л гэж хэлж байгаа нь тэр шүү дээ. Мөн энэ мэтээр хо­доо­донд хийх хоолоо таарах таа­рахгүйгээр нь ялгаж байх их чухал арга ухаанд бид суралцах хэрэгтэй байна. Хүчил цардуул, уураг цар­дуул, уураг уурагтайгаа хэрхэн хослох вэ гээд. Үүнийг дараа жич өгүүлнэ.

Цэцгээ усалдаг шиг биеэ усалж бай


Хоолны үеэр ус, шингэн юм хэрэглэж болохгүй гэсэн нь ус хүний биед хэрэггүй гэсэн үг биш билээ. Бидний биеийн 55-65 хувь нь уснаас тогтдог. Дунджаар 65 орчим кг биетэй хүний биед 40 литр ус байдаг. Харин үүний 25 литр  нь эсийн дотор, 15 литр нь бие махбо­дид байх эсийн бус шингэн гэж бичсэн байх юм. Жимс ногоонд агуулагдах ус нь хүний эсийн усыг тэтгэж байдаг учир дээрх хүнсийг хэрэглэх нь чухал гэдгийн нэг шалтгаан энэ. Эс доторх ус хан­галт­тай байж гэмээнэ хүн залуу, сайхан байж чаддаг. Гурван сартай үр хөврөлийн 95 хувь нь ус байж, төрөх үедээ 70 хувь болдог гэдэг юм билээ. Харин нас ахих тусам усны хувь багассаар хөгширч өтөлдөг.

Хүн өдөрт хангалттай ус ууж байх хэрэгтэй. Ингэхийн тулд дор хаяж хоёр литр ус шаардлагатай гэдэг. Гэхдээ усны хэмжээн дээр хүмүүс янз янзын байр суурийг гаргадаг. Зарим нь их ус уух нь бөөрөнд муу гэдэг бол зарим нь хангалттай ихээр уух ёстой ч гэнэ. Ерөнхийдөө хамгийн үр ашигтай зөвлөгөөг хүргэвэл өглөө нойрноос сэрмэгцээ хүн 100 мл ус уувал зохилтой аж. Ер нь хүн хэт халуун, хэт хүйтэн бус биеийн­хээ ду­лаан­тай дүйх гра­дус­тай хоол хүн­сийг идэж байвал ходоод гэдэс хямар­даггүй.

Ус уусныхаа дараа нүүр гараа угааж, шүршүүрт орж явсаар хагас цаг орчмын дараа 200-250 мл ус уучихад нэн зүгээр. Ингээд өдрийн турш дунджаар хоёр литр усыг жигд ууж, эгээ л цэцэг усалж байгаа мэт биеэ услах ёстой юм.  Мэдээж, хоолноосоо өмнө ба дараахь тэр цаг хугацаагаа тооцох хэрэгтэй болж таарна. Түүнээс гэнэт ус уух ёстойгоо санан ихээр залгилан уувал тусгүй. Ангаж хатсан цэцэг рүү ус хийхэд усаа шингээхгүй халиадаг шиг л биед чинь тус болохгүй.

Түүнчлэн орондоо орохынхоо өмнө хагас аяга ус уухаа мартуузай. Шөнө босч жорлон гүйх шаард­лагагүй биед чинь яг таарна. Усны шүлт хүчлийн харьцаа, цаашлаад усны мэдээлэл дамжуулах чадвар гээд судлагдаж байгаа олон зүйл байдаг. Харин тэр бүрийг нуршил­гүйгээр усыг хэрхэн ууж байх хэм­жээ хийгээд цаг хугацааны да­рааллын талаар өгүүлэхэд ийм байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив