Үндэсний баяр наадамд эмэгтэй хүн барилдуулдаг болцгооё
2010 оны 6 сарын 30 [Уншсан тоо: 31920]
Тэрслүү үг

Дэлхийн эн дээр ганцхан Монголд дэнж хотойлгосон наадам эхэллээ гэж телевиз радиогоор уянгалуулан ярих цаг ойртлоо. Сэтгэл хөвсөлзүүлээд бас ч сайхан шүү. Тэгээд гурван үг хэлээд л эрийн гурван наадам гээд яриад эхэлнэ дээ. Байз, байз. Юун эрийн гурван наадам билээ. Бөх, сур, морь. Сур харваанд эмэгтэйчүүд сүүлийн товхыг тав хийтэл харваж түрүүлээд л, уяач хүүхнүүд ч олширсон цаг. Бас уралдаанч хүүхдүүдээс охид илүү хариуцлагатай, тэвчээртэй. Энэ гурван төрлийг 100 хувь гэж үзвэл 66 хувьд нь эмэгтэйчүүд оролцдог, үлдэх хувьд нь дан эрчүүдийн оролцоотой тэмцэлддэг байхад юунд эрийн гурван наадам гэж онцолдог билээ. Энд чинь нөгөө Үндсэн хуулинд байдаг тэгш байдал, жендерийн асуудал зөрчилдөж байна. Тэгээд ч гурван наадмын хоёрт нь эмэгтэй хүн хүч үздэг байхад эрийн гурван наадам гэж нэрлэх нь шударга ёсонд нийцэхгүй. Хэн ч үнэмшимгүй ийм нэршлийг цаашид халах нь зүйтэй юм аа. Зөвхөн Үндэсний их баяр наадам гэдгээрээ явна биз. Манжийн үеэс уламжлагдаж ирсэн бүдүүлэг ёсыг халж, даяршин буй энэ нийгэмтэйгээ хөл алхан явах нь ч зөв хэрэг болох буй.
Тэгээд ч өнөөдөр дэлхийн их спортоос эмэгтэй хүн өрсөлддөггүй спортыг нэрлэ гэвэл бараг байхгүй дээ. Буудлага, морин спорт, чөлөөт бөх, жүдо, самбо, хүндийг өргөлт, бүр боксоор хүртэл хүүхнүүд зодолдож байна. Харин манай үндэсний бөх, Японы сумо, Узбекийн кураш, америк хөлбөмбөг гэх мэт үндэсний гэгддэг спортод л энэ ялгаварлалыг хатуу барьсаар иржээ. Ер нь бүсгүйчүүд хүн биш юм уу. Наадмын торгон ногоон дэвжээн дээр эмэгтэй хүн гарахад бөхчүүд дургүй байдаг гээд бүсгүй зураглаач, зурагчин нарыг ойртуулахгүй санаатай цагдаа нар хажиглана. Морины уяа руу эмэгтэй хүн дөхүүлэлгүй, уул овоон дээр гаргахгүй гээд уламжлал, наадам тэр чигээрээ шашинжжээ. Шашин шүтлэгийн эрх хэн хүнд нээлттэй боловч шашинжсан наадам олон эмэгтэйн эрхийг хаадагийг хэн ч дурдаж байсангүй. Ер нь Монголыг хяналт дарлалдаа үүрд байлгах гэсэн манж үндэстний няхуур бодлогын дүнд бүхий л ахуй амьдралд маань шашны үр суулгасан нь монгол наадамд ийн шингэжээ. Бас манай мал аж ахуйн дэг тэр чигээрээ шашинжилт. Буянт малаа муулахдаа ч өөр арга барилаар муулна гэдэг. Бид малаа биш өөрийгөө бодвол малыг буудаж махаа бэлдэж авах ёстой ч байж мэднэ. Манайхан сүрэг дундаас нь тоос манаруулан гүйж бариад л, хүзүүгээр нь оосорлож авчраад л, гэрийн хаяандаа уяж байгаад л дээш нь харуулан өрцийг нь нээгээд гээд их л “энэрэнгүй” аллага үйлддэг нь өөрөө өөрийгөө хордуулах алхам болдог. Хонь мал амьд л амьтан болохоор айдсын адранил хэмээх даавар ялгаруулдаг нь амь тэвчих хугацаанд  бүхий л биеэр нь тархаж орхидог. Харин дараа нь тэр махаа бүхэл бүхлээр нь чанаж иддэг монголчууд хамгийн хортой бодис, муу мэдээлэл агуулсан хүнсээр биеэ бохирдуулж эхэлдэг билээ. Гэтэл баруунд мах бэлтгэхдээ малыг буудаж, эсвэл сонгодог хөгжмийн аянд маршлуулж бойны газар оруулж ирмэгц цахилгаан гүйдлээр цохиулан муулж махаа бэлддэг болсон байна. Энэ нь буянт малаасаа илүү төрсөн биеэ хайрлаж байгаа хэлбэр юм л даа. Шашинжилт бол ингэж л бидэнд нэвчиж, хордуулж байна. Одоо эмэгтэйчүүд эрийн гурван наадмаас бөхөөс бусдаар нь үзэж тарж байна. Харин үндэсний бөхөд нь тэднийг хавьтуулах ч үгүй юм.
Үндэсний бөхөөр эмэгтэйчүүдийг барилдуулдаг болцгооё. Зүлэг ногоон дэвжээн дээр нэг талд нь өсвөрийн бөхчүүд нөгөөхөнтэй нь эрчүүд, энүүхэнтэй нь эмэгтэйчүүд барилдаж байхад юу нь болохгүй билээ. Тэгээд ч бидэнд эмэгтэй хүн барилдаж байсан түүх уламжлал бий. Зодгоо хуучны адил битүү урлачихаад л бүсгүйчүүдээ барилдуулахад болохгүй нь юу байна аа. Ер нь эмэгтэйчүүдийг бүгдээс дорд үздэг үзэл бага дорой үндэстэн ястанд их тод анзаарагддаг. Тундрын эксимосчууд, арлын малайчууд, тэгээд манайд байх шив дээ. Урьд хил хязгаараа манаж харуул зангиар захлан сууж байгаа гэр бүлийн хүмүүс ижил тэгш эрхтэй байсныг одоо хүмүүс онцолдог. Тэднийг эр эм гэлгүй хил хязгаараа манадаг үүрэгтэй учраас хүйсээр ялгадаггүй байсан гэдэг билээ. Ер нь хүйсээр ялгаж унагаж доройтуулах арга бол ард олныг хүчээр эрхэндээ байлгах гэсэн сонгомол арга болж шигшигдэн иржээ. Эмэгтэйчүүдийг үнэгүйдүүлэн хатавчинд суулгаж эхэлсэн нь монгол үндэстнийг доройтон  буурах үетэй холбоотой. Мөн Афганистанд ч гэсэн эм хүнийг нийтийн тээвэрт сууж явахыг хориглон, цагаан оймс өмсөх эрхгүй болгож байсан нь ч Талибаны засаглалын үед л өрнөсөн. Тэгэхээр ардчилсан Монгол улс эмэгтэй хүн оролцдог наадмаа эрийн наадам хэмээн нэрийдэхээ байж, тэр ч байтугай зүлэг ногоон дэвжээнээ бүсгүй хүн зодоглохыг зөвшөөрөх цаг болжээ. Бас хурдан сайхан хүлгийнхээ хурдлахыг харж, баясах гэж ирдэг наадамчин олондоо хамгийн сайхан давхих тэр үеийг нь бус эцэж ядраад шогшоондоо орсон давхилыг нь харах боломж олгодог хурдан морины уралдаандаа ч өөрчлөлт оруулах цаг болжээ. Бид ердөө 30 км уралдаад эцсэн тэр үеийг нь л самсаагаа шархируулан харж зогсдог. Бараг нийт уралдсан замынх нь есний нэгийг гэсэн үг шүү дээ. Нэгэнт наадам хурсан олныг цэнгэн баясуулдаг болохоор наадамчин олноо баясгах боломжийг улам бүр хайх хэрэгтэй. Магад үүнийг уншсан олон хүн бухимдаж, сониноо базан хаяж, бичигч намайг баалах биз. Гэхдээ дэлхийн түүхэнд эмэгтэй хүн сонгуульд оролцох, сонгогдох эрхтэй болохын тулд олон жилийн тэмцэл өрнүүлж байсан ч шинэ зуунд эмэгтэйчүүд улс төрийг тодорхойлж эхлээд байна. Скандинавын орнууд, Германыг хар л даа. Өчигдөр л гэхэд Австралид эмэгтэй хүн Ерөнхий сайд болсон байна даг. Хоёр гуравхан хоногийн дараа Монголд ирэх гэж байгаа Энэтхэгийн нэг танхимынх нь спикер бүсгүй хүн. Эдний Ерөнхийлөгч нь ч сайхан хатагтай бий. Аугаа их шашинжсан Энэтхэгийн шүү дээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив