Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гурван сая монгол зодолдоно
2010 оны 10 сарын 19 [Уншсан тоо: 33929]
“Гурван монгол зодолдоно”  нэртэй нийт­лэлийг одоогоос арван хоёр жилийн өмнө ард­чил­лын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан бичиж бай­лаа. Тэрбээр “Монгол хүний цусаар уудам тал нутаг шиг эрх чөлөөт бие даасан цус урсана. Биеэ даасан буюу индиви­дуаль­ный цус нь хэний ч хараат бус, хэнтэй ч нө­хөр­лөхгүйгээр амьдрах чадварыг төрүүлнэ. Ин­гэж монголчууд уул уулын бэлд жалга дов бүхэнд ганц нэгээрээ нүүдэллэн амьдрах бөлгөө. Нүүе гэвэл тэмээтэй, саая гэвэл үнээтэй, идье гэвэл хонь ямаатай, явъя гэвэл морь­той өрх айл хэний ч гар харахгүйгээр өөрөө өөрий­гөө болгож л орхи­но. Ийм амьдралаас хам­тын хөдөлмөр, эв нэгдэл гэсэн ойлголт төрдөггүй. Яагаад гэвэл хамтрах нэгдэх шаардлагагүй.

…Нүүдэлчид бол амиа бодсон, аливаа хө­дөлмөрийг үл ойшоосон, бүтээн босгох биш булаан эзэрхийлэхийг урьдал болгодог улс гэдгийг түү­хээс харж болно” хэмээн уг нийтлэлдээ бичсэн бай­даг юм. “Хоёр монгол архи­дана, гурван монгол зодолдоно” гэсэн хэлц үгээр санаа болгон нийт­лэлээ гарчиг­ласан нь өнөө­гийн энэ өдрүүдэд ч яв цав тохирч байна. Арав хүрэхгүй хоно­гийн өмнө Туркээс нутгийн зүг жолоо залан ирж яваа гурван монгол “Аэрофлот”-ын онгоцонд муудалцан ну­дарга зө­рүүлснээс болж онгоц нь ОХУ-ын Пермьд ослын буулт хийв. Тэдэнд удаа дараа шаардлага тавиад байхад үхэр мэт зөрүү­дэлсээр байсан тул орос ахмад онгоцоо газар­дуу­лахаас аргагүйд хүрсэн гэх. Өч төчнөөн зорчигчид гурван монго­лын зодооны улмаас гэр орондоо ирэх хугацаа нь нэг өдрөөр хойшилж, тус компани зорчигчдын хоол унд, зочид буудлын өртөг гээд талийж өгсөн тул хэргийн эздээр нь гарсан төлбөрийг төлүү­лэхээ мэдэгдээд байгаа билээ. Эхлээд энэ мэдээг сон­соод “Юун сүртэй юм. Онгоцоо буулгатлаа сүр­жигнэх гэж, согтуу хүмүүс тэгж байгаад унтаад өгнө л биз” гэх монгол хүн бай­сан л байх. Гэвчиг мон­голчуудын энэ араншин өөрсдөдөө болдог юм гэхэд гадны хүмүүст тө­сөөлөгдөшгүй бэрхийг  бид ойлгох ёстой. Саяхан БНСУ-д бас нэгэн монгол олон нийтийн газар ичим­дэг эрхт­нээ хаа сайгүй дэлгэн гаргаж яваад жу­рам­лагдсан таагүй мэдээ байна. Туркт хүний хул­гайд өртөн, боолчлогдож яваад ирсэн хүмүүс мон­гол хүн монголчуудаа харийнханд худалдаж байгаа талаар ярилцлага өгөв. 

Мөн улс дамжсан хар тамхины сүлжээний то­моохон гар хөл ч манай­хан гэж дуулдах юм. За тэгээд, Европын орнуу­дад монголчууд урт гар­тай гэдгээрээ алдартай. Зарим дэлгүүр үүдэндээ “Монгол хүн орохыг хориг­лоно” гээд биччих­сэн байдаг ч гэх. Ард­чилсан хувьсга­лын да­раа­гаар социа­лист Мон­гол чөлөөт Монгол болсны баталгаа нь гадаад паспорт. Хуучин цагийн хатуу хя­налт дор хилийн чинадыг зорьдог байдал, ур­лаг, спор­тын­хон, дарга даамлын үр хүүхэд биш л бол гадаа­дад явах нь үлгэр байсан тэр цаг ард хоцорсон. Үүнийг дагаад олон мянган хүн харьд одсон. Тэдэн дотор ча­далтай чансаатай, сурч болов­сор­сон л байх. Мөн Мон­голынхоо нэрийг хөөдсөн олиггүй нөхөд ч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гад­ныхан хил да­ваад нутаг нэгтнээ бараа­гаар нь тосон ирж сүжирдэг бол монголчууд өөр. Тэд аль болох өөр хоорондоо тааралдах­гүйг хичээдэг. Тааралд­чих­вал үгийн солиогүй зөрөөд өнгөрөхийг бод­но. Их сайндаа таним­хайрхан уулзлаа гэхэд ууна, тэгээд зодолдоно. Харин гадаадынхан мон­гол­чууд гэж нэг ийм улс гэсэн гажиг бодол тээсээр үлддэг. Бид өнгөрсөн хо­рин жилд гадаадад чө­лөөтэй зорчлоо. Нэр хүндээ ч шаварт овоохон хутгалаа. Хүний эрхийг дээдлэн ард иргэддээ хөл хүрэх газраа явах бо­ломжийг нь гаргаж байсан бол одоо харин үүндээ хүнд суртал гаргах цаг болжээ.

Монголчууд аль нэг оронд зорчих виз авах гэж үхэн хатан мундарсан он жилийг өнгөрөөв. Яаж ийгээд гадаадад хөл тавиад авах л юм бол бусдыг тас орхино. Үүнийг дагаад хууль зөрч­дөг монголчууд, хулхи монголчууд гэсэн имиж ч хэдийнэ бүрэлдсэн. Тэг­вэл одоо хүний нутагт зорчих виз авахаас илүү өөрийн нутгаасаа гарах зөвшөөрлөө авдгийг хэцүү болгоё. Монголчууд монголчууддаа “виз” өгье. Хүний нутагт хүн шиг яваад, хүн шиг нэр төртэй эргэж ирэх “виз”. Бас  монголчуудыг харлаж алга болгохгүй үүргийг тухайн орны цагаач­лалын алба л хүлээдэг бус өөрсдөө үүнийг даа­даг байвал ямар вэ. Хэн нэгэн хүн нутгаасаа явах болбол аав ээж, ахан дүүс нь баталгаа гаргаж өгөн, хэрэв нөгөөх нь улсынхаа нэрийг бузарлан алга болбол нутагтаа байгаа элгэн саданд нь хариуц­лага ногдуулж, үүрэг хү­лээлгэдэг болговол  буруугүй байж тун мэдэх. Нэгэнт Монгол Улсын гал улаан паспор­тоор ба­римт хийн явах гэж байгаа бол Монголын өмнө хү­лээх хариуцлагыг иргэн­дээ хүлээлгэдэг бол­моор байна. Монголын хилийн дээсийг алхан явах гэж байгаа бол харьяалагдах нутаг дэвс­гэрийн нэгжээ­сээ тодор­хойлолт авч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэд­гээ баталж, бас хүний нутагт очоод хуулийг нь зөрчихгүй, нэр цэвэр ирнэ гэдгээ амлан үүрэг аваад явдаг бай­маар байна. Түүнээс хүний эрх, иргэ­ний эрх чөлөө гэж том том дуу­гаран нутгаасаа га­раад хүний нийгмийн хэвш­лийг зөрчин, эх нутгийн­хаа нэр хүндийг унага­чихаад хариуцлага хү­лээх­гүй байна гэвэл шу­дарга ёсны хэм хэмжээнд нийцэшгүй ээ. “Хүн нэрээ, тогос өдөө” гэсэн дорнын мэргэн үг бий. Гурван монгол энэ мэтээр зо­долд­соор, авирласаар байвал дэлхий ертөнцөд гурван сая монгол зодол­доно гэж цуурайлна. Цуурайлж ч байгаа байх. Бидэнд энэ хаяг “хэтэрхий хээнцэрдэнэ” биш үү, монголчууд аа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn