Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Д.Дэмбэрэл: Улс төрчдөд ард түмнээ, хүнээ хайрлах сэтгэл байх ёстой
2010 оны 6 сарын 28 [Уншсан тоо: 28973]
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж ярилцлаа.

Нэг. Ээж маань эрдмийн мөр хөө гээгүй бол би малчин л байх байсан

-Та сүүлийн таван парламентын хугацаанд УИХ-д сонгогдож ирсэн.  Бөхөөр бол өвдөг шороодоогүй босоо бөх. Харин таны угсаа гаралын талаар хүмүүс тэр бүрий сайн мэддэггүй. Эндээс яриагаа эхэлбэл ямар вэ?

-Би анх Улсын Бага хуралд Завхан аймгаас орж байсан юм.  Дараа нь таван удаа Ховд аймгаас сонгогдлоо. Нэг мэдэхэд таван парламентын бүрэн эрхийн хугацаанд төрийн түшээгийн албыг хашсан байна. УИХ-ын гишүүн бол улс төрийн алба заавал ардчилсан өрсөлдөөнөөр гарч ирдэг. Угсаа гаралын хувьд  монгол угсаатай. Монголд олон ястан байдгийн нэг болох захчин хүн байгаа юм, би. Миний төрсөн нутаг Ховд аймгийн Манхан сумын  Баянгол баг.  Би Хар ус нуурын хөвөөнд мэндэлсэн. Хаашаа ч харсан алсад мөнх цаст уулс цэнхэртсэн нутаг. Аав маань ардын хувьсгалын дараахан үеийн хүмүүсийн жишгээр мал маллаж, ан агнаж, тариа тарьж явсан хүн. Намайг долоон настай байхад бурхан болж, ээж маань ах, эгч, дүү бид дөрвийг өсгөсөн. Ээж маань далаад он хүртэл нэгдлийн мал хариулж байсан. Би сургуулиа төгсч нутагтаа очоод эжийгээ дэргэдээ авч байлаа.

-Танай ах дүү дөрвөөс эрдмийн мөр хөөсөн нь хэд вэ?

-Биднээс би л ном хөөсөн юм. Ах маань сургуульд сурах дургүй, эгч дөрөвдүгээр ангиас сургуулиас гарсан. Дүү бас сурсангүй. Ээж маань нэг нь ядаж ном үзэх хэрэгтэй, чи л эрдэм номын мөр хөөгөөрэй гэсэн. Ингээд л би сургууль номын замаар явсан даа. Аймагт арван жил айлд сууж, амралтаараа гэртээ очиж хонь хариулсаар сургуулиа дүүргэж, цааш сурсан. Ээж маань  их ухаалаг хүн байсан даа. Хэрэв ээж  “Хүү маань яах гэсэн юм бэ. Гэртээ бай” гэсэн бол би ээжийнхээ үгээр малчин л болоод явах байсан биз. Хүүхэд цагаа дурсахаар нутаг орон маань тэр чигээрээ нүдэнд буудаг юм. Зургадугаар ангийн намар надад нэг гутал авч өмсгөөд явуулсан, хавар нь тэр гутал маань юу ч үгүй элэгдчихээд хөл нүцгэн харьж байснаа мартдаггүй. Намайг дунд сургууль төгсч ахуй цагийн жараад он бол их өөрчлөлт шинэчлэлтийн үе байсан. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, соёлын довтолгоон болж дээлээ хөдрөөд хэвтдэг байсан монголчууд ор дэрний даавуутай унтдаг болж, бас сонгодог уран зохиолуудыг олон олноор нь хэвлэн гаргаж байлаа. Намайг сургуульд орж байх үед ном ч ховор байлаа шүү дээ. Ийм нэг онцлог үед би дунд сургуулиа төгсч, амьдралд хөл тавьж байлаа. Бас бүгд бичиг үсэгтэн болох их давалгааны дараа дээд боловсролтой сэхээтэн бэлтгэхэд төрөөс бодлогоор анхаарч эхэлж байсан үе. Би тэр үедээ Эдийн засгийн дээд сургуульд орж боловсрол эзэмшсэн. Тэгэхэд манай сургуулийн захирал Ж.Батмөнх гуай байлаа.

-Та Улаанбаатарт хэдийнээс суурьшсан юм бэ?

-Би Ховд аймгаас сонгогдож ирсэн болохоор намайг Ховдын Дэмбэрэл гэдэг. Үнэндээ 1972 онд нийслэлд орж ирснээс хойш хотын бүхий л дүүрэгт ажиллаж амьдарч ирлээ. Урьд нь Завханы Дэмбэрэл, дараахнаас нь Ховдын Дэмбэрэл гэгдсэн. Одоо Улаанбаатарын Дэмбэрэл гэхэд ч болохгүй гэхийн аргагүй. Одооны залуусыг төрөхөөс ч өмнө би энд амьдарч байсан гэхээр. Нийслэлийн дүүргүүдийг  сайн мэддэг гэдэг шиг бүхий л аймаг, бараг бүх суманд очиж байсан болохоор Монгол орноо харин ч сайн мэднэ шүү. Намын Төв Хороонд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа ажлын шугамаар орон нутагт их ч явдаг байлаа.

Хоёр. Нударга зөрүүлэх нь ёс зүйн гэхээсээ илүү танхайн хэрэг юм

-Та өмнө нь УИХ дахь ахмад гишүүнийхээ хувьд анхдугаар чуулганыг хэдэнтээ нээж, хурал удирдаж байсан. Одоо албан ёсоор томилогдоод энэ албыг хашиж байна. Ялгаа хэр мэдрэгдэх юм бэ дээ?

-Ялгаа бий бий. Би хэд хэдэн удаа анхдугаар чуулганыг даргалж байсан. Анхдугаар чуулганыг хуралдуулахад амар байдаг. Шинэ гишүүд нь дуулгавартай. Бүлгэрхэж энэ тэр болж амжаагүй. Ерөнхийдөө гайхсан байдалтай, хууцчуулынхаа амыг харсан байдалтай байдаг. Даага сургах үед амаа олж ядаад амар байдаг даа, түүн шиг л байдаг юм. Нэг удаа анхдугаар чуулган хоёр сар ч үргэлжилсэн. Засгийн Газрыг байгуулахад ярвигтай мэт боловч тэр нь нам дээрээ, бүлэг дээрээ яригдаад УИХ-д тодорхой болчихоод орж ирдэг учраас асуудалгүй байдаг юм. Харин одоо УИХ-ыг даргалаад явахад байдал өөр өө. Явах тусам байдал өөрчлөгдөөд байна.  Янз бүрийн бүлэглэл болчихоод асуудлыг шийдэх гэхэд ийш тийш нь түлхэнэ. Хүн бүр үг хэлэх гэнэ, зарим нь том том юм ярьж, хэрүүл хийгээд ажил уяна. Зарчмын асуудал дээр янз бүрийн асуудал босгоно гээд яривал их юм бий, бий.

-Та манайд ардчилсан сонгуулиар парламент байгуулагдаж ирсэн тэр цагаас ажиллаж байна. Үе, үеийн парламентын ялгааг харьцуулаад хэлээч гэвэл?

-1992-1996 оны парламент бол 100 хувь амбицгүй парламент байсан.Тэр үед өмчийн ялгаа гэж байхгүй, ижил түвшний хүмүүс парламентийг бүрдүүлж байв. Тэр үед МАХН 70 суудалтай, би бүлгийн ахлагчаар ажиллаж байсан. Үндсэн хуулинд нийцүүлж 160 гаруй хуулийг баталж байлаа. Элдэв маргаан мэтгэлцээн боллоо гэхэд цэвэр зарчмын маргаан л гардаг байсан. 1996-2000 онд манай нам 25 гишүүнтэй байв. Олонхи, цөөнхий харьцаа их тодорч ирсэн парламент юм даа.
 
-Тэр үед танайхан хурал хаяж их гардаг байсан даа. Хурал хаяж гарахын эхлэлийг тавьж байсан ч юм уу?

-Бодоход нэлээд завхруулдаг байж л дээ./инээв./ Бас ч гайгүй парламент байсан юм шүү. 2000 оноос “хор” найруулах гэдэг юм бий болж, бүлэглэлүүдийн зөрчил улам ихэсч, боловсон хүчний асуудалд шударгаар хандахгүй дэндүү талцсан байдал гаргаж ирсэн. Мөнгө, өмч хоёр л хүнийг муу байдалд оруулдаг. Дараа дараагаас энэ байдлууд багагүй нэмэгдсэн дээ. Эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдэж, сонгуулийг мөнгөөр явуулдаг энэ мэт байдал ихэссэн. Ерөнхийдөө таван парламентийн хөгжлийн дүр төрхийг харвал ийм юм. Гэхдээ энэ бүгдийг парламент муудаа ийм байна гэж болохгүй. Парламент бол энэ нийгмийн тусгал юм. Манайхан “76 мангуу” гээд л хэлэх юм. Гишүүдийг хэлж байгаа хэрэг ч тэднийг сонгосон ард түмнээ мангуу гэж байгаагаас ялгаа байхгүй шүү дээ.

-Гишүүд хуралдаа оролцохдоо их хойрго харагдах юм аа. Тэднийг хуралдаа оролц гээд суух нь Их Хурлын даргад хэцүү байдаг уу. Хуралдаа оролцож хууль батлах нь тэдний үндсэн ажил шүү дээ. Энэ нь парламентын гишүүний ёс зүйтэй холбогдох уу?

-УИХ-ын гишүүдийн хуралдаа суух нь хүүхдүүд хичээлдээ суух, лам нар уншлагаа хийхээр суухаас өөр юм л даа. Сонгогчидтойгоо уулзах, улс төрийн ажилд оролцохоос эхлээд ажил их. Дор хаяж сэтгүүлч та нар хүртэл ярилцлага авна гээд гишүүдийг аваад явчихдаг шүү дээ. Төрийн том түшээдийг хуралдаа суу гэж шаардах үнэндээ хөлс чийхрах хэцүү зүйлийн нэг. Энэ асуудлын тухайд механизмын өөрчлөлт хийхгүй бол урьд нь ч байсан, одоо ч байгаа, цаашид ч байх асуудал  болоод байгаа юм. Манайд телевиз их болж, парламентийн хуралдааныг шууд эфирээр хүргэж байна. Камер харахаараа бүгд л үг хэлэх гээд зүтгээд байдаг. Гуч, дөчин хүн асуулт асууж байхад заавал тэнд ээлжээ хүлээгээд суугаад байна гэвэл төвөгтэй. Харин заавал орж ирж санал өгөх ёстой. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалттай их холбоотой л доо. Гишүүдийг хуралдаа суулгах нь УИХ-ын даргын ч асуудал биш, намын бүлгүүд, дэд дарга нарын хариуцах асуудлын хүрээнд байдаг юм. Гишүүд хууль тогтоох үндсэн үүрэгтэй. Нэгэнт сонгогдсон бол гишүүд үндсэн ажлаа л хийх ёстой. Түүнээс өөр асуудал хөөцөлдөөд байгаа нь зохисгүй. Үнэнийг хэлэхэд манайд үндсэн ажлаа нэгдүгээрт бус хоёрдугаарт тавих нь цөөнгүй.  Үүнийг ёс зүйтэй холбогдох уу гэж асуулаа. Холбогдоно. Бид ямар ч байсан ёс зүйн дүрмээ баталсан. Сая Дэд хороо дүрэмтэй боллоо. Олон жил үүнийг гаргаж чадаагүй явсаар өдий хүрсэн. Яваандаа улам бүр сайжраад ёс зүйгээ зөрчихөөс гишүүд эмээдэг болно.

-Уучлаарай, танай ангийнхан чинь нэгнээ заамдаж аваад, нударга зөрүүлээд байх боллоо. Энэ бас ёс зүйн асуудал болох уу, өөр асуудал болгож тавих гэхээр гишүүний бүрэн эрх энэ тэр гээд хаагдчихдаг тал бий байх аа?

-Гар зөрүүлж байгаа явдал бол ёс зүйн асуудал гэхээсээ илүү танхайн хэрэг болно  доо. Яахав бүрэн эрх гээд түүнийгээ ашиглачихаж байгаа тал бий. Олон улсын парламентад асуудал хэлэлцэх явцад янз бүрийн асуудал гардаг.  Гэхдээ үүний буруу үлгэр дуурайл нь ёс зүйн асуудал болж хөндөгдөж байгаа юм. Хэрэв гишүүд нэгийгээ нударгалчихаад асуудал болгохгүй байвал  иргэд ингэж болдог юм байна гэж ойлгоход хүрнэ шүү дээ. Магадгүй тэд зодолдож болж байгаа юм чинь би яадаг юм гэж бодно. Энэ талаасаа ёс зүйн хор уршиг нь маш их.
Тэгэхээр гишүүд л өөрсдөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Ухамсараараа л өөрийгөө засч таарна. Боловсрол, мэргэжил, ёс зүй гурав хоорондоо огт хамааралгүй зүйл юм даа. Өндөр боловсролтой хүн ч ёс суртахуунгүй авирладаг.  Ёс зүйн асуудал хамгийн анхаарал татаж байгаа сэдэв. Манай төрийг ёс зүйтэй төр болгохын төлөө энэ талаас нь хийх зүйл их байна. Хэвлэл мэдээллийн ёс зүйг  хөндвөл бас ч нэлээд зүйл гарах байх. Тийм үү.

Гурав.УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахыг хязгаарлах хэрэгтэй

-Наадам мөдхөн болох нь. Танай ангид уяачид олон. Ер нь төрийн түшээд морь уях нь төрийн хүний ажил мөн үү?

-Төрийн өндөр албыг хашихад хувь хүн олон эрхээ хязгаарлуулах болдог. Уяа сойлго, овоо тахилга, найр гэх зэрэг нь төрийн хүний ажил биш юм л даа. Морио уях нь нэг хэрэг, харин өөрсдөө уяачаа хийгээд давхиад байж болохгүй. Манай ангид  сайн уяач олон. Ард түмэн уяачдадаа хайртай. Төрийн албаны ёс зүйгээр бол хязгаарлагдах ёстой зүйлийн нэг уул нь энэ. Манжийн үеэс түшмэлүүд иймэрхүү ажил их хийдэг байсан гэдэг. Тэгэхээр  энэ маань тэр үеийн түшмэлүүдийн зан төрхийн улбаатай гэж хэлж болно. Манай төрт ёсонд яг юунд нь төрийн албан тушаалтан оролцох, оролцохгүйг  заагаад өгчих хэрэгтэй байгаа юм. Аймаг, сумын засаг дарга нарын зарим нь бас ийм байдалд ордог. Яахав, ард түмэнтэйгээ ойр болж харагдаж байгаа хэлбэр нь энэ болоод байгаа учраас тэр. Наанаа харахад ажил хийгээд байгаа юм шиг. Энэ мэт олон асуудлууд нь дараа дараагийн ёс зүйн дүрэмд тусгагдаж таарна.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсран хийх нь хэр зохимжтой вэ?

-Парламент бол Засгийн газраа байгуулж, хууль тогтоож удирдах ёсны байгууллага.  УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь ирц бүрдүүлэхээс эхлээд асуудал үүсгэдэг. Тусдаа ажилтай хүнийг энд яс суу гээд байхад хэцүү. Дээрээс нь хяналтыг сулруулж, Засгийн газрыг парламентад хүчирхэгжүүлдэг сул талтай. Засгийн газрын гишүүнийг хавсран хийх явдлыг ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс гэж тайлбарладаг ч энэ нь зөв болохоо нотлоогүй. Нэг нь шаардлагаа тавьж, нөгөө нь хариуцлагаа хүлээж явах нь зөв. Тухайн үедээ Засгийн газрын гишүүдийн 30 хүртэл хувь парламентын гишүүн байна гэсэн заалтыг хуулиас авч хаясан. Цаашид хязгаарлах ёстой. Яахав, Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байдаг юм байгаа биз. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд Засгийн газарт орж суучихаад байр суурийг нь хамгаалдаг зохисгүй байдал үүсгэдэг шүү дээ.

-УИХ 76 гишүүнтэй байх ёстой. Хүмүүсийн сайн мэдэж байгаагаар С.Баяр гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаа бараг суудаггүй. Сонгогчдын төлөөллийг жигд ажиллуулахын тулд үүнийг зохицуулах арга зам ямар хэлбэртэй байвал зүгээр гэж та боддог вэ?

-С.Баярын хувьд өвчний л эрх. Сонгогчидтойгоо бие төлөөлөгчөөрөө дамжуулаад санал хүсэлтийг нь сонсоод ажиллаад байж болно. Одоо С.Баяр гишүүн хуралдаа суугаад байгаа шүү дээ. 

Дөрөв. Энэ удаагийн Хамтарсан Засгийн газар түүхэнд “хачин онцлогтой”  Засаг гэж тэмдэглэгдэх биз

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь УИХ-ын ажилд яаж нөлөөлж байна вэ. Хамтарсан Засгийн газрын  үед УИХ-ын үйл ажиллагаа нь бүгд хуйвалдаанаар яваад байгаа юм шиг харагдах нь байдаг?


-Асуудлыг түргэн шийдээд явъя гэвэл хамтарсан Засгийн газрын ажил болж байгаа юм шиг. Би чуулганы нээлт дээр Хамтарсан Засгийн газрын ажил нь хоёр дахин их, хариуцлага ч хоёр дахин их байх ёстой гэж анхааруулж байсан. Энэ нь найзан дундаа ажлаа цалгардуулах вий гэж анхааруулж хэлсэн үг. Гэтэл Төмөр замын асуудал, Оюу толгойн асуудал дээр гэхэд л Засгийн газрын түвшинд сайтар ойлголцоогүй мөртлөө УИХ-аар шийдүүлэх гээд оруулаад ирэх жишээтэй. Уг нь тэндээ нэг мөр жин тан болгоод оруулж ирэх байтал ёстой л  найзан дундаа найрсаад байна уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Одоо хамтарсан Засгийн газрын тэргүүнүүд нь эрх барьж байгаа том намуудын дарга нар. Бас Засгийн газарт УИХ-ын гишүүд олон. Энэ тохиолдолд Засгийн газар их хүчирхэг байна. Парламентаас шаардлага тавьж, асуудлыг шахахад хэцүү. Ийм хүчирхэг байдал нь өөрөө сөрөг талыг дагуулж байна.
Ер нь цаашдаа парламент сонгомол буюу олонхи цөөнхөөрөө байдаг хэлбэр рүүгээ орох ёстой. Тэгж асуудлаа мэтгэлцэн шийдвэрлэж нэгийгээ хянадаг байх нь зүйтэй. Хэрэв хамтрах хэрэгтэй бол бусад “жижиг” намуудтай эвсэх хэлбэрээр явна уу гэхээс хүчтэй цөөнхтэйгээ нийлэх нь зөв биш ээ. Сөрөг хүчингүй парламентад сөрөг тал их ээ.
Энэ Засгийн газрын хувьд дөрвөн жилийн хугацаатай байгуулагдсан Засгийн газар. Засгаа авч явахын тулд “хачин онцлогтой” Засгийн газар энэ байсан гэж түүхэнд бичигдэх байх.

-Намуудын сонгуулийн амлалтаас шалтгаалж төрийн ажил явагдаж байна. Яаж худлаа амлалтгүй сонгууль хийх вэ?

-Намуудын тооцоогүй амлалт намаа ч, төрөө ч зовоодгийг хүн бүр л харж байна. Үүнийг хуулиар хаах болно. Сонгуулийн хуулийн тогтолцоог зөв сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь хариуцлагын тогтолцоог анхаарах хэрэгтэй гэж би боддог. Сонгуулийн үеийн авлигыг шууд хааж өгөх хэрэгтэй. Сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө өгдгийг болих ёстой. Сонгуулийн богино хугацаанд хууль зөрчсөн эсэх тухай яриа гарахад шүүхийн байгууллагаар явж байтал өнөөх хугацаа нь дуусчихдаг. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хороонд эрхийг нь өгчих хэрэгтэй байгаа юм. Хууль зөрчсөн тохиолдолд шууд нэрийг нь хасдаг гэх зэргээр. БНСУ-д гэхэд л сонгуулийн үеэр сонгогчидтойгоо өглөөний цай хамт уусан байлаа гэхэд тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас шууд хасдаг юм билээ. Өгсөн, авсан хоёр талыг аль алинд нь хариуцлага хүлээлгэж байна. Манайд авлигийн болоод ёс зүйн төрлүүдийг хуулинд тэр бүр нарийн авч үзээгүй байдаг.

-Гүтгэх эрсдэл байгаа шүү дээ…

-Манай хуулинд өөрчлөлт оруулахгүй байгаа шалтгаан наадах чинь л дээ. Гэхдээ шударга сонгууль хийхийн тулд ийм өөрчлөлт хэрэгтэй. Хамгийн гол нь баримтад бүгдийг тулгуурлаж асуудлыг шийдэж байвал болно. Ямар нэг баримтгүй бол маргааныг нь  хүлээн авах шаардлагагүй. Би үүнийг үргэлж хэлж байгаа. Мөнгөний асуудлыг шууд хязгаарлах хэрэгтэй. Сонгогдсоны дараа сонгуулийн үеийн ноцтой асуудал гарч  нотлогдох юм бол УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татдаг байх ёстой. Манайд бол гишүүн болоод бат хамгаалалтад орчихдог . Энэ хоёр зүйлийг авч үзвэл өөрчлөгдөх л болно. Сонгуулийн хуулийг ер нь нэлээд чангатгаж гаргах бодолтой байгаа шүү.

-Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хэд хэдэн чухал асуудал бий. Таван толгой, УИХ-ын сонгуулийн тухай хууль гэх зэрэг. Харин хугацаа тулчихаад байгаа энэ үед хэлэлцэж амжих болов уу?

-Таван толгойн асуудлыг тодорхой болгохыг гадна дотны олон компани, хүмүүс хүлээж харж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааг саатал хүлээлт гаргахгүй явуулах боломжийг хангах  үүднээс энэ асуудал шийдэгдэж таарах байх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хувьд намууд тохиролцож чадах юм бол бэлэн болоход асуудалгүй байна. Хэрэв ямар тогтолцоогоор явах вэ гэдгээ тохирчихвол хэд хэдэн заалт дээр нь ажиллахад бусад нь бэлэн болчихсон. Ер нь парламент хууль гаргаад л шидээд байх нь тийм ч зөв хэрэг биш юм шүү дээ. Шаардлагагүй хууль бол шаардлагагүй. Сүүлийн жилүүдэд чуулган бараг дараагийн чуулган хүртэл сунжираад байгаа. Энэ жилийн хувьд нэлээд шахуу ажиллаад наадмын өмнө чуулганаа хаах зорилготой ажиллаж байна.

-Төсвийн данхар байдлыг танах хэмнэлтийн санаачилгаа та хамгаалаад байхгүй юм уу. Ер нь хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх ёстой биз дээ?

-Төрийн албанд 146 мянган хүн ажиллаж байгаагийн 102 мянга нь төрийн үйлчилгээний багш, эмч гээд хүмүүс байдаг. Би төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд ордог яам, агентлагийн түшмэд, шүүх прокурорынхон, сум, аймгийн захиргааныхныг цөөлж, хэмнэлт гаргах боломжтой гэж үзсэн. Одоо яаж байна, яаманд газар, хэлтэс гээд байдаг юм гэхэд агентлаг газрууд нь өөрсдөө газартай, хэлтэстэй тэгээд орлогч дарга, дэд дарга нартай гээч. Агентлагуудад газар байх хэрэг ч байхгүй. Бас олон зөвлөхтэй. Зөвлөж байгаа нь гээд худлаа үнэн юм ярьцгаагаад л. Аймагт гэхэд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэж бий. Гэтэл аймгийн дарга чинь Засгийн газрыг төлөөлж байгаа бүрэн эрхт хүн нь биз дээ. Дээрээс нь хамтарсан Засгийн газар байгаа болохоор нэг намын нөхөр дарга нь байхад хоёр орлогчтой байна, тэр нь хоёр өөр нам байна гэхчлэн толгойг данхайлгах алхмыг байнга хийж байна. Тэр олон хүнийг цалинжуулаад байхыг бодоход цалингийн сан нь хангалттай гэж ойлгож болохоор байгаа юм. Үүнийг л өөрчлөх санал гаргасан. Манай УИХ-ын ажлын хэсэг үүнийг нийт 146 мянган төрийн албан хаагч дээрээ тооцоод оруулж ирсэн байсан. Тэр нь ч зөв  байх. Үүнийг төрийн олон албан хаагчийг цомхотгох гэж байна гэдгээр далим болгож болохгүй Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо бараг 30 мянгаар нэмэгджээ.
Гэхдээ 30 тэрбум биш ч гэсэн найман тэрбумаар хэмнэлт гаргах тооцоо яригдаж байна. Энэ чиглэлээр Засгийн газар асуудал дахин оруулж ирэх нь гарцаагүй.

Тав. Хэн санаачилсан нь бус хүндээ хүрч байх   нь чухал

-Хүүхдийн мөнгийг өгөх хэрэгтэй гэж та чуулган дээр хэлсэн нь намынхаа зүгээс багагүй шүүмжлэлд өртөх шиг боллоо. АН-ын брэнд гэж. Энэ тухай хуулийн төслийг өргөн барьсан гишүүд ч одоо зэм хүртэж байх шиг. Амьдрал дээр энэ мөнгө хэрэгтэй гэдэг нь олон хүний ярианаас мэдрэгддэг. Үүнийг улстөржихгүй шийдэх боломж бий болов уу?

-Ядуурлын хүрээ улам бүр нэмэгдсээр нэг сая 58 мянган хүн үүнд багтах боллоо. Нийт 2.7 сая хүнээс сая илүү нь ядуурлын хүрээнд байна гэхээр улстөрч бидний хэн нь  ч гэсэн сэтгэл өвдөнө дөө. Улс төрчдөд ард түмнээ, хүнээ хайрлах сэтгэл байх ёстой. УИХ-ын гишүүдэд би иргэдийн нийгмийн асуудлыг урьд хүрсэн түвшингээс дараачийн парламент бууруулах ёс суртахууны эрх байдаггүй гэдгийг үе үе сануулдаг. Өнгөрсөн хавар дүүргүүдээр явж ажиллахад амьдрал үнэхээр хэцүү нь харагдсан. Гэр хорооллын дэлгүүрүүдээр бараа таваар нь байгаа ч авах мөнгөтэй хүн алга. Нэг талхыг хэд хувааж авъя гэж байна. Махыг кг-аар биш, хагас кг-аар ч бус бүр хэдэн зуун грамаар авах гэж иргэд царайчилдаг. Ийм байхад цалин, тэтгэврийг нэмэх л хэрэгтэй. Манайхан инфляц үүснэ гээд байдаг. Намайг НХХ-ийн сайд байхад нэг жилийн дотор төрийн албан хаагчийн цалин 97 хувиар нэмэгдэж л байсан шүү дээ. Тэглээ гээд инфляц өсч сүйд болоогүй. Манайхан сүүлийн хорин жил инфляцаас айж эдийн засгийн шинэчлэл өөрчлөлт хийсэнгүй. Үнэхээр тэгээд өөрчлөгдвөл өөрчлөгдөх л хугацаа боллоо. Хүүхдийн мөнгөний хувьд их өөр утга учиртай мөнгө юм шүү дээ. Хүүхдэд сар бүр өгдөг мөнгө, шинэ хүүхдэд өгөх 100 мянган төгрөг гэдэг нь бодлогын мөнгө юм. Түүнээс халамж хавтгайрлаа гээд байх зүйл биш. Хүн амаа өсгөж нэмэгдүүлэх  төрийн бодлогын хөшүүрэг нь энэ мөнгө болохоос тэр энэ намын гэж улстөржүүлэхдээ гол нь биш. Өнөөдөр олон хүний амьдралд тэр мөнгө хэрэгтэй байсан уу гэвэл тийм. Би сайд байхдаа бас ашигт малтмалын орлогоос ард иргэд хувь хүртэж байх ёстой гээд Хишиг сангийн хуулийн төсөл УИХ-д оруулсан. Сүүлдээ бас л улстөржөөд хоёр намын аль нэгний зүгээс дэвшүүлсэн нэртэй  байж болохгүй гээд  Хүний хөгжлийн сан нэртэй гаргасан. Хэн үүнийг санаачилсан нь чухал биш хүндээ хүрч байх нь чухал. Хүүхдийн мөнгийг ч улстөржүүлээд байгаа хандлага байна. Гэхдээ цөөхөн хэдхэн л хүн тэгж байгаа болохоос ихэнх нь дэмжиж байгаа байх аа. Хүүхдийн мөнгө бол халамжийн бус хүн ам зүйн бодлогын мөнгө гэдгийг дахин хэлмээр байна.  Хүүхдийг дэмжих төрийн бодлого ямар үр дүнтэй болсоныг дараах жишээнээс хар л даа. Хүүхдийн мөнгө өгч эхлэх үеийн 2006 онд 49 мянган хүүхэд төрж байсан бол 2007 онд 56 мянга,  2008 онд 63 мянга,  2009 онд 69 мянган хүүхэд мэндэлсэн. Монгол төрийн бодлогын цөм нь хүн. Үр ашигтай бодлогыг улстөржүүлэлгүй авч явахын тулд л хамтарсан Засгийн газар байгуулсан шүү дээ.

-Зэсийн үйлдвэр байгуулах тухай тогтоол УИХ-аас гарсан. Энэ олон жил болж байхад өмнө нь гаргаж болоогүй байсан юм уу?

-Монгол Улс олон жил түүхий эдийн хавсарга орон байж ирсэн. Бид зэсээ өөрсдөө боловсруулахгүй гаргаад байсан, гаднаас зэс утас, кабель гээд өндөр үнээр авсаар ирсэн. Бид зэс хайлуулах үйлдвэрийг арван жилийн өмнө ч байгуулчих боломж байсан. Гэвч үүнийг байгуулах сонирхол байхгүй, маш удаан хойш тавьжээ. Харин саяхан ажлын хэсэг байгуулагдаж, зэс хайлуулах үйлдвэр байгуулах тогтоол гарсан. Энэ бол аж үйлдвэржие, түүхийн эдийн хавсарга орон байхаа өөрчилье гэсэн том алхам юм даа.

Зургаа. Ц.Элбэгдорж бид хоёр адилхан захчин хүмүүс нь үнэн л дээ

-Танай намын дарга эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайд болоод намын даргын суудлаа шилжүүлсэн. Хүмүүс ашгийг нь С.Баяр хүртэж, ачааг нь С.Батболд үүрэх нь гэж ярих болсон. Шилжүүлсэн үйл явцыг нь та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Эрүүл мэндийн зайлшгүй байдлын улмаас өрнөсөн хэрэг л дээ. Хүмүүс янз бүрээр л харж байгаа байх. Гэхдээ цаг хугацаа бүгдийг нь харуулах байх аа.

-Та Ерөнхийлөгчтэй ямар холбоотой байдаг вэ. Нэг нутгийн хүмүүс болохоор та хоёрыг холбогддог гэж хардах хүмүүс байдаг. Үүнд юу гэж хариулах вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмнээс сонгогддог хүн. Би өмнөх Ерөнхийлөгч нартай ч хамтран ажиллаж ирсэн. Төрийн ажлыг явуулахад зарчмын асуудал дээр ойлголцоод явахад болдог. Зарчмын асуудал дээр санал зөрөх бол байх зүйл. Үүнтэй адил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой энэ л шаардлага, зарчим дээр холбогддог. Засгийн газрын тэргүүнтэй ч адил. Ц.Элбэгдорж бид хоёр нэг аймгийнх, нэг яс угсаатай гэвэл тийм л дээ. Бид адилхан захчин хүмүүс. Энэ талаас нь биднийг хуйвалдаад яваад байна уу гэж харддаг байж болох юм. Энэ бол атаа жөтөөтэй, албаны харилцааны зарчим гэж юу байдгийг төсөөлдөггүй хүмүүсийн л хардлага. Тийм хүмүүс өөртэйгээ бусдыг адилхан гэж сэтгэдэг биз ээ.

-Тэгвэл хамгийн сүүлд хэзээ уулзав?

-Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт. УИХ дээр үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж, хаалттай хуралдуулах Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцүүлэх асуудлаар бид ярилцсан.

-Танай нам цөөнгүй бүлэг фракцид хуваагддаг нь нэгэнт ил болсон. Харин таныг тэрний энэний гэж ярьдаггүй. Бас Дэмбэрэлийн фракц ч гэж сонсогдож байгаагүй. Та ер нь аль фракцийн хүн бэ?

- Фракц гэдэг бол улс төр судлалын үүднээс одоо та бүхний хялбархан хэлдгээс өөр утгатай. Тодорхой зорилго, хөтөлбөртэй хүмүүсийн нэгдлийг хэлдэг. Албан ёсоор фракц гэдэг юм байхгүй л дээ. Ер нь бүлгэрхэж, фракцлах нь УИХ-ын үйл ажиллагаанд түвэгтэй, хортой. Анх манайд чинь “Алтан гадас” гэж  нам дундын нэг бүлэглэл гарсан. АН-ын, бас манай намаас ч хэдэн нөхөр эхлүүлж байсан. Тэрнээс хойш нам дотрын, нутаг усны, нам дамнасан гээд бүлэглэл их болж дээ. Бүлэглэл яаж ийж байгаад ажил нурааж дөнгөдөг явдал бий. Төрийн албаны ёс зүйд төрийн албан тушаалтан бол фракц, бүлэглэлд нэгдэхийг зөвшөөрдөггүй юм шүү дээ. Надад бол янз бүрийн бүлэглэл шаардлагагүй. МАХН, түүний УИХ дахь бүлэг байна шүү дээ.

-Танай намд залуучууд нэлээд хүч түрэн орж ирж байна. Сүүлийн үед парламентад ахмад болоод залуучуудын зөрчил хурцдаж байх шиг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Улс төрд нас зүс, эр, эм, яс угсаа гэж ялгадаггүй. Түүнтэй адил улс төрд залуу байна гэж гоочлох аргагүй. Манай нам гурван үеийн хэлхээний нам. 1920-ид онд хэт туйлширч байсан үе бий. Бошгийг халах залуучууд гээд. Ер нь залуу нас халуун цустай. Одоо манай намын хувьд аль ч үеийн төлөөлөл адил тэгш байгаа. Намыг дотор нь  ахмад залуугаар нь ялгах бодлого явуулбал намаа мөхөөнө гэсэн үг ээ. Элдэв фракц, бүлэглэлд идэгдүүлбэл бас адилхан.

-Чуулган удахгүй завсарлах гэж байна. Та энэ зун хаагуур амрах гэж байна вэ?

-Чуулганаа наадмын өмнө хаах зорилго байгаа гэж хэлсэн. Тэгвэл энэ хавиараа л амарч таарах байх. Их тэнгэр агаар сайтай, сайхан газар. Бас Хэнтий тийш цөөн  хоног явах юмсан гэж бодох юм. Монгол орон бол үзэх юм ихтэй, гайхалтай эх нутаг шүү дээ.      
                                
      Ярилцсан     Э.ЭНЭРЭЛ
                         Д.МӨНГӨНДАЛАЙ

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив