Манай намуудын хагарал
2010 оны 9 сарын 27 [Уншсан тоо: 31297]
Монголд нам олон бай­на аа. Гэхдээ гол дү­рийг бүтээж байгаа нь МАХН ба АН.

МАХН болон АН-ын хувьд унтаж байсан луу нь хэдийнэ сэрж, ам хам­раараа гал улангасуу­лаад эхэлсэн учраас сон­жиж харах зүйл их байх юм. 

БАРУУНТАН ДАРГА НЬ БАРУУНЫ ЧИГЛЭЛИЙГ СОН­ГОЖ БАЙНА


МАХН-ын хувьд хэ­зээнээс шинэчлэгдэнэ гэдэг нэг том шүдний өв­чин­­тэй. Ер нь шинэчлэг­дэх­гүй бол болохгүй нь гэж ярь­саар ч удлаа. Гэвч энэ намыг шинэчлэгдэж бай­гаа гэхэд хэцүү юм. Сая­хан болж өнгөрсөн Бага хурал дээрээ ши­нэчлэг­дэ­хийн чухлыг намын дарга нь мөн ч их ярьсан даа. Гэвч хэдхэн хоно­гийн дараа нь бол­сон МАСЗХ-ны хурал дээр залуучууд нь даргын­хаа санал болгосон хү­нийг дэмжиж байна гээд ярс­хийтэл гараа өр­гөн, 100 хувиар дэмжчи­хэж байх юм. Үүнийг ши­нэч­лэгдэж байна гэхээсээ харин ч бүүр л муудаад байна гэж харахаар. Сахил хүртсэн биш шал дордов гэдэг дээ. Шинэч­лэгдэнэ гэж лоозогночи­хоод үүний­хээ эсрэг авир­лаж байгаа нь ах намыг бүр чиг эвгүй байдалд оруулсаар бай­гаа юм. Мөн энэ намын хувьд яриа­ны гол сэдэв нь намын нэр солих асуу­дал болоод байгааг хэн хүнгүй мэднэ. Гаднаас тулгагдсан үзэл суртлаас татгалзан үзэл баримт­лалаа шинэчлэн тодор­хойлох эрэлд гарсан гэг­дэх энэ нам урт хугацаа­ны эрлээ үүсгэн байгуу­лагдах үеийнхээ МАН нэрийг авах хэмээн то­дорхойлоод байна. Ин­гэс­нээр зүүний үзэлтэй намаа барууных болгох гэлээ гэсэн шүүмжлэл  дар­гыг нь той­рсонгүй. МАХН-ын дарга С.Бат­бол­дын хувьд өөрөө яаж ч хазайлгах гээд хөд­лөх­гүй барууны үзэлтэй хүн. Сурч болов­сорсон цаг хугацаа, биз­не­сийн бай­гууллагад ажил­лаж ирсэн нь, хувийн өмчийн үзэл гээд олон зүйлээрээ тэр баруунтан. Харин хувь заяаны шог­лоомоор зүү­ний намын дарга болсон биз. Харин тэр намаа өөрчилж шинэч­лэх гэж байгаа нь олон эрсдэлийг дагуулж байгаа.

С.Баяр явснаас хойш­хи хугацаанд С.Батболд байр сууриа тодорхой хугацаанд бэхжүүлэх гэж үзлээ. Хэдийгээр том на­мын дарга, Ерөнхий сай­дын эрх мэдэл гээд олон зүйл түүнд ирсэн ч намын даргаасаа дутахгүй эрх мэдэлтэй генсек дэргэд нь бий. У.Хүрэлсүхийн хувьд хар залуугаасаа намын аппаратыг бэхжүүлэхийг хамгийн чухал нь гэж үзэж ирсэн нэгэн боло­хоороо энэ чиглэлээрээ ч ерөн­хий нарийн бичгийн дар­га болоод дагнаж ажил­ласан байдаг. С.Баяр түүний эл чадварт нь найдаад намаа эрт­нээс түүний гарт орхисон юм. Ингэснээр шинэ дар­гыг ирэх үед даргаасаа дутахгүй эрх мэдэлтэй нарийн бичгийн дарга бий болжээ. Тиймдээ ч У.Хүрэлсүх Бага хурлын­хаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ "Нэ­рээ солиод нам сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ" гэж мэдэгд­сэн биз. Намын даргынхаа өмнүүр ингэж мэдэгдэнэ гэдэг дээрхийн том ба­талгаа билээ. Ах намын зарим гишүүд манайх хоёр толгойтой болчих­лоо гэх юм билээ. Гэхдээ С.Батболд, У.Хүрэлсүх хоёрын том жижгийн асуудал одоохондоо том асуудал биш. Харин тэд нэгэнт хөдөлгөсөн галт тэргэндээ суун намынхаа нэрийг өөрчилсөн то­хиол­­долд ямар тог­лол­тууд үүсэх вэ гэдэг нь гол бэрхшээл.

МАХН НЭРЭЭ СОЛЬСОН ТОХИОЛДОЛД ӨМЧИЛЖ ҮЛДЭХ БОЛОМЖГҮЙ

Тус намын экс дарга, экс Ерөнхийлөгч Н.Энх­баяр намын удирдлагуу­дынхаа гаргасан шинэч­лэлийн уриалгын дараа өөрийн байр сууриа ха­туу илэрхийл­сэн. Тэр­бээр зүүний чи­гийн нам барууны үз­лээр замнах гэж буйд хачир­хаж байгаа юм. Н.Энх­баярын ха­чирх­сан ха­чир­­хаагүй МАХН нэрээ сольж, харин хачирхсан гэдгээ албан ёсоор илэр­хийлээд амж­сан экс Ерөн­хий­лөгч да­раа­гийн нүүдлээ амжуу­лахаар харж байна. 2009 оны зургадугаар сарын 18-нд ардчил­сан Ерөн­хийлөгч тангаргаа өргөж байх зуур Төрийн ордны өргөт­гөлийн хонгилоос цэц­гийн баглаа бариу­лаад машинд нь суулган улс төрөөс явуулчихсан Н.Энх­баярт энэ салбарт дахин орж ирэх болол­цоог намын нэр солих үйл явц өгөх нь ойлгомжтой байна.

Хэрэв МАХН нэрээ МАН болгож өөрчлөх юм бол  МАХН нэрийг нь Н.Энхбаяр ба түүний хүрээл­лийн­хэн авна гэдэгт эргэлзэхгүй буйгаа улс төрийн ажиглагчид илэрхийлж байгаа юм. Тэртэй тэргүй АН ба­рууных, нэмээд МАХН баруунтан болчихвол зүүний чигийн орон зай гараад ирнэ. Харин тэр орон зайд нь Н.Энхбаяр МАХН нэрээ аваад мөн ҮШН-ын нөхөдтэйгээ нэгдээд гараад ирэх боломж байгаа юм. Нэрээ солино гээд хөөрцөглөөд яваа МАХН-ын нөхөд нэр ашиг­луу­лахгүй болгоно гэж төлөв­лөж л байгаа байх. Гэвч энэ нь боломжгүй гэдгийг ойрхны түүх гэрчлээд өгнө. Ардчиллын чигийн намууд нэгдэх үед Монголын со­циал демократ нам, Үндэсний Ардчилсан намын нэр  АН-ын өмч гэж ирээд л ардчи­лагчид их хур­лаараа чухам тогтоол гаргаж байв даа. Гэвч дараа нь А.Ганбаатар МСДН гээчийг байгуу­лаад ч явчих­сан. С.Оюун, Б.Жар­гал­сайхан нар ураг нэгдэж, Иргэ­ний Зориг Бүгд найрамдах хэмээн нэрийдэн байс­наа туурга тусгаар­лах үед ИЗН их хурлаараа мөн л тогтоол гарган энэ нэр нь намын өмч гэж зарлаж байсан. Гэвч хууль эрх зүйн хувьд тухайн нэрээрээ л оноогдож нэр­лэг­дэхгүй бол хувьчилж аваад байх ямар ч бо­ломж байдаггүй. Буянгийн Жагаа Улсын дээд шүүхийн жагсаалтаар дө­рөвт бичигддэг байсан эрэмбээ ИЗН-д алдсан ч одоо намынхаа уугуул нэртэй л байна. Үүнтэй адил МАХН хувьсгалт гэдэг үгнээсээ жигтэйхэн жийрхэн МАН болох юм бол МАХН гэдэг 90 жилийн түүхтэй нэрээ цаашид агуулах боломжгүй болно. Зүүний үзэлдээ үнэнч, халамжийн асуудлыг хүчтэй хөн­дөж ярих МАХН гараад ирэх нь эрх баригч намуудад тийм таатай зүйл биш байх аа.

Н.ЭНХБАЯРААС ЗУГТАХ БА ТАТАГДАХ ҮЗЭГДЭЛ

Гаднаас нь ажиглаад байхад МАХН-ынхан бас нэг төрлийн ангиллаар хуваагдчихаад байгаа юм. Үүнд Н.Энхбаяраас зугтах ба татагдах бүлэг хүмүүс бий болжээ. Үүнийг бүр үзэгдэл гэж нэрлэхэд болохоор байгаа юм. Цагтаа энэ хүний бараанд нь зогсч, сүрэнд нь дарагдах гэж хүмүүс хуйлардаг байлаа. Харин одоо МАХН-д Н.Энх­­баяраас зугтах хүч газар авч байна. Түүнтэй нэр холбогдохоос эмээж, хүрээлэлд нь байсан бай­тугай таньдаг гэж хэлэхээс дөлц­гөөнө. Хэн нэгнийг Н.Энхбаяр­тай холбоотохвол "Энэ хүний цааш­дын амьдрал хэцүү болж байна" гэж халаглагсад ч ихэсчээ. Гэхдээ тэгж зугтаж байгаа хү­мүүсийг харвал ихэнх нь дол­дой­чууд байх вий. Ийн зугтагсдын бүлэгтэй зэрэгцээд түүнд татагдагсад бас байна аа. Зугтагсад нь голдуу намдаа дээгүүр байр суурь эзэлдэг, эсвэл намын нэрээр төрийн гайгүй албанд хүрсэн хүмүүс байх бол Н.Энхбаярын хүрээлэлд орж ирж байгаа хүмүүс дийлэнх нь намын энгийн гишүүд байгаа юм. Мөн зүүний төвийн нам байхыг чухал­чилж буй жигүүрийнхэн ч голын нэг талд зогсох нь. Тэд С.Баяр, Сү.Бат­болд, У.Хүрэлсүх нарын удирд­лагын бодолтой са­нал нийлэхгүй байгаа хүмүүс. Намынхаа удирд­ла­гуудын бодло­готой санал ний­лэх­гүй явдал ихэнх жирийн гишүү­дэд тохиолдох бө­гөөд тэд Н.Энх­баярыг өөрсдийнхөө дуу хоолой болно хэмээн итгэж байгаа учраас ийн соронзон мэт татагдаж байна. Өнгөрсөн баасан гаригт Драмын театрт болсон арга хэмжээ ч үүнийг нотолно. Харин Н.Энхбаяр ний­гэмд бий болсон өөрөөс нь зугтах болоод татагдах үзэгдлийг ашиг­лан улс төрд хүчтэй орон зай бүрдүүлэхээр оролдож байна.

АРДЧИЛЛЫНХНЫ ҮЕ УЛАМЖИЛСАН ХАГАРАЛ 

АН-ын хууч өвчин да­хин сэд­рэв хэмээн Баа­бар ойр­могхоны нийт­лэл­дээ энэ намын гажиг өвчлөлийн талаар тайл­барлаж бич­сэн байна лээ. Үнэхээр л ардчиллын залуус гээд нэгэн том хүчин Монго­лын нийгэмд байр сууриа олоод удаа­гүй тэрхэн үед ноён нуруу нь болж өгөх ёстой Бо­шигт, Нэргүй нар ил захидал нийтлүү­лэн анхны хагар­лын эхийг тавьж байсан гэдэг. Удалгүй болсон 1990 оны сонгуульд эв эе эвд­рэлц­сэний шангаа сай­­хан хүртэж, жинхэнэ ну­гас­луулсан байдаг. 1992 онд мөн соцдекүүд тус­даа сонгуульд орж, арав хүрч чадахгүй тө­лөөлөл­тэй, 1996 оны сон­гуулиар өмнөх алдаагаа ярин ярин орсондоо 50 суу­дал­тай олонхи болж байв. Сонгуулиар нийл­сэн нь боллоо гэсэн шиг орсон хойноо хагарахын үлгэ­рийг үзүүлж өгсөн дөө. МАХН-ын гүйлгэсэн хороор Засгийн газраа гурвантаа бүдрүүлсэн залууст 2000 оны сон­гуулиар хэн ч итгэхийг хүсээгүй.

Парламентын тан­химд дуугаа ч хүчтэй өр­гөж чадахгүй байсан тэд өөр хоорондоо л алал­цаад байсан даг. Ерөө­сөө хэн намын дарга болох вэ гэдэг л тэдэнд чухал байв. Ер нь эднийх­ний дайны шалтаг нь то­дорхой. Хэн дарга болох вэ гээд л хэмлэлдээд бай­на. Бас нэг хэсэг Р.Гончиг­дорж, М.Энхсайхан гээд тамгатай, тамгагүй ху­тагтууд бий болчихсон байж билээ. Нэг нь тамгатайгаараа би дарга, нөгөө нь тамгагүй ч дэмж­лэгтэйгээрээ би дарга гэдэг болчихсон байсан санагдаж байна. 2004 оны сонгуулиар АН-аас "Алтан гадас"-ынхан гол­дуу тойроггүй хоцорч, их эвсэлд нэгдсэн "Эрэл" хамаг аятай тойргуудад тухалчихсан гээд бас л хэл ам болж байв. Тэр үед их эвслийг байгуулахаар Б.Эрдэнэбат, С.Оюун нар­тай АН-ын дарга М.Энх­сайхан үзэглэж байж билээ. Сонгуулийн дараа хамтарсан Зас­гийн газар байгуулахыг нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж баахан хагарсан. МАХН хэсэг хамтарсан дүр үзүүлж байгаад Хам­тар­сан Засгийн газраа Үн­дэсний эв нэгдлийн Зас­гийн газар гээчээр соль­сон бөгөөд энэ үед хамт­рахыг эхнээсээ эсэргүү­цэж байсан М.Энхсайхан тэргүүтэй шинэ тутам байгуулагдсан Үндэсний шинэ нам,  Ард түмний нам, БНН, ИЗН гээд жи­жигчүүд нэгдэж байлаа. 2008 оны сонгуулийн дараа МАХН-ын дарга С.Баяр хамтрахыг урьсан нь АН-ыг дахиад л ху­ваачихсан юм. Албан ту­шаалын сургаар намын­хаа даргын эсрэг нүүр улаймаар сүлбэлдэж бай­гааг харсан хүмүүс "Улс төр гээч нь ийм аюултай байдаг юм байх даа" гэж гайхширч байсан билээ. Тэр үед тэдний албан тушаалд хүрэх гэсэн хүсэл нь сонгуульд намаа удирдан оруулсан намын даргаа, бүр тэгж бодохгүй юм гэхэд ан­гийнхаа нэг нөхрийг гишүүний тангараг өргөх үед нь алга ташчих л чадалгүй болтол нь самууруулчихсан байсан юм даг. Ийм маягаар явж ирсэн АН-ын ээлжит хагарал эхлээд байна.

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР САЛАХГҮЙ ЮМ БИШ ҮҮ?

Хамтарсан Засгийн газар хэзээ мөдгүй сална гэдэгт улс төрийн хүрээ­нийхэн байтугай хөдөө мал маллаж яваа өвгөн хүртэл итгэчихсэн байсан биз. Гэвч сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдал Засаг салах нь юу бол гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна. Томоохон бодлогын чанартай асууд­­­­луудаа хамтран шийдчихлээ. Одоо Сон­гуулийн тухай хуулиа шийдэж чадвал Хамтар­сан Засгийн газар салах нь зүй ёсны юм гэдгийг МАХН-ынхан ч, АН-ынхан ч бүүр түүр ухаа­раад байгаа. Энэ бол улс төр.

МАХН-ын хувьд АН-ыг сугандаа хавчуулсан хэвээр 2012 оны УИХ-ын сонгуульд орчих хүсэл их бий. Том нам дагасан жижиг нам дандаа илүү эрсдэл хүлээдэг турш­лага дэлхий нийтэд байна.

Гэхдээ "Тийм яадгаа алдсан тэнэг гэж юу бай­хав. АН-ынхан биднийг хаяад л гарна" гэж МАХН-ынхан өөр зуураа ярьдаг байсан бол яадгаа алд­сан тэнэгүүд бас байна аа. АН-ын засагт багтсан төлөөллийнхөн Хамтар­сан Засгийн газраас гарах бодолгүй байгаа ажээ. Тэр нь ч өнөөгийн хагарлын эх болоод байгаа юм. АН-ынхан хоёр ла­герт хуваагджээ. Хамтар­сан Засгийн газ­рын тэр­гүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуя­гийн хувьд хэдийнэ шийдчих­сэн бололтой. Тэр "Намын эрх ашгаас илүү улс орны эрх ашгаа дээдэлж бай­на" гэсэн жи­жүүрийн гоё үгээ хэлсээр л дуусах нь. "Алтан гадас"-ын биеэ үнэлэлтэд эхэн үедээ дургүйцэж байсан МоАХ, Зүүн Хойд Азийнхан, МҮДН-ынханд нэгэнт өрөм оногдсон учраас дуугүй байх болсон. Тэд одоо ч энэ багтаа явсаар сон­гууль­тай золгоно гэж бай­гаа нь АН-ын хагар­лыг иймд хүргэжээ. Харин АН-д Зас­гаас гарах ёстой гэж хэлж чадаж байгаа ганц хүчин нь Ардчилсан хүчний холбоо гэх төрийн бус байгууллага.

МАХН-ын Зүүний хүчний хол­боог дуурайн гарч ирсэн гэх энэ холбоо богино хугацаанд маш хүчтэй өсч чадсан. Уг нь АН-ыг сонгуулийн өмнөх балчгаас татаж гаргах үйлд Ардчилсан хүчний холбоо, МоАХ нэгдэнэ гэж олон хүн харж байсан ч МоАХ-ны дарга Х.Баттулга сайдын албан тушаал дээр байгаа учраас нэгдэхийг хүсэхгүй байна. Уг нь АН-ын ирээ­дүйг бодоод Х.Баттулгыг сайдын алба мэтийн эрсдэл гаргаж чадах нэгэн гэж хүмүүс төсөөлдөг ч Аж үйлдвэрийн цогцолбор мэт их хөрөнгөний ажлууд өмнө нь байгаа учраас хаяад явчихаж чадахгүй байх шиг. З.Энх­болд, Х.Баттулга нар нам дотроо үзэл бодлоороо ойр байдаг хүмүүс ч иймэрхүү гарам дээр ирэхээрээ зөрөөд байна. Одоо харахад З.Энхболд, С.Эрдэнэ нар Хамтар­сан Засгийн газраас АН-аа аварч гарах хүмүүс гэдгээрээ нэгдэж таарч байна. Ардчилсан хүчний холбооны толгой нь З.Энхболд ч нэгжид тархсан хөл нь С.Эрдэнээ­гийнх гэх юм билээ. Гэхдээ АН-ын даргын асуудал яригдаад эхэлбэл тэд хүссэн хүсээгүй өрсөлдөгчид болж таарах вий.

Сүүлийн үеийн хэрүүлийг эхлүүлчихсэн мэт харагдах  Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын явган хэрүүл жижиг зүйл. Э.Бат-Үүл Хамтарсан Засгийн газраас саллаа гэхэд дараагийн ээлжийн горьдогчид хэзээд бэлэн гэдгийг мэддэг учраас болгоомжилж дуугарсан биз. Хэрэв нэг хэсэг нөхдөө Засгаас гаргалаа гэхэд дараагийн нөхөд нь нийлээд явчих юм бол АН-ын нэр хүнд сонгуулийн өмнө сэхэж чадахгүй болтлоо унана. Тиймээс Үүл үүнд нь анхааруулж үг хэлснийг нь С.Эрдэнэ шүүрч аваад бөөн хэрүүл болчихсон. Нөгөө талаас АН-ын­хан дунд С.Эрдэнээс болгоомжлох болгоомжлол явсаар удаж байна. Түүнийг хэрэгт татагдаад шорон оронд сууж байх үедээ дэмжлэг хүсэн Н.Энхбаяртай хол­боо тог­тоосон, одоо ч уулзаж, учраад яваад байдаг гэсэн явган яриа нам дотор нь бий. Тиймдээ ч Э.Бат-Үүл, С.Эрдэнэд хандсан ярилцлагадаа хэний сонин дээр ямар учраас яриа өгөөд байдаг юм гэж ирээд асуусан биз. Энэ явган яриа хийгээд Зас­гийн газраас гарахгүй байх гэсэн АН-ынхны хүсэл нийлж С.Эрдэ­нээс Нийслэлийн намын даргын ширээг нь хуу татаад авчихав бололтой. Тэгээд оронд нь дандаа хэл амтай иймэрхүү асуудалд нөхөөсөнд ашиглаж байдаг Ш.Түв­дэндор­жийгоо тавьчихсан. Харин энэ үеэр АН-ын дарга болоод Ардчилсан хүчний холбооны дарга нь гадаа­дад ажлаар явж байсан нь тохиолдол уу.

Гэхдээ Ардчилсан намын хага­рал бол шинэ болоод том зүйл биш юм. АН-ынхан сайн хагараг. Хэдий сайн хагарна тэр чинээ­гээрээ нэгдэж сонгуульд амжилт үзүүлдэг "гэм"-тэй. АН-ынхны гэр зуурын хэрүүлийн дэргэд МАХН-ын шинэчлэл нэрийн дор хийх гэж буй зүйлс түүнийг дагалдан ирэх үр дагавар нь илүү том асуудлыг дэлгэж тавих магадлалтай хараг­даж байна. Манай Монголын на­мууд ийм хэлбэрээр хагарч, хага­рал­даж л байна. Намууд дотроо хагаралдаж байгаа ч төрд байгаа гурван толгой хаа очиж нэг зүгтээ харж байгаа гэх юм. Уг нь нэг намаас гарсан мөртлөө л нэг нь зөрүү харж, асуудал үүсгээд байдаг уламжлал байсан даа. Ядахнаа нэг талдаа ч хагаралгүй байвал яамай даа. Харин Засгийн газар хэзээ салах вэ гэж үү. Ер нь л хэсэгтээ тэгж ярих юмтай болгохгүй болол­той дог. Хүмүүсийн ярих нь бизнес бүлэглэлүүдийн лидер хийгээд томоохон төлөөлөл багтсан Зас­гийн газар харин ч бат бөх байна гэх юм...
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив