З.ЭНХБОЛД: Хамтарсан Засгийн газрын асуудлыг ҮЗХ-ны хурлаар шийдэх байх гэж найдаж байна
2010 оны 10 сарын 1 [Уншсан тоо: 29372]
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал Га­даад бодлогын байнгын хо­рооны дарга, Ард­чил­сан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энх­болд­той ярилцлаа.

-Сүүлийн үед Монго­лын улс төрд үйл яв­дал өрнөөд эхэлчихлээ гэх болов. Танай намын Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын гишүүд хэвлэ­лээр багагүй хэрэлдэж, нэгийгээ МАХН-д үйл­чилж байна, урвагчид гэж хардах болсон. Энэ үйл явдал өрнөх үед та Монголд байв уу?


-Би тэр үед эзгүй бай­сан. Болгарын парла­ментын Гадаад бодлого, батлан хамгаалахын байн­­гын хорооны дарга Дмитровын урилгаар тэнд албан айлчлал хийж байгаад ирлээ. Хэвлэ­лээр өрнөсөн үйл явдлын талаар ирээд мэдсэн. Ардчилсан хүчний хол­бооны талаар ихээхэн гуйвуулсан Э.Бат-Үүлийн хардлага явсан байна лээ. Ардчилсан хүчний холбоо бол улс төрийн байгууллага биш. Мон­голд 6000 гаруй байдаг төрийн бус байгууллагын нэг нь. Ялгаа нь ард­чил­сан үзэлтэй, түүнийг дэмж­дэг бүх хүмүүст нээлт­­тэй байгууллага. Хүмүүсийн сонирхлын клубүүд дээрээ тулгуур­ласан бүтэцтэй. Манай байгууллага нэг том ам­биц­тай. Тэр нь Монголын хамгийн том төрийн бус байгууллага болох. Ха­рин АН-ын нэг фракц гэж биччихээд араас нь өөрөө хардаад юм яриад байгаа бол Э.Бат-Үүлийн өөрийнх нь хувийн хэрэг, эрх чөлөө нь. Бид бай­гуу­лагдаад ердөө зур­гаа­хан сар болж байна. Бидний хувьд ажлаа хийгээд л явж байна. Ажил маань хүн бүрт таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Энэ бол тэдний хэрэг.

-Гэхдээ байгуу­лаг­даад хагас жил болж байгаа гэхэд дэндүү их анхаарал татаад байгаа юм биш үү?

-Сонин хэвлэлээр зо­хион байгуулалттай маш их оролдож байна. Энэ бол бидэнд сонин биш. Манай байгууллагын хувьд урьд өмнөх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанаас ялгаатай нь олон нийтийн орол­цоо, клубийн систем дээр тулгуурлаж ажилладаг. Эмч, багш нар гэхэд л өөр өөрийн онцлогоор нэг­дэж болно. Одоо ном унш­даг хүмүүсийн клуб нэгдэж байх жишээтэй. Бас ард­чилсан үзэлтэй ч намд нэгдэхийг хүсдэггүй хү­мүүс байж болно. Манай нам чинь гаднаа­саа хара­хад хэрэлддэг муу­далц­даг царай муу­тай нам ш дээ. Бидэнд өндөр зард­лаар бус ха­рин интернэт ашиглан үйл ажил­ла­гаа­гаа явуулж байна. Манай бай­­­гууллага босоо бүт­цээр бус хүн бүрт байх сонирхлуудыг нь нэгтгэж ажилладаг. Бүсийн чуул­ганаа хийж байгаа ч тэнд Э.Бат-Үүлийн хардаад байгаа шиг зүйл болохгүй байгаа. Ирж байгаа хү­мүүсийн цөөхөн нь АН-ын гишүүд дийлэнх нь ард­чил­сан үзэлтэй, ард­чил­лыг дэмждэг хүмүүс бай­даг юм. Төрийн ал­баны тухай хуулиар нам, тө­рийн албыг салгаж өг­сөн нь сайн хэрэг. Үүний нө­гөө талд нь тэдгээр хү­мүүсийн эрх ашгийг тус­гаж, хамгаалж байдаг га­зар хэрэгтэй болж бай­гаа нь манай байгууллага  юм. Бид эвлэлдэн нэгд­сэн хүмүү­сийн клубүү­дийн үзэл бодол төр зас­гийн шийд­вэрт тусгалаа олж бай­гаасай гэж хүсч байна. Манайд хуучны тог­тол­цоогоороо асуудал явсаар л байгаа. Олуулаа ярьж шийдээгүй тохиол­долд алдах юм бол үр дагавар нь маш аюултай байдаг шүү дээ. Олуулаа ярьж шийдээгүйн муу жи­шээ бол Шивээ овоо бай­на. Энд асуудал нь маш нууцлаг яваад бай­гаа. Мэргэжлийн хү­мүүсийн хэлж байгаагаар ашиг­лагд­даггүй хүрэн нүүр­сийг эрчим хүч бол­гон бор­луу­лах нь сайн хэрэг ч үнсийг нь хэрхэхээ ярихгүй бай­на.  Одоо ТЭЦ-4-ийнхөө үнсийг яа­хаа мэдэхгүй байгаа хү­мүүс түүнээс хорь гуч да­хин том хүчин чадалтай станцыг ажил­луулж эх­лээд үнсээ ший­дэж чадахгүй бол жин­хэнэ асуудал болно. Хам­гийн ноцтой нь Шивээ овоон нүүрс цацраг идэвх­­тэй. Цацраг идэвхт хаягдал Монгол даяар тархвал юу болох вэ. Одоо дарга нар цахил­гаан гаргаж авахаа яриад байгаа ч үнсээ хэрхэхээ ер ярихгүй бай­гаа юм. Манай байгуул­лагынхан тэгвэл энэ мэт асуудлыг хоорондоо ярьж хэлэл­цэж гарц оло­хоор ажил­лана.

-Танай Ардчилсан хүчний холбоо иймэр­хүү ажил хийдэг юм байж. Гэхдээ хүмүүс Хамтарсан Засгийн газ­рыг салгаж, өөр өөрийнх нь үүрэг ха­риуц­лагыг хүлээлгэх гол хүчин нь танайхыг тэр дундаа З.Энхболд, С.Эрдэнэ гэж хараад байгаа учраас ингэж танай байгууллагад ач холбогдол өгөөд байгаа юм биш үү?

-Үүнийг зөвхөн З.Энх­болд, С.Эрдэнэ яриад байгаа юм биш. Э.Бат-Үүл ч өөрөө ярьж байгаа шүү дээ. “Олонхи цөөнх хоёр нийлж засаг барьж болохгүй. Цөөнхгүй бо­ло­хоор утгаа алдчихдаг” гэж. Үнэхээр түүний зөв. Бид үүнийг л хэлж байгаа. Ингэснээр Үндсэн хуулиа зөрчөөд байна. Манай холбооныхон энэ талаар анхныхаа хурал дээр л ярьж байсан. Үнд­сэн хуу­линд олонхи бол­сон нам засгаа барина гэж бай­гаа. Хэрэв сон­гуулийн үр дүн 2004 оных шиг бай­сан бол Хам­тар­сан Зас­гийн газар бай­гуулж таарна. Үндсэн хуу­линд ч энэ талаар тус­гаад өгчих­сөн. Сая би Болгарт очих­доо тэнд­хийн эрх баригч Герб намын­хан­тай уулз­лаа.
Болгарын парламент 240 суудалтай. 120+1 суудалтай байж төр ба­рих эрхтэй болно. Гэтэл Герб намынхан 117 суу­далтай байгаа юм. Тэд “Манай улсад олонхи болсон нам гараагүй ээ.

Бид ард түмэндээ хандаад хэрэв итгэл үзүүлбэл дангаараа Засгаа байгуулъя, бас хариуцлагаа ганцаараа хүлээе. Бас Европын холбоонд элсэх ажиллагааг түр­гэтгэж, авлигын эсрэг тэмцэнэ” гэснээр цөөнх нь Засгийн газраа байгуулсан байгаа юм. Бусад арваад нам нь үзэл бодлын зөрүү­тэй жижиг намууд юм байна. Тий­мээс цөөнх хэдий ч цөөнхдөө олонхи Герб нам одоо эрх барьж байна. Гэтэл 2008 оны сонгуулиар МАХН олонхи болчихсон атлаа цөөнхтэйгээ хамтарчихсан. Ийм жишиг дэлхий дээр Монголоос өөр алга. С.Баярын стандарт бус шийд­­вэрийг дагаж ингээд яваад байхаа болих хэрэгтэй байна. Олонхи бол олонхи шиг байх хэрэгтэй, тэр Болгарт цөөнх нь хариуцлагаа хүлээгээд явж байна шүү дээ. Дэлхийд байхгүй зүйл бодож олдгоо манайхан боли­моор байна аа.

-Улс орноо бодоод хамтарсан гэдэг. Хамтарсан нь бас үр дүнд хүрээд байгаа юм биш үү?

-Хамтарсан Засгийн буруу нь юундаа байна гэхээр сөрөг хүчин­гүй болчихоор эрх баригч хүчин хяналтгүй болчихдог юм. Үнд­сэн­дээ хоёр намын толгойд байдаг хэдэн хүний бодлогоор л төрийн бодлого явж байна шүү дээ. Эрүүл саруул сөрөг хүчин байхгүй бол одоо яригдаж байгаа тэр их мөн­гөний зарцуулалт хэцүү болж эхэлнэ. 2008 оны сонгуулиар ард түмэн АН-ыг сөрөг хүчин болж, хяналт тавь гэж сонгосон шүү дээ. Түүнээс хамтраад нийлээд яв гээ­гүй. Сонголтын хүрээнд ажиллах ёстой байсан нь гажсан. Үүнийг би 2008 онд байгуулагдах үед нь ч хэлсэн, Ардчилсан хүчний холбоо байгуулагдах үед ч хэлсэн. Одоо ч хэлж байна. Би Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэхийн тулд эсэр­гүү­цээд байгаа юм биш. Ард­чиллын үнэт зарчим болсон сон­гууль бол­дог, сонгуулийн үр дүнг дагадаг, ялсан нь хариуцлагаа үүрээд, ялагдсан нь хяналтаа тавьдаг тэр зарчмаараа яваг л гэж байгаа юм. Гэтэл ялсан нь ялагд­сантайгаа нийлээд явахаар бантан л болно ш дээ. Хамтарсан Засгийн газрын хийсэн төмөр зам, Оюу тол­гой гээд дэмжих зүйл бий. Зөв учраас би дэмжээд явсан. Гэхдээ үндсэн зарчмаа, Үндсэн хуулийг зөрчөөд байгаа учраас би эсэр­гүүцэж байгаа юм.

-Тэгвэл таныхаар тэр гажсан гажааг дараагийн сонгуулиас өмнө засах боломж бий юу?

-Энэ намар хуралдах АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лаар уг асуудлыг оруулж, шийдэх байх гэж найдаж байна. Үндэсний зөвлөлдөх хороо нь жинхэнэ АН-ын гишүүдийн төлөөлөл мөн л юм бол жирийн гишүүдийнхээ бодож байгаа тэр хүслийг биелүүлэх ёстой. Хэрэвзээ намаасаа тасраад Хамтарсан Засгийн газрын үзэл бодлыг хэрэгжүүлдэг байгууллага болчихсон юм бол биелүүлэхгүй байх л даа.

-Шийдвэр таны бодож байгаа­гаас өөр гарвал яах вэ?


-Шийдвэр яаж ч гарсан гэсэн олонхио дагаж таарна. Гэхдээ арга замууд зөндөө байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгч болно.
Одоо МАХН-ын зарим гишүүн хэлж байна. “Ирэх сонгуулиар танайх олонхи болох юм бол бас хамтарна биз дээ” гэж. Гэтэл ийм боломжгүй. Засгийн газраа дангаа­раа байгуулна гэдэг чинь эрх мэд­лээс гадна хариуцлага юм шүү дээ. МАХН-ынхан эрх мэдэл гэж хараад байна, би бол хариуцлага гэж харж байна.

-АН ирэх сонгуулиас өмнө амжиж Засгаас гарахгүй бол АН навс ялагдал хүлээнэ гэж үзэх хүмүүс байгаа?


-Тэгж үзэж байгаа хүмүүс бай­гаа. Гэхдээ АН-ын ялагдлаас илүү Монгол Улсад ардчилал гэдэг нь байх уу үгүй юу гэдгийн шалгуур ирчихээд байна. Монгол Улс ард­чи­лалгүй, ганц том намтай түүнийг нь даган эргэлддэг хэдэн жижиг намтай болно гэвэл АН-д угаасаа зай байхгүй. АН бол өөрийн үзэл баримтлалтай, олонхи болж үзэж, Засгаа байгуулж үзэж байсан нам. Жижиг намын байр суурь зохихгүй. АН өөрийнхөө үзэл бодлын талд байж, ардчиллын үнэт зүйлийн төлөө зогсохгүй бол өөр хэн ч зогсч чадахгүй шүү дээ.

-Сая таныг байхгүйд танай намын Нийслэлийн АН-ын дар­гыг өөрчилж, бас багагүй хэл ам болж байж ойлголцох шиг бол­лоо. Таны харж байгаагаар яг ямар үйл явдал өрнөчихөв өө?


-Ер нь манай намын хувьд сумын АН бол сумынхаа, аймгийнх бол аймгийнхаа, дүүрэг, нийс­лэлийн АН бол дүүрэг, нийслэлийн ИТХ-даа олонхи болох зорилготой. Тэгж байж бодлогоо хэрэгжүүлэх ёстой болохоор ийм л шаардлагыг тавьдаг. Өнөөдөр нийслэлийн 45 иргэдийн төлөөлөгчийн ес нь АН-ын хүн байна. Тэгэхээр Нийс­лэлийн АН-ын хороо орон нутгийн сонгуульд муу дүн үзүүлсэн гэдэг нь харагдаж байгаа биз. Нийс­лэлийн намын даргаас хамаарсан хамаараагүй олон шалтгаан байна л даа. Гэхдээ одоо ИТХ-д байгаа үзүүлэлтээр харахад муу ажил­лажээ. Тэр үүднээсээ ажлаа сайж­руулах зорилгоор С.Эр­дэнэ Ш.Түвдэндоржид ажлаа өгч байна шүү дээ. Одоо шинэ дарга нь ажлаа сайжруулах байх, шинэчлэл хийх байх гэж найдаж байгаа.

-МАХН-ын хувьд дотроо их л зөрчилтэй байгаа харагдах юм байна. Зүүний үзэл баримтлалаа солиод танай намынхтай адил барууны чиг баримжаатай нам болох нь гэсэн яриа ч байна?

-МАХН үзэл баримтлалаа то­дор­хой болгох тал дээр ид ярьж байна. Зарим нь манайх шиг ба­руун чигийн үзэл баримтлалыг, зарим нь хуучин социал демократ үзлээрээ явна гэцгээж байна. Энэ бол зүй ёсны эрүүл маргаан л даа. МАХН үзэл баримтлалаа тогтох гэж будилж өгч байна. Хуучин социа­лист байлаа, дараа нь нагаржунай гэж хэн ч мэдэхгүй үзлээр явж 1996 оны сонгуульд ялагдал хүлээсэн, дараа нь хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаяр социал демократизм руу намаа чирч оруулсан. Одоо­гийн удирдлага түүнийг нь буруу гэж үзэж байна. Энэ бол тэдний л ажил. Тэднээс ялгаатай нь манай намын хувьд бол үзэл баримт­лалын маргаан байхгүй. Тогтвор­той арван жил явж ирлээ, цаашид ч олон жил явна. 2000 онд энэ асуудлаа нэг мөр болгож, хувийн өмчийг дээдэлдэг, төрийн оролцоог багасгадаг барууны үзэл баримт­лалаар явна гэдэг дээрээ тогтсон. Улс төрийн намууд сонгогдохын тулд үзэл баримтлалаараа ялгар­даг. Тиймээс үзэл баримтлалын ялгаа нь ч тодорхой байх ёстой. Гэтэл манай намын дарга либерал консерватизм гэж юу байдгийг мэдэхгүй ээ, манай намын барууны чигийн байр суурийг эзэлбэл эзэл гэсэн нь туйлын хариуцлагагүй мэдэгдэл. Мэдэхгүй бол мэддэг хүмүүст нь зайгаа тавьж өгөх ёстой. Түүний оронд энэ намыг аваад явчих хүмүүс зөндөө байна. Арван жил явж ирсэн намынхаа үзэл баримтлалыг мэдэхгүй дарга­тай болчихсон нь харамсалтай л байна.

-Хэлмэгдэгсдийн өдрөөр танай нам уучлалт гуйсан нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байсан л даа. Яг аль нам нь уучлалт гуйчихав аа гэж. Энэ тал дээр таны бодол...


-Хэлмэгдүүлсэн нам нь уучлалт гуйх болохоос тэр үед байгаагүй АН уучлалт гуйна гэдэг угаасаа утгагүй. 1996 онд одоогийн Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдах комиссын дарга байхдаа анх удаа хэлмэгдлийн талаар хөндөж, ууч­лалт гуйсан байдаг юм. Энэ бол төр төлөөлж хийсэн хэрэг. Харин өчнөөн олон хүнийг хэлмэгдүүлж байсан улс төрийн хүчин одоог хүртэл байж байхад АН өмнүүр нь орж уучлалт гуйж байгаа нь утгагүй. МАХН нэрээ солихыг хүсч байгаа нь тэр хар толбоноосоо салах гэж оролдож байгаа хэрэг. Магадгүй бид шинэчлэгдсэн тэр нам биш гэж хэлэх зорилго агуулж байж ч болно. Эцэст нь хэлэхэд олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг байх хэрэгтэй байна. Монгол Улсад олон жил сонгууль болно. Тэгэхээр ялсан нь хариуц­лагаа хүлээж, ялагдсан нь хянал­таа тогтоодог тэр зарчмаараа явмаар байна.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив