Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголгүй монголчууд
2010 оны 6 сарын 24 [Уншсан тоо: 61817]
“Манай хүүхдүүд мундаг болжээ”. Энэ үгийг монголчууд чамгүй олон хэлэх болсон. Ялангуяа орой болгон “UBS” телевизээр гардаг “Universe best songs”-ийн үзэгчид. Тэд шинэ цагийн монгол хүүхдүүдээрээ бахархан дуу алдаж байгаа нь энэ. Үнэхээр ч Элтон Жон, Майкл Бублэ, Селин Дион, Уитни Хьюстоны дууг өнгө нугалаа, хэм хэмнэлийг нь донжлуулаад нэн адилхан дуулна. Оросоор аялгагүй шахам ярьдаг тэдний эцэг, эхчүүд англиар эх хэлээрээ мэт дуулж байгаа хүүхдүүдээ харахаар бахархал төрөх нь аргагүй. Долоон зуу гаруй хүүхдээс шилдэг 25-д шигшигдсэн мөнөөх залууст ирсэн ээлжит даалгавар нь монгол ардын дуу дуулах байв. Ардын дуугаа дуулж байгаа монгол залуусын тэр өнгө төрх нэг л зүйлийг илчиллээ. Тэр нь шинэ үеийнхэн маань Монголоосоо хэрхэн алсарч, монгол нутаг дээрээ оршин байгаа атлаа бусдын соёл хэмнэлд нийтгэгдэн найрссан явдал. Энэ нь тэсгэлгүй үүнийг бичиглэхэд хөтөллөө. Дийлэнх нь хорь дөнгөж гарч байгаа тэд энэ цагийн нэгэн төрх. Ирээдүйд дэлхийн цээжинд Монгол гэсэн нэрийг гаргаж, нөгөө Ш.Гүрбазарын хэлдгээр дэлгэсэн тэрлэг шиг Монголынхоо туг далбааг мандааж явах хувь заяаны үүрэгтнүүд. Харин хэтийн тэр хувь заяаны хөтөч нар маань Монголоо гэх олон зүйлээсээ холдсон гэдгийг уг уралдааны давчуухан хугацаатай нэгэн даалгавар баталж өгөв. Монголчууд дуулах дуртай ард түмэн гээд л байдаг. Дуулах дуртайнх нь цээжинд бэлэн зэхээний ардын дуунууд байсаар л ирсэн. Ер нь ч тэгээд ардын дууны домгийн өгүүлэхүй мэт үг нь амархан, ая нь түвэггүй гэгддэг. Гэвч ирээдүйн Монголын эздэд маань төрөлх ардын нь дуу Шекспирийн хэл дээр дуулахаас хэцүү байгаа нь хоржоонтой. Нэг өдрийн хугацаатай гэгдэх даалгаварт үгээ бүрэн цээжлээд ирсэн нь ховор. Харийн хэл дээр үг харж дуулаагүй мөртлөө төрөлх хэл дээрээ үг бичсэн цаас өөд уруу харуулан дуулалдав. Сүүлийн үед телевизийн томоохон төсөл, шоунуудыг гайхалтай хийж гүйцэтгэх болсон “UBS” телевизийнхэн энэ уралдаанаа шүүлгэхээр ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Л.Чулуунчимэг, Ш.Даваахүү, Ц.Үенч нарын ардын дуугаар овоглодог алдартнуудыг урьж шүүлгэв. Мөнөөх хашрууд ч  голыг нь олж хэлж байна лээ. Дуучид маань үндэсний хувцсаа дэг гүйцэд өмсөхөөс эхлээд сэтгэл шингээж дуулахын учгийг сануулж байсан. Үнэхээр л шүүгч Ш.Чимэдцэеэгийн хэлсэнчлэн гадаад дууг мэдэрч дуулж байгаа шигээ монгол дуугаа мэдэрч дуулах мэдрэмж дэндүү дутаж байна лээ дээ. Үүнийг бичсэнээр олон үзэгчийг татаж чадсан, залуусын итгэл найдварын бамбар болсон энэ нэвтрүүлгийг өөчилж, үеийнхнээсээ алхам илүү байж зориглож өрсөлдсөн залуусыг буруутгах гэсэнгүй ээ. Тэд зөвхөн энэ цаг үеийн залуусын толь  юм. Энэ талаар ч уг телевизийн вэб сайтаар маш олон хүн хандаж, өөр хоорондоо тэднийг зөвтгөн, буруутгаж мэтгэлцсэн байна лээ. Шилдэг 25 ийм байгаа юм чинь олны олон дунд нь явж байдаг бусад дийлэнх нь ямар байгаа бол гэсэн эмзэглэл төрүүлсэн учраас цөөнгүйг нуршиж байна. Магадгүй хашир уран бүтээлчидтэй телевизийн хамт олон зориуд ийм даалгавар өгч нэгэн үеийнхний өсөн бойжиж байгаа дүр зургийг сэхээрэлт томчуудад батлан харуулах гэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Монголчууд юм бүхэнд өөрийн дэг жаяг учир начиртай хандаж ирсэн уламжлалтай хүмүүс. Ном шаштирт, төрт ёсонд бүр малдаа хандах хандлага чиг нь өөрийн газар нутгийн онцлогийг нэвт шингээсэн байдаг. Тиймээс ч монгол ухаан гэж үүнийгээ нэрийдэж ирсэн биз. Америк ухаан гэж байдгийг дуулаагүй юм байна, харин монгол ухаан гэж бий. Энэ ёсноос гажиж, хэлтгий гишгэсэн нэгнээ “Монголоо алдсан” гэж зэмлэн буруутгадаг билээ. Харин энэ цагийн хүүхдүүд жинхэнэ монголоо алдаж, монголгүй монголчууд болжээ. Хазаарын чимээ, амгайн шаргиа, айлын гэр, адууны хомоол, хөх униар, хөдөө тал, хөөрүүлсэн сүү, хатаасан ээзгий, гэгээн ерөөл, тэртээ алсын бараа… Олон сайхан зүйл хотожсон монголчуудаас улам бүр алсарч байна. Шинэ цагийн монголчуудад унаган нутаг, уул Алтай, ардын дуу, ингэний буйлаан, эх соёл харь хүний, хаа хол хар элгийн мэт санагдаж эхэлжээ.
Дэлхий даяаршиж адилсч байгаа талаар тоть мэт нэгнээ давтагсад одноос олон. Од болгон бараг адил. Харин ганц нэгхээн одыг бид бусдаас нь ялгаж таньдаг даа. Тэгвэл эх хэл, соёл, энэ угсаагаа хадгалж чадвал бид оройгүй гүн огторгуйд үй түмээрээ мандагч оддоос “Тэр долоон бурхан”, “Энэ Алтан гадас” гэж танигдан ялгарахтай адил сүлэлдсэн дэлхийн хүмүүсээс онцлон ялгагдаж чадах билээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив