Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хотон шувууны зарц тураг гогой хүнээс илүү аюултай юу?
2010 оны 7 сарын 30 [Уншсан тоо: 48328]
Сүүлийн үед монгол­чууд нэг их айхтар аюул­тай дайсантай болоо­дохов. Тэр нь өнөөгийн нийгмийн бүхий л бухим­дал, бүхий л замбараагүй байдал, шударга бус бай­дал, хууль хэрэгждэггүй хөгийн энэ байдлаас нь илүү аюултай гэгдэх боллоо. Тэр нь хөгшдийн хар галуу гэж нэрлэсээр ирсэн тураг гогой гэгч шувуу ажээ. Энэ шувуу л ихэссэнээс болж загас гээч амьтан цөөрч байна. Хөөрхий хүн бол загасыг ганц нэгээр нь хороож байхад тэрхүү тураг гогой гэгч нь цөлмөж өгч байгаа гэсэн ойлголт нийгэмд буй болжээ.
Энэ талаар хэвлэ­лээр ч бичигдэж, манай шувуу судлаачид ч үзэл бодлоо уралдуулж тэр амьтны хор хөнөөл­тэйн талаар шуугиж бай­на. Арваад жилийн өм­нөөс л үзэгдэх болсон гээд энэ тураг гогойг харийн шувуу хэмээн онцолж байгаа. Гэхдээ дээр үеийн хөгшид өмхий шу­вуу, хар галуу гэж нэр­лэж ирснийг нь бодоход зах зээлийн нийгэмд шилж­сэн үеэс хойш орж ирсэн харь шувуу гэхэд хэцүү мэт. Хавар ирж, намар буцдаг нүүдлийн шувуу. Зусах­даа л загас цөлмө­дөг гэгдэж байгаа. Үнэ­хээр ч томоохон нуур голуудад тураг гогой илт нэмэгдэх болсон нь үнэн ажээ. Томоохон нууранд 4000-7000 тоо толгойгоо­роо сүрэглэн суурьшиж байна гэж байгаа. Бас дээрээс нь загасыг өдөрт 20-30-аар нь барьдаг тун хорлонтой амьтан гэнэ лээ. Ерөнхийдөө чоно шиг юм уу даа, хэд хэдээр нь барьж идсэн ч загасыг хошуугаараа хатгаж, жадалж бах таваа хангаж цаддаг амьтан гэсэн. Үнэ­хээр ч хорлонтой амьтан юм. Гэхдээ энэ л шувуу ихэссэнээс загас ховорд­сон, үүнийг л цааш нь харуулахгүй бол загасгүй болох нь гэсэн яриа дэн­дүү өрөөсгөл санагдаад байгаа юм. Байгаль өөрөө гайхалтай мене­жер билээ. Тэр бүгдийг зохицуулж, эко тэнцвэрээ барьсаар ирсэн. Харин хүмүүс бидний зүй бус үйлдэл нь үүнд хаалт болж өгдгөөс байгалийн аль нэг амьтан нөгөөхөө үгүйсгэх шалтгаан болж өгөхгүй л санагдаад бай­гаа юм даа.
Тураг гогой бол шувууд дундаа яах аргагүй элбэг ангиллын шувуунд багтдаг гэдэг. Шувуудын тоо толгой буу­саар ахуй цагт ан агнуу­рын бус зориулалттай болохоороо ч тэр үү тураг гогойн тоо нэмэгдээд байгаа мэт санагддаг бололтой юм билээ. Энэ амьтны талаар нарийв­чилсан судалгаа шин­жил­гээний ажил бараг үгүй yчраас бололтой юм билээ гэж байгааг маань болгооно биз ээ. Тун идэмхий махсаг энэ шувууны мах өөрөө амт муутай, өмхий гэгддэг. Тиймдээ ч хоёр амтын овоо хараанд өртдөггүй аж. Дээхний хөгшид тураг гогойг хотон шувууны зарц хэмээн нэрийддэг байжээ. Улаан шунхан уруултай, хонин цагаан хотон эрэг дээр тавлагхан гэгчийн тух­лахад шар хацартай ногоон нүдтэй хар шувуу загас дөхүүлэн тууж өгдөг байжээ. Туугдаж ирсэн загаснаас хотон хүссэ­нээр зооглож, харин үлдэг­дэл өм зэмийг нь тураг гогой хүртдэг бай­сан аж. Тиймээс хотон шувууyны зарц хар галуу хэмээдэг байсан санж. Одоо ч хонь мэт бөм­бийлдөх хотон шувуу нь хаа байна, нөгөөх тураг гогой ч зэрэг дэвшиж даам гараад өөрөө эзэн суух болжээ.
Тэд загасыг өглөө эрт гүехэн устай газраар нарийн хоолойд хооллон явахад тал талаас нь бүсэлж, янз бүрийн дуу авиа гаргаж, ус алгадан үргээгээд барьж авдаг аж. Мөн загасыг түрсээ ша­хах тэр үеийг нь андахгүй ашигладаг гэж байгаа. Нийт жин нь гурван кг орчим, далавчаа дэлгэх үед нь метр хагас шахам болдог энэ том шувуу түрсээ шахахаар явж буй загаснуудыг гол сөргүү тууж эцээж байгаад авла­хаа сайн мэддэг гэсэн. Одоо Дархадын цагаан загас чухам түүнээс болж үгүй болж байгаа гэж ярих хүмүүс их байна. Чухам энэ нь үнэний хувьтай эсэхийг нарийн судалгаа шин­жил­гээний дүнд хэлэх ёстойгоос биш хар шувуу ихэссэнээр загас ховорд­сон гэдгээр бүг­дийг тайл­барлахад хэцүү юм. Япон, солонгосчууд энэ шувуу­гаар загас ба­риулаад гулгиулж загас агнуур хийдэг, норвегчүүд эл хар шувууг харахаа­раа до­лоон бурхан од олж харсан шиг баярла­даг гэсэн яриа байдаг юм билээ. Ер нь судлах л амьтан. Түүнээс загас агнах гэж тор байтугай торх тавьж дэлбэлдэг муу арга хэрэглэж ирсэн бид өөрс­дийн бурууг халтар хар шувуунд өгөөд халаг­лаж суух дүрийг эсгэх нь зөв биш биз ээ. Үнэхээр тураг гогойн хө­нөөл их, хүн мал ховор­тойгоос нуур цөөрмийг эзэгнэн эзэрхийлээд өсч үржээд байна уу, эсвэл бусад ан агнуурын шу­вууд нь ховордсоноос өмхий махтай хар шувуу үлдэж их харагдаад байна уу гэдгийг нарийн судал­гаагаар ил болгох хэрэг­тэй. Тэгээд чухам хэм­жээнээс хэр илүү гарч, тэр нь аль нуурын ямар за­гасны тоо хэмжээнд нө­лөөлж цөөрүүлж бай­гааг мөн л тогтоох хэрэг­тэй байна. Түүнээс тураг гогой гэгч нэг том дай­сантай болчихоод хүмүүс бид өөрсдийнхөө алдааг түл­хэх эзэнтэй болоод бай­гаа юм биш үү гэсэн эмзэглэл төрж байгааг хэлэх хэрэгтэй биз ээ. Үнэхээр хотон  шувууны зарц хар галуу хүнээс илүү аюултай юу?
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив