Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Л.Оюун-Эрдэнэ: Надад нэр дэвших сонирхол байхгүй байгаа гэвэл итгэх үү
2010 оны 9 сарын 29 [Уншсан тоо: 38864]
Саяхан болж өнгөрсөн их хурлаараа МАСЗХ нэрээ өөрчилж бас ерөнхийлөгчөө шинээр сонгосон билээ. Нэрээ Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо болгон өөрчилсөн тус байгууллагын шинэ ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таныг энэ холбооны ерөнхийлөгч болмогц МАХН-ын генсек У.Хүрэлсүх дүүгээ Залуучуудынхаа холбооны дарга болгочихлоо гэх болсон. Та Хэнтийн Бэрхийн хүн юм билээ. Та хоёр ах дүүгийн яг ямар холбоотой улсууд вэ гэдгээс ярилцлагаа эхэлмээр байна…

-Бид хамаатан биш ээ. Үнэнийг хэлэхэд саяхныг хүртэл бид ердөө гурван удаа уулзсан байдаг юм. Би Бэрхэд төрж өссөн нэгэн. Багаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Скаутын холбоонд нэгдэж, Бэрхийн телевизид хөтлөгч хүртэл хийдэг байв. Намайг арван жилд байхад МАСЗХ анх байгуулагдаж, орон даяар тойрч байсан юм. Тэр шугамаар У.Хүрэлсүх дарга манай суманд ирж залуучуудтай уулзахад нь би телевизийн хөтлөгчийн хувиар ярилцлага авч байлаа. Тэр бол бидний анхны уулзалт байсан. Энэ үед би МАСЗХ-д элссэн. Дараа нь Бэрх сумын Тамгын газарт ажиллаж байхдаа тойргийн гишүүн У.Хүрэлсүхийг Бэрхэд очиход нэг уулзаж, дараа нь БЗД-т ажиллаж байхдаа Төрийн ордонд гурав дахиа таарч байлаа. Ийм л байдлаар уулзаж байсан даа. Ерөөсөө алсын зайнаас харж, хүндэтгэж явдаг байсан. Түүнээс бус дотно, ах дүүгийн холбоо энэ тэр асуудал байхгүй ээ.

-МАСЗХ-нд дунд сургуулийн хүүхэд элсч болдог юм уу?


-Манайд 16 нас хүрэхээр насанд хүрсэн гэж үздэг шүү дээ. Тэгэхэд 17 настай байсан болохоор элсч болж л байсан юм. 

-Тэгэхээр өөрөө МАХН-тай эртнээс холбоотой болж таарах нь ээ. Өөрийг тань өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Number one” хөдөлгөөнийг байгуулж л энэ намтай холбогдсон гэж хүмүүс ойлгодог?


-Би 2000 онд МАХН-д элссэн гэхээр одоо бараг арван жил болжээ. Анх Бэрхийн намын үүрийн дарга байлаа. Хэнтий аймагт байхдаа Ардчилсан социалист залуучуудын холбооны удирдах зөвлөл болон  сумын тамгын газрын даргын ажил хийж байлаа. Дараа нь Баянзүрх дүүрэгт үүрийн дарга, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга байлаа. Энэ утаараа намын ажилд анхан шатнаас олон жил явсан. У.Хүрэлсүх дарга ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараа улс төрийн ажилтнаар орох уу гэдэг санал тавьж байсан. Удаа ч үгүй намд бүтцийн өөрчлөлт хийх үеэр Гадаад харилцааны хэлтсийн дарга болгох санал тавьж, яг шийдэхдээ улс төрийн хэлтсийг хариуцуулахаар боллоо гэсэн дээ. Анх намын байгууллагад улс төрийн хэлтсийн дарга болсон нь надад маш том боломж байсан. Чадлаараа л зүтгэсэн. “Number one” хөдөлгөөний хувьд  Ерөнхийлөгчийн сонгуулийн үед манай намаас нэр дэвшсэн Н.Энхбаярыг дэмжих зорилгоор байгуулагдсан шүү дээ. Намын дэргэдэх холбоо хөдөлгөөн олон байсан ч залуучуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан нэг ийм хөдөлгөөн байх нь зөв гэж үзээд байгуулж, бидний залуучууд чадах чинээгээрээ ажилласан. Гэхдээ сонгуулийн үр дүн өөр гарсан л даа. Зөвхөн биднээс шалтгаалж, тэр том сонгуульд ялна ч гэж юу байхав, ялагдана ч гэж юу байхав.

-Улс төрд шинэ тутам хүнийг хэн нэгэн хүнд хамаатуулан боддог жишиг бий. Таныг эхлээд Н.Энхбаярын хүн гэж ойлгож байсан ч нөгөө талд зогсч байсан нь одоо тодорхой байна. Магадгүй тэр үед намын удирдлагаас бодлогоор “Number one” хөдөлгөөнийг байгуулсан юм биш үү. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намаа өөрийнхөө эсрэг ажилласан гэж мэдэгдсэн шүү дээ?

-Тэр үед бидний залуучууд өдөр шөнөгүй нэг сэтгэлээр л ажилласан. Намаасаа нэр дэвшсэн хүнийг ялчихаасай гэсэн итгэл үнэмшил, Н.Энхбаяр гэдэг хүний улс төрийн туршлага чадварыг дахин ашиглаасай гэсэн хүслээр ажиллаж байсан.

-Тэгвэл яагаад “Number one” гэж нэрлэсэн юм бэ. Магадгүй нэр дэвшигчээ шоглоод ийм нэр өгчихсөн юм биш үү?

-Бид нэгэнт залуучуудын хөдөлгөөн юм чинь гадаад нэр байж болох юм гэж үзээд “Number one” хэмээн нэрлэсэн. Хоёр нэр дэвшигчээс нэг номерын хүн нь Н.Энхбаяр гэж бид үзэж байсан бас нэгийн тоог дугуйлах гэдэг утгаар нь сонгогчдын нэг номерт сонгох хүн байгаасай гэдэг үүднээс ийм нэр өгсөн. Түүнээс юу гэж өөр утгаар өгөх вэ дээ. Харин сонгогчид энэ нэршил маань их хурдан хүрэх шиг болсон. Яахав дээ, аливаа зүйл болсны дараа шүүмжлэлд заавал өртдөг. Хэрэв нэр дэвшигч маань ялчихсан бол энэ нь тун оновчтой нэр болсон гэж үзэх л байсан байх.

-Танай байгууллага сая нэрээ өөрчиллөө, бас гучин нас ч хүрээгүй залуугаар толгойлуулах боллоо. Энэ албыг олон хүн сонирхож, нэр сонстож байсан. Харин танд энэ албанд очиж болох юм гэсэн бодол хэзээнээс төрсөн бэ?


-Би намын ажлыг хийж ирэхдээ тэнд очих сон, энд хүрэх сэн гэж бодож хийж байгаагүй ээ. Итгэл дааж сайн ажиллая л гэж бодож өнөөг хүрсэн. Манай намын Удирдах зөвлөлийн хурал болохоос сар орчмын өмнө юм уу даа намын дарга маань “Бид хэн ерөнхийлөгч болохыг судалж үзэж байгаа. Чадалтай чадвартай 35 хүртэлх насны залуус манай намд олон бий. Тэдний дунд чиний нэр орж ирж байна. Тийм учраас ямарваа нэгэн байдлаар сэтгэлзүйн хувьд бэлэн байгаарай” гэж хэлсэн. Тэр үеэс ерөнхийдөө болсон тохиолдолд юу хийж чадах вэ гэдгээ тунгааж байсан. Мөн их хурлын үеэр итгэл үзүүлбэл ийм ийм ажлуудыг хийх болно гэдгээ танилцуулахаар бэлдэж хуралд орж ирсэн байсан. Бас мэтгэлцээн өрнөх юм бол хариулт өгөх сэтгэлзүйн бэлтгэлтэй ч байсан.

-Гэхдээ их хурлын бүх гишүүд 100 хувь гар өргөж дэмжинэ гэдэг өөрөө их сонин асуудал юм. Намын бодлого гэдгээр бүгд нэг дуугаар дэмжүүлэн гарч ирэх нь залуу хүний хувьд ичмээр хэрэг биш гэж үү?

-Энэ бол манай намын нэг тогтсон соёл юм л даа. Хэдийгээр  манай нам гаднаас нь харахад нэг дуугаар асуудалд хандаад байгаа юм шиг байдаг ч анхан, дунд шатандаа маргаж, мэтгэлцэж асуудлаа шийддэг шүү.
Асуудал ингэж шийдэгдсэнд ичээд байх ч юу байхав. Би нэр дэвшүүлсний дараа хурлын гишүүддээ хандан хэрэв надад итгэл үзүүлбэл ийм, ийм зүйл хийх төлөвлөгөө байна гэдгээ танилцуулсан.

-Намын соёл гэж байдаг л байх. Гэхдээ танай нам шинэчлэгдэх тухай хэзээ хэзээнээс  илүү ярьж байж хэн нэгнийг томилохдоо 100 хувь гараа өргөдөг хуучин дэг жаягаараа л байна шүү дээ. Ер нь танай нам шинэчлэгдээд байна уу, эсвэл дордоод байна уу?

-Намын шинэчлэлийн хувьд байнга л ярих ёстой гэж боддог. Цаг үеэ дагаад байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж ч байдаг. Намууд өнөөдөр ямар байгаа вэ гэдгээ маш бодитой мэдэрч тухайн цаг үетэй хөл нийлүүлэн алхах ёстой. Улс төрийн намуудын хувьд бүр цаг үеэсээ ч түрүүлэн алхах хэрэгтэй мэт санагддаг.
Улс төрийн нам гэдэг нэгдмэл бодлоготой байх хэрэгтэй. Ингэж байж дэг журамтай, бодлого нь хэрэгжинэ. Тэгэхгүйгээр тэр болгон дээр зөрчилдөөд үүнийгээ намын шинэчлэл гээд байвал зовлонтой. Ер нь агуулгын тал нь илүү хөндөгдөж шинэчлэгдэх чухал. Түүнээс бус зөвхөн шинэчлэлийг ярьснаар зорилгодоо хүрэхгүй байх. Дотор нь юу байна, түүндээ тулгуурлаж өөрчлөлтүүдээ хийгээд явбал чухал болов уу гэж бодож байна.

-Танай нам барууны чигийн нам болох гээд байгаа юм уу. Зарим гишүүд тань тэгж шүүмжилж байгаа…

-Манай нам Зүүн төвийнхээ үзэл баримтлал дээр хэвээр байна. Бид хэзээд зүүн төвийн нийгмийн чиг баримжаатай, сайн сайхны төлөө үйлчилсэн, хүний хөгжлийг эрхэмлэсэн, бүх ард түмнээ тэгш боломжоор хангахын төлөө хичээсэн улс төрийн хүчин байхын төлөө хичээсээр ирсэн, цаашид ч хичээх болно гэж хэлмээр байна.

-Таны энэ албан тушаалыг хашиж байсан хүмүүс төрийн өндөр албан тушаалд хүрч, хашиж байсан. Таныг энэ албанд ирснээр 2012 онд нэр дэвших нь тодорхой эхний хүмүүсийн жагсаалтад оруулж байгаа…

-Улс төрийн намын хувьд сонгуульд ялалт байгуулах нь чухал. МАХН ч ирэх сонгуульд өөрийн гэсэн бодлого тактиктай орох байх. Яг хувь хүний минь бодлыг сонирхож байвал надад нэр дэвших сонирхол одоогоор байхгүй байгаа гэвэл та итгэх үү. Би илэн далангүй ярьж байгаа болохоор одоо байгаа бодлоо хэлж байна. Гэхдээ нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг хэлэх боломжгүй л дээ. Ер нь орон нутгийн намын байгууллагыг удирдаж ажиллана гэдэг нэлээд ачаалалтай байдаг. Нэгэнт залуучуудын байгууллагыг удирдах болж байгаа юм чинь бэлгэдлийн удирдлага байхыг хүсэхгүй байна. Харин цөмдөө орж ажиллахын тулд байгаа цаг нөөцөө шавхаж ажиллах шаардлагатай. 18-35 насны залуус намайг даргаараа сонгохдоо цаашдаа том дарга болоорой гэж сонгоогүй байх. Харин өөрсдийнхөө чин хүслийг мэдэрч, үйл ажиллагаандаа тусгаасай гэж хүсч сонгосон биз. Бид одоо хоёр түвшинд суурь судалгаа явуулж эхлээд байгаа. Эндээс гарсан асуудлуудаа дүгнээд цаашдын дөрвөн жилийн зорилгоо тодорхойлох юм.
Манай байгууллагад нэгдсэнээр залуу хүн таван боломжийг олно гэж би боддог. Эхлээд үеийнхээ залуустай танилцаж, өөрийгөө бусадтай харьцуулах, мөн сургалтад хамрагдаж олон зүйлд суралцах боломжтой. Цаашлаад нийгмийн хөгжилд дуу хоолойгоо илэрхийлэх, оролцох, олон улсын Социнтерний дэргэдэх залуучуудын байгууллагуудтай харьцдаг учир олон улс үндэстний найз нөхөдтэй болох ч боломжтой. Харин хамгийн сүүлийнх нь улс төрд оролцох боломж. Гэвч хүмүүс үүнийг нь илүүтэй хараад байдаг юм. Би энэ байгууллагыг толгойлж байх үедээ сүүлчийн нь бус харин өмнөх дөрвөн боломжийг илүүтэй олгохоор хичээн ажиллах болно.   

-Гэхдээ үнэндээ залуус улс төрд орох боломжийг нь л харж танай байгууллагад нэгддэг. Ер нь намын дэргэд залуучуудын байгууллага байх хэрэг байна уу. Залуу хүмүүс энэ байгууллагыг улс төрд орж, албан тушаалд хүрэх хялбар зам гэж хараад байна шүү дээ?

-Намын дэргэд залуучуудын байгууллага байх нь зөв. Аливаа зүйл ахмад, дунд, залуу гэсэн төгс хослол дээр тулгуурлаж байдаг. Залуучуудын байгууллагатай холбоотой сайн муу олон л яриа сонстдог. Улс төрийн намын дэргэд залуучуудын холбоо байдаг нь манайд ч, олон улсад ч жишиг ойлголт. Манай холбоо Монголдоо хамгийн анх байгуулагдсан нь өөрөөр хэлбэл бусдаасаа ах нь. Тэр ч утгаараа салхи сөрж явж ирсэн бидний түүхэнд сайн ч бий, саар нь ч бий. Гэхдээ сайн зүйл нь илүү их жин дарна.

-Танай холбооны залуус хөрөнгө мөнгөний асуудалд холбогдсон яриа хөөрөө их бий. Д.Сүрэнхор, Ц.Чимэдцэрэнгийн хэрэг гээд одоо ч яригддаг. Энэ талаараа нэр нь сэвтсэн байгууллагадаа хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Би энэ албаа аваад удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хамгийн түрүүнд ёс зүйн протоколд гарын үсэг зурсан. Аливаа хөрөнгө мөнгөтэй асуудалд нэр холбогдохгүй байх, ёс зүйтэй байх, залуучуудынхаа итгэлийг унагахгүй байх гэсэн шаардлагыг тавьсан протоколын нэг дугаарт нь би өөрөө гарын үсгээ зурсан. Би өөрөө бусдадаа хошуучилж үлгэрлэж байж тэдэнд шаардлага тавьж чадна. Үг бөгөөд үйлдэл маань зөрөхгүй байх ёстой.
Хэрэв удирдах зөвлөлийн гишүүд маань ёс зүйн алдаа гаргаж, энэ нь нотлогдох, холбооны нэр хүндийг сэвтүүлэх түвшинд хүрвэл автоматаар албан тушаалаасаа татгалзах ёстой болно.

-Тэгвэл танай удирдах зөвлөлийн шинэхэн гишүүн А.Эрдэнэбат гэж хүний талаар янз бүрийн асуудал хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Та үүнд хэрхэн хандаж байгаа вэ?


-А.Эрдэнэбат Удирдах зөвлөлд шинээр орж ирсэн хүн. Бизнесмен залуу. Хэвлэлээр гарсан мэдээллийг бид судалж үзсэн. Хэвлэлүүдэд төлбөр төлж гаргасан байна лээ. Тэр одоогоор Канадад байгаа. Явцуу зорилгоор нэр хүндэд нь халдаж, эвгүй байдалд оруулах гэсэн явуулга байхыг үгүйсгэхгүй. Түүнийг буцаж ирэх үед нь тайлбарыг нь сонсоно. Хэрэв буруутай нь үнэн гэж батлагдвал нэгэнт ёс зүйн протоколд үзэглэсэн ёсоороо албаа өгч таарна гэдгийг нь би түүнд хэлсэн.

-Танай холбоонд ирсэн залуус зарим нь гэрлийн хурдаар албан тушаалд хүрч, зарим нь шорон оронд орж, бүр амь насаа ч алдаж байсан нь бий. Магадгүй энэ албанд ирэхэд ээж, аав тань захиж хэлсэн зүйл бий байгаа даа?

-Миний аав бурхан болоод гурван жил болж байна. Хэнтий аймгийн Батноров сумын Дашчойнхорлон хийдийн дэд хамба хүн байсан. Надад амьдралаа зориулсан хүн юм. Үнэндээ миний өвөө л дөө. Би гал дээр нь гарсан зээ нь юм. Би өвөөгөөрөө овоглож явдаг. Би таван нас хүртлээ хэлд ороогүй юм билээ. Сүүлдээ намайг хэлгүйчүүдийн сургуульд оруулахаар болох үед аав маань “Үгүй ээ, миний хүү хэлд орно” гээд нутгийн Дэлгэр-Өлзийт рашаанд гурван жил дагуулан явж, олон эмчээр дамжуулан байж хэл оруулсан гэж ярьдаг. Анх ярьж эхлэхдээ жигтэйхэн нарийн хоолойгоор ярьж байсан гэдэг. Миний ээж хөгжимчин хүн. Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд Дуурийн театрт ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар нутагтаа очсон. Одоо Бэрхийн соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг юм. Ээж маань МАХН-ын идэвхтэй гишүүн хүн л дээ. Үнэндээ залуучуудын их хурлын шийдвэр гарснаас хойш ижийтэйгээ уулзаж амжаагүй л явна. Ээж маань өчигдөр хотод ирсэн гэсэн. Өнөөдөр л уулзаж, үнсүүлнэ дээ. Бас ээж маань надад бэлэг авчирсан гэсэн.

-Ямар бэлэг авчирсан байгаа бол?

-Ээж маань надад үнэртэй ус эсвэл ном бэлэглэдэг юм. Энэ хоёрын нэг л байгаа болов уу.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

-Би арван жилийн ангийнхаа охинтой гэрлэсэн хүн. Онц сурлагатан Туул гэдэг том хар нүдтэй охин миний арын ширээнд суудаг байлаа. Би арван жилд байхдаа урлаг, спорт гээд хэт их нийгмийн зүтгэлтэй хүүхэд байсан учир тоондоо сайнгүй байв. Анги, сургуулийнхаа нэрийг гаргадаг болохоор багш нар их сайн. Тэр үед ангийн багш Оюун маань намайг эхнэрт маань даалган өгч байсан юм. Тэр даалган өгсөн хариуцлага нь хайр сэтгэл болон хувирч, улмаар амьдрал болсон доо. Бид хоёр хүүтэй.

-Таныг энэ албанд очсоны дараа “Дэлхийн зөн”-д ажиллаж багагүй мөнгө идсэн нөхөр болж байна гэж интернэтийн сэтгэгдэлд бичсэн байсан. Энэ тухайд та юу хэлэх вэ?


-Би “Дэлхийн зөн”-тэй холбоотой түүхээ жаахан эртнээс ярья гэж бодож байна.
Би арван жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатарт Боловсролын их сургуульд оюутан болж ирсэн. Ирээд удаагүй хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд оролцох үедээ Дарма.Батбаяр багштайгаа танилцаж, хадаг барьсан шавь нь болсон юм. Тэгээд багшийгаа дагаад “Бэрс” дээд сургуульд суралцаж, сэтгүүлчээр төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй болохоороо сүүлд төгссөн эрхзүйч мэргэжлээрээ голдуу танилцуулга дээрээ бичдэг. Би сургуулиа төгсч очоод Бэрхийн Тамгын газрын даргаар ажилласан. Тэр үедээ орон нутагтаа төсөл олчих гээд их л гүйдэг байлаа. Цөөнгүй ч олон улсын байгууллагаар явсан даа.  Ингэж явахдаа “Дэлхийн Зөн”-гийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Уоррен Фердинандус гэдэг хүнтэй танилцсан юм. Түүнд миний байр байдал хачин санагдсан байж магадгүй. Уоррен надад “Би чиний хүсч байгаа төслийг өгье. Бүр чиний бодож байгаагаас хэд дахин том төсөл өгье. Харин чи манай байгууллагад орох санал тавьбал зөвшөөрөх ёстой шүү” гэсэн юм. Сүүлд манай Бэрхэд ирэхдээ засаг дарга Ц.Лхагвасүрэнгээс намайг авья гэсэн байдаг. Лхагваа дарга маань намайг улс төрд оруулсан хүн л дээ. 21-тэй залууг тамгынхаа газрын дарга болгож байсан. Тухайн үед дарга маань “Хүний амьдралд амжилтын галт тэрэг маш цөөхөн ирдэг. Түүнд амжиж суухгүй бол өөр хэн нэгнийг суулгаад явчихдаг. Тийм болохоор чи явах ёстой. Энэ бол боломж” гэсэн.
Тэр үед 40 мянган төгрөгийн цалин авдаг залуу аав би “Дэлхийн Зөн”-д орсноор 400 ам.долларын цалинтай болсон нь үнэхээр шинэ боломж байсан. Хэл ч сурсан, олон улсын жишгээр хэрхэн ажилладагийг ч сурсан. Ер нь би олон улсын байгууллагад ажилладаг чадварлаг залуус бүхий багийг одоо болтол хараагүй явна. Тэнд ажилладаг чадалтай залуус авдаг цалиндаа сэтгэл ханаад нийгмийн амьдралд хүчээ өгөхгүй өдөр хоногийг өнгөрөөж яваа нь харамсалтай санагддаг. Би ч бас тэр нэгэн тохиолдол гараагүй байсан бол цалингаараа баглуулаад явж байсан байх байж магад.

-Тэр нь яг юу болсон юм бэ?


-“Дэлхийн Зөн” бол Монголын хүүхдүүдэд буянаа өгсөн байгууллага. Өмнөх суурин төлөөлөгч Уоррен бол удирдлагын зардал бага байж, Монголын хүүхдийн нэрээр орж ирж байгаа хөрөнгө мөнгө аль болох тэдэнд хүрэх ёстой гэдэг байсан юм. Дараагийн суурин төлөөлөгч Алекс ирснээр бидэнд үзэл бодлын зөрүү гарч эхэлсэн. Тэр гаднаас авдаг, өндөр хөлс шаарддаг мэргэжилтнүүдийг олноор авчрах болсон. Харин бидний хэдэн хүн үүний эсрэг өргөх бичиг барьж, түүнийг маань хүлээн авах боломжгүй гэснээр дөрвөн бүсийн захирал ажлаа өгөөд гарч байлаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт намайг зөвхөн вакуум орчноороо бус арай өөр түвшинд харах бололцоо өгсөн Алекст баярлалаа гэж хэлэх байх гэж боддог шүү. Харин биднийг гарснаас хойш бүсийн захирлын албыг дандаа гадны хүмүүс хаших болсон байна лээ.

-Хөрөнгө мөнгө идсэн тухайд?

-Интернэтийн сэтгэгдэлүүдийг ялгаж салгаж хандах хэрэгтэй. Би тэнд ажилладаг хүмүүстээ “Та нар “Дэлхийн зөн”-гийн балаар хувийнхаа юмыг бичихгүй гэсэн зарчимтай ажиллаж хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Би тэр зарчимдаа үнэнч байсаар ирсэн. Үүнийгээ хаана ч хэлнэ.

-Таныг христийн шашин шүтдэг гэж сонссон юм байна. Харин аав тань буддын шашны зүтгэлтэн, дэд хамба байсан гэж байдаг. Сонирхолтой санагдаж байна?

-Яг үнэндээ аль ч шашин социал демократ үзэлтэй холбогддог гэж байгаа юм ш дээ. Тэд либерал үзлийг хэзээ ч дэмждэггүй. Тийм болохоор манай намтай үзэл бодол их ойрхон. (инээв)
Аав маань намайг 14 настайд нутгийн Чойжил багшид шавь оруулж байлаа. Би зарим хүмүүсээс ч илүү буддын гүн ухааны ойлголттой нэгэн байж магадгүй. Би өөрийгөө христийн шашинтай хүн гэж хэлж чадахгүй. Гэхдээ Христийн шашинд хүлээн зөвшөөрөх олон үнэт зүйл байдгийг би олон улсын байгууллагад ажиллаж байхдаа мэдэрсэн. Итгэл үнэмшил, шашны мэдлэг хоёр ялгаатай мэдлэг байх л даа. Аав маань өнгөрөхдөө “Аав нь хүүтэйгээ хамт байна” гэж чихэнд маань шивнэсэн. Би шашин гэхээсээ аавдаа л залбирдаг.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив