Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Питер Морроу: Миний хүргэсэн өндөрлөгөөс илүүд хүргэх эрч хүчтэй, залуу хүн хэрэгтэй байна
2010 оны 7 сарын 23 [Уншсан тоо: 36897]
Монголын топ банк­нуу­дын нэг "ХААН" банк­­­ны гүйцэтгэх за­хи­рал Пи­тер Мор­роуг мэдэхгүй хүн хо­вор. Монголын урла­гийн тө­лөө бол хөрөнгө мөн­гө хайрладаггүй, за­рим­даа "хатуу" ч гэмээр болов уу гэж санагдах энэ эрхэм Монгол ну­тагт удаж, монголж­сон нэгэн болсон. Ха­рин сүү­лийн өдрүүдэд түү­нийг "ХААН" банк­ны гүйцэтгэх захир­лын албаа өгөх гэж бай­­гаа талаар сонс­тох бо­лов. Энэ тухай дэлгэрэн­гүй ярилцаж, түүний Мон­голд өнгө­рүүлсэн он жил, хийсэн бүтээсэн, ирээ­дүйн тө­лөв­лөгөө­ний та­лаар нь сонсох хүсэл­тийг маань тэр хүлээн авсан юм. "ХААН" банк­ны гүй­цэт­­гэх захи­рал Питер Мор­роутой хийсэн ярилц­­лагаа хүргэж байна.

-Та Монгол оронд ирээд даруй арван жил болжээ. Тэр үед төрж байсан сэтгэгдлийг тань сонсч, ярилцлагаа эхэлмээр байна?

-Тэр үед би Монголд анх удаа хөл тавьсан нь тэр. Тухайн үедээ мэр­гэжлээрээ ур чадвараа со­рих ажил хэргийн сай­хан боломж гарлаа гэж бо­дож, хоёр жил ажиллах гэрээтэй ирсэн. Анх ирэ­хэд ялангуяа Улаанбаа­тар хотын хувьд сэтгэл татахуйц юм уу  баяр­ламаар зүйл тийм ч их байгаагүй. Хуучны социа­лист хотуудын нэгэн адил хот санагдаж байлаа. Мөн агаарын бохирдол ихтэй, нийгмийн шийдвэл зохих асуудал ихтэй тийм л газар байсан. Гэхдээ Монгол орон тэр цагаас буюу 2000 оноос хойш найман жилийн хуга­цаанд маш өндөр хур­дацтайгаар хөгжсөн. Сүү­лийн хоёр жил мэдээж хүнд жилүүд байлаа. Улаан­баатар хотын хувьд томрон тэлж байна, хүмүүс нь хөрөнгөжиж бизнесийн үйл ажил­ла­гаа нь өргөжиж байна.

-Та чухам яагаад Монголыг сонгож ажиллах болсон юм бэ. Тухайн цагт манай банкийг га­даадын хүн толгойлох болсон нь содон шийдвэр байсан санагддаг?

-Тэр цагт Монголын Засгийн газар, Монгол банк, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг хооронд байгуулсан гэрээний дагуу шийдвэр гаргаж, Хөдөө аж ахуйн банкинд гадны удирдлагын багийг оруулж, мөн бие даасан төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах болсон юм билээ. Тухайн үед Монгол банк гадаадаас удирд­лагын баг оруулна гэсэн хатуу байр суурийг баримталж байсан. Надтай гэрээ хийж байх үедээ удирдлага нь хүнд байдалд орсон банкныхаа үйл ажиллагааг авч явж чадах дадлага туршлагатай, улс төрийн ямар нэгэн нөлөөлөлд авталгүй ажлаа явуулах ёстой гэсэн хоёр шаардлага тавьж байлаа.

-Таныг энэ салбартаа мэргэшсэн хүн гэж ярьдаг. Та ажлын гараагаа яг хаанаас эхэлж байв. Монголд ирээгүй бол ямар ажил эрхэлж байх байсан бол?

 -Би сургуулиа төгсөөд Вашингтон хотод байдаг улсын банк болох "Экспорт импорт" банкинд ажиллаж, дараа нь Чикаго болон Финикст арил­жааны банкуудад ажиллаж байсан. Би Монголд ирэхээсээ өмнө зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанитай байлаа. Наашаа ирэх болсноор үйл ажиллагааг нь зогсоосон. Хэрвээ Монголд ирээгүй байсан бол тэр компаниа  л үргэлжлүүлэн ажиллуулж  байсан даа.

-Банкны их дампуурлын үе өнгөрсөн ч ХАА-н банк дампуурах нь бараг илт болсон үед та ирж байсан. Хамгийн түрүүнд юунаас та ажлаа эхэлсэн бэ?

-Намайг анх ажлаа авч байхад банк маань зээлийн ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй байлаа. Ердөө бага зэргийн мөнгө гуйвуулах, шилжүүлэх үйлчилгээ л явуулж байсан. Миний хамгийн түрүүнд хийх шаардлагатай гэж үзсэн ажил бол банкны бизнесийн ажиллагааг нь идэвхижүүлэх явдал байлаа. Үүний тулд зээл олголтыг нэмэгдүүлэх, улмаар банкныхаа дотоод үйл ажиллагааг нэмэгдүүлэх явдал байв. Тэр үед Хөдөө аж ахуйн банкны харилцагчийн цар хүрээг боломж их байсан хэдий ч тэдний хүсэл хэрэгцээ нь юу байна гэдгийг мэддэггүй, түүнд нь таарсан үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа нь анзаарагдсан. Хамгийн эхэнд бид худалдаа наймаа хийдэг, жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулж зээлийн бүтээг­дэхүүнээ гаргасан. Энэ бүтээгдэ­хүүнээ зах зээлд дэлгэрүүлж улмаар малчны зээл, цалингийн зээл, тэтгэвэрийн зээл гээд шаардлагатай бүтээгдэхүүнүүдээр харилцагчдынхаа хүрээг нэмсэн дээ. Мэдээж, зээл олголт идэвхтэй явагдаад эхлэхээр хүүгийн ашиг нэмэгдэж, банкны маань ашиг орлого нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд банк маань ашигтай ч ажиллах болж, улмаар банкныхаа техник технологийг сайжруулан, салбаруудаа өргөжүүлэн томруулж, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломжтой болсон доо.

-Таныг анх Монголд анх ирчихээд "Ямар, ямар бүтээгдэхүүн байна" гэж асуухад өрөнд хураагд­сан гутал авчирч өгч байсан хөгжилтэй түүх сонсч байсан юм. Ер нь банкны бүтээгдэхүүн гэдэг ойлголт манайд байхгүй байсан байх шүү?


-Нээрээ тийм явдал болж байсан санагдаж байна. Банкийг үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаар нь бус танил талаараа зээл олж авдаг гэсэн ойлголт  байсан нь үнэн. 2000 он хүртэл ХААН банк зээл олгоогүй. Бид бүх бодлого журмаа тодорхойлж, зээлийн бүтээг­дэхүүн гэж чухам юу болохоо нэг мөр тодорхой болгосон. Танил тал, найз нөхдөдөө зээл олгох боломжийг тас­лан зогсоож, бүгдийг шинээр эхэлсэн юм. Би 1990-ээд оны үед Монголд банкинд танил талтай хүмүүс журам зөрчин зээл авч ашиглах явдал байсныг, мөн хүмүүсийн зээлийн талаар  ямар ойлголттой байсныг   сайн мэдэж байсан. Тиймээс ч бид ийм үйлдлүүдээс урьдчилан сэргийлж бодлогоо тодорхойлчихоод зээл олгож эхэлсэн юм. Намайг анх ирж байхад ХАА-н банк маш хүнд байдалтай байсан нь үнэн л дээ. Банкны үйл ажиллагаа явуулж байгаа байрандаа зарцуулах ямар ч хөрөнгөгүй болчих­сон, орон нутагт ажилладаг ажилт­нуудын хувьд хамгийн их санаа зовнидог асуудал нь яаж зуухаа сайн галлаж дулаахан байлгах, аль эсвэл ус нь шүүрч байгаа дээврээ яаж засуулах, хэрхэн цалингаа тавих л явдал байсан. Тухайн үед жижиг салбаруудын тооцооны төвүүдийн ажиллагсдын дундаж цалин 30000-40000 төгрөг байв. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудынхаа нөхцөл байдлыг сайжруулах, цалинг нь нэмэх, өдөр тутамд тулгарч байгаа асуудлуудад анхаарлаа хандуулах нь банкны шинэ бүтээгдэхүүн гаргахтай зэрэгцсэн асуудал байлаа.

-Таныг Монголын хөдөө нутгаар их явдаг. Бараг монгол хүнээс ч илүү бүх аймгаар тойроод үзчихсэн гэх юм билээ?

-Би Монгол орны бүх аймгаар нэг биш нэлээд хэд хэдэн удаа очсон. Нийт 330 сум бий гэвэл 275 сумаар нь очсон. Ер нь ажлын шаардлагаар жилдээ гурваас дөрвөн ч удаа хөдөө орон нутгаар явах шаардлага гардаг. Би Баян-Өлгий аймагт гэхэд есөн удаа очсон байдаг.

-Яагаад Баян-Өлгий аймагт тийм олон очсон юм бэ. Ажлын шаард­лага уу, казах түмний ёс заншил таалагддаг юм уу?

-Тэгж онцолсон зүйл байхгүй ээ. Хамгийн холын аймаг руу явахад олон сумаар дайрч, салбар тооцооны төвөөрөө орж гарах бололцоо олддог юм. Би ганц Баян-Өлгий ч бус Өмнөговьд ч долоо найман удаа очиж байсан.

-Танай малчны зээл багагүй яриа дагуулдаг бүтээгдэхүүн. ХААН банк хэдэн малчдыг мөлжиж байна гэх хүн байхад, энэ банкныхан бидэнд зээл өгөхгүй бол хамраараа газар хатгачихсан байгаа гэж ярих малчид цөөнгүй. Энэ зээлийг хэзээнээс олгох болсон юм бэ?

-2002 оныг хүртэл малчид банктай хамтарч ажиллах тухай мэддэг ч үгүй байсан гэхэд хилсдэхгүй. Идэвхтэй харилцагч бус энэ бүлгийг татахын тулд бид малчдад зориулан малчны зээл хэмээх тусгай үйлчилгээ нэвт­рүүлж эхэлсэн. ХААН банкинд харил­цах данс нээлгэсэн тохиолдолд малчдын үндсэн орлого болдог мах, ноолуурын борлуулалтын үед нь харилцах дансаар нь дамжуулаад зээлийн эргэн төлөлтийг тооцож болох тогтолцоог бий болгосон. Үүнээс өмнө малчдад харилцах данс байгаагүй учраас ченжүүдтэй бэлэн мөнгөөр худалдаа хийдэг байсан. Манай банк­ны хийсэн ололттой зүйл нь малчдын бэлэн мөнгөн дээр суурилсан эдийн засгийг өөрчилж чадсан явдал юм. Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа мэдээл­лийг үнэнд нийцэхгүй гэж хэлмээр байна. ХААН банкны гаргасан малчны зээл тэдний ахуй, амьдралыг сайж­руулахад үр өгөөжөө өгсөн гэж би боддог. Бидний малчдад олгосон зээлийн 40 хувь нь үр хүүхдээ боловс­ролтой болгох, сургууль соёлд ороход нь зориулагдсан. Мөн ахуй амьдралаа дээшлүүлэхэд ч үр нөлөөгөө өгсөн. Жишээ нь 2002 онд нийт малчин өрхийн 14 хувь нь цахилгаан үүсгэгч­тэй байсан бол 2009 он гэхэд 75 хувь болтлоо өссөн. Зөвхөн цахилгаан үүсгүүр бус цахилгаан хэрэгсэл, зурагтын антен, DVD  гээд олон бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдрал­даа хэрэглэдэг болсон нь бидний энэ зээлтэй яах аргагүй холбоотой.

Уг зээлийг олгож эхэлсэн цагаас хойш зээлээ төлж чадалгүй, хүнд байдалд орсон малчид тун ховор. Амьдрал дээр малчид хамгийн итгэлтэй харилцагч нар байдаг. Тэгээд ч манай банкнаас гэрт нь очоод барьцаа хөрөнгөө хурааж авсан тохиолдол бараг байхгүй дээ. 2008, 2009 онд ноолуур болон махны үнэ маш муу байлаа. Энэ 2010 онд олон жил болоогүй зуд боллоо. Энэ мэт байдлыг харгалзан үзэж, малчидтайгаа харилцан ярьж, боломжоор нь хугацааг сунгаж ирсэн. Зарим хүнд байдалд орсон малчдынхаа зээлийн хүүг нь чөлөөлж, торгууль ноогдуулсан шимт­гэлийг ч цуцалж байлаа. Нийт малчны зээлийн 90 гаруй хувь нь ямар нэгэн асуудалгүй гэж ойлгож болно. Манай банкны хувьд малчдад зориулсан зээлээ гаргасаар байгаа, цаашид улам бүр нэмэх бодлого баримтална. Ер нь малчдын зүгээс зээлийг буруутгаж ярьдаг хүн байхгүй. Харин ийм яриаг гаргадаг  янз бүрийн зорилготой хүмүүс байдаг юм билээ. Би өнгөрсөн хоёрдугаар сард ид зуднаар хэцүү байгаа газруудаар явсан. Тэр үед малчид маань тэдгээр шүүмжилж ярьдаг хүмүүсээс огт өөр бодолтой байдгийг анзаарсан шүү.

-Зуд боллоо, ХААН банк дам­пуурах нь гэсэн яриа явж байсан л даа. Ингэхэд танай банкны нийт зээлийн хэдэн хувийг малчны зээл эзэлдэг юм бэ?

-Манай хамгийн сайн, чанартай зээлүүдийн нэг бол малчны зээл мөн л дөө. Гэхдээ малчны энэ зээл нийт зээлийн багцын таваас зургаан хувийг нь л эзэлдэг.

-Та ингэхэд өөрөө малтай юу, ер нь хэдэн толгой малтай хүн бэ?

-Хөдөөд явж байхад зарим сумынхан хурдны морь бэлэглэдэгийг эс тооцвол надад мал байхгүй ээ. Тэгээд ч тэр морио ижил сүрэгт нь үлдээдэг болохоор малтай гэхэд хэцүүхэн юм.

-Монголд анх ирчихээд бэрх­шээлтэй санагдаж байсан зүйл тань юу байв, залхаад явья гэсэн бодол төрж байв уу, бас сайхан санагддаг зүйл нь юу вэ?

-Миний хувьд хэзээ ч тэвчихгүй юм байна, больё гэсэн бодол орж ирж байгаагүй. Уур бухимдал төрөх үе бол байсаан. Гэхдээ монголчуудын хувьд дөнгөж ардчилсан нийгэмд шилжин ядаж байсан тэр үе нь байгааг ойлгодог байсан. ДНК-ийн шинжилгээгээр бол надад эзэн Чингэсийн цус, удам угсааны зүйл юу ч байхгүй л дээ. Үүнийгээ мэдэх харамсалтай байсан шүү/инээв/. Монгол хүмүүсийн дунд нь орж үзэлгүйгээр монголчуудыг мэддэг гэж ярихад хэцүү. Харин хамтдаа ажиллаад ирэхэд монголчууд эелдэг дулаахан уур амьсгал бүрдүүлдэг, амьдраад баймаар үндэстэн, улс орон шүү.

-Тэгэхээр таныг Монголд үргэлж­лүүлэн амьдарна гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Би Монголд цаашид ч амьдарсаар байна. Гэр маань Аризонад байдаг ч тэнд жилд хоёроос гурван удаа л богино хугацаагаар очдог. Жилийн дийлэнх хугацааг Монголдоо өнгөрүүлж ирлээ. Мөн би монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуул­сан хүн. Тийм ч учраас Монгол миний хоёр дахь эх орон гэж ойлгож болно.

-Таны өрөөнд буддын шашны зан үйлийн зүйл харагдах юм. Бас бүр ХАА-н банк байх үеэс танай байгууллагын шүтэж ирсэн Гонгор бурхныг залсан гэж дуулсан юм байна. Та уг нь христийн шашинтай биз дээ?

-Нэг удаа Түвдэд очиход найз маань "Бурхны шашинтан уу" гэж асууж байлаа. "Үгүй" гэхэд "Буддын шашинтан байхад ямар нэг гэрээн дээр гарын үсэг зурж, үүрэг хүлээдэг­гүй юм. Зүгээр сайн хүн байгаад, зөв зүйлд итгээд, зөв үйл хийгээд явахад буддын шашинтан байдаг юм" гэж байсан. Би бол христийн шашинтай гэр бүлд төрж өссөн хүн. Гэхдээ зан үйлийг нь хатуу мөрдөөд байдаггүй. Надад буддын шашинтай олон найз нөхөд байдаг. Гүрдаваа ринбүүчи миний дотны найз маань байсан. Тэр манай банкны шашны бүх үйлийг нь дэглэж өгсөн дөө. Би Догшин хутагт Данзан­равжаагийн тухай сонирхон судалдаг. Хамрын хийдэд ч олонтоо очиж байлаа. Түүний тухай хэд хэдэн өгүүлэл бичсэн. 2001 онд анх Хамрын хийдэд очиж тэр хүний тухай мэдэх болсон юм. Тахилч Алтангэрэлийн яриаг сонсч байхад онцгой сэтгэгдэл төрсөн.

-Таны уран зураг сонирхон хөрөнгө хайрлахгүй худалдан авдаг заншлыг тань хүмүүс мэддэг. Та хэзээнээс эхлэн уран зураг сонирхох болсон юм бэ?

-Уг нь би уран зураг гэхээсээ илүү хөгжимд ойрхон гэр бүлд төрсөн. Ээж, эмээ маань найрал хөгжимд хийл тоглодог байлаа. Би уран зураг авч эхлэхдээ уран зураг цуглуулагч гэсэн утгаараа авдаггүй байлаа. Монголд ирснийхээ дараа авьяастай, уран зургийн төлөө сэтгэлтэй гайхалтай уран бүтээлчид байгааг мэдэрсэн. Гэхдээ тэдэнд бүтээлийг нь худалдан авч байгаа хүмүүс, зах зээл байхгүй байлаа. Ер нь тэр үед уран зураг худалдан авдаг хүмүүс, бүлгүүд бараг байхгүй байсан даа. 2002 оноос уран зургийн цуглуулгуудаа эхэлсэн. Ажлын байрандаа сайхан орчин бүрдүүлбэл хамт олон маань сэтгэгдэл өндөр байж, харилцагч нар маань сэтгэл дүүрэн гарна  гэж бодсон юм. Бас бусад байгууллагууд бидний жишгийг дагаж, уран зураг, уран бүтээлчдийг дэм­жээсэй гэсэн зорилготойгоор зургуудаа авч эхэлсэн. Урлагийн зөвлөлтэй тэр цагаас хамтран ажил­лаж эхэлсэн, одоо тэндээ удирдах зөвлөлийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

-Та залуу уран бүтээлчдийг дэмжиж, уран бүтээлийг нь илүүтэй авдаг шиг санагддаг. Энэ нь за­луучуудад олонд танигдах боломж, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр үү эсвэл банкир хүнийхээ хувьд сайн бүтээлийг хямд байхад нь авч байгаа нь энэ үү?

-Манай банкны анх авч байсан зургууд дотор Саранцацралт, Мөнх­жин, Энхжин, Бумандорж, Энхжаргал гээд туршлагатай сайн зураачдын зургууд байсан. Бас өмнөх үеийн нэртэй зураачдын бүтээл ч байдаг. Цуглуулгаа эхэлж байх үед маань зураач ч болоогүй сурагч, оюутнууд байсан хүүхдүүдийн зураг өнөөдрийн цуглуулгад маань орж ирж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд залуус үнэхээр сайжир­сан. Залуу уран бүтээлчдийг дэмжиж уран бүтээлийг нь худалдан авдаг нь тэднийг хүмүүст таниулж, хөлөө олсон уран бүтээлчидтэй зэрэгцэх хэмжээнд хүртэл нь тэднийг дэмжие гэсэн бодол байдгийнх аа.

-Таны сонирхдог зүйл бол уран зураг гэдгийг хүмүүс мэднэ. Танд өөр хобби байна уу?

-Би ямар нэг зүйлийг гол хобби болгоод түүнийхээ араас хичээн­гүйлэн явдаг хүн биш л дээ. Сонирхдог зүйлс бий. Би уран зураг, уран зохиолд дуртай. Ер нь уншиж бас бодож суух дуртай даа. Гэрэл зураг гайгүй авчихдаг. Эртний эдлэл сонирхон цуглуулдаг. Зэс домбо цуглуулах дуртай. Бичихийн хувьд эртнээс бичдэг байсан. Монгол орны тухай, монголчуудын тухай өөрийнхөө харж байгаагаар бичсэн 35 өгүүлэл бий. Тэгж байгаад нэг хэвлүүлнэ дээ.

-Таныг  "ХААН" банкны эзэн нь гэж бодох хүмүүс цөөнгүй. Та энэ банкны эзэн мөн үү?

-Би энэ банкны Гүйцэтгэх Захир­лын албыг хашиж ирсэн болохоос эзэн нь биш ээ. Нийт хувьцааны маш бага буюу нэг орчим хувийг л эзэмшдэг. Манай банкны хөрөнгө оруулагч нар нь Япон, АНУ, Монгол, мөн олон улсын байгууллагууд байдаг.

-Таныг албан тушаалаа өгөх гэж байгаа тухай яригдаж байна. Яагаад ажлаа өгөх болов. Дараагийн захирал гадаад хүн байх уу?

-Анх би Монголд хоёр жилийн хугацаанд ажиллах гэрээтэй ирж байлаа. Гэтэл одоо арван жил ажил­лажээ. Хангалттай удаан ажилласан байна. Тэр үедээ ер нь арван жил ажиллаад тэтгэвэртээ гарна гэж бодож байсан. Миний авчирсан өнөөгийн өндөрлөгөөс ч илүү амжилтад хүргэх эрч хүчтэй залуу хүн хэрэгтэй. Угаа­саа гэрээний дагуу ирэх сарын 1-нээс миний ажиллах хугацаа дуусч байгаа юм. Гүйцэтгэх захирлаар англи хүн ирж ажиллана. Гэхдээ би гэрээнд зааснаар дахин хоёр жилийн хуга­цаанд "ХААН" банкиндаа зөвлөхөөр ажиллаж, шинэ захирал маань ажлаа гартаа оруултал нь өөрийн туршла­гаасаа хуваалцах болно. Манай банк­ны ТУЗ бараг сүүлийн жил хагасын хугацаанд гүйцэтгэх захирлын албан тушаалд шинээр томилогдон ажиллах хүнээ судалсан гэж болно. Олон улсын томоохон албан тушаалтныг санал болгодог томоохон байгууллагуудын гаргасан нэрсээс бид орныхоо хүнийг хэн байх талаар нарийн шалгуураар тодруулсан. Харин би зөвлөхийн ажилд шилжин ажиллах учраас ачаалал өмнөхөөсөө багасах байх. Тэгэхээр өөрийнхөө хийе гэж бодож ирсэн ажлуудаас амжуулах завтай боллоо гэж олзуурхаж байгаа. Бас сайхан ном бичиж хэвлүүлэх ажил маань ч урагш­лах байх. Би Монголын Хөрөнгийн бирж болон өөр хэд хэдэн компани төрийн бус байгууллагын   ТУЗ-д нь багтдаг сонгуульт ажилтай. Үүн дээрээ ч цаг гаргаж ажиллах боломж гарах байх аа.

-Эдийн засгийн хямрал хаа сайгүй нүүрлэх үед иргэдийн мөн­гөн хадгаламжийг төрөөс батлан хариуцаж байгааг мэдэгдсэн. Энэ шийдэл нь арилжааны банкнуудын удирдлагыг хариуцлагаас зайлс­хийж, банкаа дампууруулж ашиг олох боломжийг гаргасан гэж ярьж байгаа дээр та юу хэлэх вэ?


-Энэ хуулийн хувьд "Анод", "Зоос" гэсэн хоёр банкийг дампуурсны дараа гаргасан шүү дээ. Эдийн засгийн хямралын үеэр дэлхийн бусад орнуу­дад ч ийм арга хэмжээг авсан. Үүнтэй адил арга хэмжээг Монголын Засгийн газар авсан. Харин ч энэ баталгааг гаргаж өгснөөр банкуудад мөнгө илүүтэй татан төвлөрүүлэх боломжийг өгч улмаар хадгаламж, зээлийн хүүг багасгах боломжийг гаргаж өгсөн. Энэ талаар ч улстөрчид онцлон хэлж байсан. Манай банк гэхэд л өнгөрсөн намраас хойш хадгаламжийн хүүгээ дөрвөн удаа буурууллаа. Ингэж буу­руулаад байхад хүртэл мөнгөн урсгал зогсохгүй байсан. Одоо манай чөлөөт эх үүсвэр 700 тэрбум төгрөг болоод байна. Хадгаламжийн хүү буурахад зээлийн хүү ч дагаад буудаг. Энэ нь харилцагчдад болон эдийн засагт хэрэгтэй зүйл юм. 

-Та манай уламжлалт баярын үеэр заавал үндэсний дээл хувцас өмсч мэндчилгээ хүргэж байгаа харагддаг. Танд хэдэн дээл байгаа вэ?

-Хоёр дээл бий.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив