Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАН-д “Дөрвийн бүлэг” мэндэллээ
2011 оны 1 сарын 18 [Уншсан тоо: 36540]
Өнгөрсөн баасан га­ри­гийн орой 20 цагийн үед МАН-ын дөрвөн ги­шүүн намынхаа дарга, гүйцэтгэх засаглалын тэр­гүүн С.Батболдод нэгэн бичиг өргөн барьсан нь улс төрийн хүрээнд шуу­гиан тарьж байна. Уг бичиг  МАН-ын удирдах түвш­ний зарим хүний уур унтууг хүргэж, омгийг нь бадраасан, харин  энгийн гишүүдийн жинхэнэ загат­на­сан газар мааж­сан явдал болсон юм. УИХ-ын гишүүн Д.Бал­дан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тэрбиш­даг­ва нарын дөрвөн гишүүн намынхаа дарга хийгээд журмын нөхөр танаа хэмээн онцолж ирээд үзэл бодлын зөрүү­тэй хүмүүсийг адалж бус зохицож амьдардаг үе гэдгийг ил захидлынхаа өмнө сануулжээ. Тэд нэг намын үзэл бодолтой нөхдөө хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр төлбөр төлж байгаад газар дор ортол муулж байгаа яв­далд харамсч байна гээд нэг ч гэсэн хүнийг намдаа тогтоож  чадах нь  чухал гэжээ. Мөн иймэр­хүү за­хиал­гат гүтгэлэг нь на­мын нэрийг солихгүй байх, намын шинэчлэ­лийн талаар сэтгэл дун­дуур явдаг, тэдэнтэй адил­хан бодож сэтгэж яваа олон мянган гишүү­дийг хам­руулан дайрсан хэрэг болно гэсэн нь тэд өөрс­дөө ч дээрх үзлийг дэмж­дэг гэдгээ зарласан хэрэг болов. МАН болсон  намд Ху нэртэйгээ үлдэ­хийг хүсэгчид УИХ-д гэхэд Ц.Шинэбаяраар тогтох­гүй гэсэн яриа эртнээс байсан. Ийнхүү дээрх  яриаг баталж УИХ-д МАХН-ын Ц.Шинэбая­раас гадна МАН-ын “дөр­вийн бүлэг” гэгч  мэндэл­лээ. Энэ дөрвийн бүлэг найм болж УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд хү­рэх үү гэдгийг хараад сууж байх үлдэж байна. Ямартай ч ах намынхны зангидсан гар шиг байж чаддаг гэсэн саяхныг хүр­тэл уламжлагдаж ирсэн ойлголт  нуран унасан нь тодорхой болж байна. Дотроо үүссэн утааг га­дагш­луулахгүй гэж МАН-ынхан хэт хичээж ирсэн нь нэгэнт гал болон ма­налзсан, одоо бүр түймэр болж дүрэлзэж байна. Дээрээс нь МАХН гэсэн нэрийг алдахгүй гэсэн муур, хулганын тог­лоом хийгээд Улсын Бүрт­гэ­лийн газрынхан­тай хий­сэн тэнэг өрөг нь нийгэмд бүр инээдтэй байдлыг бий болгочих­сон. Үнэ­нээр нь хэлбэл МАН-ын дотоод тэмцэл нэгэнт олны нүдэн дээр тоглог­дох жүжиг болж, удирд­ла­гуудынх нь хянал­таас гарчихлаа. МАХН гэсэн нэрийг эсэр­гүү­нүүдэд өгөхгүй гэж арван залуу ерэн нэр авсан нь нэмэр ч болсон­гүй. АН-ынхан хэрүүлтэй уруултай гэдэг байсан бол одоо МАН нь зодоон­той нүдээнтэй болов. Харин АН-ынхан Засгийн эрхийг давхар барилцан­гаа “Монгол хүн 2020 он” гэсэн хэлэлцүү­лэг энэ тэр хийсэн шигээ амжуулж явна. Одоо АН-ынхан зодоонтой биш МАН-ынхан дайнтай бо­лох цаг иржээ. Намынхаа нэг ли­дер Н.Энхбаярыг намаа­саа зайлуулах гэж хэт мэрийн оролдсон МАН-ын удирдлагуудын төлөв­лөгөө нь өнөөдрийн хямралыг нэгэнт дагуулах нь тодорхой байсан юм. Н.Энхбаярын сахалт ут­сан хүүхэлдэй хэмээн шог­­­луулж байсан Ц.Шинэ­баяр тайзан дээр ганцаараа биш болох нь батлагдлаа. Нэгэнт өрөг ийм дээрээ тулсан бол “дөрвийн бүлэг” ингээд зогсохгүй нь хэнд ч то­дорхой байгаа юм.

Хятадад Соёлын хувьс­галын дараа хүчээ авсан Дөрвийн бүлгийн тухай манайхан санаж л байгаа байх. Мао Зэ Дуны сүүлчийн эхнэр Жян Чины толгойлдог уг бүлэгт Мао үзлийн хэт дэмжиг­чид болох улстөрч, онолч, зохиолч хэмээгд­дэг Жан Чунчао, ком­му­нист намын дээрээсээ гурав дахь болж асан Ван Хунвен, Шанхайн гол со­нины эрхлэгч Яао Вэн­юань нар байсан юм. Тэд Соёлын хувьсгалын үеийн хийрхлээсээ гарч чадахгүй, эрх мэдлээ ашиглан бужигнуулдаг байсан тул дөрвөн дээ­рэмчний бүлэг ч гэж бай­лаа. Маог нас эцэслэсний дараа төрийн эрх мэд­лийг залгуулах гэж үзээд бараагүй улмаар төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд болж ял хүлээсэн. Мао Зэ Дун хүртэл “Эрх мэдлийг дээрмийн аргаар ху­римт­луулах гэж бүү оролд” хэмээн тэдэнд сануулж байсан гэх бөгөөд дөрвөн дээрэмчний бүлэг гэсэн нэрийг Мао өгсөн гэдэг.  Дөрвийн бүлэг үүссэн түүх ийм. Харин  манай  дээрх дөрвөн гишүүний үйлдлийг  Монголын улс төрд шинэ зууны “Дөр­вийн бүлэг” мэндэллээ хэмээн улс төр ажиг­лаг­чид нэрлэж байна. Дэг журам, намын бодлого гэж их ярьдаг намынхаа удирдлагуудын дарамт шахалтаас ч эмээхгүй зоригтой дуугарч байгаа тэдний эр зоригийг үнэ­лэх хэрэгтэй.  Ямар АН-ын гишүүд биш МАН-ын гишүүд шүү дээ. Дээрээс нь гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболдод хан­дан байгуулагдсан ца­гаасаа эхлээд сайхан болгоод өгнө гэж амла­сандаа хүрэхгүй байна хэмээн хатуу сануулж, экс дарга С.Баярынхаа стан­дарт бус аргаар байгуулсан Засгийн газар нь стандарт бусаар асуу­далд хандаж ирснийг шүүмжилсэн байгаа юм. Тэд намынхаа эв нэгдэл хийгээд улс эх орны яз­гуур эрх ашигт нийцэх гурван шаардлагыг тавьсан билээ. Түүнийг биелүүлэх эс биелүүлэх нь дараагийн асуудал. Харин хамгийн эхний тай­лал бол УИХ дахь МАН дахь эсрэгчүүдийн бүлэг нэгээр тогтохгүй болжээ гэсэн баримт юм. Одоо энэ дөрвийн бүлэг дээр архаг эсэргүүн Ц.Ши­нэбаярыг нэмбэл тав болно. Тав гэдэг нь бүлэг байгуулах найман хүний тавиас илүү хувь нь гэсэн үг.

Дээрээс нь үзэл бод­лоороо тэдний чигт байх гурван хүнийг ядаж зо­вохгүй олчихож болно. Хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлж бай­сан хүмүүсийг тоолоход л бүлэг үүсчихэж байгаа юм. Ц.Батбаяр гишүүн бол сая намынхаа эсрэг нэлээд хүчтэй дуугарсан. Харин тал талаас нь нам­наад одоохондоо дуугүй болчихсон байгаагаас биш. Намаасаа томи­логд­сон сайдыг огцруу­лах саналыг гаргаж  бай­сан Ц.Батбаяр гишүүн хэзээнээс ийм юмнаас айдаггүй. Хотын даргын суудлаас нь хууль бусаар буулгалаа гэж  МАХН-аа  шүүхэд өгч явсан  цөс ихтэй эр.  Мөн дарамт­луулж, дээрэлхүүлж яваа Ц.Шинэбаярынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ хэдийнэ зарласан Э.Мөнх-Очир гишүүнийг ч бүлэгт багтаан харж бол­но. Тэр “Ц.Шинэбаярыг дарамтална гэдэг бид­нийг дарамталсантай адил” хэмээн хэлж байсан удаатай.  Дээр нь  “Наран­туул” захын гэх тодот­голтой Ш.Сайхансамбуу гишүүн ч дөрвийн бүл­гийнхний ард жагсч бай­гаа гэх. Намын дарга удирд­лагадаа тал заса­хыг мэддэггүй түүнийг өнөөх дөрөвтэй нэгдсэн байхад хэн ч гайхахгүй. Ийнхүү УИХ-д МАХН-ын шинэ бүлэг үүсэн бий болоход бэлэн болжээ. Цаад эзнийг хүмүүс таа­варлаж байгаа нь мэ­дээж. Энэ бүлэг бол Зас­гийн эрхийг авах бүлэг мэндэлж байна гэдгийг улс төр ажиглагчид хэ­дий­нээ зарлаж эхлээд байна. Энэ бүлэгтэй хэл амаа олж чадсан нам л Засгийн газраа бай­гуулж чадна гэдгийг тэд хэлж байгаа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn