Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
С.БАЯР: Н.Энхбаярыг улс төрөөс зайлуулах ажлыг тэр өөрөө хийж байх шиг
2010 оны 7 сарын 8 [Уншсан тоо: 34251]
Удаан хугацаанд харь нутагт эмчлүүлж байгаад нутагтаа ирсэн УИХ-ын гишүүн Санжийн Баяр саяхнаас чуулгандаа оролцож, намын бүлэг, байнгын хорооны хуралдаа суух болсон билээ.

-Таны бие сайн уу. Эмчилгээ хэр болов доо. Таны зүс царай өнгөрсөн хавраас хойш нэлээд сай­жир­сан ха­рагдаж бай­на. Ерөнхий сай­дын албаа өвчний улмаас ор­хи­сон хү­ний тань хувьд энэ талаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна...


-Уулзсан хүмүүс өнгө зүс маань сайжирсан ту­хай хэлж байгаа. Үүнийг сонсоход урамтай юм. Эмчилгээ зохиж байгаа юм байлгүй бие овоо сайн болж байна.

-Таныг Ерөнхий сайд байхдаа гадаадад эмч­лүүлэхээр явс­ныг мэ­дэгдэх хэв­лэлийн бага хурлын үеэр эмчилгээ­ний зардлаа өөрөө дааж байгаа тухай он­цолж байсныг санаж бай­на. Яагаад тэгж онцолж байсан юм бол. Та тэгж онцолж хэл гэсэн юм уу, ямар учиртай юм бэ? 

-Хэвлэлийн бага ху­рал дээр энэ тухай асуу­сан учраас л хариулсан байлгүй дээ. Тэрнээс нэг их онцлоод байх  юу бай­хав. Гэхдээ л тодорхой байвал зохих асуудал. Эмчилгээнд зардал гарах нь мэдээж. Тэр тусмаа гадаадад эмчлүүлэхэд нэлээд зардал гарна.
Би Ерөнхий сайд байх­даа ч, одоо ч Зас­гийн газраас ямар нэг зардал мөнгө­ний тус­ламж дэмж­лэг аваагүй. Яагаад аваа­гүй талаар зарим хүмүүс, сэтгүүлчид ялангуяа асуу­даг л юм. Тэгэхэд нь би "Хожмын өдөр чам шиг сэтгүүлч энэ тухай асуу­хад нь ам бардам суухын тулд аваагүй" гэж тоглоом шоглоомоор хэлж байсан удаатай.  Гэхдээ үнэндээ бол өөрөө Засгийн газ­раа тэргүүлж байж тэн­дээсээ өөрийнхөө эмчил­гээний зардлыг шийдүү­лэх нь зохимжгүй юм шиг.
Хэдийгээр Ерөнхий сай­дын алба хашиж буй хү­ний эмчилгээний зард­лыг улс хариуцна гэсэн хуультай ч нэг л зохимж­гүй санагдсан. Тэгээд ч тэр үед хямрал  нүүрлээд Засгийн газар мөнгө сан­хүүгийн хувьд тун хэцүү байдалд байлаа. Энэ мэт учир шалтгааны улмаас би эмчилгээний зардлаа Засгийн газраас аваагүй юм.

-Харин  намаасаа бол авсан биз дээ?

-Намаасаа болон на­мын олон нөхдөөсөө бол тусламж, дэмжлэг авсан. Журмын олон нөхөд маань тусалсан. Намын бүлэг, Удирдах зөв­лө­лийн бүх гишүүд надад тусалсан.  Улсын их Ху­рал ч гишүүний минь хувьд надад тусалсан. Анд нөхөд, хамтран зүт­гэгчид, жирийн сайхан танилууд, огт та­них­гүй хүн хүртэл тусал­сан. Эм шиг үйлчилдэг дэмийн сайхан үгээр ч тусалсан, эмчилгээнд нэ­мэрлэх мөн­гөөр ч тусал­сан. Нөх­дийн дэм гэдэг их хүчтэй. Тэр дэмийн ачаар л одоо ингээд сэр­гээд, өнгө зүс ороод бай­гаа маань энэ. Сэтгэл гаргасан бүх нөхдөдөө энэ дашрамд дахин да­хин талархал илэрхийлж байна шүү.     

-Нэгэндээ туслах шиг сайхан зүйл юу байх вэ. Гэхдээ зарим нь өөр зорилго, ашиг сонирхлын үүднээс танд тусалж байна гэж та бодож байсан уу?

-Өөр ямар зорилго гэж? Би надад тусалсан хүмүүсийг ямар нэг өөр зорилго, атгаг сэтгэлээр хандсан гэж бодохгүй бай­на. Тэр тусмаа на­майг Ерөнхий сайдын албаа өгсний дараа тэр хүмүүс тусалсан юм шүү дээ. Тэ­гэхээр ямар нэгэн албан тушаалд биш хувь хүний минь хувьд надад тусал­сан хэрэг. Ямар юмны ашиг сонир­хол энд байх вэ дээ.

-Ерөнхий сайдын ал­баа өгсний тань дараа танд хандах хүмүүсийн хандлага эргэж байна даа гэж мэдрэгдсэн зүйл байна уу. Хүмүүс зангаа хувиргадаг ту­хай ярих нь байдаг шүү дээ?

-Амьдрал баян хойно тийм зүйл гардаг л биз. Гэхдээ миний хувьд алба өөрчлөгдлөө гээд хүмүү­сийн тэгтэл өөрчлөгдсөн хандлагыг мэдрээгүй яв­на. Харин ч урьд нь зөрж, зөрчилдөж байсан хү­мүүс хүртэл илүү зөөлөн ханддаг болсон шиг са­нагдаж байгаа. Хэлж ирдэггүй хийсээд ирдэг өвчний улмаас албаа өгсөн болоод ч тийм байж магадгүй л юм. 

-Хэдийгээр таныг ал­баа өгсөн ч гэлээ МАХН болон Засгийн газарт ч хуучны нөлөө нь хэвээр байгаа гэж хардах хэсэг байдаг. Магадгүй тийм нө­лөө­тэй байгаа учраас хү­мүүсийн хандлага өөрч­лөгдөхгүй байгаа юм биш биз дээ. Та на­мынхаа болон Засгийн газрын шийдвэрт хүч­тэй нөлөөлсөн хэвээ­рээ байгаа нь үнэн үү?

-Надад олон дутагдал бий. Гэхдээ ганц нэг гай­гүй чанар бас бий.  Жи­шээ нь, би тодорхой хэдэн зарчим барьдаг. Нэгдүгээрт, асуугаагүй бол бүү зөвлө гэдэг зар­чим барьдаг. Асуувал өөр хэрэг. Зөвлөж болно. Хоёрдугаарт, эрх мэд­лийг хариуцлага дагах ёстой гэсэн зарчим барь­даг. Энэ хоёрыг хооронд нь салгаж огт болохгүй. Эрх мэдлийг хэн эдлэх ёстой вэ гэвэл, хариуц­лага үүрч байгаа тэр хүн л эдлэх ёстой. Түүнээс хариуцлагыг нь хүлээх­гүй атлаа хажуунаас нь хо­шуу дүрээд, шийдэлцэх гээд байна гэвэл аль ч талаасаа буруу болно. Тогтолцоо гажна. Ха­рил­цаа муудна. Шударга ёс алдагдана гэх мэтээр буруу зүйлс ар араасаа цуварч өгнө шүү дээ.

-УИХ-аар Таван тол­гойн асуудлыг ид яриг­даж эхлэх үед С.Баяр хүрээд ирлээ гэсэн мес­­­сэж зарим хэв­лэ­лээр явсан. Удтал хүлээгдсэн Оюу тол­гойн гэрээг батлахад түүхэн үүрэг гүйцэт­гэсэн та Таван толгойн асуудлыг хэлэлцэх үеэр  ирлээ гэх ярианд ямар хариу барих бол?

-Эмчилгээний маань нэг үе шат дуусаад Мон­голдоо ирлээ. Нутагтаа буцаж ирсэн энэ цаг мөч Таван толгойн асуудлыг хэлэлцэх үетэй давхцаж таарсан нь миний буруу биш байлтай. Тэгээд яах гэж. Элдэв мессэж явах вий гээд гадаа хүлээзнэх болж байна уу. Таван толгойн хувьд миний байр суурь дэндүү тодор­хой. Би Засгийн газрын байр суурийг бүрэн дэм­жиж байгаа. Оруулсан төслийг нь  батлуулахын төлөө байгаа. Гэхдээ Таван толгойн асуудлаас гадна өөр олон чухал асуудал яригдаж, шийд­лээ хүлээж байна, цаана чинь. Жишээ нь, Сонгуу­лийн тухай хууль байна. Үүнийг өөрчлөх ёстой гэж хэдэн жилийн өмнөөс би ярьсаар, зүтгэсээр ирсэн. Нөгөө таван төгөлдөр­шил гэж яриад байсны маань хоёр асуудал нь энэ шүү дээ. Тиймээс би УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ бүгдийг ший­дэхэд оролцох эрхтэй, бас үүрэгтэй.

-Таван толгойн асууд­лыг шийдэх олон хувилбар яригдаж бай­на. Засгийн газар нэг хувилбар дэвшүүлж бай­хад, иргэний нийг­мийн­хэн өөр юм ярьж байх жишээтэй. Бизне­сийнхэн ч бас нэг ху­вилбар зүтгүүлээд л. Бас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Засгийн газ­рын хувилбарыг шүүмж­лээд, огт өөр юм ярьж байх шиг. Таны бодлоор аль хувил­ба­раар явах нь зүйтэй вэ? 

-Асуудлыг шийдэх арга чарга олон байж болно. Тэр олон аргыг хооронд нь харьцуулж яриад, дүгнэж шүүмж­лээд, шүүн хэлэлцээд байж бололгүй л яахав. Гэхдээ эцэс төгсгөлгүй хэлэлцээд, шүүмжлээд, цаг алдаад суугаад бай­на гэж юу байхав дээ. Аль нэг хувилбарыг нь сонго­вол сонгоод, асуудлыг тас гээд шийдэх нь  л  чухал, эцсийн дүндээ.

-Тэгээд хэлэл­цэх­гүй, хөндлөнгөөс гарч ирж байгаа саналыг огт харгалзахгүй шийдэх гэж үү?

-Саналын цаана  учир бас бий л дээ. Асууд­лын шийдлийг зөв, оновчтой болгох зорил­гоор гарга­сан санал гэж байна. Гэ­тэл асуудлыг зүгээр л гацаах зорил­гоор санал дэвшүүлсэн болоод, ухаан­тай царай­лаад олон юм яриад бай­гаа хүн мэр сэр бас бай­на. Мон­гол Улс хөгж­лийн­хөө хувьд цаг хожиж урагшаа ахих уу, эсвэл бахь байд­гаараа байран­даа шиг­дээд, эцэс төгс­гөлгүй хэ­лэлцээд, хэрэл­дээд суу­гаад байх уу, нөхөд өө. Хөгжил бол гол асуудал. Өнөөдрийн Мон­голын хамгийн гол энэ асуудал дээрээ бид хүчээ нэгтгэх ёстой л гэж боддог.

-Өнгөрсөн жил Оюу­тол­гойн гэрээг Ерөнхий сайд С.Баяр яаруу санд­руу байгуулсан, хөнд­лөнгийн олон са­нал гар­саар байтал тэд­гээрийг огт тоогоо­гүй, аваагүй гэсэн шүүмж­лэл одоо ч тас­рахгүй байна. Оюу тол­гойн гэрээг маш муу гэрээ болсон гэж бас шүүмжлэх юм. Үүнд та юу гэж хариулах вэ?


-Яаруу сандруу шийд­сэн юм биш. Харин ч их цаг их алдсан гээч. Оюу­толгойн гэрээг эцэслэн байгуулах гэж тав зур­гаан жил болоо биз дээ. Хугацаа алдсанаас болж гарааны нөхцөл маань нэн дордсон. Оюу тол­гойн хөрөнгө оруулалтын асуудлыг нэг, хоёр тэр­бум ам.долларт өлхөн ший­дэх боломжтой бай­сан бол одоо дөрөв, та­ван тэрбумаас доошгүй бол­сон байх жишээтэй. Оюу толгойн гэрээ муу гэрээ болоогүй. Сайн гэрээ бол­сон. Гэрээг хоёр тал тохирч хийдэг. Нэг тал санасныхаа зоргоор хий­дэггүй. Өнөөгийн нөх­цөлд хөрөнгө оруулагч­тай тохирч болох цаад хязгаарт нь зад тулгасан л гэрээ болсон. Үүнээс илүү удсан бол гэрээний нөхцөл бидний хувьд дор­доно гэхээс дээрдэнэ гэж байхгүй. Санал шүүмжлэлийн хувьд гэвэл хэрэгтэйг нь, оновчтойг нь авсаар л ирсэн. Огт шүүмж­лүүлэхгүй байх нь чухал гэж үзвэл гарсан санал болгоныг судал­сан, хэлэлцсэн болоод  юу ч  шийдэхгүй, эрсдэл гаргахгүй суугаад байж бас болох л байлаа. Тэг­лээ гээд хэн хожих юм бэ. Лав л улс орон, ард түмэн хожихгүй. 

-Та ч яахав Оюу­толгойн гэрээгээ зад хамгаалж л таараа. Одоо сэдвээ өөрчилье. Саяхан долдугаар са­рын 1-ний өдөр болж өнгөрлөө. Та юуны ту­хай асуух гэж байгааг гадарлаж байгаа байх. Олон хүн хоёр жилийн өмнөх тэр өдрийг дурсч, иргэд таван хү­ний халуун амийг нэ­хэж байна. Буруутай гэгдэж байгаа хүмүү­сийн дунд таны нэр бас явж байгаа. Гэтэл та энэ сэдвээр ярихаас зайлс­хийгээд байдаг юм шиг. Хэдхэн хоногийн өмнө танаас энэ талаар юм асууя гэсэн сэтгүүлч­дэд "Үгүй дээ, үгүй" гэж хэлчихээд яваад өгч байх жишээ­тэй. Та яа­гаад энэ сэд­вээс зайлс­хийгээд, байр сууриа илэрхийлэхгүй яваад байдаг юм бэ?

-"Долдугаар сарын  нэгэн" бол өнөөгийн мон­голчууд бидний хувьд хамгийн эмгэнэлтэй, хам­гийн эмзэг сэдэв болсон. Энэ бол босон суун ярь­даг, Төрийн ордны хонги­лоор холхингоо хөнддөг сэдэв лав биш. Тийм уч­раас эртээд би чуулганы танхимаас гарахад на­майг бүчээд авсан, энэ сэдвээр асуулт тавиад эхэлсэн сэтгүүлчдэд үүнийгээ учирлан хэл­сэн. Тэд ч ойлгосон байх. Би энэ сэдвээс зайлсхий­гээд, таг дуугүй яваад байгаа юм биш. Одоо­гоос яг хоёр жилийн өмнө, үйл явдлын өрнө­лийн дараахан би Мон­гол Ул­сын Ерөнхий сайд, МАХН-ын даргын хувьд ард түмэндээ хан­даж байр сууриа албан ёсоор илэрхийлсэн, ууч­лал гуй­сан. Тухайн үед хэлэх шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ хэлсэн бай­даг.
Өнгөрсөн намар УИХ-ын хэсэг гишүүдийн са­наачлагаар энэ сэд­вээр нээлттэй ярилцах үед ч би сэтгүүлчдийн асуул­тад хариулж бай­сан. "Буудах тушаал өг­сөн үү" гэсэн тодорхой асуултад ба­римт нотол­гоотой тодор­хой хариул­таа өгсөн. Тэрнээс бус­даар дол­дугаар сарын нэгний асуудлаар бус­дын адил чанга чанга дуугараад, олон долоон юм яриад байх нь илүүц гэж боддог.

-Яагаад?

-Яагаад гэдэг нь дэн­дүү ойлгомжтой юм биш үү? Долдугаар сарын нэгний талаар өнөөдөр ам томтой болгон нь ярьж байна. Дээр нь би гээч этгээд тухайн үед Ерөн­хий сайд байсныхаа хувьд, сонгуульд ялсан намын даргын хувьд байр сууриа хамгаалаад, өөрийгөө өмгөөлөөд, бус­дыг буруутгаад суулаа гэж бодъё. Өнөөдрийн Монголын тулгамдсан гол асуудлаа шийдэхэд энэ нь тус болох уу, ус болох уу? Аньж ядаж байгаа гүн шархыг энэ нь сэдрээх үү, эдгээх үү? Үүнийг бодоод л илүү үг хэлчих вий гэж өөрийгөө хоёр жил татаж, дуугаа хурааж явлаа. Тэрнээс биш хэлэх юмгүйдээ, эсвэл хэн нэгнээс эмээ­сэн­дээ дуугүй яваад бай­гаа хэрэг огт биш. Тэгээд ч хэн нэгний чанга дуу­гарснаар, эсвэл түрүүлж дуугарсныхаар нь асууд­лыг эцэслэн дүгнэхгүй нь ойлгомжтой. Дахин хэлэ­хэд бид өнөөдөр гол асуу­дал дээрээ хүчээ нэгт­гэх ёстой гэж боддог. Эс тэгвээс цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид хөгжих үү, хөглөрөх үү гэсэн зааг дээр дэндүү удаж байна.

-Тэгээд гол асуудал дээрээ хүчээ нэгтгэж бай­гаа  нь энэ гээд энэ асуудлыг орхих ёстой гэж үү. Тантай адил бүгд энэ сэдвээс зайлс­­­хийгээд, дуугаа хураагаад байвал юу болох вэ?

-Дуугаа хураах ёстой гэж би хэлээгүй.  Харин дуугарвал үнэн үг дуу­гарах ёстой л гэж  хэл­мээр байна. Долдугаар сарын нэгний эмгэнэлт явдлын үнэн учрыг олох ёстой. Хэн юу хийв гэд­гийг бодитоор тогтоох ёстой. Буруутанд хариуц­лага хүлээлгэх ёстой. Сур­гамж авах ёстой. Дахин давтагдахгүй байх бүх талын баталгааг бүр­дүүлэх ёстой. Энэ бол ойлгомжтой. Гэтэл үнэн учрыг олохын оронд за­рим нь эмгэнэлт явдлаар улс төрийн шоу хийгээд эхэлж байгаа юм биш үү. Бүгд харж л байна шүү дээ.

-Юуг харж байна гэж?

-2008 оны долдугаар сарын нэгэнд юу болсныг Монголын ард түмэн харсан. Хэн өдөөсөн, хэн өртсөн. Хэн дайрсан, хэн дайруулсан. Хэн шатаа­сан, хэн шатсан гээд бүх юм тодорхой харагддаг. Гэтэл дайрсан этгээд нь өнөөдөр хохирогч шахуу болчихоод чанга чанга дуугараад, том ам гаргаж хөмсөг зангидан сагаж явна. Өөрсдийнх нь өдөө­­сөн үймээний хар­гайгаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхний гашуудал зов­лонгоор ээлжит шоу­гаа найруулж  "Хариуц­лага хаа байна" гээд орилж явна. Энэ нь зөв үү. Үүнийг шударга ёс гэж үзэх үү гэж асуумаар санагдаад өнөөдөр би тэсэлгүй хэдэн үг дуугарч байгаа нь энэ.

-Долдугаар сарын нэгний үйл явдлыг сон­гуулийн булхай луйв­рын эсрэг боссон ард түмний шударга тэмцэл гэж үздэг хүн олон байдаг. Үүнийг та арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ?       

-Миний үгүйсгэх, эс үгүйсгэх нь чухал биш. Бодит баримт чухал. УИХ-ын чуулган дээр яригдсан нэгэн баримтыг сануулъя. Долоон сарын нэгний жагсаал нь үй­мээн болсон. Тэр үй­мээнд оролцсон мянга орчим хүнийг баривчилж  цагдан хорьсон байдаг. Тэдгээрээс хоёр зуу ор­чим хүн л хуруун дээрээ сонгуульд оролцсон тэм­дэгтэй байсан гэдэг. Та­ван хүний нэг нь гэсэн үг. Оролцоогүй сонгуулийн­хаа дүнг эсэргүүцнэ, тэм­цэнэ гэж байх уу. Тэр өдрийн жагсаалд оролц­сон иргэдийн тодорхой  хэсэг нь сонгууль луйвар болсон гэж үзэж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ долдугаар сарын нэгний жагсаал цуглаан, үймээн самуун, адал балмад явдлыг бүгдийг нь ний­лүүлээд  "Шударга бус сонгуулийн эсрэг боссон ард түмний шударга тэм­цэл" гэх нь үнэнд нийцэх үү. Сонгууль луйвартай боллоо гэхэд тэр луйврыг дан ганц МАХН хийсэн гэхэд хэн үнэмших юм бэ. Энэ мэтээр асуугаад бай­вал урт жагсаалт болно биз. Үүгээр хязгаарлая. Тэгээд ч ярилцлага маань мэтгэлцэл маягийн юм болох гээд байна. Мэтгэл­цэх, эсвэл өөрийгөө өм­гөө­лөөд өрөөлийг бу­руутгах бодол надад алга байна.

-Тэр өдөр ямар ч үймээн шуугиан болсон байлаа гэхэд хүний амь л үрэгдэх ёсгүй байсан гэж олон хүн үздэг. Үүнийг сэргийлж ча­даагүй учраас төр, төрийн цагдаа, түүнийг удирддаг Засгийн газар буруутай гэж үздэг хүн ч цөөнгүй. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн нь та байсан. Шулуухан асуухад та өөрийгөө буруутай гэж үздэг үү. Ерөөс тийм хэмжээний  үймээн самуун гарахад Монголын төр  бүхэл­дээ бэлэн биш байсан гэдэгтэй та санал ний­лэх үү?

-Зөвхөн төр биш, хэн ч бэлэн байгаагүй юм шүү дээ. Тийм ч учраас бүгд цочирдсон. Бусдын тухай яриад яахав. Би хувьдаа ийм юманд бэ­лэн бай­гаа­гүй. Гэтэл юунд ч бэ­лэн байх нь миний албан үүрэг. Бэлэн байгаагүй учраас тухайн үед би буруу, зөв хөдөл­сөн үү, алдсан бол юун дээр алдсан бэ гэдгээ одоо хүртэл эргэцүүлж боддог. Хүний амь хохир­чих вий гэсэн бодол тэр аймшигт өдрийн гол бодол бай­сан. Тийм ч учраас доо­роосоо ша­таж, дөрвөн талаасаа чулуу тоосгоор бөмбөг­дүүлж байсан на­мын байр­наасаа тэнд байсан олон зуун хүнийг, түү­ний дотор сэтгүүлч­дийг эсэн мэнд гаргах гэж нө­хөдтэйгээ хамт байд­гаараа үзсэн. Дараа нь шатсан байрнаасаа хам­гийн сүүлд тавуулаа га­раад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр "Галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй" гэж Ерөнхий сайдын хувьд хүчний байгууллагын удирдлагад тушаал буул­гаж байсан. Гэлээ ч хүний амь үрэгдсэн... 

Олон юмыг нөхөж, сэргээж болдог. Хүний амийг л нөхөх аргагүй. Хүүгээ, дүүгээ, ахаа алд­сан ар гэрийнхний зов­лонг юугаар ч нимгэлэх боломжгүй. Ямар ч учир­лал, мөнгө төгрөгөөр уй гашууг нь тайлах арга байхгүй. Тийм ч учраас уй гашуундаа гандаж яваа тэднийг эгцлэн хараад "Би огт буруугүй" гэж хэ­лэх эрх надад л лав байх­гүй. Ийм эмгэнэл болсон байхад Засгийн тэргүүн буруугүй байна гэж үгүй дээ гэж боддог. Тиймээс буруутай бол түүнийгээ өөрөөсөө зайлуулах, огт буруугүй хүн болж хараг­дах бодол надад алга. Гэхдээ би л буруутай шүү гээд бүхнийг өөр дээрээ тохоод авах бодол ч бас алга байна. Тийм хуу­рамч өгөөмөр зан үнэн мөнийг тогтооход хэрэг болохгүй. 

-Алдсан бол юун дээр алдсан бол хэ­мээн эргэцүүлэн бод­дог гэж та сая хэллээ. Сонгуу­лийн дүн албан ёсоор гараагүй бай­хад танай нам ялалтаа зарласанд хүмүүс их бухимдсан гэж үздэг. Энэ нь эхнээ­сээ буруу шийдэл  байж, шаазгай суух овоо­хой нь болсон ч  гэдэг?

-2008 оны УИХ-ын сонгууль бол ардчилсан Үндсэн хууль батлагд­санаас хойш хийгдсэн тав дахь сонгууль. Түү­нээс гадна Ерөнхий­лөг­чийн, орон нутгийн сон­гууль гээд нэмбэл сонгуу­лийн тоо арав гараад явчихна.

Энэ бүх сонгуу­лийн урьдчилсан дүн га­рахад намууд хэвлэлийн хурал хийлгэж түүнийгээ танилцуулдаг тогтсон жи­шиг байдаг. Тэр жишгээ­рээ л явсан тул үүнийг буруу гэх, тэгэх тусмаа шаазгай суух, шаагих шалтаг болгох гээд байх нь хаашаа л бол.

-Тэр өдөр таныг жаг­саад ирсэн олны өмнө гарч ирээд байдлыг нам­жаачихаж болоогүй юм уу гэж бас ярьдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?


-Би гарч ирснээр жагс­­сан гэхээсээ улан­гассан хүмүүс тайвшраад та­раад явчих байсан гэж огт бодохгүй байна. Нэгд, тэр өдрийн жагсаал цуг­лаан урьд урьдынхаас огт өөр зорилго, агуулга­тай бай­сан. "Уулзаж ярилцъя" гэсэн бодолтой биш "МАХН-ын байранд га­лын наадам хийе" гэсэн зорилготой тодорхой хү­мүүс тэр жагсаалыг зо­хион байгуулж, шидэх чулуу, шатаах түлшээ фургон фургоноор урьд­чилан базаасан байдаг. Үгүй гэж үү. Тийм хүмүүс­тэй энгийн номхон яриа өрнөх байсан гэж үү. Хоёрт, сонгуулийн урьд­чил­сан дүнг үгүйсгэж бай­гаа тийм хүмүүсийн өмнө би гарч ирээд "Уучлаа­рай, манай нам сон­гуульд ялсан биш, ялагд­сан юм байна шүү" гэж хэлэхгүй нь лавтай. Нэ­гэнт тэр үгийг хэлэхгүйгээс хойш би гарч ирснээр тэд тайвшраад явна, байдал намжаад сайхан болчих байсан гэдэгт итгэх эрүүл ухаантай хүн олдох юм уу?

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хол­боо­той сэдвээр  танаас асуулт асуух гэсэн юм...

-Уучлаарай, Н.Энх­баяр­тай холбоотой сэд­вээр ярих сонирхол на­дад алга. Учир нь, өнгөр­сөн хавар энэ сэдвээр би хангалттай ярьсан. Олон ч асуултад хариулсан, байр сууриа ч тодорхой илэрхийлсэн байгаа. Энэ сэдвээр байн байн яриад байх сонирхол надад үнэндээ алга байна. Би ямар Энхбаяр судлаач биш. Надад судалмаар санагддаг илүү сонир­холтой сэдэв олон бий. Өөр сэдвээр ярья.

-Үгүй ээ. Н.Энхбаяр­тай холбоотой биш, дол­­дугаар сарын нэ­гэн­тэй холбоотой сэ­дэв. Саявтар телеви­зийн хэд хэдэн сувгаар гарсан "Захиалгат нэвт­рүүлэг"-ээр долдугаар сарын нэгний гол бу­руутнаар таныг нэр зааж тодруулсан бай­сан. Харин уг нэвтрүүл­гийг Н.Энхбаяр захиалж хийлгэсэн гэх хүмүүс цөөнгүй байна. Өнгөр­сөн бямба гаригт гэхэд л МҮОНТ-ээр Ерөнхий­лөгч асан Н.Энхбаяр ярилцлага өгч дээрх нэвтрүүлэгтэй санаа нэг зүйлс ярьж байна лээ. Та тэр нэвтрүүлэг, ярилц­лагыг нь үзсэн үү?


-Заримыг нь үзсэн, заримыг нь үзээгүй. Юу гэж?

-2008 оны дол­ду­гаар сарын нэгэнд Онц байдал тогтоох тухай  зарлигт Ерөнхий сайд С.Баяр шахаж байгаад Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулсан гэж тэр нэвтрүүлгээр гарч бай­сан. Нээрээ та Ерөнхий­лөгчийг шахаж шаар­даж байгаад тэр зар­лигт гарын үсгийг нь зуруулсан юм уу гэд­гийг танаас тодруул­маар байна?      

-Энэ асуултын агуул­гыг эргээд сайн бод доо. "Ерөнхийлөгчөөр гарын үсгийг нь зуруулна" гэдэг чинь юу гэсэн үг вэ. Арай ч дээ. Дарж байгаад, га­раас нь барьж байгаад зуруулчихсан хэрэг үү. Ямар балчир хүүхэд, эс­вэл амьгүй албат байгаа биш дээ. Төрийн тэргүүн, Улсын маань Ерөнхий­лөгч шүү дээ. Хэн нэгэн этгээд шахаж шаардлаа гээд гарын үсэг зурчихдаг байсан болж байна уу, тэгээд. Тэгээд ч онц бай­дал тогтоох асуудлыг Үн­дэсний аюулгүй байдлын Зөвлөл албан ёсоор хэ­лэл­цэж байгаад Зөв­лөлийн гишүүдийн санал нэгдсэн учир зарлиг шийдвэр гардаг. Санал нэгдээгүй бол тэр зарлиг гарахгүй шүү дээ. Үн­дэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэрийн онцлог нь ийм юм. Мөн онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарли­гийг УИХ-ын онц­гой чуул­ганаар хэлэлцэн, эрх зүйн талаар батал­гаа­жуулсан тусгай тог­тоол гаргасан байдаг. Тэр зарлиг, дараа нь гарсан УИХ-ын тогтоол хоёр бол Монголын төр тэр хэцүү цаг мөчид бүрэн эрхийн­хээ дагуу гаргасан шийд­вэрүүд мөнөөс мөн. Өөр юу хэлэх вэ дээ. Мэ­дээжийн, хэнд ч тодорхой  байгаа юм шүү дээ энэ бүхэн чинь.

-Мэдээжийн юм бол яагаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ийм юман дээр мэдэн буди­лаад, бусдыг буруут­гаад сууж байна гэж? 

-Би үүнийг яаж мэдэх вэ дээ. Төрийн шийд­вэрийг гаргалцсан төрийн тэргүүн асан маань өнөө­дөр телевизээр алийгаа алдчихсан, өмнөхөө ор тас үгүйсгээд сууж байгаа нь дэндүү харамсалтай...

-Үнэнийг хэлэхэд МАХН-ын дээд удирд­лага, тодруулбал, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс нэгэн үе танай намыг авч явсан лидер Н.Энхбаярыгаа намаа­саа зайлуулах ажил хийгээд байгаа юм биш үү гэж асуумаар байна?

-Нэгдүгээрт, энэ оны дөрөвдүгээр сараас хойш би МАХН-ын дээд удирдлагад хамаарах хүн биш болсон. Хоёр­дугаарт, МАХН-ын удирд­лага хэн нэгнийг аль нэг газраас зайлуу­лах бодлого хэрэгжүүлж байна гэж үзэхгүй байна. Гуравдугаарт, Н.Энхбая­рыг улс төрөөс зайлуу­лах ажлыг Н.Энхбаяр өөрөө хийгээд байх шиг. Сав л хийвэл бусдыг ял­лан буруутгаж, өөрийгөө өмөөрч  магтаад яваа. Өмнөхөө үгүйсгээд, орон гаран юм яриад байгаа хүн улс төрийнхөө ирээ­дүйг өөрөө л баллаад байгаа юм биш үү? 

-Та Н.Энхбаяртай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-За одоо болно. Энэ сэдэв хангалттай боллоо. Н.Энхбаярын талаар би өөр юм яримгүй байна. Тогтсон цаг маань ч гүй­цэж байна. Дараа арай илүү сонирхолтой, илүү гэгээлэг сэдвээр хоёулаа ярилцъя.

-Эцэст нь өөр нэгэн сэдэв товчхон хөндье. Таны санаачилсан Хам­тарсан Засгийн газрыг долдугаар сарын нэг­ний үйл явдал өрнөөгүй бол байгуулахгүй бай­сан гэж ярьдаг. Энэ тухайд?

-Энэ сэдвээр би мөн ч олон удаа ярьсан даа, уг нь. Хамтарсан Засгийн газар байгуулах амьд­ралын шаардлагын та­лаар нэн дэлгэрэнгүй, үндэс нотолгоог нь удаан бясалган байж ярьсан маань "Нэгэн зууны дөр­вөн том сонголт" гэсэн нэртэй  илтгэл болсон байдаг юм. 2008 оны есдүгээр сард МАХН-ын Бага хурал дээр тавьсан илтгэл маань л даа. Сайн ухвал энд тэндхийн сайт дээр үлдсэн байж юу магад. Үнэхээр сонирхож байвал олоод үзээрэй. Тэнд дэлгэж тавиухан ярьсан байдаг тул  одоо энд хумиж товчхон ха­риулъя.  "Долдугаар сарын нэгэн" гэдэг сэдэв хэдийгээр хүнд, эмзэг сэдэв ч гэлээ энэ бол бидний өнгөрсөн түүх. Хамтарсан Засгийн газ­рыг хойшоо биш, ураг­шаа харж, ирээдүйгээ чиглүүлж байгуулсан байдаг. Монгол орноо хөгжүүлэх бодлогыг  сайн ч, муу ч өнөөдөртөө хэ­рэг­жүүлж яваа хоёр том намын түүхэн том шийд­вэрийн дагуу байгуулсан хамтарсан Засгийн газар байгаа юм даа. 

-Ардчилсан нам хам­тарсан Засгийн газ­раас тун удахгүй гарна гэлцэх юм. Сонгуулийн өмнөх энэ шийдэл нь зүй ёсны асуудал гэх ч юм билээ. Та юу гэж бодож байна?

-За даа. Наад асуул­тын чинь хариу надаас хамаарахгүй юм байна. Үндсэн хаягаар нь хөө­гөөд асуувал дээр биз дээ. 

-Таны ойрын тө­лөв­лөгөөг сонирхож болох уу?

-Ойрын болон хэтийн төлөвлөгөөний минь асууд­лаар хоёулаа да­раа тухтай уулзаж  ярил­цъя. Би дараа өөрт чинь дэлгэрэнгүй ярилцлага өгнө гэдгээ амлачихъя.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив